sonin.mn

Хоёрдугаар сарын 4-ний үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар видео хурал хийв.


Ши Жиньпин Владимир Путин болон ОХУ-ын ард түмэнд хаврын баярын мэндчилгээ дэвшүүлж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй хамтран БНХАУ, ОХУ-ын харилцааны шинэ төлөвлөгөөг гаргахад бэлэн байгаагаа илэрхийлэв.


Владимир Путин ОХУ БНХАУ-ын харилцаа цэцэглэн хөгжиж, эрч хүчтэй урагшлах болно гэж хэлээд дарга Ши Жиньпин болон Хятадын ард түмэнд хаврын баярын мэнд хүргэж, эрч хүч, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөжээ.


Ши Жиньпин хэлэхдээ, өнгөрсөн жил бид хоёр удаа уулзалт хийж, БНХАУ ОХУ-ын харилцааны шинэ хөгжлийн үе шатыг удирдан чиглүүлсэн бөгөөд хоёр орон Дэлхийн Фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, Дэлхийн 2-р дайны ялалтын үр дүн, олон улсын шударга ёсыг хамгаалах хатуу шийдвэрээ харуулжээ. Хоёр талын худалдаа, эдийн засгийн солилцоо тогтвортой хөгжлийг хадгалсаар байна. "Хятад-Оросын соёлын жил" амжилттай болж өндөрлөөд, хоёр орны соёлын солилцоо, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, иргэд хоорондын солилцоог бэхжүүлэв. Хоёр тал Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Тяньжинь дэх дээд хэмжээний уулзалт болон Москва дэх Ерөнхий сайд нарын уулзалтыг амжилттай зохион байгуулж, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэн, илүү шударга, тэгш дэлхийн засаглалын тогтолцоог бий болгоход үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргалаа гэжээ. Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, энэ жил нь Хятадын 15-р таван жилийн төлөвлөгөөний эхлэл бөгөөд Хятад улс өндөр түвшний нээлттэй байдлыг илүү идэвхтэй өргөжүүлж, ОХУ зэрэг дэлхийн улс орнуудтай хөгжлийн шинэ боломжуудыг хуваалцах болно.


Энэ жил мөн БНХАУ ОХУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоосны 30 жилийн ой, БНХАУ ОХУ-ын хооронд сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 25 жилийн ой, "БНХАУ ОХУ-ын боловсролын жил"-ийн эхний жил тохиож байна.


Хоёр тал энэхүү түүхэн боломжийг ашиглан, өндөр түвшний нягт харилцаагаа хадгалж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг бэхжүүлэн, гүнзгий стратегийн хамтын ажиллагаа, илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг томоохон гүрний хариуцлагатай хандлагын дагуу, БНХАУ ОХУ-ын харилцааг зөв замаар үргэлжлүүлэн хөгжүүлэхийг баталгаажуулах ёстой гэжээ. Ши Жиньпин хэлэхдээ, он гарснаас хойш олон улсын байдал улам бүр хурцадмал болж байна. Хариуцлагатай томоохон гүрэн, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийн хувьд БНХАУ ОХУ нь олон улсын шударга ёс, тэгш байдлыг дэмжин, Дэлхийн 2-р дайны ялалтын ололт амжилтыг тууштай хамгаалж, НҮБ-аар гол болгосон олон улсын тогтолцоо болон олон улсын эрх зүйн үндсэн хэм хэмжээг тууштай хамгаалж, дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хамтран хамгаалах үүрэгтэй гэжээ.


В.Путин хэлэхдээ, шинэ онд ОХУ БНХАУ-ын харилцаанд ОХУ итгэл дүүрэн байна. Хоёр орон тус тусын үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хамгаалахыг үргэлжлүүлэн тууштай дэмжиж, эдийн засаг, нийгмийн хөгжил цэцэглэлтийг хангаж, боловсрол, соёл зэрэг салбарын хүмүүнлэгийн солилцоог дэмжин, хоёр ард түмэнд үр өгөөжийг өгөх ёстой.


Олон улсын нарийн төвөгтэй, тогтворгүй нөхцөл байдалд ОХУ нь НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС зэрэг олон талт тавцан дээр БНХАУ-тай стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон улсын харилцаанд эерэг энергийг оруулахад бэлэн байна. БНХАУ Шэньжэнь хотод АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтыг зохион байгуулахыг ОХУ идэвхтэй дэмжинэ гэжээ. Хоёр улсын төрийн тэргүүн нар мөн олон улсын болон бүс нутгийн нийтлэг анхаарал хандуулж буй халуун цэгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцов.


Г.Бямба