sonin.mn

Төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн анхны уулзалт боллоо. Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, байр сууриа илэрхийлсэн юм. 


Ерөнхий сайд Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхой заасан. Сүүлийн үеийн судалгаагаар иргэдийн төрд итгэх итгэл суларч, төрийн албаны үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байна. Тиймээс төрийн бүх шатанд ард түмний итгэх итгэлцлийг бэхжүүлэхийн тулд өөрчлөлт, шинэчлэлийг даруй хийх ёстой. Иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхийн тулд Ажлын хэсэг ахиц дэвшил гаргаж ажиллах шаардлагатай гэлээ. Мөн төрийн хүний түшвээс зохих есөн шинжийн талаар онцолж ярилаа.



Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ Төрийн албаны шинэтгэлийг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийв. Тэрбээр, төрийн албаны хууль, тогтоомж, бодлогын талаар танилцуулаад Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар дурдлаа. Тухайлбал, иргэн төвтэй, чадварлаг, мэргэшсэн, бүтээмжтэй төрийн албыг төлөвшүүлэх, шинэтгэлийг эрчимжүүлэх үүрэг даалгавартай холбогдуулан албан тушаалын чиг үүргийн давхардлыг арилгах, дарга нарын тоог бууруулах, ёс зүйтэй төрийн албыг бүрдүүлэх, төрийн албаны ёс зүйн дэд хороог гүйцээн байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлнэ гэв. Мөн тоон мэдээлэл, олон улсын байгууллагын зөвлөмж, бусад улс орны төрийн албаны тогтолцооны эрх зүйн орчин, төрийн байгууллагын үйл ажиллагааны үнэлгээ зэргийг судалсан талаараа илтгэлдээ танилцуулав. 



Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт тус Ажлын хэсэгт цаашид хэрхэн ажиллах талаар чиглэл өглөө.