sonin.mn

Уран бүтээлээрээ соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэн Монголын малынхаа арьс, ширээр хэрэглээнд тохируулан “Urikhan” брэндийг үйлдвэрлэн зах зээлд таниулж чадсан компани бол “Энхжин сувинер” ХХК юм. Тус компанийн ерөнхий захирал “Urikhan” брэндийг үүсгэн байгуулагч Э.Урьханыг "Бизнес хөгжил" буландаа урьж ярилцав.


-Урьхан брэнд үүсээд 20 жил болжээ. Анх соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эрхлэх санаагаа хэрхэн олж бизнесээ эхлүүлж байсан вэ?


-Үндэсний үйлдвэрлэл дундаас манай Урьхан брэнд Соёлын бүтээлч үйлдвэрлэл явуулдгаараа ялгарна.Өөрөө хэлбэл, өөрсдийнхөө уран бүтээлээр бүтээгдэхүүнээ урлаж үйлдвэрлэж худалдаанд гаргадаг гэсэн үг. Соёлын яамтай болсноор инновац шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг нэрийг бидэнд өгсөн. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэлээс ялгаатай болж байгаа. 


Би өөрөө зураач мэргэжилтэй. Дүрслэх урлагийн дээд сургуулийг монментал уран зураг чиглэлээр төгссөн. Сурч байхдаа амьдралд хөл тавьж гэр бүл хүүхэдтэй болсон тул зургаа зурж хоолоо олж идэх шаардлага тулгарсан. Ингээд зурсан зургаа хэрхэн бизнес болгож хөрвүүлэх тухай нэлээд бодсон.


Янз бүрийн хуулбар зураг зурж түүнийгээ зарах гэж үзсэн. Тухайн үед техник технологи хөгжөөгүй байсан учраас ханын сонин хийх зэргээр халтуурын ажил хийдэг байсан. Ингэж судалж явсаар зургаа үйлдвэрлэлд шилжүүлэх хамгийн боломжтой хувилбар арьсан дээр зурах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Анх үхрийн ширэн дээр зураг зурж эхэлсэн. Тухайн үед тодорхой хэмжээнд амжилт олсон.


Мэдээж гараар зурж буй учраас олноор гарах боломжгүй. Ингээд олноор үйлдвэрлэх шаардлагатай болсон. 2003 оноос эхлэн таван жил судалгаа хийсэн. Тэгээд арьсан дээр хэвлэх технологийг олж мэдсэн. Ийнхүү туршилтаар зурж хэвлэж явсаар 2008 онд худалдаанд гаргасан.


Гэхдээ хэрэглэгчид нэг их сайнаар хүлээж аваагүй. Учир нь цулгай арьсыг өнгө будагтай эрээн болгож бүтээгдэхүүн хийгээд эхлэхээр тэдний нүдэнд дасаагүй гэх үү дээ. Тэгээд мөн л хэрэглэгчдэдээ хүргэх маркетингийн судалгаагаа хийж хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр дэлхийн хэмжээнд зэрэгцэн хөгжиж байна. Дэлхийн брэндүүд бүгд л зурагтай бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн. Тэгэхээр бид үүнээс хоцроогүй яваа маань судалгаагаа маш сайн хийсэнтэй холбоотой. Үүгээрээ маш их бахархдаг. “Энхжин сувинер” компаниа бид 2005 онд байгуулж байсан. Нөхөртэйгөө эхлүүлж байсан гэр бүлийн бизнес компани болж өргөжөөд энэ жил 20 жилтэйгээ золгож байна. 


-Танай бүтээгдэхүүн дотоодын зах зээлд нэлээд танигдсан. Гадаад руу экспорт хийх, олноор үйлдвэрлэх боломжтой юу?


-Бид гадаад зах зээлийг судалж байна. Одоохондоо экспорт хийх шаардлагагүй гэсэн дүгнэлт хийсэн. Яагаад гэвэл манайх бүтээгдэхүүнээ үндэсний хэв маягтай хийдэг. Тиймээс нүүдэлчин соёл, тэдний ахуй амьдрал тэр чигтээ тогтвортой хөгжил байсан. Энэ утгаараа манай бүтээгдэхүүн гадаадын иргэдийн сонирхлыг татсаар байдаг. Харин гадаадын хүн амын тоо, эрэлтийг манайх хангах хүн хүч, техник, технологийн боломж одоогоор бага байгаа учраас олноор үйлдвэрлэх хүчин чадал хүрэхгүй. Хөрөнгө оруулалтыг хийж байж масс үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм билээ.


Хэрэв манай үйлдвэр өдөрт 1000 ширхэг түрийвч үйлдвэрлэж чаддаг байсан бол тэр эрэлт, хэрэгцээг хангах боломжтой. Тиймээс энэ эрэлтийг бид хангаж чадахгүй учраас экспорт хийх тухай бодлогоо хойшлуулсан гэх үү дээ. 


Өнөөдөр манайх Номин сүлжээ дэлгүүрийн 43 салбараар дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулж байна. Өөрийн гэсэн гурван салбар дэлгүүртэй. Мөн үзэсгэлэн худалдаанд манайх идэвхтэй ажиллаж борлуулалтаа хийдэг. Түүнчлэн манай монголчууд гадаадад их амьдардаг болсон. Тэд манай бүтээгдэхүүнээс олноор нь захиалж худалдан авдаг. Хэдийгээр бид үйлдвэрийнхээ хүчин чадлын 50-60 хувийг ашиглаж байгаа ч бүх бүтээгдэхүүнээ хангалттай борлуулдаг. 


-Тэгэхээр үйлдвэрийн хүчин чадлаа 100 хувь ашиглаж чадвал гадаад зах зээлийн эрэлтийг хангах уу?


-Судалгааны үндсэн дээр бид Монголдоо үйлдвэрлэхээс илүүтэй гадаадын сүлжээ дэлгүүрүүдийг ашиглаж бүтээгдэхүүнээ борлуулах боломж байна уу гэдгийг судалсан. Тухайлбал, CU, GS25, АНУ-ын “Костко”, "Circle K" ОХУ-ын "Absolute", Солонгосын "E-Mart" зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр борлуулах боломжтой. Мөн зөвхөн брэндийнхээ “Urikhaн” гэсэн нэрээр Хятадад үйлдвэрлүүлээд тэндээсээ шууд Америк руу ачуулдаг.


Өөрөөр хэлбэл, бүх дэлхийн брэндүүд брэндийнх нь нэр патентаар “made in china”-д хийлгэж үйлдвэрлэдэг шиг “Urikhaн”брэндийг “made in china”-д олон тоогоор үйлдвэрлэх юм. Өөрөөр хэлбэл, Монголдоо боловсруулсан үхрийн ширэн дээрээ үйлдвэрлүүлнэ. Мэдээж захиалгын тоо, эзэмшигч биднээс өгсөн эрхийн дагуу л үйлдвэрлэнэ гэсэн үг. Ингэснээр гадаадын зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах боломжтой. 


-Брэндээ гаргасан компаниудын тухайд ийм боломж байгаа гэсэн үг үү?


-Одоогоор Монголдоо үйлдвэрлээд экспортод бүтээгдэхүүнээ гаргах боломж муу. Наад зах нь л арьс ширний боловсруулалт стандартаа хангаж чадахгүй байна. Мөн хангалаа гэхэд л гарал үүсэл, шошго гэх мэт маш олон шалгуурыг хангах болдог. Их төвөгтэй.


Дотооддоо стандарт нь бүрэн гараагүй байхад л дэлхийн стандартыг шаардана гэдэг хэцүү л дээ. Нөгөөтээгүүр, Японы Жайка, Солонгосын Койка зэрэг байгууллагууд дэлхийд дотоодын бүтээгдэхүүнээ гаргах стандартуудаа баталсан байдаг. Энэ стандартыг хангасан гэсэн бичиг баримт дэлхийн хаана ч очсон хүлээн зөвшөөрдөг.


Тэгвэл манай улс Мойка-гаа байгуулах хэрэгтэй. Үүний дараа л бид экспорт гэдэг зүйлийг ярих болно. Ялангуяа Монголоосоо түүхий эдээ бэлтгэж байгаа тохиолдолд дэлхийн стандартад зөвшөөрөгдсөн бичиг баримтаа бид дагнасан нэг байгууллагаар дамжуулж баталж авах хэрэгтэй. Дэлхийн стандартыг эх орондоо нутагшуулахын тулд заавал тэр байгууллагыг байгуулах ёстой. Ингэснээр энэ байгууллагын зөвшөөрөлтэйгөөр манай монголчууд дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломжтой. Гэхдээ манайхаас “Говь” компани дэлхийн зах зээлд гарсан. Тэд бол маш их хөрөнгө оруулалт хийсний хүчинд энэ стандартыг хангасан нь тодорхой шүү дээ. 


-Тэгэхээр брэндээ дэлхийд гаргахын тулд Хятадад үйлдвэрлүүлэх нь зөв гээд байна уу?


-Манай компани одоогоор бүтээгдэхүүнээ Монголдоо цөөн тоогоор үйлдвэрлэж байна. Цаашдаа олон тоогоор үйлдвэрлэж дэлхийгээр тараах боломж нь “made in china”-ааг ашиглаж дэлхий нийтийн сүлжээ дэлгүүрээр тарааж, борлуулах юм. Бид хэдийгээр Хятад улсад өөрийнхөө үүсгэсэн брэндийнхээ патент эзэмшигчийн эрхээр захиалж олон тоогоор гаргана гэж ярьж байгаа ч Монголдоо нэмүү өртөг шингээж үлдээх зүйлийн талаар давхар бодсон.


Монголдоо боловсруулсан арьсаа Хятад руу гаргаад тэндээ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ. Харин ажиллах хүчний массыг урд хөршөөс ашиглана гэсэн ийм л тактик барьж байна. Мэдээж манай брэндийн шошго, гарал үүсэл, орц бусад бүх зүйл бүтээгдэхүүн бүрд дагалдаж явна. 


Арьс, шир, ноос, ноолуурын салбарт Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цагаан алт” хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ төслийн үр дүнд арьс, шир боловсруулах салбарт илүү дэмжлэг болоосой гэж үзэж байна. Бид брэндээ дэлхийд гаргахын тулд монголдоо боловсруулсан арьсаа л авч таарна шүү дээ. Тэгэхээр эдгээр үйлдвэрийн хүчин чадал, техник технологи бидний шаардлага болон дэлхийн стандартыг хангахаас өөр гарцгүй. Гэхдээ манай арьс, шир боловсруулах үйлдвэрүүд технологи, тоног төхөөрөмж нэг үеэ бодвол сайжирч байгаа. Ер нь манай бүтээгдэхүүн монгол арьс, ширэн дээр монгол хүний ур ухаан шингэж урласан бүтээгдэхүүн гэдгээр онцлогтой.


-Та зураач хүн. Бүтээгдэхүүндээ Монголынхоо өв соёлыг шингээж урласан байдаг. Энэ нь хүмүүст илүү ойр байдаг болов уу?


-Миний хувь уран бүтээлчийн төрөл монгол үндэсний хэв маяг талдаа. Нүүдэлчин соёл ахуйг суурин соёл ахуйд хөрвүүлж сэтгэж уран сайхны аргаар бүтээлээ зурдаг. Энэ олон жил анзаарч байхад миний зурдаг арга барил олон нийтэд илүү таалагддаг юм билээ. Бүтээгдэхүүндээ зурсан зургаа гаргахдаа аль хэсгийг нь гаргах уу гэдгээ бас анзаарч зурдаг.


Нэг үгээр хэлбэл, тухайн сувенир болох түрүүвч, цүнх, хүзүүний алчуур, төрөл бүрийн гоо сайхны сав гэх мэтээр ямар зай талбайд зурах вэ гэдгээ анхнаас нь бодож зориулж зурж байгаа учраас хүмүүст хүрэх нь илүү ойр байдаг. Энэ байдал маань давуу тал юм даа. Бодол дүүрэхээрээ биеллээ олдог гэдэг.


Ер нь өөрийнхөө бүтээлийг бүтээгдэхүүндээ үйлдвэрлэж уг бүтээгдэхүүнийг маань хүмүүс хэрэглээд явах нь их сайхан санагддаг. Мэдээж урлагийн бүтээл орсон уг бүтээгдэхүүн амьтай болсон байдаг гэж боддог. Амьтай бүтээгдэхүүнийг хэрэглээд явж байгаа эмэгтэй хүн гандуу, гундуу явахгүй гэж боддог доо. Бүтээлээ урлаж байхдаа хамгийн гоё зүйлийг бодож, огшиж, баясал төрж зурдаг. Манай монгол эмэгтэй хүмүүсийн хэрэглэдэг эд, өлгийн зүйлс их шүү дээ. Тиймээс хязгааргүй их баялаг өв соёл тэнд байна. Өнгө үзэмжтэй хувцас, гоёл зүүсгэл нь маш донжтой гоё байдаг. Тиймээс би ямар нэгэн зургийг цуврал болгон зурах дуртай. Ялангуяа ахуйн хэрэглээний эд зүйлийг зурахад өөрөө цаанаасаа ургаж, баяжиж, хөгжиж байдаг онцлогтой. 



Ц.МЯГМАРБАЯР 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин