
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 1 /NBC News/. “Google” компани халуун цөмийн эрчим хүчний салбарт “Commonwealth Fusion Systems” (CFS) гэдэг хувийн компанитай түншлэх гэрээ байгуулжээ.
Энэ бол технологийн салбарын тэргүүлэгч компанийн хувьд "CFS"-ээс 200 мегаватт цөмийн эрчим хүч худалдан авах тухай анхны арилжааны хэлэлцээр юм. Уг эрчим хүчийг Виржиниа муж улсын Честерфилд тойрогт баригдаж буй, дэлхийд анхны ARC төрлийн (хямд өртөгтэй, найдвартай, авсаархан) сүлжээ цөмийн цахилгаан станцаас нийлүүлэх юм.
"CFS" компанид 2021 оноос хойш хөрөнгө оруулж байгаа "Google" компани Массачусетс муж улсын Девенс хотод байрладаг тус компанид эзэмшдэг хувьцаагаа нэмэгдүүлснээ зарласан байна. Гэхдээ уг хэлэлцээрийн санхүүгийн нарийн мэдээллийг ил болгоогүй байна.
ARC сүлжээ цахилгаан станцыг 2030-аад оны эхээр ашиглалтад оруулж, 400 мегаватт нүүрстөрөгчийн хий ялгаруулдаггүй цэвэр эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Энэ бол томоохон үйлдвэрүүд эсвэл 150 мянга орчим айл өрхийн цахилгаанаар хангахад хүрэлцэх хэмжээний эрчим хүч юм. Уг гэрээгээр “Google” компанид ARC төрлийн бусад станцаас эрчим хүч худалдан авах боломж бүрджээ.
Халуун цөмийн нэгдэх урвал гэдэг нь хөнгөн атомын цөмүүдийг 100 саяас дээш хэмд халаах үйл явц юм. Ийм өндөр температурт түлш нь плазм болж хувирч, цөмүүд хоорондоо нэгдэн их хэмжээний эрчим хүч ялгаруулдаг. Улмаар энэхүү эрчим хүчийг нүүрстөрөгчийн хий ялгаруулдаггүй цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд ашигладаг.
"Google" компани мөн Калифорнид төвтэй халуун цөмийн эрчим хүчний "TAE Technologies" компанид үргэлжлүүлэн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн тухайгаа мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Монголчуудаа та нар хиймэл оюун ухаан хэрэглэх гэвэл бүү давар. Ийм их эрчим хүч гаргах гэж байгаад байгаль дэлхийгээ цөмийн хаягдлаар бузарлуулах шаардлага байхгүй. Одоо нэн даруухан хиймэл оюун хөгжүүлэлт хийхээ зогсоо мангаруудаа. Зүгээр өөрийнхөө толгойгоор амьдарцгаа. Эх дэлхийдээ хайртай.