sonin.mn

Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатар уржигдар ард түмэндээ хандан мэдэгдэл хийн, "Монгол Улсын Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа ард түмэндээ хандан мэдэгдэж байна. Нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү эрч хүчтэй, эрс шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо" гэсэн билээ.


Мөн өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг танилцуулахаар УИХ-д хүргүүлсэн юм.



Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн хүрээнд Засгийн газар төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.


Иймд Засгийн газрын үйл ажиллагааны тасралтгүй, шуурхай байдлыг хангах үүднээс Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилох асуудлыг 2025 оны аравдугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд танилцуулж,



Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар албан бичигтээ хүссэн байна.



Гэвч УИХ-ын УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж гэгч "Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар ээлжит болон ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл тогтоодог.


Тэр тусмаа тухайн долоо хоног бүр Байнгын хороо, Дэд хороо, Түр хороо, Хянан шалгах хороогоор ямар асуудал хэлэлцэхийг товлодог. Энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын тов гарчихсан. Товын дагуу чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хуралдаад, Хөдөө аж ахуйн тухай хууль, Хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Үдээс хойш дэд хороо, ЭЗБХ, ТБХ-ны хамтарсан хуралдаантай. Одоогоор дээрх асуудал товд ороогүй байна " гэх тайлбар хийн, уг асуудлыг хойшлуулж эхэлжээ.



Гэтэл танилцуулах гэдэг нь хэлэлцэнэ гэсэн үг биш. Тиймээс ч Б.Баасандорж хуулийг буруу тайлбарлаж байна гэсэн үг.



Б.Баасандорж бол Д.Амарбаясгаланг ЗГХЭГ-ын дарга байхаас нь дагасан ойрынх нь хүн. Иймээс ч Б.Баасандоржийн ард Д.Амарбаясгалан байгаа нь хэнд ч илэрхий. Өөрөөр хэлбэл нүүрсний хулгайтай тэмцэх сайдын томилгоог Д.Амарбаясгалан гацааж байгаа нь тодорхой байна.



У.Сүрэн