Арвайн хээ гэх нэртэй нэн эртний уламжлал нэгэн хээ угалү маягийн дүрс бий. Энэ хээ нь өөрөө маш эртний бөгөөд Хүннүгийн эд өлгийн зүйлс, эртний нүүдэлчдийн бүс, Юань гүрний хааны хувцаснаас олддог, дөрвөн ширхэг арвайн үр. Түүхэн явцад үүнийг Арвай хээ, зоосон хээ, сүрэг тамга, таван нүдэн гэх мэтээр янз бүрээр нэрлэж ирсэн боловч үндсэн “арвай хээ” нэр ч хадгалагдсаар. Эдгээр нэрсийн цаад түүх, тодорхой үр тариа, тэдгээрийн нүүдэлчин болон шашны түүхэнд яагаад чухал болох нь хэд хэдэн түүхэн шалтгаантай. Арвайн хээ гэдэг нь шууд утгаараа арвай будааны үрийг дуурайлгасан гэсэн утгатай. Энэхүү хээ угалзны уламжлалт геометрийн бүтцийг анхааралтай ажиглавал энэ нь тойрог хэлбэрээр тэгш хэмтэйгээр байрлуулсан дөрвөн сунасан, линз хэлбэрээс бүрдэнэ. Эдгээр дөрвөн "дэлбээ" буюу хэлбэр бүр нь арвайн нэг ширхэгийн биеийн төрхийг төгс тусгадаг,- урт хоёр шөвх үзүүртэй, гол хэсгээрээ хавдсан мэт цүлхэгэр. Эдгээр дөрвөн арвайн ширхэг нь дугуй хүрээний дотор үзүүр дээрээ уулзах үед яг төв хэсэгт нь хурц, ромб хэлбэртэй сөрөг зай үлдээдэг.
Арвай бол Төв Ази дахь Монголын өндөрлөг болон Төвдийн өндөрлөгийн хатуу ширүүн уур амьсгалд ургадаг хамгийн тэсвэртэй, түүхэн үр тариа юм. Англиар Barley гэх энэ үр тарианы латин нэр нь Hordeum vulgare. Монголчуудын хувьд Дөрвөн үрийн бэлгэдэл нь хоол тэжээл, амьд үлдэх, амьдралын үнэмлэхүй үрийг илэрхийлдэг.
Дөрвөн үрийн геометр нь гүн гүнзгий хамгаалалтын болон сүнслэг утгыг агуулдаг. Мөн Дөрвөн үр нь орчлон ертөнцийн дөрвөн зүгийг төлөөлдөг бөгөөд төвийг (мөнхийн цэнхэр тэнгэр/дэлхийн төв) тойрон бат бөх суурьшдаг аж. Дөрвөн үр нь үндсэн чиглэл рүү харсан дөрвөн гаднах "нүд"-ийг үүсгэдэг бол төвд байгаа алмааз нь тав дахь, төв "нүд"-ийг бий болгоно. Нүүдэлчдийн ардын аман зохиолд энэ нь хүчирхэг хамгаалалтын сахиус буюу дөрвөн зүг рүү харж, эзнийг нь азгүйтэл, муу ёрын сүнс, аюулаас хамгаалдаг нүдний хуяг аж. Ийнхүү дөрвөн үр нь дараагийн хувилбар болон Таван нүд -ийг бий болгожээ. Юань улсын үед төрийн дээд бэлгэдэл болж Хубилайн ордон буюу Төв ордонд зөвхөн алтан ургийн ихэс дээдсийн өмсгөл хэрэгсэл, зэр зэвсэг зэрэгт асаан хэрэглэдэг байсан. Ингэж энэхүү "Таван нүд" хээ нь хувцас хунар руу орж ирэх боллоо. Зөвхөн Алтан ургийн угсаа болох Чингис хааны үр удамын гоёо болсноор төрийн өндөр хувцаслалтад зориулагдсан ариун, элит бэлгэдэл байв. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Шарилын цохио гэдэг газар дахь XIII – XIY зууны үеийн булшнаас таван нүдэн хээ бүхий авдар сав, шүүгээний татуургууд олдсон. 1327-1333 онд Цагаадайн хаант улсын төрийг барьсан Дармаширин хааны мөнгөн зоосны ар талд таван нүдэн хээг голлуулан залсан тамганы дүрсийг сийлсэн байдаг. Хархорум хотын тууринаас олдсон барилгын дээврийн нүүрэн хэсгийн ваарыг таван нүдэн хээгээр хээлсэн байсан. Дундад зууны үед хамаарах монгол эхнэр хүний хувцасны чимэглэл, үсний боолт, ташааны бэл, эрчүүдийн хутганы бэл, мөнгөн аяга, үүд хаалганы цүү, дөрөөний сэнж, адууны тамга зэрэгт таван нүдэн хээ цөөнгүй тааралдана. Эдгээр олдвор нь эдүгээ Монголын үндэсний музейд хадгалагдаж байна.
Мин гүрэн Монгол Юанийг түлхэн унагааж, монголтой холбоотой болгоны устган, түүхээс арчихаар чармайв. Вантйн дөрвөлжин бичгийн дурсгалуудын юу ч үлдээлгүй устгасан.
Тэрбайьугай “монгол” гэсэн нэрийг хэрэглэхээ больж, монголчуудыг “татаар” гэж нэрлэн бичих болов. Харин таван нүдэнгэсэн монголчуудын ариун бэлгэдлийг устгахын оронд зхсвар хийн, утгыг нь доройтуулахыг идэвхтэй эрэлхийлж байв. Тэд энэ хээг ус зайлуулах тор, сандлын гишгүүр, морины дөрөө зэрэг энгийн, доод зэрэглэлийн зүйлс дээр санаатайгаар цутгасан. Таван нүдэнг Хятадын "азтай зоос"-ны үндсэн загвар болгосноор харинч шинэ брэнд санаачилжээ. Чухам эндээс арвайн үр дараагийн шинэ нэртэй болсон нь “зоосон хээ”. Гэхдээ зоосон хээ нь дөрвөлжин нүхтэй, гол дундаа тэгш дөрвөлжинтэй, уг дөрвөлжингийн өнцгүүдээс тал тал тийш шулуун шугам татаж хийсэн байдаг тул утга агуулгын хувьд ч, хэлбэр дүрсийн хувьд ч таван нүдэнгээс нэлээд ялгаатай ажээ. Цаг үе, хувьслынхаа явцаар одоо энэ бэлгэдлийг Ази төдийгүй Европын улс орнуудад интерьер дизайны шийдлүүддээ тун элбэг ашигладаг болжээ. Богдуудын эдэлж хэрэглэж байсан зүйлийг судлахад таван нүдэнг ихээхэн бэлгэддэг байсныг музейн сан хөмрөгт хадгалагдаж буй зүйлсээс нь харж болно.
Анхдугаар богд Занабазар таван нүдэн хээнээс сэдэвлэн өөрийн сүргийн тамгыг бий болгожээ. Английн нэрт монголч эрдэмтэн Чарльз Боуден “The Jebtsundamba Khutukhtus of Urga” номондоо “... гэгээнтнээс сан сүргийн тамгыг ямар хэлбэртэй байвал болох бол хэмээн айлтгасанд найши гэж хийтүгэй хэмээжээ.
Найши гэгчийг мэдэхгүй хэмээн айлтгасанд найши гэгч дөрвөн арвай хэмээсэн буй, дөрвөн арвайгаар яаж хийх вэ хэмээсэнд дугуй юман дотор дөрвөн арвай тавибал таван нүдтэй болох буй. Арвай гэдэг нь монгол үг, найши гэдэг нь инагш ирж үржихүйн бэлгэдэлтэй тангуд үг. Таван нүдэн нь дөрвөн аймгийн дунд тахигдахын бэлгэтэй хэмээн айлдсанаар хийсэн хэмээхүй” гэжээ. Найши гэдэг нь төвд үг бөгөөд монголоор “дөрвөн арвай” хэмээн орчуулагдсан ажээ. Өндөр гэгээний үед халхын 4 аймаг байгаагүй бөгөөд харин өөрийнх нь шавь аймгийг багтаан хэлсэн байх магадлалтай хэмээн үздэг. Ингэж Арвайн үр “сүрэг тамга” гэсэн өөр нэр бас авлаа. Монголчууд Сүрэг Тамгыг мал сүргийн ариун тамга болгон ашигладаж анхны хамгаалалтын утга дээр мал аж ахуйн утга нэмэн хадгалсаар ирэх болов. Өндөр гэгээнээс хойших Богд нар бүгд л энэ бэлгэдлийг өөрийн хэрэглэл эд зүйлдээ шингээн хэрэглэж ирсэн юм билээ. Таван нүдэн нь төрийн бэлгэдэл байжээ. Богд хааны сэнтийн арын түшлэгт чимэг болгон торгоор урлаж унжуулсан Даржин дээр хоёр таван нүдэнг хэлхэлдүүлэн дүрсэлсэн байдаг ба Богд хааныг сэнтий дээр залрахад хоёр далан тус газар нь таардаг. Богд хааны төрийн ёслолын шар хүрэм дээрх энгэрийн дугуй фүүс хээнд алтан хоролыг голд нь дүрсэлж түүнийг тойруулан таван нүдэн, хаан бугуйвч, хатан сүйх, зааны соёо, загасан нуруу, үнэртэн шүр зэргийг хээлжээ.
Богд Хаант Монгол Улсын тайж түшмэдийн зэрэг дэвийн тухай хуулинд “Тэргүүн зэргийн түшмэл өмнө хойноо “Таван нүдэт” алтан тэмдэг хатгасан дөрвөлжин фүүстэй байна...” гэж заажээ.
Дараагийн нэг баримт бол Богд Хаант Монгол Улс болон 1921 оны Ардын засаг хэмээх хоёр төрийн арван төрөл мөнгөн тэмдэгт дээр “таван нүдэн” байгаа. Богд хаант Засгийн үед “Бага болзоот баталгааны тэмдэг” гаргаж байсан бөгөөд түүнийг монгол модон барын аргаар Нийслэл хүрээнд хийж, нүүрэн талд нь монгол, орос, англи хэлээр бичиглэл үйлдэж, ар талд нь таван нүдэнг томоор голлуулан дүрсэлсэн байдаг. 1924 онд С.Данзан сайдын гаргасан мөнгөн тэмдэгтийн нүүрэн талд таван нүдэнг гол дунд нь дүрсэлжээ. Семиречье гэж Төв Азийн түүхэн болон газарзүйн бүс нутаг бий. Семиречье нь одоогоор голчлон Казахстанд байрладаг; Или голын дээд хэсэг нь Хятадын Шинжаан Уйгурын өөртөө засах орны нэг хэсэг; Чуй хөндийн нэг хэсэг нь Киргизийн нэг хэсэг юм. Энэ бүс нутаг нь хойд талаараа Балхаш нуур, зүүн хойд талаараа Сасык-Гол, Алагол, зүүн өмнөд талаараа Зүүнгарын Алатау нуруу, зүүн өмнөд талаараа хойд Тэнгэр нурууны хооронд байрладаг. Семиречийн энэ тойрогт арвайн үр, таван нүд, сүрэг тамгын дурсгал ихээр олддог. Семиречийн газар нь Хар-Кидан, Цагаадай, Монголын эзэнт гүрний үед Несториан Христийн шашин, Буддизм, нүүдэлчин бөө мөргөлийн асар том холилдоон болсон газар байсан учраас гэж судлаачид тайлбарладаг.
Ашигласан материал :
1. Ш.Бира нар Өндөр гэгээний намтарууд оршвой УБ.,1995
2. Л.Хүрэлбаатар Өндөр гэгээний намтар УБ.,2009
3. Л.Хүрэлбаатар Монголын найман Богд УБ.,2010 он
4. Д.Төмөртогоо Өндөр гэгээний намтарын он дараалсан лавламж УБ.,2015
5. Өндөр гэгээн Занабазар эрдэм шинжилгээний бичиг УБ.,1998 он
6. Өндөр гэгээн Занабазар амьдрал, өв, УБ., 2015 он
7. Богд гэгээний сургаал оршвой
8. Л.Алтанзаяа Монголын тамгатай хутагтуудын шавь нар УБ.,2011 он
9. Түүхийн судлал УБ.,1997 он
10. Д.Цэдэв Их Шавь УБ.,1964 он
11. Д.Энхдаваа, Монгол хээ чимэг, УБ.,2000
12. Я.Баасансүх, Монгол үндэстний овгийн тамга, эдүгээд уламжлагдсан нь, УБ., 2005
13. Ц.Сономдагва Монгол Улсын засаг, захиргааны зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэлт (1691-2013) (нэмж засварласан гурав дахь хэвлэл) УБ.,2013
14. С.Дулам, Эрдэм шинжилгээний өгүүлэл, I боть, Бэлгэдэл зүйн судалгаа, УБ.,2018
Баабар
Мягмар - 06 сарын 16,
2026