
Төв Азийн Тажикстан, Киргизстан, Узбекистан, Казахстан улсуудад өнгөрсөн зууны 1942-1996 оны үед явагдаж өнгөрсөн ураны хүдэр олборлолтын үйл ажиллагаанаас үүдэн байгаль орчинд сөрөг нөлөөтэй нийтдээ 1 тэрбум тонн орчим хэмжээний цацраг идэвхт хаягдал үлдэж хоцорсон гэж үздэг ба Монгол улсын хувьд бол 1988-1997 онуудад Дорнодын Мардай гэдэг нэрээр олон нийтэд танил болсон нэршсэн уурхайд явагдсан ураны хүдэр олборлолтын үйл ажиллагаанаас мөн тодорхой хэмжээний цацраг идэвхт хүдэр ба хаягдал үлдэж хоцорсон байдаг. Энэхүү нийтлэлээр ураны эдгээр хаягдалын өнөөгийн төлөв байдал болон цацрагийн сөрөг нөлөөлөлийг нь багасган байгаль орчин нөхөн сэргээж сайжруулах зайлшгүй бөгөөд гарцаагүй мэргэжлийн шаардлагын дагуу явуулсан, явуулж байгаа ба явуулах шаардлагатай үйл ажиллагааны талаар мэргэжлийн бодит товч мэдээлэл олон нийтэд хүргэх зорилго тавилаа. Киргизстан улсын Бишкек хотод 2025 оны 6 сарын 23-25 өдрүүдэд болсон “Төв Азийн бүс нутагт цөмийн эрчим хүч, цөмийн технологийн хөгжлийг дэмжихэд хүч, мэдлэгээ нэгтгэх нь” олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавигдсан илтгэлүүд, мөн ”Proceedings of Voronezh State University.
Series: Geography. Geoecology, No3, 2025” сэтгүүлд хэвлэгдэх “Environmental aspects of past uranium mining in Central Asia and Mongolia” U. Mirsaidov, Kh.M. Nazarov, Tseren Davaadorj, Jargal Chimedbazaryn хэмээх эрдэм шинжилгээний хамтарсан өгүүлэл болон ишлэгдсэн бусад эх сурвалжуудаас энэ нийтлэлд дурдсан мэдээлэл болон цацраг идэвхт байдлын бодит тоон үзүүлэлт, хэм хэмжээний тухай улам гүнзгийрүүлэн танилцах боломжтой.
Тажикстан дахь ураны цацраг идэвхт хаягдал: Нийт 170 га газарт, нийт идэвхижил нь 6,5-7,7 мянган Кюри хэмжээ хүрэх, 55 сая тонн хаягдал, техникийн гаралтай хаягдал болон “бүртгэлийн гадуурх” хүдрийн овоолго хэлбэртэйгээр хуримтлагдаж цацрагийн бохирдолтой орчин үүсгэсэн байсан. Эдгээр нь Таджикистаны уулархаг Согд мужийн Истиклол, Бустон, Худжанд, Адрасман хот суурин газруудын ойролцоо оршдог.
Киргизстан дахь ураны цацраг идэвхт хаягдал: Нийт 6 байршилд 33 цацраг идэвхит үлдэгдэл хаягдал болон 25 хүдэрийн овоолго хэлбэртэйгээр хуримтлагдаж үлдсэн.
Узбекистан дахь ураны цацраг идэвхит хаягдал: Янгиабадын хүдрийн талбайд ураны 4 хаалттай уурхай, 29 хүдэрийн овоолго үлдсэн байдаг. Энд хуримтлагдсан бохирдсон материалын нийт хэмжээ 500 мянга орчим шоо метр. Төв Кизилкум муж дахь ураны хүдрийн анхан шатны олборлолтын газруудад хуримтлагдсан “бүртгэлийн гадуурх” хүдрийг Учкудук хотын ойр орчимд орших тусгай зориулалтын газарт зөөвөрлөж хадгалсан.
Казахстан дахь ураны цацраг идэвхт хаягдал: Нийт идэвхижил нь 6,23 Пико Беккерель хэмжээ хүрэх, 61 сая тонн хаягдал уран олборлох газруудад хуримтлагдсан. Жишээ нь зөвхөн №9 уурхайн 67,7 га талбайд гэхэд л 1,8 сая тонн ураны хүдрийн овоолго хадгалагдаж байна. Төв Азийн эдгээр орнууд ураны хүдэр олборлолтын үйл ажиллагаанаас үүсэн бий болсон сөрөг нөлөөг арилгах, байгаль орчныг нөхөн сэргээх талаар зохион байгуулалт, шинжлэх ухаан техник технологи, санхүү эдийн засагийн олон талт иж бүрдэл төслүүд эрчимтэй хэрэгжүүлж, амжилттай үр дүнд хүрч чухал туршлага хуримтлуулсан ба зарим төслүүд нь одоогоор хараахан эцэслэгдээгүй цаашид үргэлжлэн хэрэгжих явцандаа өрнөж байна.
Энэ үйл ажиллагааг тухайн улсын Төр, Олон улсын мэргэжлийн болон санхүү эдийн засгийн байгууллагууд, Европын Холбоо, ялангуяа ОХУ (Росатом)-ын дэмжлэг оролцоотойгоор хамтран нэгдэж хэрэгжүүлж байгаа нь онцлог ач холбогдолтой.
Энэ үйл ажиллагааны тухай 2025 оны 09 сарын 15-19-ний өдрүүдэд болсон Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын ээлжит 69 дүгээр чуулган дээр Киргизстан улсын төлөөлөгч албан ёсны мэдэгдэлдээ тодорхой онцлон тэмдэглэж ач холбогдлыг нь дүгнэснийг та бүхэн сонирхон үзэж болно.
Монгол улс дахь ураны цацраг идэвхт хаягдал: Товчхондоо 1988-1997 онуудад Мардайд явагдсан ураны хүдэр олборлолтын үйл ажиллагааны үр дүнд 500 мянган тонн орчим ураны хүдрийг ачин явуулсан байдаг ба 300 мянган тонн орчим “бүртгэлийн гадуурх” ангилалд хамаарах ураны хүдэр ил овоолго хэлбэрээр хадгалагдан үлдсэн байдаг. Тодруулахад “бүртгэлийн гадуурх” хүдэр гэдгийг техник технологийн ямар нэг шалгаанаар хэрэглэгдээгүй, ачигдаагүй нөөцлөгдөн үлдсэн уурхайн “үндсэн бүтээгдэхүүн” гэж нийтлэгээр ойлгох нь зүйтэй, үүнийг уурхайн хаягдал гэж үзэх үндэслэлгүй. Ураны уурхайн хаягдалыг цаашид ашигладаггүй, харин саармагжуулалт нөхөн сэргээлт л хийдэг. Ураны уурхайн хүдэр “үндсэн бүтээгдэхүүн” нь хатуу хаягдалаасаа илүү өндөр цацраг идэвхт шинж чанартай байх нь мэдээж.
Ил овоолго хэлбэрийн ураны хүдэр нь цацраг идэвхт бодисыг хэсэг хэсгээр нь тарааж, түүний задралын бүтээгдэхүүнээр газрын гадаргуу агаар мандлыг бохирдуулж, тоосжилт үүсгэн бороо салхиар дамжуулан байгаль орчныг бохирдуулах аюултай гэдэг нь гүйцэд нотлогдсон зүйл.
Энэ асуудал Монголд зөвхөн Мардайгаар хязгаарлагдахгүй…жишээ нь “Гурванбулаг” уурхайгаас сорон авсан шингэн хаягдалаа Канадын «Western Prospector» компани уурхайн ойролцоох шүүлтүүрийн хиймэл нууранд асгасан тухай мэдээ байдаг. Мардай дахь байгалын дэвсгэр болон ураны хүдэрийн овоолгын цацраг идэвхт чанарын тоон үзүүлэлтүүдийг системтэйгээр биш ч гэсэн хэмжин гаргаж хэвлүүлсэн мэдээ баримтууд байдаг. Цацрагийн сөрөг нөлөөлөлийг нь багасган байгаль орчинг нь нөхөн сэргээж сайжруулах зайлшгүй бөгөөд гарцаагүй шаардлагатай гэдэг нь мэргэжлийн талаасаа маргаангүй тодорхой зүйл. Сүүлийн 30 жилийн турш энэ нөхцөл байдал өөрчлөлтгүй тогтмол оршсон хэвээрээ, сөрөг үр дагавараа үргэлжлүүлэн үзүүлсээр л байгаа.
Мардай орчмын байгаль орчинг нөхөн сэргээх арга хэмжээг авч эхлэхэд шаардлагатай бүхий л эерэг гадаад нөхцөл байдал, хамтын ажиллагааны бололцоо болон бусад улсуудын дээр дурдсан бодит үлгэр жишээ, туршлага байсаар ирсэн атал энэ асуудал харгалзан хариуцах үүрэг хүлээсэн манай төрийн төлөөлөл, олон нийтийн анхаарлын гадна үлдсэн байна вэ?
Төв Кизилкум муж дахь ураны хүдрийн анхан шатны олборлолтын газруудад хуримтлагдсан “бүртгэлийн гадуурх” хүдрийг Учкудук хотын ойр орчимд орших тусгай зориулалтын газарт зөөвөрлөж хадгалсан Узбекистаны туршлага, гадаргууг нь үржил шимтэй хөрсний шороогоор 1 метр зузаан хучиж ургамалжуулан цацраг идэвхжилийн тоон үзүүлэлтийг нь байгалын дэвсгэр хэмжээнд хүртэл бууруулсан Казахстаны туршлага гэх мэт энгийн анхан шатны болон дэвшилтэт бусад олон шийдэл бэлхэнээ байж байгаа. Түүхэн явцад нэгэнт бүрэлдэн өвлөгдсөн сөрөг үр дагаварыг урт удаан хугацааны турш арилгаагүй, арилгах тодорхой шийдээ ч гаргаагүй атлаа дараа дараачийн төсөөтэй төслүүдийг хэрэгжүүлж эхэлнэ гэдэг логикийн хувьд, ерөнхий зарчим ба бодлогын хувьд зохицолдох юм уу?
Дүгнэхэд: Өнгөрснийг өөрчлөх аргагүй ч одоо бодитойгоор нүүрлэж байгаа сөрөг үр дагаварыг нь арилгаж хойч үедээ сөрөг үр дагаварыг нь өвлүүлэн үлдээхгүй байх боломж бидэнд бүрэн байгаа, үүнд:
- Ураны хайгуул, техникийн туршилт, туршилтын олборлолт гэх мэтийн үйл ажиллагаа явагдаж өнгөрсөн бүх газруудад төрийн бие даасан үл хамаарах цацрагийн хяналт тавих, хяналт тавих мэргэжлийн албыг нь хүчирхэгжүүлэх, шаардлагатай байрлал газруудад нь нөхөн сэргээлт явуулах,
- Энэ талаар төв Азийн улсууд болон олон улсын (ОУАЭА) болон улс хоорондын хамтын ажиллагааны туршлага хэрэглэх төслүүд хойшлуулалгүй хэрэгжүүлж эхлэх,
- Энэ асуудлыг бол цацраг идэвхт хаягдал дагуулах уран ба газрын ховор элемент олборлох гэх мэт төслүүдийг цаашид шүүн хэлэлцэх явцад анхаарч үзвэл зохих өнгөрсөн үеээс үлдсэн чухал сургамж гэж үзэх нь зүйтэй.
Хувь хүн миний нэмэрлэх бодол санаа (Өмнөх нийтлэлүүдийн үргэлжлэл болгож): Ойрын болон холын ирээдүйд цацраг идэвхт хаягдал дагуулах уран ба газрын ховор элемент олборлох гэх мэт бүхий л төслүүдийг хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө сөрөг үр дагаварыг нь арилгах арга зам шийдэл нь шинжлэх ухаан техник технологийн талаасаа бүрэн батлагдаж нотлогдсон байх, байгаль орчны нөхөн сэргээлтийн шалгаварыг хангасан байх нөхцөлийг урьдчилан бүрдүүлсэн байх шаардлагыг мөрдлөг болгодог байх нь зүйтэй.
Дэлхий дахинд өнөөдөр нэлээд ажиглагдаж байгаа нэг сургамж бол сөрөг үр дагаварыг нь арилгах арга зам нь хагас шийдвэрлэгдсэн, явцын дунд шийдвэрлэгдэхээр төлөвлөсөн эсвэл угаасаа шийдвэрлэгдээгүй байхад үйл ажиллагаагаа явуулж, бүтээгдэхүүнээ гаргаад ирсэн төслүүд эцэстээ төсөөлөшгүй эрсдэл, мухардал, давшгүй зардал ачаалалд орох эсвэл бүр сөрөг үр дагавартаа автагдан үлдэх явдал юм.
Энэ бүх зүйлийг өгөгдсөн тодорхой нөхцөлд нь дэнслэн үнэлж дүгнэхэд манай “үндэсний мэргэжилтнүүд”, ялангуяа салбар салбартаа нарийн мэргэжил эзэмшин туршлагажин торниж яваа авьяаслаг залуу монгол мэргэжилтнүүд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх учиртай. “Үндэсний мэргэжилтнүүд” гэж бол манай нөхцөлд хэрэглэгдэхээр тулгамдан гарч ирж байгаа мэргэжлийн түгээмэл буюу нарийн төвөгтэй бүх асуудлыг монголчуудын үндэсний язгуур эрх ашигтай юу нь хэрхэн нийцэн давхцах, юу нь нийцэхгүй давхцахгүй байгааг мэргэжлийнхээ хүрээнд тодорхойлж чадах чадвартай хүмүүсийг хэлнэ гэж тодорхойлууштай, миний ойлгож байгаагаар бол…өөрөөр хэлбэл дэлхий нийтийн мэргэжлийн түгээмэл болон нарийн ойлголтуудыг үндэсний язгуур эрх ашигийн өнцгөөс нарийвчлан цэгнэж хүчин төгөлдөр байх нөхцөл хүрээг нь тодорхойлох. Дэлхийн бүх улсууд тус тусдаа буюу хэсэг бүлгээрээ тодорхой нэг асуудал дээрээ энэ зарчмыг баримталдаг, хамгийн боловсронгуй бус төр засаглалтай улс гүрнүүд ч гэсэн тэр… Мэргэжлийн бус хүмүүс, “мэргэжлийн” гэгдэх мэргэжлийн бус хүмүүс ямар учир шалтгаантай нь үл мэдэгдэх “захиргааны” маягийн шийд урьдчилан гаргадаг, тэр шийдэндээ мэргэжлийн маягийн “хэлбэр” оруулж өмөөрөн сурталчлах идэвх өрнүүлэн олон нийтийг самууруулдаг байх ёсгүй. Хамгийн чанартай, үнэн зөв, мэргэжлийн баталгаатай мэдээлэл хэрэглэхийг бүх нийтээрээ урьдал болгож заншвал Монголчуудын эв нэгдэл улам батжин бэхжинэ гэдэгт би итгэдэг.
Олон Улсын Атомын Энергийн Агентлагт Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хяналтын НҮБ-ын Байцаагч (Инспектор)-аар 30 жил ажиллаад чөлөөндөө гарсан, Физик-Математикийн ухааны доктор (PhD), Балчин овогтой Чимэдбазарын Жаргал
Сэтгэгдэл1
Dear inspectors: Environmental pollution is the result of following the money.Then lie,cheat,steal,make no mistake cover up.Manipulation speculation. At the end of day The people are suffering. Blame kleptocracy and cronyism.Blame the corrupt,greedy politicians. Critical thinking of the people with the help of ai will lead to truth and justice. Sincerely Iron Leader The Great