sonin.mn

АЛМАТЫ, 2025 оны аравдугаар сарын 1 /BBC/. Испанийн “Реал Мадрид” клуб мягмар гарагт Казахстаны “Кайрат Алматы” багийг буулган авсан тоглолтын үеэр Килиан Мбаппе хет-трик хийж, Аваргуудын лигийн 60 дахь гоолоо оруулжээ. 


Францын шигшээ багийн ахлагч тэрбээр тоглолтын 25 дахь минутад онооны харьцааг нээж, 52 дахь минутад дубль хийж, улмаар тоглолтын 73 дахь минутад гурав дахь гоолоо оруулсан байна. 


Алматы хотноо болсон тоглолтын сүүлийн хагаст “Реал Мадрид”-ын Эдуарду Камавинга /83 дахь минут/, Браим Диас /90+3/ нар гоол оруулснаар тоглолт 5:0 харьцаатайгаар өндөрлөжээ.


К.Мбаппегийн оруулсан гоолууд нь Аваргуудын лигт түүний оруулсан 58, 59, 60 дахь гоол байсан бөгөөд ингэснээр тэрбээр “Байерн Мюнхен”-ий довтлогч асан Томас Мюллерийг гүйцэж, тэмцээний түүхэнд гоолын тоогоороо зургаадугаарт бичигдэж эхэлсэн байна.


Өдгөө 26 настай Францын довтлогч ердөө 89 тоглолтод оролцсоны дараа дээрх амжилтад хүрсэн бол Т.Мюллер 163 тоглолтод оролцож байжээ. Аваргуудын лигийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан тамирчдыг дурдвал, Кристиану Роналду 140 гоол /183 тоглолт/, Лионель Месси 129 гоол /163 тоглолт/, Роберт Левандовски 105 гоол /134 тоглолт/, Карим Бензема 90 гоол /152 тоглолт/, Рауль 71 гоол /142 тоглолт/ тус тус оруулсан билээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг