
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 6 /AFP/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон ням гарагт шинэ засгийн газрыг томилжээ. Улс орноо улс төрийн хямралаас гаргахыг эрмэлзэж буй Ерөнхий сайд Себастьен Лекорню голчлон олонд танигдсан хүмүүсээр багаа бүрдүүлсэн байна. С.Лекорню Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсоноосоо хойш сар орчмын дараа Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг танилцууллаа.
Ерөнхий сайдын хувьд нам дамнасан дэмжлэг авах чиглэлд хүчин чармайлт гаргаж байгаа боловч ихээхэн хуваагдсан парламент дахь сөрөг хүчин түүнийг унагах эрсдэлтэй бөгөөд ням гаргийн орой сөрөг хүчний удирдагчид бухимдалтай байгаа нь харагдаж байжээ. С.Лекорню Э.Макроны томилсон долоо дахь Ерөнхий сайд юм.
2017-2024 онд Эдийн засгийн сайдаар ажиллаж байсан Брюно Лё Мэр нь Украины асуудлаар ОХУ-тай хурцадмал байдал үүсээд буй маш эмзэг үед Батлан хамгаалахын сайдаар томилогдсон байна. Тэгвэл Э.Макроны үнэнч дэмжигч Ролан Лекюр Сангийн сайдын албан тушаалыг хашихаар болсон бөгөөд ирэх оны хэмнэлттэй төсвийн төлөвлөгөөг гаргах хүндхэн даалгавартай тулгарчээ.
Харин бусад гол сайд нар албан тушаалдаа хэвээр үлдсэн байна. Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро албан тушаалаа үргэлжлүүлэн хашина гэж Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлжээ.
Мөн хууль бус цагаачлалыг таслан зогсоохоо амласан Дотоод хэргийн сайд Брюно Ретайо, Хууль зүйн сайд Жеральд Дарманен нар албан тушаалаа хадгалж үлдсэн байна. Ирэх онд авлигын хэргээр шүүгдэх гэж буй Соёлын сайд Рачида Датиг ч мөн адил хэвээр үлджээ. Ерөнхийлөгчийн ажлын албанаас нийт 18 хүний нэрийг зарласан бөгөөд бусад томилгоог дараагийн шатанд зарлах ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0