sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг АНУ-ын цэргийнхэн буудан унагажээ. АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалоос мэдээлснээр, Ираны “Shahed-139” загварын нисгэгчгүй онгоц Арабын тэнгист байрлаж байсан уг нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг чиглэн ниссээр байсан тул хөлөг онгоцноос F-35 сөнөөгч онгоцыг хөөргөж устгасан байна. 


“Ираны нисгэгчгүй онгоц “тодорхойгүй зорилготойгоор” нисэх онгоц тээгч рүү “түрэмгий байдлаар ойртон ирсэн” бөгөөд олон улсын бүсэд ажиллагаа явуулж байсан Америкийн хүчнийхний зүгээс нөхцөл байдлыг хурцатгахгүй байх арга хэмжээ авсан хэдий ч хөлөг онгоцыг чиглэн ниссээр байсан” гэж АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал мэдэгдсэн байна.


Уг нисгэгчгүй онгоц Ираны өмнөд эргээс 800 орчим км-ийн зайд байжээ. Мэдэгдэлд мөн АНУ-ын цэргийн алба хаагчид гэмтэж бэртээгүй, техник, тоног төхөөрөмжид хохирол учраагүй гэдгийг онцолсон байна. Энэ үйл явдал Ормузын хоолойд байрлаж байсан АНУ-ын далбаатай, америк багийн бүрэлдэхүүнтэй худалдааны хөлөг онгоцыг Ираны хүчнийхэн дагаж мөшгөсөн өөр нэгэн хэрэг явдлаас хэдхэн цагийн дараа болсон гэдгийг мөн дурджээ.


АНУ-ын цэргийнхний мэдэгдсэнээр, хоёр завь болон Ираны “Мохажер” загварын нисгэгчгүй онгоц “Stena Imperative” худалдааны хөлөг онгоц руу “их хурдтай ойртож, хөлөг онгоцыг булаан авахыг оролдсон” байна.


Дээрх хэрэг явдал АНУ бүс нутагт цэргийн хүчээ зузаатгаж буйтай холбоотойгоор АНУ, Ираны төлөөлөгчид энэ долоо хоногийн сүүлчээр хэлэлцээ хийхийн өмнөхөн болжээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг