sonin.mn

ЛИМА, 2025 оны аравдугаар сарын 17 /DW/. Перуд засгийн газрын эсэргүүцэн жагсагчид болон цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний улмаас хүний амь эрсэдсэнтэй холбогдуулан нийслэл Лима хотод онц байдал зарлана гэж тус улсын түр засгийн газар мэдэгджээ. 


Перугийн хотуудад залуучуудын жагсаал олон долоо хоногийн турш үргэлжилж байна. Тэд цалин бага байгаа, авлига, зохион байгуулалттай гэмт хэрэг газар авсныг шүүмжлэн эсэргүүцэж байна.


Лхагва гарагт нийслэл хотын төвд эсэргүүцлийн жагсаал болох үеэр нэг хүн буудуулан амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан байна. Мөн 80 орчим цагдаа шархаджээ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч асан Дина Долуартег хууль тогтоогчид албан тушаалаас нь огцруулсан бөгөөд түүний засгийн газрыг "гэмт хэргийг таслан зогсоох чадваргүй" хэмээн үзжээ. Д.Долуартегийн халааг авсан Ерөнхийлөгч Хосе Хери ч мөн адил эсэргүүцэгчдийн зүгээс огцрох шаардлагатай тулгараад байна. Пүрэв гарагт Х.Хери огцрохгүй гэдгээ сэтгүүлчдэд мэдэгджээ.


Өдгөө 38 настай Хери хэлэхдээ “миний үүрэг бол улс орны тогтвортой байдлыг хадгалах явдал юм, энэ бол миний амлалт” гэсэн байна. Тэрбээр “олон нийтийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар хууль тогтоох эрх мэдлийг” Конгрессоос хүсэх болно гэдгээ нэмж хэлжээ.


Пүрэв гарагт Перугийн Прокурорын газраас мэдэгдэхдээ, лхагва гарагт 32 настай жагсагч, хип-хоп дуучин Эдуардо Руиз амиа алдсан хэргийг шалгаж байна гэжээ. Прокуроруудын хэлснээр, эсэргүүцлийн жагсаалын үеэр Э.Руиз буудуулсан байна. Цагдаа нарын мэдээлснээр, гал нээсэн офицер халдлагад өртжээ. Ерөнхийлөгч Х.Хери болсон хэрэг явдалд харамсаж байгаагаа илэрхийлээд, Э.Руизыг буудсан хэргийг сайтар шалгах ёстой гэж мэдэгдсэн байна. Х.Хери хүчирхийлэл нь “эмх замбараагүй байдал үүсгэхийн тулд тайван жагсаалд нэвтэрсэн гэмт хэрэгтнүүд”-тэй холбоотой хэмээн хэлээд “хуулийн дагуу шаардлагатай бүх арга хэмжээг авах болно” хэмээн амлажээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг