sonin.mn

Увс аймаг энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Ойн баярын баримтат нэвтрүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, Эрчим Хүчний Сайд Б.Чойжилсүрэн: "Би 2008 оноос хойш Увсаас УИХ-д тасралтгүй 5 сонгогдсон ховор аз тавилантай хүн" хэмээн өгүүлж байх юм. Үнэхээр ч тэрбээр Монголын улс төрийн амьдралд ховорхон тохиох “ мандаттан”-уудын нэг билээ.

Гэхдээ асуудал өөр өнцгөөс тавигдаж байна. Б.Чойжилсүрэн 20 жил УИХ-д суусан бол Увс аймаг 20 жилд хэрхэн өөрчлөгдөв? Хөгжсөн үү? Энэ бол зөвхөн нэг хүний амжилтын биш, нэг аймгийн ирээдүйн тухай асуулт юм.



2008 онд УИХ-ын сонгуулийн өмнө Б.Чойжилсүрэн анх 20 000 төгрөг тарааж байгаад камертай хүнтэй таарч, бантаж буй тэнэгдүү ч гэмээр төрхөөрөө анх улс төрд танигдаж байсан.


Харин өнөөдөр тэрбээр “системийн тоглогч” болж хувирчээ.

Увс аймаг газарзүйн байрлал, байгалийн баялгаараа хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүчний салбарт хөгжих том потенциалтай бүс нутаг.


Гэсэн ч:


Ажилгүйдэл, ядуурал өндөр хэвээр


Зам, дэд бүтцийн хөгжил нийслэлээс хол хаягдсан


Малчдын боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ сул


Төрийн албанд улс төрийн томилгоо давамгайлсан хэвээр


УИХ-д тав дараалан сонгогдсон төлөөлөгчтэй, тэр нь Засгийн газрын гол салбарын сайдаар ажиллаж буй атал нутгийн иргэдийн аанай л янзаараа.


“Би азтай хүн” гэж Чойжилсүрэн сайд бахархах зуур Увсын иргэдийн дунд “Тэр л аз нь бидэнд хүртдэггүй юм уу?” гэсэн халаглал өрнөдөг. Энэ бол хувь гишүүндээ итгэж, 20 жилийн турш тасралтгүй мандат өгсөн ард түмний асуулт.

Эцэст нь хэлэхэд Б.Чойжилсүрэн улс төрд тэсч үлдсэн, түүгээр ч барахгүй Монголын улс төр, бизнест хүчээ зузаатгаж чадсан хүн. Гэхдээ 20 жилийн турш эрх мэдэлд байсан гишүүний ард 20 жил өөрчлөгдөөгүй аймаг үлдсэн бол яах вэ?

Увс аймаг хөгжсөн үү, эсвэл зөвхөн Б.Чойжилсүрэн хөлжсөн үү? гэдэгт хариу нэхэх цаг нь аль хэдийнэ болсон байна.


Э.Солонго