ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 12 /NHK/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ энэ сарын сүүлчээр парламентын ээлжит чуулган эхлэх үед доод танхимыг тараана гэж таамаглаж буй эрх баригч Либерал Ардчилсан намын /ЛАН/ хууль тогтоогчдын тоо нэмэгдсээр байна.
Доод танхимыг тараах эсэх тухай асуултад Ерөнхий сайд Такаичи хариулахдаа, хүмүүсийн хувьд засгийн газрын эдийн засгийн бодлого, үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээнүүдийн үр өгөөжийг мэдрэх нь чухал гэжээ.
Засгийн газар одоогоор эдгээр асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Доод танхим дахь ЛАН-ын фракцад гурван бие даагч гишүүн нэгдсэний дараа Такаичигийн засгийн газар одоо үл ялиг олонхын суудал эзэлж байгаа бол дээд танхимд тус нам цөөнх хэвээр байгаа юм. Ерөнхий сайд энэ сарын 23-нд парламентын ээлжит чуулган эхлэх үед ээлжит бус сонгууль явуулахын тулд парламентын доод танхимыг тараана гэж үзэж байгаа гишүүдийн тоо Эрх баригч нам дотор нэмэгджээ. Үүний дараа бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө хоёрдугаар сарын дунд үеэр явуулж магадгүй байна.
ЛАН-ын Улс төрийн зөвлөлийн дарга Кобаяши Такаюки мэдэгдэхдээ, Ерөнхий сайд доод танхимыг тараах онцгой эрхтэй гэжээ. Мөн тэрбээр доод танхимын гишүүд дайны талбарт байгаа мэт үргэлж бэлэн байх ёстойг онцолсон байна.
Ерөнхий сайд хугацаанаас өмнө болох сонгууль нь 2026 оны санхүүгийн жилийн төсвийн хэлэлцүүлэгт ямар нөлөө үзүүлэх, мөн олон нийтийн санаа бодолд хэрхэн нөлөөлөхийг харгалзан үзсэний үндсэн дээр эцсийн шийдвэрээ гаргах төлөвтэй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 01 сарын 12,
2026

Сэтгэгдэл0