КАРАКАС, 2026 оны зургаадугаар сарын 26 /Reuters/. Венесуэлийн нийслэл Каракас хот болон ойр орчмын бүс нутагт хоёр удаа хүчтэй газар хөдөлсний улмаас 190 орчим хүн амиа алдаж, олон зуун барилга эвдэрч сүйдэж, олон зуун хүн нурангид дарагдаад байна.
АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, лхагва гаргийн орой Каракас хотоос баруун зүгт 160 орчим км-ийн зайд 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлж, нэг хүрэхгүй минутийн дараа дахин 7.5 магнитудын хүчтэй чичирхийлэл бүртгэгдсэн нь 1900 оноос хойших хамгийн хүчтэй газар хөдлөлт болжээ.
Венесуэлийн Үндэсний ассамблейн дарга бөгөөд тус улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригесийн ах Хорхе Родригес пүрэв гаргийн үдээс хойш мэдээлэхдээ, газар хөдлөлтийн улмаас 188 хүн амиа алдсан нь батлагдаж, 200 хүн нурангид дарагдаж, 1520 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэжээ. Мөн 250 орчим барилга эвдэрч сүйдсэн байна.
Нийслэл Каракастай залгаа орших, тус улсын гол нисэх онгоцны буудал байрладаг эргийн Ла-Гуайра мужид хамгийн их хохирол учирчээ.
АНУ-ын Геологийн албаныхны тооцоолсноор, амиа алдсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэж, 10 мянгаас давж магадгүй байна. Дэлхийн улс орнууд тусламж үзүүлэхээ мэдэгдээд байгаа бол АНУ-ын засаг захиргаа тус улсад авсан хориг арга хэмжээгээ сулруулж, газар хөдлөлтийн гамшгийн тусламжтай холбоотой өмнө нь хориглосон байсан гүйлгээг хийхийг зөвшөөрчээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 06 сарын 26,
2026

Сэтгэгдэл0