sonin.mn

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаад “Төсвийн толь” номын зохиогч, эдийн засагч, санхүүч Н.Ундрахыг урьж, ярилцлаа. 


“Иргэд төсвийн тухай ойлголт, мэдлэгээ сайжруулах ёстой”

 

-Миний хувьд 1998 онд Худалдаа Хөгжлийн банкнаас ажлын гараагаа эхэлж, Монгол Улсын томоохон аж ахуйн нэгжүүдэд санхүү, эдийн засгийн чиглэлээр ажиллаж байгаад 2008 онд “Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулж байлаа. Гүйцэтгэх захирлаар нь 13 жил ажилласан. Ерөнхийдөө 20 гаруй жилийн турш бизнесийн байгууллагад удирдлагын түвшинд ажиллаж,стратегийн менежмент, байгууллагын засаглал, хөгжлийн бодлого боловсруулах чиглэлд туршлага хуримтлуулсан гэж болно.


Одоогоор академик болон судалгааны чиглэлд шилжин, тархи мэдрэлийн шинжлэх ухаан, хиймэл болон өгөгдлийн менежментийн хүрээний онолуудыг судалж байна.


Бизнесийн шийдвэр гаргалт, хүний танин мэдэхүй, өгөгдлийн систем, ухаалаг технологийн уялдаа холбоог судлан, шинжлэх ухаанд суурилсан инновац, өгөгдөлд тулгуурласан шийдвэр гаргалтыг дэмжихэд оршино. Удирдлагын олон жилийн туршлагаа шинжлэх ухааны судалгааны арга зүй, аналитик сэтгэлгээтэй хослуулан, байгууллагын ухаалаг хөгжлийг болон хүний зан төлөв, сэтгэхүйн хандлагыг илүү үр ашигтайгаар холбох зорилготой ажиллаж байна. Харин энэ удаа Монгол Улсын Төсвийн төсөлд дүн шинжилгээ хийж, иргэдэд төсвийг аль болох энгийн байдлаар ойлгуулах зорилгоор “Төсвийн толь” номоо гаргаад байна. 


Төсөвт хамгийн их хулгай, авлига нуугдаж байгаа гэж бид ярьдаг шүү. Би ч гэсэн тэгж боддог. Тэгвэл авлигагүй, хулгайгүй төсөв батлах боломж нь иргэдийн төсвийн тухай ойлголт мэдлэг өндөр байх ёстой. 


Иргэд төсөв батлах процесстоо зайлшгүй оролцох шаардлагатай байна. Өнөөдөр бидний оролцоо, нөлөө, хяналт сул байгаагаас төсвийн зарцуулалт буруу байна. “Төсвийн толь” ном маань нэгдүгээрт иргэдэд, хоёрдугаарт, сэтгүүлч, судлаач нарт цаашлаад улс төр, шийдвэр гаргах түвшинд идэвхтэй оролцдог хэсэгт зориулж номоо гаргасан. 


“Улсын төсөв бол иргэний төсөв юм шүү дээ”

 

-Иргэд маань улс төрд харьцангуй идэвхтэй байдаг. Гэтэл мэдээлэлтэй атлаа яг ямар асуудалд нь яаж дуу хоолойгоо хүргэх вэ гэдэг мэдлэг дутаад байна уу гэж хардаг. Таны амьдралд яг ямар мэдээлэл нь хэрэгтэй вэ, ямар мэдээлэл нь хэрэггүй вэ гэдгийг ялгаж салгаж ойлгох нь чухал. Гэхдээ цаашид иргэдийн маань мэдлэг боловсрол сайжрах байх. Төсөв дээр гэхэд Улсын мөнгө гэж байхгүй, төсөв татвар төлөгчдийн мөнгөөр бүрддэг, бидний төсөв шүү гэдэг хандлагаар хандаад эхэлсэн гэж ойлгож байгаа. Одоо төсвөө бичилцэхэд оролцоод, хянаад, өмгөөлөөд явах нь чухал байна. Би нэг хэсэг АНУ-д амьдарсан. Тэнд үл хөдлөх хөрөнгийн татварыг зайлшгүй төлдөг. 


Бидний татварын мөнгө тухайн нутаг дэвсгэр дээр байрлаж байгаа сургууль,цэцэрлэг, өрхийн эмнэлэг, цагдаа зэрэг нийтийн үйлчилгээнд зарцуулагддаг. Би хүүхдээ сайн цэцэрлэг, сургуульд явуулахын тулд, эрүүл аюулгүй орчинд амьдрахын тулд татвараа төлөх шаардлагатай болдог.


Сайн ч төлнө. Эргээд бидний татварын мөнгөөр яг юу хийсэн талаар маш дэлгэрэнгүй тайлан ирдэг. Энэ бол миний амьдарч байсан газрын туршлага. Мөн би номоо бичихийн тулд олон улсад ямар сайн жишиг байгаа талаар судалгаа хийсэн. Ил тод, хариуцлагатай, иргэдийн оролцоог дэмжсэн төсөв нь зөвхөн төрийн санхүүг тогтвортой байлгаад зогсохгүй, иргэдийн амьдралд шударга хуваарилалт, чанартай үйлчилгээ авчрах гол баталгаа гэж үздэг. Төсвийн үйл ажиллагаанд олон улсад ерөнхийдөө. зарчмуудыг баримталдаг гэж болно. Ил тод байдал ба нээлттэй байдал, төсөв, тайлан, аудитын баримтууд нь нийтэд нээлттэй, цаг тухайд нь, ойлгомжтой байх ёстой. Тухайлбал, улс орнууд "иргэний төсөв" буюу улсын төсвийн товч, энгийн хэлээр тайлбарласан хувилбарыг нийтэлдэг. Парламент, аудитын байгууллага болон бие даасан институциудын үүрэг оролцоо нь төрийн зарцуулалтыг хянахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэж болно. Тухайлбал, АНУ-д Аудитын дээд байгууллагууд төсвийн зөрчил, буруу зарцуулалтыг ил тод мэдээлдэг. Канадад гэдэг төсвийн тодорхой хувийг иргэд өөрсдөө шийдэх эрхтэй болгосон гээд олон улсад төсвөө баталдаг сайн туршлага олон байна.


Блиц


Боловсрол:


1995 оноос: Нэгдүгээр дунд сургууль, Монгол банкны лицей анги

1999 оноос: Санхүү эдийн засгийн дээд сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр банк зээлийн эдийн засагч, санхүүч

2003 оноос: СЭЗИС, Бизнесийн удирдлагын магистр  БНСУ-ын Хандон Глобаль их сургууль, стратеги менежментын ангийг тус тус дүүргэсэн. 


“Төсвийн зарлагын хэт өсөлтийг хязгаарлах шаардлагатай”

 

-Ирэх оны Монгол Улсын нэгдсэн төсвийн төслийг бодлогын түвшинд дүгнэж, төсвийн бүтэц, чиглэл, эрсдэл, бодлогын хандлагын нийтлэг үнэлгээ өгөх, цаашид баримтлах төсвийн шинэчлэлийн шаардлага, чиглэлийг тодорхойлсон. Төсвийн тогтвортой байдал, эдийн засгийн төрөлжилт, татварын бодлого, зардлын сахилга бат, төр хувийн хэвшлийн харилцаанд шаардлагатай шинэчлэлийн үндэслэл, чиглэлийг ил тод тавихыг зорьсон.


Засгийн газраас өргөн барьсан 2026 оны нэгдсэн төсвийн төслийг дүгнэхэд, 2022 онд 18 их наяд байсан Улсын төсөв 2026 онд 32.9 их наяд төгрөгт хүрч, дөрвөн жилийн дотор огцом тэлж байна.


Иймээс цаашид төсвийн зарлагын хэт өсөлтийг хязгаарлах, ялангуяа уул уурхайн зах зээлийн үнийн савлагаанд тулгуурласан урсгал зардлын өсөлтийг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй барих, эдийн засаг, нийгмийн үр өгөөж өндөр хөрөнгө оруулалтыг тэргүүн ээлжид санхүүжүүлэх, татварын бодлогоор хувийн хэвшлийг дэмжих, татварын ачааллыг бууруулах, халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого нэн шаардлагатай байна. Мөн эдийн засгийн бүтэц уул уурхайгаас хэт хамааралтай хэвээр байна.


Эдийн засгаа солонгоруулах зорилт тавьдаг ч бодит байдалд хэрэгжихгүй, төсвийн орлогын хамаарал уул уурхайгаас улам нэмэгдэж байна.


2026 онд төсвийн нийт орлогын 27 хувийг уул уурхайн салбар бүрдүүлэхээр тооцсон бөгөөд уул уурхайн орлого 2021 онд 3.4 их наяд, 2022 онд 4.3 их наяд, 2024 онд 8.0 их наяд, 2026 онд 9.3 их наяд төгрөг болж өссөн нь үнийн мөчлөгөөс хэт хамааралтай, эмзэг бүтцийг илтгэнэ. Түүхий эд экспортлодог орнуудын сайн туршлагад нийцүүлэн үнийн өсөлтийн үеийн нэмэлт орлогыг хуримтлалын санд төвлөрүүлэх, өрийг бууруулах, эрсдэлийн хамгаалалт бий болгох шаардлагатай гэж харж байна. 


“Татварын дарамт нэмэгдэж, хувийн хэвшлийн орон зай хумигдсаар байна”

 

-Би өөрийн хувийн хэвшил удирдаж байсан хүн. Татварын дарамт нэмэгдэж, хувийн хэвшлийн орон зай хумигдаж байна. Ер нь эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлж, бизнесийн зардлыг өсгөн, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг бууруулах эрсдэлтэй. Түүнчлэн нийгмийн даатгалын, шимтгэл, зээлийн өндөр хүү зэрэг нийлмэл дарамтууд нь 2026 онд олон мянган бизнесийн санхүүгийн чадамжийг доройтуулах магадлалтай. Мөнгөний бодлого төсвийн бодлогын уялдаа алдагдаж, зээлийн хүртээмж хумигдаж байна. Төсвийн тэлэлт нь мөнгөний бодлогыг чангаруулах дарамт үүсгэх, бодлогын хүү өндөр түвшинд хадгалагдах, арилжааны зээлийн хүүг өсөх нөхцөл бүрдүүлдэг. 


Төв банкны үнэт цаас руу шилжих хандлага нэмэгдэж, аж ахуйн нэгжийн зээлийн олдоц хумигдах бөгөөд энэ нь үйлдвэрлэл, үйлчилгээний өртгийг өсгөх, үнэ нэмэгдэх суваг болж болзошгүй. Хөрөнгө оруулалтын бодлогод хэмнэлт, эрэмбэ дараа чухал. 


Шаардлагатай хөрөнгө оруулалтын нийт арга хэмжээний 70 хувь орчим нь ирээдүйн урсгал зардлыг нэмэгдүүлэх шинжтэй байна. Тэгэхээр ач холбогдлын үнэлгээ, ТЭЗҮ-гийн шалгуураар эрэмбэлж, 100 орчим арга хэмжээг царцаавал 760 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах боломжтой. 2026 онд эрчим хүч, эрүүл мэнд, боловсролын хөрөнгө оруулалт нэмэгдэж буй ч суурь хүндрэлүүдийг бүрэн шийдэх хүрээ, дараалал хангалтгүй, урсгал зардлыг томруулах эрсдэлтэй хэвээр байна. Иймд урсгал зардлыг нэмэхгүйгээр ажлын байр, нэмүү өртөг бий болгох үйлдвэрлэлд хөрөнгө төвлөрүүлэх шаардлагатай.


“Иргэд төсвөө ингэж өмгөөлж болно”

 

-Иргэд маань төсвийнхөө өмгөөлөгч нь байх хэрэгтэй. Төсвийн өмгөөлөл гэдэг нэр томьёог номдоо тусгасан. Энэ нь иргэд төрийн мөнгө хэрхэн төвлөрч, юунд зарцуулагдаж байгааг анхаарч, санал бодлоо илэрхийлж, шаардлагатай бол өөрчлөлт гаргахыг зорьдог үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, иргэд төрийн төсөвт оролцож, "Энэ мөнгө бидний амьдралд яаж нөлөөлж байна вэ" гэдэг асуултад хариулт хайдаг гэсэн үг.


Төсвийн өмгөөллийн гол зорилго нь төрийн төсөв ил тод байх, иргэдийн хэрэгцээ, хүсэл сонирхол туссан байх, мөн нийтийн мөнгө шударга, үр дүнтэй зарцуулагдах ёстой. Иргэд төсвийн өмгөөлөлд дараах байдлаар оролцож болно гэж үзсэн. 


Төсвийн талаарх мэдээллийг уншиж, ойлгох, нутгийн удирдлагад санал өгөх, хэлэлцүүлэгт оролцох байдлаар санал бодлоо тусгаж болно. Төсвийн хэрэгжилтийг ажиглаж, зөрчил илэрвэл мэдээлэх, иргэний нийгмийн байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран нөлөөллийн ажил хийж болно. Жишээ нь хэрэв нэг суманд сургууль барих хөрөнгө төсөвлөгдсөн ч ажлын явц удаашралтай байвал иргэд тухайн мэдээллийг судалж, орон нутгийн удирдлагад асуулга гаргаж, төрийн байгууллагуудыг илүү хариуцлагатай ажиллахад нөлөөлж чадна. Энэ бол төсвийн өмгөөллийн нэг хэлбэр юм. Ер нь цаашид төрийн оролцоо хэт давамгайлбал, зах зээлийн өрсөлдөөн саарна. Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын худалдан авалт, тендерүүдийг багтаан тооцвол эдийн засгийн 70 орчим хувь нь шууд, дам байдлаар төрөөс хамааралтай болж байна.


Монголын төр хувийн хэвшлийн орон зайг төсвөөр дамжуулан булааж байна. Энэ нь хувийн хэвшлийн орон зайг хумих,авлигын эрсдэлийг өсгөх, зах зээлийн өрсөлдөөнийг сулруулах хүчин зүйл болж байна.


Тэгэхээр суурь шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байна. Төсвийн бодлогод суурь шинэчлэл хийж, дунд хугацаанд тогтвортой, уян хатан, төрөлжсөн эдийн засгийн суурийг бий болгох шаардлагатайг нотолж байна. Төсөв нь уриа лоозон бус, харин хямралын үр суулгадаггүй, өрийн дарамт нэмэгдүүлдэггүй, татварын таатай орчин бүрдүүлж, ажлын байр бий болгодог, хувийн хэвшлийн орон зайг тэлдэг байх ёстой. 



Төмөрбаатарын Батсайхан

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин