Сар шахмын өмнө “…Н.Эрдэнэхүүг ХСҮТ-ийн захирлаас чөлөөлсөн сайд Т.Мөнхсайханы тушаалыг шүүх хүчингүй болголоо” хэмээн эх сурвалжууд мэдээлж байв. Тийм явдал болжээ. Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны аравдугаар сарын 7-нд “…Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы 2025 оны тавдугаар сарын 2-ны Б/33 дугаар Н.Эрдэнэхүүг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан бүх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Хэргийн оролцогч нар нь уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй” гэсэн шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ, хариуцагч Эрүүл мэндийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хулан нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “…Тус шүүхээс ирүүлсэн Н.Эрдэнэхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. Үүний дагуу шүүх дээрх хялбаршуулсан журмаар хянаад дээрх шийдвэрийг гаргасан байна. Харин үүнийг Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан эсэргүүцэж Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, мөн АТГ-т гомдол гаргаж ханджээ. Тэрээр Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригт 2025 оны арваннэгдүгээр сарын 4-нд хандахдаа “…Энэхүү хэрэгт Эрүүл мэндийн сайдыг бүрэн төлөөлж оролцож буй этгээдийн болох төрийн албан хаагч М.Хулан нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй ЭМЯ-ны эрх ашиг, сонирхлыг үл хүндэтгэлээ. Би Эрүүл мэндийн сайд байхдаа Н.Эрдэнэхүүг албаны үүргээ хангалтгүй биелүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, төсөв захиран зарцуулахтай холбоотойгоор төсвийн ерөнхийлөн захирагчаас зөвшөөрөл авалгүйгээр худалдан авах ажиллагааг хууль бусаар явуулсан гэж үзэж эрх хэмжээнийхээ хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж шийдвэрлэсэн.
ХСҮТ-ийн захирлын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Эрдэнэхүү нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад ороогүй, тусгай шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн адил сонгон шалгаруулалтаар томилогдоогүй, ХСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэсэн статустайгаар тухайн үеийн Эрүүл мэндийн сайдтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн харилцаагаар зохицуулагдаж байсан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны үүрэг гүйцэтгэгч юм. Иймд гомдол, мэдээлэлд дурдсан асуудлын дагуу хяналт, шалгалт явуулж, энэхүү хэргийн харьяалал зөрчсөн хөдөлмөрийн ганцаарчилсан маргаантай холбоотой асуудалд анхаарал хандуулж, шүүгчийн захирамжид хуулийг зөв хэрэглэх талаар дүгнэлт, зөвлөмж гаргаж өгнө үү” гэжээ.
Мөн АТГ-т “…Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ЭМЯ-ны ТЗУГ-ын ахлах мэргэжилтэн М.Хулангийн энэхүү үйлдэл нь албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон энэхүү санаатай үйлдлийн улмаас хэргийг дараагийн шат буюу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэхүү асуудлаар дахин нэхэмжлэл, гомдол гаргах боломжгүй байдлаар эцэслэн шийдвэрлүүлсэнд харамсаж байна.
Энэхүү хэрэг, маргааныг шийдвэрлүүлэхэд хамгийн их нөлөөлсөн этгээд болох Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нь өөрийн хамаарал бүхий этгээд найз, нэг анги, нэг курс, хамт суралцаж байсан Н.Эрдэнэхүүгээ дэмжиж, төрийн жинхэнэ албан хаагчид хууль бусаар нөлөөлж, дарамталсан энэхүү үйлдэл нь төрийн албан хаагчийн хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан нь дээрх шүүхийн шийдвэр болон цахим орчинд түгээсэн мэдээлэл зэрэг баримтаар нотлогдоно. Иймд төрийн албан хаагч болох М.Хулангийн үйлдэл эс үйлдэхүйтэй холбоотой асуудал, улс төрд нөлөө бүхий этгээд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн энэхүү шүүхийн хэрэг маргаанд өөрийн найз, нэг курст, нэг ангид хамт суралцаж байсан иргэн Н.Эрдэнэхүүд боломж олгож, нөлөөлсөн хууль бус үйлдэл байгаа тул эрх зүйт төртэй улс орны иргэний хувиар нийтийн албан тушаалтуудын хууль бус үйлдэл, давуу байдал бий болгосон асуудлыг шалгаж өгнө үү” гэсэн байна.
Б.Гарьд
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Даваа - 11 сарын 24,
2025

Сэтгэгдэл0