
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны зургаадугаар сарын 9 /BBC/. АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотод цагаачдыг баривчлах ажиллагааг эсэргүүцсэн жагсаал гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Ерөнхийлөгч Дональд Трампын байрлуулсан Үндэсний гвардийн ангиуд хотын төвд жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглаж байна. Жагсагчид хотын 101-р хурдны замыг хаагаад байгаа бол хууль сахиулах хүчнийхэн замын хөдөлгөөнийг хэвийн болгохыг оролдож байна.
Д.Трампын хувьд Үндэсний гвардийн хүчнийг илгээх шийдвэрээ зөвтгөж, тэд хууль, дэг журмыг сахиулна гэсэн байна. Харин Калифорни муж улсын захирагч Гэвин Ньюсом уг шийдвэрээ цуцлахыг Д.Трампт уриалж байгаа бөгөөд Ардчилсан намын бусад захирагчид уг явдлыг “эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэг” хэмээн тодорхойлжээ. Лос-Анжелес хотын төвд жагсагчид автомат жолоодлоготой машинуудыг шатааж байна гэж тус хотын цагдаагийн газраас мэдээлсэн байна. Цагдаагийн газраас зарим жагсаалыг “хууль бус” гэж мэдэгдсэний дараа жагсагчдыг баривчилж эхэлсэн талаар CNN телевиз мэдээлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Америк орон тэр чигээрээ гадны цагаачдын орон гэдэг. Ардчилал ч гэж их ярьдаг. Яг зүгээр байгаад байвал цагаачдыг хөөх баривчлах энэ ажил нэг ёсны хэтрүүлэг болж мэдэх учраас иргэд үгээ хэлэх нь тэдний эрх шүү