Бид бол монголчууд
Монголчууд бид арвандолдугаар жарны модон могой хэмээх 2025 оны улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хүндхэн үед төр, улсын тэргүүнээ шинээр сонгон, хөгжлийн шинэ үеийг угтан шинэ юм бүхэн үргэлж итгэл, найдвар төрүүлж байдаг хэмээн төсөөлж 2026 оны гал морин жилтэй золгож байна. Гарч буй гал морин жилд ард нийтээр найрамдаж, зуд турхангүй, хүмүүн агаад мал сүрэгт өвчин, эмгэг үгүй, үр тариа арвин ургана хэмээн Монгол зурхайн 1926 оны цаг тооны бичигт бууж буй. Дэлхийн олон үндэстэн, ястан бүхэн өөр, өөрийн гэсэн өвөрмөгц өв уламжлал, соёл иргэншил, ёс заншилтай байдаг.
Төв Азийн цээжин дэх эх үндэстэн монголчууд бид байгаль, хорвоогийн ааш, аяг зөөлөрч, хаврын тэргүүн барс сар гарахад шинэ он, урин цаг ирлээ хэмээн он тооллыг арга, билгээр шинжин, он жилийг арван хоёр амьтны нэрээр нэрлэж сар, шинээ угтдаг билээ.
Аливаа үндэстэн, ястан энэ хорвоогийн ааш ариншинг даван амьдрахын тулд дотоод сэтгэхүйдээ бясалгалын их хүчийг олж, байгаль орчиндоо зохицон амьдрах өөрийн зам мөртөй байдаг. Их эзэн Чингис хаан 1162 оны хар морин жил Өүлэн эхээс мэндэлж, 1206 онд Их Монгол улсаа байгуулан энэхүү барс жилийн хаврын тэргүүн барс сарын, барс өдрөөс дараа жилийн эхэн буюу цагаан сарын шинийн нэгэн хэмээн тэмдэглэн, Өүлэн эхдээ золгов... хэмээн түүх өгүүлдэг. Энэ цаг мөчөөс хойш олон жаран ард үлдэж, монголчууд бид өөрсдийн бүтээсэн өв соёл, ёс заншлаа шүтэн дээдэлж хамгаалсаар иржээ. Өв соёл, ёс заншил байгалиас бус, хүний сэтгэхүйд улбаалж, ахуй амьдрал дунд бүтдэг. Он жил нэгээс нөгөөд шилжих энэ мөчид бүхнээ хүлээсэн шинэ он, шинэ цаг тоолол эхлэн монгол орон даяар баяр хөөр болж, энэхүү өгөөмөр үеийг цагаан сар хэмээн ёс төртөй тэмдэглэн, тэнгэр хангайдаа идээ, ундааныхаа дээжийг өргөн, улс үндэстнээрээ эв нэгдлийг бэлгэдэн золгодог уламжлалтай. Үүнийг бид эцэг, өвгөдөөсөө уламжлан авч жаран, жарныг дамжин гүйцэтгэсээр иржээ. Нар хаяалбараасаа улам дээшлэн мандаж, өдрийн урт “буудайн чинээ” нэмэгдэн идэр гурван ес цааш ханатай болж, хаврын урь орон, хүн бүхний сэтгэл тэнийн, урин дулаан цаг, улирал монгол нутагт ирлээ хэмээн билэгшээдэг.
Эдүгээ аргын тооллын 2026 оны 2 дугаар сарын 17 нд битүүлж, 18-наар билгийн тооллын хаврын эхэн сарын 1-нээр сар шинийн он цагийн тоолол эхэлж, бидний туулсан амьдралд жаран жилд нэг л удаа тохиох гал морин жил гарч буй. Энэ үеэр бүх морь жилтнүүдийн жил орж хуучны ёсоор нэг нас нэмнэ.
Анх удаа 13 насны жил орж буй охид, хөвгүүдэд онцгойлон бэлэг бэлдэж өгдөг. Жил орох гэдэг нь арван хоёр жилийн тойруулга нэг бүтэн эргэж, төрсөн жил нь эргэн ирж буй тул 13, 25, 37, 49, 61,73, 85, 97... гэх мэт морь жилтнүүд жил орж буй онцгой тохиол юм. Шинэ төрсөн хүүхдүүд хуучны тооллоор нэг хий настай хэмээн энэ тойруулгад эхлэн орж буй. Хий настай гэдэг нь эхийн хэвлийд өнгөрүүлсэн хугацааг хэлэх агаад эмэгтэй хүн энэ үеэс эхлэн мууг нүдээр үзэлгүй, муухайг чихээр сонсолгүй, мөөгөн бороо лугаа адил зөөлөн явж эх, үр хоёр эндэлгүй эсэн мэнд төрж байх учиртай юм. Ийнхүү ээлжлэн урсах он жил, сар, өдөр, цаг, мөч бүхэлдээ байгаль, орчлонтойгоо амин холбоотой байдаг. Иймээс гарч буй гал морин жил сөрөг, харш бүхний үүдийг хааж, бид бүхний хүсэн хүлээж буй сайн, сайхан амьдралыг тэтгэн, саар бүхнийг арилгах болтугай хэмээн сар, шинээ угтацгаая. Морь бол монголчуудын хувьд бүхий амьдрал, ялалт, амжилт бүхэнд ямагт бидэнтэй хамт явсан, хагацашгүй сайн нөхөр, холын газрыг товчлоод байдаг хомбон туурайтай аргамаг хурдан хүлэг билээ.
Хаан төрийн Долоон эрдэнийн нэг монгол морио бид төрийн сүлдэндээ дээдэлдэг. Энэ их баярын үеэр монголчууд шинэ дээлээ өмсөн, хуучны аль өнгөтөй, өөдтөй эд хэрэгслэл, эмээл, хазаар, үнэт чулуун соруул бүхий гаанс, хөөрөг, сувдан эдлэл тэргүүтнээ гарган эдэлдэг байв.
Ур хийц сайтай ахуйн хэрэглээний эдлэл, соёлынхоо энэ биет өвөө жилдээ нэг удаа ч гэсэн ил гарган, хойч үедээ мэдүүлж, хуучны үлгэр, туульс, оньсого, зүйр цэцэн үг, “Ертөнцийн гурваа” хэлцэж байх учиртай юм. Үүнийг зөвхөн цээжиндээ, авдрандаа хадгалж үл болно. Он цагийн цалгиан дунд цагаан сарын баяр мөнөө л ард түмэн лугаа адил гачлин зовлонг туулж явсаар өнөөг хүрчээ.1952 онд улс даяар гашуудал болж, 1953 оноос ажлын өдөр,1960 оноос хөдөөд Нэгдэлчдийн баяр, бусад хотод МАХН-ын ухуулга, үзэл суртлын өдөр болж байлаа. 1990 оны цагаан морин жил Цагаан сар хуучны язгуур ёс заншил, өв уламжлалаа сэргээн Монгол түмний үндэсний баяр болсон. Бид бээр улаан залаат, хөх толбот монгол хүн шүү гэдгээ ямагт санаж, бид бол өрнө дорныхноос огт өөр, бид бол өөрийн гэсэн бичиг үсэг, хэл яриа, цаг тоолол, өв соёл, зан заншилтай энэ бүхнийхээ дагуу цагаан сар, баяр наадмаа хийдэг улс үндэстэн, бид бол бусадтай адилгүй,бид бол үндэсний үзэл, өөрийн гэсэн уламжлал, түүх, соёлын өвтөй ард түмэн гэдгээ илэрхийлж буй нэг том боломж юм.
Үндэсний үзэлтэй байна гэдэг аливаа улс үндэстэний цаашид оршин тогтнох дархлаа юм. Хаана төрсөн нь хамаагүй, сэтгэл санаанд нь би монгол хүн гэсэн эх оронсог сэтгэхүй байх нь чухал. Энэ нь хилийн чандад буй монгол гарал үүсэлтэй бүх хүмүүст хамааралтай.
Манай дэлхий дээр монгол гарал үүсэлтэй үндэстэн, ястнууд сая, саяар тоологддог. Эл бүгд нийлвээс улс үндэстний эв нэгдэл, туурга тусгаар монгол түмний өнө мөнхөд оршин тогтнохын гол ул суурь нь болно. Иймээс Цагаан сар, Цогт охин тэнгэр Балданлхам бурхнаа дагуулан ирж Та бидэнд, энх тунх, саруул сайны дээд батбилэгдэл бүхнийг өвч биедээ агуулсан ёс заншилт монгол хүн шүү гэдгээ ямагт эргэн харах тэр мөчийг сануулж байдаг бөлгөө. Цагаан сар бол монгол түмний эв нэгдлийн баяр, монгол хүний уужим ухаан, ариун цагаан сэтгэл, цог хийморийг бадрааж, гарч буй жилийн эхнээс итгэл, мөрөөдөл, санаа сэтгэлийн асар их хүч тэнхээ өгч, зөв замнахад зууч болох учиртай, жилдээ нэг тохиож буй билгэдэл чанарын маань агуулга юм.
Өмнөх бэлтгэл
Цагаан сард бэлдэнэ гэдэг бол нэг ёсны гэр бүлийн баяр болдог байлаа. Хамтдаа цуглаж бууз, баншаа чимхэн, ул боовны гурилаа нухаж бэмбий хийх, мах, идээгээ чанах гээд цөм дэс дараа учир начиртай. Хийсэн бууз нь будаа шиг арвин, хэвийн боов нь бурам шиг амттай, чанасан ууц нь тэгш сайхан болж баярын идээ бүрдэнэ.
Хахир өвлийг давж, хүсэн хүлээсэн урин дулааны улирлыг цагаан сар тээн ирж, хүн бүрд нэг нас нэмж, аз хийморь, санаж мөрөөдсөн үйлс нь бүтэх тэр өгөөмөр цагийг шинэ өглөөний ургах нартай хамт золгуулдаг бөлгөө.
Хавар бол монголчуудын их найдлагын улирал юм. Өвөл нь онд мэнд орж хаврын урин цаг ирэхэд мал дэлэгнэж, төл хөрвөн тэвээрч, цагаан идээ элбэгшиж эхлэнэ. Монголчууд гарч буй шинэ ондоо мэнд сайн орвол, байгаль цагийн ивээл дор бусад нь болно, бүтнэ хэмээн билэгшээн ярьдаг. Иймээс миний багад ижий, ажаа хоёр маань цагаан сар болох хугацааг эртнээс тогтоож өмнөх намраас эхлэн эсгийгээ хийж, арьсаа элдэж, будаагаа тээрэмдэн, идээ цэгээгээ базаан, өвөлжөө бууцаа сэлбэн, идшээ хийж, сар, шинийн өмнө гол ажлаа нугалан, орон гэрээ тохинуулдаг байлаа.
Үйлэнд уран бүсгүйчүүд нарийн хурган дотор эгнүүлж, шинэхэн дээлийн энгэрт товч, шилбийг нь тааруулана. Эрчүүд өвлийн адаг сарын сүүлчээр унах морьдоо нар дагуулан уяж хааяа хөлөргөж, дэлийг нь засч хуурай өтөг бууцан дээр сойн, эзэгтэй нар оёсон дээлээ, овоодой үнэгэн лоовуузаа гадаа дэлгэж өнгө дотрыг нь сэргээдэг.
Сойгдож шавхарсан морьд нүд нь гэрэлтэн, арьс нь өнгө орж чилгэр болоод дөрвөн хөл дээрээ тэгш зогсох агаад энэ үед дэлийг нь засч уран товруу хазаар, улаан алаг дэвстэй, мөнгөн тоногтой эмээлээ тохоод харахад монгол морины үзэсгэлэн сая тодрох ажгуу. Энэ үеэр гүү морь унахгүй, гүзээ мах идэхгүй гэж ярьдаг байлаа.
Битүүний орой
Битүүний орой бол өвлийн адаг хөхөө сарын гучин буюу үдэж байгаа оны эцсийн үдэш, энэ шөнө тэнгэрт сар битүүрч харанхуй болох агаад бууз, банш, эрүүг нь заагаагүй толгой зэрэг битүү хоолыг битүүртлээ иднэ гэснээс битүүлэг гэдэг нэр үүсчээ. Сар битүүрэх гэдэг бол биднээс холдож тэнгэрт үзэгдэхгүй болж байна гэсэн үг тул өмнө нь үйлдэж буй дом юм. Битүүнээс өмнө өмсөх дээл, унах морио бэлдэж, малаа хотлуулж, хот хороо, гэр орноо цэвэрлэж, бурхандаа зул өргөж, эмэгтэйчүүд өмсөж зүүх, хувцас хунар, үс гэзгээ гоёж эцэст нь зуухныхаа үнсийг авахад тэнгэр үүлээ хөөн энэ нэгэн онцгой үдшийн зөн билгийн ид шид бүрэлдэн тогтнож монгол хүмүүний сэтгэл сэвгүй, ой ухааны ариусгал болж, бэлдэж хийсэн бүхнээ эргэн харахад
Үсээ самнасан авгай нэг цэмцгэр.
Үнсээ авсан тулга хоёр цэмцгэр.
Үүлээ хөөсөн тэнгэр гурван цэмцгэр... хэмээх ертөнцийн гурван цэмцгэр бүрддэг хэмээн хөгшчүүд маань сургадаг байлаа. Битүүний орой битүүртлээ иднэ гэдэг нь шинэ оныг сэтгэл тэнүүн, гэдэс цатгалан, элбэг дэлгэр угтвал тэр жилдээ мөн хэвээр байна хэмээх зөн билгэдэл бүхий эртний заншил юм. Битүүний энэ оройд зориулж бэлдсэн идээ, чанасан мах, банш, бууз тэргүүтнийг цадталаа иднэ. “Цаг, цагт нэг идэж, цагаан сараар нэг цаддаг” гэх хуучны үг энэ орой биелэлээ олдог хэмээн үздэг.
Гэр бүлийн хэмжээнд бол банш, буузандаа гурван цагаан буюу мөнгө, цагаан идээ, цагаан будаа тэргүүтнийг нууж хэн таарсанд нь гарч буй жилд эд мөнгө, идээ цэгээ, будаа тариа элбэг тохионо хэмээн билэгшээн үздэг байв.
Ингэж ирж буй сар шинийн босгон дээр сэтгэл тэнүүн болж, өглөө гарах, ирэх зүг мөрөө олсноор сар шинийг угтах бэлтгэл эрэмдээ орж гол ажил дуусдаг. Хуучин цагт өвлийн шөнийн уртад, өөхөн дэнгийн гэрэлд, сар шинийн тэр гэгээн өглөөг хүлээн хөгшчүүл хорол өрж, залуус шагай таалцах, няслах, шүүрэх, алаг мэлхий өрөх, үйчүүр тоглох, шар нохой гүйлгэх гэх мэтээр наадаж, үлгэр хэлж, тууль хайлан, ертөнцийн гурвыг хэлцэж, оньсого таалцаж энэ оройг хөгжилдөж өнгөрөөдөг байлаа. Аман хэлбэрийн түүхийн нэг агуу зүйл нь үлгэр, оньсого, тууль, домог юм. Энэ бол үүх түүхийг мөнхөд авч явдаг ардын ухааны урлаг бөгөөд үлгэр хэлж, тууль хайлах гэдэг нь бидний ой ухааны архив, үлгэрч, туульч, магтаалч нар бол түүнийг хойч үедээ өртөөлөн хүргэдэг улаачид юм. Энэ орой ажаа, ижий хоёрын маань таавар, наргиан эхлэнэ дээ. Тэд нар маань хүүхдүүд бидэнд
-За ертөнцийн гурван хурдан юу вэ ? гэхэд бид хариуд нь
Салхитай тэнгэрийн үүл нэг хурдан.
Саруул ухаантны санаа хоёр хурдан.
Сайн морины явдал гурван хурдан... гэхэд зөв байна. Аа тийм үү. Та нар сүрхий хүүхдүүд юм байна. За хө тэгвэл
-За ертөнцийн гурван хоосон юу вэ?
Барин тавин байвч зүүд нэг хоосон.
Барайж торойж байвч зэрэглээ хоёр хоосон.
Бахирч хашгирч байвч цуурай гурван хоосон. Аа тиймүү хө.
-За тэгвэл ертөнцийн гурван хачин гэж юу вэ?
Алгандаа хөхтөй араатны хаан арслан нэг хачин.
Амтай ч шилээрээ дуугаардаг голио хоёр хачин.
Аав, ээж хоёр золгодоггүй гурван хачин энэ болой.
-За тэгвэл ертөнцийн гурван улаан юу вэ?
Жаргалтай хатны хацар нэг улаан.
Жавартай тэнгэрийн хаяа хоёр улаан.
Жалгад ургасан сухай гурван улаан. Зөв байна.
Ертөнцийн гурван баян юу вэ?
Газар үндсээр баян.
Тэнгэр одоор баян.
Тэнгис усаар баян.
Ертөнцийн гурван хөх юу вэ?
Урсах голын ус нэг хөх.
Уужим дэлхийн тэнгэр хоёр хөх.
Улаан галын дөл гурван хөх.
Ертөнцийн гурван улаан энэ болой. Ертөнцийн гурван бузар юу вэ?
Хумс завсар хир орвоос нэг бузар
Хууль завсар хахуул орвоос хоёр бузар
Хайр завсар хар орвоос гурван бузар... гэх мэтээр хэлж хариуд нь хавирга, шаант, шанд нь шар цаас авна. Шар цаас гэж нэг төгрөгийг хэлдэг байв. Ертөнцийн гурав бол Монгол түмний аман зохиолын онцгой хэсэг агаад цөөн мөрөнд бүх үнэнийг агуулсан оньч мэргэн ухааных нь увидас юм. Оньсого таалгахдаа “Зуундарийн зургаан цагаан ямаа зуданд үхээгүй атлаа зун үхлээ” тэр юу вэ? гэнэ. “Марал мичид” хэмээх зургаан од өвөл гарч энгийн нүдэнд үзэгдээд зун харагдахаа больдог. Энэ оньсогыг хүүхэд нэг л удаа сонсоод эдгээр ододын тухайд анхны ойлголттой болох агаад хүүхдийн ой ухаанд насан туршид нь үлддэг юм.
Идэхгүй мөртлөө их гэдэстэй.
Явахгүй мөртлөө гурван хөлтөй.
Тэр юу вэ?
Тогоо,тулга хоёр ... зөв байна. Аа тийм үү хө.
Жин торго хэмжээгүй гэнэ.
Жижиг сувд нүхгүй гэнэ. Тэр юу вэ гэхэд Бид тэнгэрийн одод гэнэ. Хэрэв хэлсэн оньсогыг нь тайлж чадахгүй бол худалдана. Худалдахдаа дайрал үгээр:
Тайлаг тайлаг тэмээнээс
Таван атга шорооноос
Гунжин гунжин үнээнээс
Гурван атга шорооноос
Сэтэрхий зүүнээс
Сэмэрхий хадагнаас гээд... л наргиан болгон дуудаж гарна даа. Үлгэр бол бидний дуртайяа сонсдог зүйлийн нэг байлаа. Үлгэрт үргэлж шудрага үнэн, муу муухайг ялж, ядуу хүний амьдрал сэргэн амар сайхан жаргадаг нь хэн бүхэнд дотоод ой ухаан, мэдэрхүйд онцгой ханамж өгч сэтгэл оюуны сэргээн баярлуулдаг юм. Өнөөдөр ч гэсэн монгол түмэн өдөр тутмынхаа амьдралдаа үлгэрт гардаг шиг шудрага үнэнийг, тэр сайн, сайхан аз жаргалтай амьдралыг үргэлж мөрөөдсөөр байгаа. Иймээс ирэх шинэ он, цагийн өнгөнд зөвхөн үлгэрт гардаг тэр сайн сайхан бүхэн амьдралын бодит хэрэглүүр болоосой хэмээн өөдрөг сэтгэлээр сар шинээ угтацгаая.
Бүтүүнд хэсэхгүй, айлд хонохгүй, хэрүүл хийж, амны билэггүй юм ярихгүй, бүх цэвэрлэгээ дуусч шинийн нэгний өглөө ус барих, юм угаах, оёх, хог үнс асгах, хумс, үс авах, мал нядлах, хүүхэд, амьтан загнаж, зодох, түлээ хөрөөдөх гэх мэтийг хийхгүй, эд мөнгө зээлэх, хэрэлдэх, өр төлбөртөй онд орохыг цээрлэдэг.
Энэ бүхэн сар шинийн өмнө бүх муу үйлийг дуусгаж, ирэх шинэ цагт сүр сүлд нь тэнгэрлэг, аж амьдрал өөдлөн дээшлэхийг билэгдэн ирээдүйд итгэн найдаж буй бишрэл бөлгөө. Ингээд таван мэдрэхүйдээ сайн сайхны билэгдэл болгож нүдээрээ зул, чихээрээ дуу хуурын аялгуу, амаараа амтад идээ, хамраараа арц хүжийн үнэр, биедээ шинэ хувцас өмсдөг нь сар шинийн өмнө саар бүхнийг гээн бие, хэл, сэтгэлээ ариусгаж, бодол санаагаа цэгцэлж буй өөдрөг санааны илрэл юм. Ийнхүү сар шинийн бүх бэлтгэл ажил битүүний энэ орой бүрдэн, бүгдээр сэтгэл ханамжтай болж, хөөрч баясах нөхцөл бүрдэн баярын урам ордог. Өөдрөг сэтгэл, баярын урамтай айл гэрийн голомтод, дуу хуурын эгшигт жаргалтай дэлгэр бүрдэн, гэрийн жавар арилж нэгээс нөгөөд дамжин өрх гэрээрээ, айл хотлоороо, улс түмнээрээ өгөөмөр тэнүүн уур амьсгал ордог.
Өвлийн шөнийн тавиунд монголчууд үлгэрч, туульчдаа тойрон сууцгааж морин хуурынхаа жаврыг гарган цэнгэнэ. Моринд дуртай монголчуудын зөн совин, уянга ярууг өөртөө шингээдэг морин хуур хэмээх энэ уран эгшиглэн монгол хүний дотоод сэтгэлийн гүн мэдрэмжийг хөглөн бадраадаг увдистай бөлгөө.
Хуурын хоёр чавхдас дөрвөн цагийн өнгийг хөг аяндаа бүрэн багтааж, хүний хэлээр ярьж, шувуудын дуугаар жиргэн, хүлгийн үүрслээр янцгаана. Уртын дууны аялгуу нь зөвхөн энэ хөгжмийн уянгатай нийлж хөдөө талын нүүдэлчин амьдралын аяс хэмнэлд идээшин дассан монгол хүний сэтгэлийн галыг бадраадаг билээ.
Сүсэг ба дом
Монголчуудын гол гурван шүтээн бол тэнгэр, газар, гал гурав юм. Иймээс монголчууд бидний сүсэг голдуу л энэ бүхэнтэй холбогдоно. Цэвэрлэгээ хийхдээ гэрийнхээ үүдийг онцгой анхаардаг. Энэ нь үүдэн сахиус болон үүдээр орох зочин, буян хишгийн замыг бодолцож буй хуучны сүсэг юм. Энэ орой хонгор халзан луус унан, гарынхаа арван хурууг инчдэх агшинд дээд тэнгэрээс бууж, дэлхий ертөнц, гурван мянган орчлонг нэгэнтээ тойрон, айл гэрийн сүлд, хийморийг тэтгэн, мууг амин золиг болгож, ум сайн бүхнийг агаар, салхи лугаа адил түгээдэг арван хангал бурхдын нэг, ачит эх цогт охин тэнгэр Балданлхам бурхнаа шүтэн, унааг нь услах мөс баруун дээд тотгонд, голд нь сайн зүгийн тэнгэр бурхан гэрт орох замыг нээж цэгээн чулуу тавьж, буг чөтгөр, буруу хатавчаар ордог хэмээн харгана хавчуулдаг дом байдаг. Луусыг шарын шашны номлолд хүч, хурд, тэвчээр бүхий сайн хүлэг, бурхны унаа хэмээн үздэг бөлгөө.
Малаа хотлуулж, бурхан тахилаа сэргээн зул өргөнө. Зул өргөх нь битүү харанхуйд өнгөрсөн ба одоогийн зам мөрийг арван зүгт гэрэлтүүлэхээр бурхныхаа өмнө асаасан бишрэл буюу бие, хэл, дотоод сэтгэлийн гэрэл юм.
Арван зүгт гэдэг нь найман зовхис, тэнгэр, газар орж буй. Айлын гал голомт гэдэг бол тэр айлын баторших суурь, амьдрал үргэлжлэн, өсөн дэвжих, хойч үе, үр удмын холбоос болдог. Галаа ноцоохдоо галын бурхнаа сэтгэлдээ бишрэн тарни хэлж асч буй галын дөл дүрэлзэн буйг харж чин сүсгээр дээдлэн галын бурхан, сахиусан тэнгэр хэмээн бишрэн тахина. Галын бурхан дүрэлзэж буй галтай хамт гарч ирдэг гэж үздэг. Нүцгэн хөлөөрөө гал гишгэн, амаараа гал тургаж тэргүүнээ гал дунд авч яваа байдлаар ирж буйгаас үзэхэд гал бол асар их сүжгийн хүчтэй, итгэл оюуны совинтой зүйл. Гал тахих ёсон нутаг, нутагт зан заншил, овог удмаа дагаад өөр, өөр байдаг. Энэ орой гал гадгаш гаргахгүй, бусдаас гал гуйхгүй байх учиртай.
Эртний энэ ёс бол айл бүхний гал голомтод тэр гэр бүлийнхний буян, заяа орших агаад галаа хөгжөөн тахиж,аав, ээжийнхээ гал голомтыг мөхөөлгүй залгуулах нь овог удмаа мөнхрүүлж тэр бүхнийг цаашид мөхөөлгүй тогтоох амин сүжиг болдог.
Энэ үүргийг айл гэрийн галын эзэн отгон хүү мөхөөлгүй сахих учиртай гэж үздэг байв. Мэдээж заавал отгон гэсэн үг биш, ганц хүүтэй айл бол тэр нь, хүүгүй айлын охин нь эсвэл түүнээс гарсан хүү байж болно. Гал тахина гэдэг нь галын Маранзад бурхандаа зул барьж, өргөл өгөх сүсгээр галдаа шар тос, өвчүүний хэрсэн, сүүлний уг гэх мэт гал хөгжөөх зүйл хийж арц, хүж уугиулан “Хаан эцгийн цахисан, хатан ээжийн бадраасан гал дүрэлз, дүрэлз” хэмээн тарни уншиж, шинэ гэр бүл голомт залгуулах хүүтэй, галаа манах охинтой болохын өлзий буянтай ерөөл билэгдэн хэлж бурхан тахилын өмнөх хүрдээ эргүүлэнэ. Хүрд бүхэн маанийн үсэгтэй тул маань хөгжөөж буйн нэгэн илрэл юм. Хөгжиж буй гал дээш цахилж тооноор дамжин тэнгэр тэмүүлэх агаад сайн ажиглан харваас тэр гал дунд хийморийн сахиус гурван настай бяцхан хүүгийн инээмсэглэл мэт дүрэлзэн буй. Нялх хүүхэд хүний хэл ойлгохгүй байх үедээ, шувууд, адгуус амьтан, сүнсний хэлийг ойлгон, гал харж баясан, гал руу тэмүүлж шатах авъяаг нь сонсож, ярилцдаг ба хүний хэл сураад энэ бүхнээ мартдаг гэнэм. Гал тахих зан үйл бол эр нь гал залгуулж, эм нь түүнийг нь хөгжөөн бадраах гэсэн утга дор энэ айлын цаашид өсөн дэвжих замыг засч буй хуучны дом юм. Гал бөхөөх зүйл зууханд хийхгүй. Орчин цагийн ахуйн нөхцөл байдалд үүнийг гал түлж гүйцэлдүүлэх боломжгүй тул зөвхөн Галын бурхны тарни уншиж, дом үйлдэнэ. Мэдээж энэ бүхэн хувь хүний сүсэг бишрэл, итгэл үнэмшил, үзэл бодрол дээр суурилах учиртай.
Сар шинийн идээ шүүс
Тавгийн идээний гол сүнс нь ул боов юм. Таваг засахдаа идээнийхээ боовыг 3,5,7,9 гэх мэтээр сондгой үеэр жаргал, зовлонг ээлжилж жаргалаар эхлээд жаргалаар дуусгахаар тохируулж өрдөг заншилтай. Есөөс дээш үеэр идээ өрөхгүй учир нь монголчууд есөн үеэр овог, удмаа тооцон үүний дараа яс хагалах ёс үйлдэж цус холилдох зүйлгүй болдог. Гурван үе идээг хориос гучин насны, таван үеийг гучаас тавин насны гэх мэтээр үеийн тоо нь өсч явсаар онцгой тэмдэглэлд үе далаас дээш настан есөн үе идээ тавьж болно.
Орчин цагт айл болгон заавал үе, үеэр боов өрөх шаардлагагүй. Тавгийн идээ бэлдэж дээр нь цагаан идээ, боорцог ёотон, чихэр зэргээр чимж болно. Цагаалга хэмээн цагаан будаа агшааж бэлдэнэ. Цагаан сараар хүүхдэд өгөх самнай, жижиг дугуй боов хийдэг байв.
Гол идээний нэг бол хонины ууц юм. Ууц гэж юу юм бэ, заавал түүнийг айл бүр тавих ёстой юу гэдэг асуудал өнөөдөр гарч байна. Энэ бол хонины нуруу бүхлээрээ сээрээс хойш ахар сүүл хүртлэх хэсгийг хэлнэ. Ууц дээр нь сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр хавирга, шагайт чөмөг дагуулж өндөр хавиргаа зочныхоо баруун гар талд байхаар, хоёр талд хосоор эсвэл дөрөв, дөрвөөр нь тавина. Сээрийн нарийн үзүүр, шаантыг борви, далны маяа, хавирганы дотор талыг ууцныхаа харцага тал руу нааж, харцгыг зочны зүг харуулж тавьдаг. Монголчууд зөвхөн халуун хошуут хонин сүргийнхээ дундаас хүч тарга сайтай эрийг нь сонгож ууц тавьдаг. Эртнээс уламжилж ирсэн монгол зон олны гүн хүндэтгэлийн энэ идээ шүүсийг голдуу төрийн хүндэтгэл, шашны баяр болон олон нийтийг хамарсан хурим найр, том хэмжээний баяр наадам, ёслолын үед л хэрэглэдэг байлаа. Ууцны оронд хонь, үхрийн өвчүү чанавал, дал дөрвөн өндөр хавирга, шаант богтос зэргийг нэмж тавьж болох ба зарим нутагт өвчүүг хэвтээ эрхтэн хэмээн үздэг тал ч бас бий.
Малтай айл бол ууц тавихад нэг их хүндрэл гарахгүй байх, хот суурин газар бол гэр бүлийн том баяр, насны ой, хурим, ургын баяр зэрэг онцгой тэмдэглэлт үйл явдал давхцсан үед л тавихаас бусад үед бол гар доорхи идээгээр цагаан сарыг тэмдэглэх нь зохистой.
Иймээс заавал ууц тавих гэж улайран хөөцөлдөх шаардлагагүй, гарын дор байгаагаараа л тэмдэглэцгээе. Өнөөдрийн нийгмийн гол давхрага болсон жирийн иргэд, ялангуяа залуу гэр бүл өндөр үнэтэй ууц тавих боломж хомс тэгээд ч орчин цагийн хүмүүсийн хандлага, ахуйн нөхцөл байдлаас шалтгаалан энэ бүхнийг өөрчлөх шаардлага зайлшгүй гарч байгаа юм. Өнөөгийн даяаршиж буй ертөнц, эрчимтэй хөгжлийн явцад хот хүрээнийхэн бид цэвэр нүүдэлчин амьдралаар явах нэгэнт боломжгүй болсон тул ахуйн хөгжлийн явцаас хоцролгүй зан заншил язгуур соёлоо шинээр баяжуулж байх зайлшгүй шаардлагатай болжээ. Иймээс сэтгэл санаагаа цэгцлэн сар шинээ санхүүгийн талаар дарамтгүй тэмдэглэх нь зөв буйзаа. Нэгэнт айл бүр өнөөгийн амьдралд хэрэгжүүлэх боломжгүйн дээр агуулга, хэрэглээгээрээ амьдралын шаардлага хангахгүй болсон зарим зүйлээс татгалзах нь өнөөгийн хувь хүний үзэл бодол сонголт болох нь зүйн хэрэг юм. Бид өөрт буй боломж, эв аятай таарсан бүхний аясаар шинэлэх болно.
Шинийн нэгэн ба ёс заншил, өв соёл
Өвөг дээдэс маань цагаан сарын шинийн нэгний өглөө эртлэн гарын алганы хээ харагдах үеэр баримжаалан босдог байв. Энэ нь үүр хаяарч эхлэх 6.50 -7.00 цагийн үе юм. Үүр цайж өглөө 8 цаг гэхэд нар мандана. Битүүний энэ орой лам нар шөнөжин Цэдэрлхам хурж, бурхан тахилгаа дуусгаж, өглөө нь эрт Очирдарь бурхандаа номын ерөөл тавьж өлзий хутаг өргөнө.
Балданлхам бурхан орчлон дэлхийг тойрон явсаар газарт бууж ирдэг хэмээн энэ өглөө түүнд зориулан Цэдэрлхам хурж хоносон лам нар золгоцгоож, залгуулаад сүсэгтэн мөргөлчин олон ирж оролцдог хэмээн ярьдаг байлаа.
Зурхайч нар гарч буй жилийн өнгө төрхийг тодорхойлж, шинийн гуравнаас эхлэн цагаан сарын их ерөөл, шинийн арван дөрвөнд хамгийн том хурал болж энэ үеэр монголчууд өргөнөөр ирж бурхан болоочийнхоо хойноос буяны ерөөл, хурал ном хуруулж энэ жилийнхээ заслыг хийлгэдэг. Энэ эхний арван тав хоног бол бурхан багшийн их дүйцэн өдөр агаад хийсэн буян аривжих тул хүмүүс өргөнөөр сүм хийдэд ирж мөргөл үйлддэг билээ. Нэг гэр бүлийн эхнэр, нөхөр хоёр суудал нийлсэн байж болзошгүй тул салгуулах дом хэмээн өмнөх битүүний орой мөлжиж орхисон хонины толгойн битүү эрүүг нь хамтдаа зааж салгадаг гэсэн домтой байв.
Шинийн нэгний өглөө хувхай хоосон хэмээх модон хохимой өдөр тул түүнийг элбэг дэлбэг болгохын тулд идээ цагаа, сэтгэл санааны ариунаар их бэлэг дэмбэрэлтэй өдөр болгодог нь жилийн явцад ийм өдөр тохиосон ч түүний хорлолд өртөхгүй байх учиртай.
Монголчууд мандаж буй нар, тэргэлж буй сар, дэлгэрч буй цэцэг, ирж буй шувуудыг харах нь хийморьлог үйл хэмээн үздэг. Энэ бүхэн бол нар сар, ургамал, амьтан цөм манай дэлхийд, бидэнд ойртож биднийг ивээж буй явдал юм. Шинийн нэгний өглөө ургах нартай уралдан босч айл гэрийн өрхийн тэргүүн ойролцоох уулын орой дахь овоонд цайныхаа дээжийг тэнгэр, хангайдаа өргөн мөргөж, хийморийн зүг гарч хишгийн зүгээс ирдэг байв.
Өндөрлөг газрыг тэнгэр газрын зааг хэмээн үзэж хоёр гараа дээш өргөн хурайлж тэнгэр хангайдаа хурайлан залбирдаг хуучны нэгэн дуунд:
Цагаан сарын шинийн нэгэндээ
Цагаан идээгээр саваа дүүргээд
Цагаан эсгийгээ гаднаа дэвсээд
Тэнгэр бурхандаа мөргөмү... хэмээн эртнээс дуулж иржээ. Цагаан өнгө бол монголчуудын өв соёлын билэгдэл юм. Эрт дээр цагаас эцэг хан тэнгэр, эх хатан дэлхий хэмээн биширч ирсэн тэнгэр үзэлтэй монголчууд бидний хувьд овоо бол дээд хан тэнгэрт ойртох өндөрлөг, өглөөний нар ойроос харагдах газар гэсэн утга агуулж буй юм. Ертөнцийн наран бол хаанаас ч бидэнд харагдаж, улам ойртон ирж тэнгэр, газрыг бидэнтэй холбож өгч байгаа юм.
Овоонд гарна гэдэг нь тэнгэр бурхандаа улам ойртох өндөрлөг газар, уулын оройгоос шүтэх боломжийг илүү бүрдүүлж буйн нэг илрэл агаад монгол хүний ирээдүйн зам мөр, хагацал, учрал, гүн итгэл агуулагдсан дотоод сэтгэхүйн орон зай дахь сүсэг бишрэлийн нэг оргил юм.
Энэ өглөө монголчууд наран гарах дорно зүгт түүнийг тойрон эргэлдэх газар дэлхийтэйгээ хамт тэмүүлэн ургахын улаан нарнаар тэнгэр бурхандаа залбирч хурайлдаг заншилтай. Ингэж монголчууд эрт дээр үеэс сар шинийг ургахын улаан нарнаар угтан, бүх хүн амьтан нэг нас нэмж өвлийг өнөтөй даван урин дулаан хаврын тэргүүн барс сартай золгодог нь европ болон баруун зүгийн шинэ жилээс эрс ялгаатай юм. Их хүрээний монголчууд Богд уулын ар хормой дахь “Эрдэнийн овоо” хэмээх намхан довцог болон Тасганы овоонд сар шинийг угтан гардаг уламжлал, заншлаа өнөөг хүртэл хадгалсаар буй. Сүүлийн үед сэтгэл ихэд зовоож буй зүйл бол монголчууд бид уул овоогоо шүтэн тахихдаа сүү, идээг маш ихээр үлдээн овоогоо, овоолсон хог болгодог явдал юм. Миний багад шинийн нэгнээс өмнө Ажаа маань Сэлэнгэ, Баруунбүрэн сум манайх өвөрт нь өвөлждөг “Эрдэнэ толгой” гэдэг намавтар ууланд намайг дагуулан гарч овоогоо цэвэрлэж, засч сэргээдэг байв. Энэ уулын араас орой дээр нь морьтой, явган яаж ч гарахад хялбар, настай буурлууд морин тэрэгтэйгээ хүрчихдэг юм. Шинийн нэгний өглөө миний Ажаа, миний авга ах Сэндэнжаваа нар намайг дагуулж Эрдэнэ толгойн овоондоо гарч тэнгэр бурхандаа залбиран, сан тавьж, цай, идээнийхээ дээжийг өргөөд, буухдаа “Төрсөн өдрийн төөрөг, Гарсан өдрийн гараг” дагуу хийморийн зүг гарч, буян хишгийн зүгээс ирж, гэрийн эзэн гэр бүлээ төлөөлөн мөрөө гаргаад гэртээ буудаг байлаа.
Бурхан шашны номлолд зааснаар бол хүн бүр өөрийн гэсэн сайн муу зүгтэй, байдаг. Үүнийг өрхийн тэргүүн гэр бүлээ төлөөлөн хийдэг. Иймээс хүмүүс овоог сонгохдоо гэрт ойр, нар харагдах, гарахад амар байдлыг харгалзах ба алс хол тэртээд өндөр оргилд цагаан сараар барагтай л бол гардаггүй байж.
Иймээс цагаан сарын эхний шинийн нэгний өглөө монгол хүн авч яваа амьдралаа зөв чиг замд чиглүүлж хорвоо ертөнцийн тэнцэл дундаас өөртөө ээлтэйг олох сэтгэхүй дор мөр гаргаж заншжээ. Шинийн нэгний өглөөний наран мандахыг харах нь зөн билэгдэл, мөрөөдөл биелэх зөн совин агуулах агаад хүний сэтгэлд ямагт нэгийг бодогдуулдаг эрхэм зүйл байдаг. Хэдийгээр би ажаа, ижийтэйгээ байх тэр жаргалтай үед бага балчир байсан ч тэр өглөөг урьд өдрүүдээс эхлэн онцгой өндөр сэтгэгдэлтэйгээр хүсэн хүлээж байсан нь өнөөг хүртэл санаанаас минь ер гардаггүй юм. Ингэж надад энэ заншил, уламжлан үлдсэнийг дагаж сүсэглэн явсаар өдгөө үр хүүхдүүддээ, ач, зээ нартаа үлдээхийг би хичээж байна. Хот суурин газрын хүмүүст ийм боломж ховор ч хүүхэд багачуудаа заавал сар шинийн үеэр биш ч гэсэн өглөөний наран мандахыг, арван тавны болон шинийн сар гарах, хаврын шувууд ирж, цэцэг навч дэлгэрэхийг нэг удаа ч атугай харуулж эх байгалийн бусад уран үзэгдлүүдийг тайлбарлаж сонирхуулж мэдрүүлэхийг хичээгээрэй. Нүдээр үзэж биеэр мэдэрсэн зүйлийг хүүхэд амьдралдаа мартахгүй, эх байгалийн үзэсгэлэн, уран сайхныг шүтэж хайрлан хамгаалдаг эх оронч иргэн болох эхлэл тавигдана. Эх оронч үзлийн эхлэл бол амьдарч буй байгаль орчноо шүтэж, хайрлан хамгаалах явдал юм. Овооноос бууж ирээд бурхандаа залбирч, үр хүүхэд нь аав, ээждээ, дүү нь ахмаддаа золгосны дараа өөрсдийн ахмад садан төрлийнхөн, дараа нь айл саахалтаар өргөн золголт болж сар шинэд сайн орсныг тэмдэглэнэ.
Сар шинэд нэг гэрийн дор хамт орших билэгдэл хаан бугуйвч, хатан сүйх хэмээх эр, эм хоёр хоорондоо золгодоггүй учир бол тэндий бие сэтгэл эгнэгт хамт гэж үздэгт оршино.
Мөн жирэмсэн эмэгтэйчүүд хоорондоо золговол хүүхдийн хүйс солигдоно хэмээн цээрлэдэг ёс бий. Нас сацуу хүмүүс хоорондоо гар зөрүүлэн золгох ба хэрэв хэн нэг нь түрүүлж гэрлэсэн бол нөгөөх нь хүндэтгэл үзүүлж тохойг нь түшиж золгодог. Энэ өдрүүдэд нэг гэрийн эр, эм хоёр ам зөрөхийг муу ёр хэмээн цээрлэдэг. Хөөрөг зөрүүлэх нь угаас зөвхөн монголчуудын нэгэн өвөрмөгц заншил, зөрүүлсэн хүнд хүндэтгэл үзүүлж, сайн харилцаатай байхын билэгдэл буюу хиргүй цагаан, харгүй зөв санаа агуулж буйн баталгаа юм. Хөөрөг нас тогтсон хүмүүс голдуу хэрэглэх ба хэрэв залуу хүмүүст баривал ахмад нь түүнийг насны цээнд хүрч буйг нь зөвшөөрсний илрэл болно. Хөөрөг гардан авсан хүн өөрийн хөөргийг зөрүүлж өгөөд харилцан үнэрлээд буцаана. Ахмад буурлуудаасаа эхлэн онцгой хүндэтгэл үзүүлж золгохдоо хөгшид өтгөс, өөрсдийн эцэг эх, төрөл садан, ахмад хүмүүст хадаг барин задгай нугалаа бүхий ам талыг золгох хүн лүүгээ харуулж дэлгэсэн алган дээр нь эрхий хуруунд тулгаж тавин золгож а ахмадуудад хадгаа үлдээх ч ёс бий.
Хадаг баранзад, нанзад, вандан, соном, даш гээд олон янз, өнгө ба ахмад настан болон аав,ээждээ урт наслахын билэгдэл, хүний дүрстэй, тэнгэрийн өнгөтөй Аюуш хадгаар голдуу золгодог байв.
Хадаг авсан хүн онцгойлон нандигнаж эвхээд хүндтэй газар тавина. Хөх хадаг өөрийн аав ээж төрөл саданд, шар хадаг сүм хийд, лам нарт гэх мэт өнгөөр ялгах ба найман тахилт хадгаар хүндэтгэлийн золголт хийдэг ёс бий. Хуучин цагт энэ өдөр олныг хамарсан үйлс, хөгжөөнт тоглоом, шагай, хорол, шар нохой гүйлгэх, сээр хуга шаах, шагайт чөмгийн шагайг эрхийгээр мулт дарах зэргээр наадана. Өвөл хурдан морь сойж хүүхэд унуулж уралддаггүй эрчүүд унасан морьтойгоо саахалт хооронд л бооцоотой уралдах, адуу шургуулж уургалах зэргээр нааддаг байлаа. Элдэв сонин хачин үйл явдал, үлгэр, оньсого хэлж, тоглоом наадмаа үргэлжлүүлж энэ оройг бүгдээр цэнгэн өнгөрөөнө. Орчин үед хуучны зарим тоглоом, наадам мартагдсан тул өөрсдийн боломжоор монгол ёс жаншил, ахуй соёлынхоо өвийг хойч үедээ сургаж сэргээх нь буянтай үйл болно.
Ахмадын сургаал ба хуучны хүмүүжил
Хүн ахтай, дээл захтай гэж хуучны үг бий. Цагаан сарын үеэр ахмад буурлууд маань үр хүүхэд, залуусаа нэгэн дор буй цагт, сургаал үгээ хүргэх илүү боломжтой болдог. Энэ үе бол ахмад буурлууд төрөл садантайгаа уулзаж, хүүхэд залуус нь удам угсаа, ураг овгоо хэлцэн мэдэж авах чухал завшаан болдог. Монголчууд өндөр настан дээдсээ ямагт хүндэтгэн “буурлаас үг сонс, болсон идээнээс амс” хэмээдэг нь тэдний мэдлэг, амьдралын арвин баялаг туршлагаас суралцаж, ураг төрлийн холбоогоо бэхжүүлэх тухай юм.
Хүн хэдий урт наслах тутам төдий ихээр нүд тайлж, сайн, мууг ялгах ухаан нэмж, амьдралд хат суун, цаашид оршин амьдрах туршлага хуримтлуулдаг бөлгөө. Энэ бүхэн эрдэм шинжилгээ, судалгаа бус цэвэр ахуй амьдрал дундаасаа буй болсон өвөг дээдсийн маань ухаан бөгөөд хойч үеийнхээ зан төлөвийг нь бүрдүүлж өгөх учиртай юм.
Монголчууд эрт дээр цагаас үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх өөрийн гэсэн уламжлалт арга ухаантай байсан. Дөнгөж төрсөн хүүхдийн зүрхний ажилгаа тогтворжоогүй, тархины цагаан эс нь хөгжөөгүй, биеийн булчин сул байх тул түүнийг эрүүл өсгөн бойжуулж авах гол үүрэг эцэг, эхчүүд хүлээж, мэдээ ормогц хэл яриа, амьдралын анхан шатны мэдлэг хүмүүжилд дагуулана. Шувуу өндгөө гаргаад хэдхэн сарын дотор өсгөн нисэх чадвартай болгоод дулаан оронд дагуулаад нисдэг. Эцэг, эхчүүд үүнийг 20 жил заримдаа бүх насаараа ч хийх шаардлагатай болдог. Хүмүүжил гэдгийг уг язгуураас нь хөөвөл хүмүүн буюу хүн гэдэг үгээс гаралтай тул хүн болгох гэсэн утга агуулах агаад дөнгөж төрсөн үеэс эхлээд зөв хүн болгон өсгөж хүмүүжүүлэх тухай юм. Нялх, балчир, өсвөр үе, идэр залуу үе бол тогтсон хугацаандаа л өнгөрдөг зүйл. Харин насны цээнд хүрч, хүн болно гэдэг бол хугацаа нь тодорхойгүй, сурлагын дүн, гавъяа шагнал, цол хэргэмээс үл хамаарах агаад үүний шалгуур бол амьдрал давах чадавх нь болдог.
Зөв хүмүүжсэн хүүхэд цаашид ямар ч өөр соёл иргэншил дунд орсон ч багаас нь суулгасан хүмүүжил, зан заншил, ёс суртахуунаа гээхгүй, унаган зан төрх нь эвдрэхгүй тул хүн чанараа үл алдах дархлаа болдог.
Ингэж бид залуусынхаа ёс суртахуун, хүмүүжил, үзэл баримтлалыг зөв суулгаж ийм тогтолцоог нийгэмд бий болгосноор ухаалаг, төлөв түвшин иргэдийг нийгэмдээ, ирээдүйдээ бэлдэж өгч байгаа юм. Иймээс цагаан сар бол зөвхөн найр наадам бус үе удам, садан төрөл, ард олон эв найртай оршин монгол ахуй соёл, ёс заншил, эв нэгдэл, өв уламжлалаа сэргээдэг, бид бол монгол үндэстэн гэдгээ бүү март хэмээн сануулсан үндэсний уламжлалт баяр юм. Ингэж явсны ачаар бид өв соёл, эх хэл, бичиг, ёс зүй, зан заншлаа хадгалж, бусдад уусалгүй бие даан үлдэж чадсан үндэстэн юм. Үүнийг умартваас өв соёл нь, зан заншил нь, ёс жудаг нь байсаар атал тэр дунд хүн өөрөө сууж өгөхгүй байх нь хааяагүй үзэгдэх болсон даяаршлын өнөө үед бид монгол хүн гэх төрхөө алдах эрсдэлд өртөнө. Эх оронч үзэлгүй хүн бусдын нөлөөнд орж,үзэл бодол нь өөрчлөгдөх аюултай. Ийм нийгэм байх нь улс орон гаднаас бус дотроосоо үндэсний аюулгүй байдлаа сульдааж доройтолд өртөнө. Үүнээс улс үндэстнээ хамгаалах гол арга нь хойч үеэ эх оронч үзэлтэй, өөрийн гэсэн хэл, үзэл бодол, өв соёл, хэв заншил, ёс жудагтай болгон хүмүүжүүлэх тухай нуршин өгүүлэхийн учир ийм буюу.
Зочин ба дайллага
Монголчууд ирсэн зочноо юу байгаагаараа дайлж, цайлдаг заншилтай үндэстэн тул биднийг дэлхий даяар зочломтгой, цайлган монголчууд гэдэг. Энэ бол монгол хүний умартаж боломгүй зан чанарынх нь онцлог юм. Үүнийгээ бид орчин цагийнхаа нөхцөл байдалдаа тохируулан хэрэглэж байна. Хуучны хүмүүс айлд ирсэн зочин, тэр айлд эрийн нэрээр орж, эхнэрийн нэрээр гардаг гэж ярьдаг байлаа. Иймд гэрийн эзэгтэй бол айл гэрийн ханш, өнгө үзэмжийг авч явдаг юм шүү дээ. Ирсэн зочныг шуурхай үйлчлэхэд тохиромжтой, хамгийн хурдан болдог хоол бол банш юм. Иймээс бид банш ихээр чимхэж хөлдөөдөг. Хийхдээ хуучин цагт цалин мөнгийг хадгалдаг тавин лангийн хулгар ембуу хэлбэртэй болгож, элбэг баян орших ерөөл гэж үздэг.
Айлд зочилж буй хүмүүс бие, хувцсаа тохинуулан, өөрийн үйлдэлд хянамгай байж, зүүсэн хэт хутгаа буулгаж, товч задгай, хувцас уранхай, малгай хазгай, бүс алдуул, бие хөлчүү байхыг цээрлэх ба төв түвшин мэндэлж, гэрийн эзний заасан хэсэгт ахмад нь завилан, дүүмэд нь цомцойн суудаг хуучны ёсон байв.
Хүн бүр тэнүүн өгөөмрийг эрхэмлэн цай, идээ, бэлэг сэлтийг авахдаа хоёр алгаа дэлгэн эсвэл баруун гараа, зүүнээр яльгүй түших маягаар авдаг ёстой байдаг. Аяганы амсраас чимхэж барихгүй, мах буруу хөндлөн тийш зүсэхгүй, ширээнд тавьсан идээнд дургүй хэмээн голох буюу байрыг өөрчилж, унагаж асгалгүй, өөр зүйл гэрийн эзнээс нэхэхгүй байх. Амаа ангайн чалир, чалир дуугарган идэхгүй зэрэгт эцэг, эхчүүд маань зааж сургадаг байв. Эхлээд цай, цагаалга, идээ барьж дараа нь ууц тавьдаг байв. Ууц таллах нь тогтож хэвшсэн учир начиртай. Ууцанд зөвхөн гэрийн хүний зөвшөөрөлтөйгөөр хүрэх ба гэрийн эзэн ууцаа харцгаар нь зочны зүг тавихад зочдоос ахмад нь эхэлж ууцан дээрээ хонины толгой тавьсан бол хамар дээрээс хуйх авч гал өргөнө тавиагүй бол ууцны сүүлнээс нимгэлэн авч галд өргөөд дараа нь ууцыг зүүн гараар хажуу зөвхөн сүврэг талаас барьж баруун гараар өөхөн намилхай хэсгээс барьж, нимгэн өөгүй зүсэх ба дагуулж яваа хүмүүстээ хүртээж болно.
Өдгөө суурин газрын ихэнх гэр бүлд ийм боломж хомс бөгөөд нэгэнт гэрийн эзэн галд өргөх дом хийсэн байх тул галд өргөх үйлийг хийх шаардлагагүй. Ууц таллах ёс гүйцэтгэсний дараа хөл махны бугалга талаас барьж зүсч ёслох ба өөрсдийн дагуулж яваа хүмүүст мөн хувь хүртээж болно.
Дахин ууцанд гар хүрэхгүй, энэ бүхэн зөвхөн ёслолын чанартай байдаг. Орчин цагийн сонголтод үүнээс гадна ногоо, жимс болон цагаан идээг өргөн хэрэглэх нь таалалд нийцэнэ. Зочин хүн очсон айлынхаа бэлдсэн бусад идээг хүртэхдээ өөх болон сархад аль алиныг нь хэтрүүлэн хэрэглэвэл Таны эрүүл мэндэд сайнгүй хэмээн ямагт зөвлөдөг эмч нарынхаа үгийг санах нь зөв буй зээ. Килограмм, литр бус грамм... гэж тэд захидаг юм. Айлд зочилж очоод бусдын тухай муугаар ярих, хэрүүл маргаан үүсгэх, хөлчүүрч орж хэл ам гаргах, атаа жөтөө болж, хов жив хэлцэхийг цээрлэн урьд өмнө муудалцсан хүмүүс, хөөрөг зөрүүлэн тайлдаг учиртай. Урдын муу үйл дээр, сайн үйл, буян хишиг тогтохгүй гэж үздэг.
Бэлэг ба гар цайлгах ёс
Цагаан сарыг бэлэггүйгээр төсөөлөх аргагүй. Өнөө үед цагаан сарыг шинэлэг хэлбэрээр тэмдэглэх санаачилга гаргаж, үргүй зардал чирэгдлийг багасгахыг уриалж байна. Гол нь хүн болгоны гар дээр бэлэг гэж элдэв зүйл гар дамжуулан тавьдаг тэр сэтгэхүйгээ больцгооё л гэж байгаа. Мэдээж өвлийн хүйтэнд, халдвар ханиад, томуу ихтэй үед айл, айл дамжин хэсэхгүй байх тухай байх.
Шинэлэг гэж буй нь хуучин уламжлалаа мартах тухай огт биш. Олон ястан, үндэстэн бүхий монгол түмэн өөр, өөрийн онцлог ёс заншилтай бөгөөд энэ уламжлалаар сар шинээ угтдаг.
Монголчуудын хуучин цагт хүний алгыг тэнийлгэж, гар цайлгах ёсон гэж байсан нь өнөөгийн бэлэг хараахан биш юм. Энэ нь цагаан идээ, хэвийн боов, амттан гэх мэт гарын дор л байсан зүйлээрээ хувь хүртээхийг хэлэх ба голдуу хүүхэд багачуудад өгнө. Орчин цагт бэлэг буюу оймс, саван болж өөрчлөгдсөн нь мөн л гарын дор байгаа зүйл юм. Уул нь уг үзэгдэл нь адил боловч нэгд нь бэлгэдлийн чанартай, нөгөөд нь материаллаг чанартай болж ирсэнд л байгаа юм. Материаллаг гэхээр л бэл бэнчин, дэв зиндаа, ядуу, баяндаа тулж эцэст нь ядуу, баяны өрсөлдөөн болдог. Гэхдээ орчин цагийн өнгөнд орж бэлэг өгөлцөхийг огт үгүйсгэж яаж болохов дээ. Монгол хүний нэг гол чанар бол хэзээнээс өглөгч бөгөөд хүний гар цайлгах, алга тэнийлгэхийг буян хэмээн үздэг юм.
Харамч хүнд монголчууд яснаас дургүй. Бэлэг барих гэдэг бол гэр бүл, үр хүүхэд, садан төрлийн хүрээний асуудал шүү дээ. Иймээс бэлэг өгөх нь зөвхөн гэр бүл, садан төрлийн л дотор. Түүнийгээ гэр бүлийнхээ дунд хэрхэн шийднэ тэр хэмжээндээ л болох байх.
Гол нь ахмад настнуудаа хүндлэн, амар мэндийг нь асууж, төрөл саднаа мэдэлцдэг, хүүхэд багачуудаа баярлуулж урамшуулахад л чиглэсэн байх учиртай юм. Бэлэг авах бол ямарч хүнд баярын урам нэмж, сэтгэл сэргээн хүсэн хүлээж байдаг өдөр тутмын амьдралд ховор тохиодог баярт мөч бөгөөд авсан нь баяр дүүрэн өгсөн нь сэтгэл дүүрэн болдог сайхан сэтгэлийн үйл юм. Иймээс гэр бүлийн хүрээнд хүүхэд багачууд, өтгөс хөгшид, ойр дотнын хүндээ бэлэг баривал тэд санаа сэтгэгдэл өндөр, баярын урамтай сар шинээ угтах болно. Хүнд бэлэг барих энэ үйлд онцгой ач холбогдол өгч, сайн сайхныг хүссэн ерөөлийн үг хэлж, үнэн санаанаасаа өгөхийг хичээвэл баярын урам улам нэмнэ.
Бэлэг зөвхөн өгөх эзэндээ л зориулагдсан байх агаад зөв сонгох учиртай. Иймээс бэлэг бол зөвхөн гэр бүлийн хүрээнд, авах эзэндээ тохирсон, гар цайлгах хэмээх боловч гол агуулга нь үнэ, цэнэдээ бус сэтгэл цайлгахад оршдог аж.
Өмнө нь хүнээс зээлсэн өрөө бэлгэ болгож бүү хаа, хүнд хэрэггүй юмаар, нэр зүүх байдлаар бэлэг бүү барь, бага ч гэсэн өгч буй хүндээ тохирсон, чамин, хөөрхөн, хөгжилтөй зүйл байвал зүгээр юм уу. Онцгой сонголт үгүй бол бэлэн мөнгө эсвэл мөнгөн агууламжтай карт өгч болно. Бэлэг авах, өгөхдөө баруун гарын алгаа эсвэл хоёр алгаа заавал дээш нь харуулж авч өгдөг заншилтай байдаг. Хүүхдүүддээ энэ баруун гарын |алганы| ёсыг хэлж, баярласанаа илэрхийлж сурах, аливаа газар орохдоо ахмад болон шааардлагатай хүмүүсийн өмнө хаалга нээж өгөх, дараагийн орох хүний өмнө хаалгаа нээлттэй байлгах зэргийг зааж сургахад илүүдэхгүй.
Баярын наадгай
Битүүн болон шинийн нэгний үдэш малаа хотлуулж дуусаад, халуун ам бүлээрээ цугларч өдөр хоногийг өнжин хүлээж бэлдсэн бууз, банш, чанасан мах тэргүүтнээ зооглон олныг хамарсан хөгжөөн наргиантай тоглоом наадаж өнгөрөөдөг зан үйл өвөг дээдсээс маань уламжлан үлдсэн юм.
Эрчүүд адуу шургуулж уургалах, ойр зуур бооцоотой уралдах зэргээр наадна. Өвөл хурдан морь уяж, хүүхэд уралдахгүй зөвхөн насанд хүрсэн эрчүүл хоорондоо наргиан болгон ойрхон айл саахалтын хооронд л унасан морьтойгоо уралддаг.
Битүүний үдэш бүгдээр хорол тоглоомоо өрж, эрхий мэргэд нь шагай харвах, эх үрс нь шагай таалцах, алаг мэлхий өрөх зэрэг тоглоом наадгай болцгоодог байлаа. Хорол бол эрдэнийн дугуй зөн билэгдлийн хээ бүхий эцэг өвгөдийн маань өнө эртнээс хойч үедээ уламжлуулан ирсэн үндэсний тоглоом юм. Хуш, хар мод, шинэс, зандан, зааны ясаар уран гоё сийлж түүндээ тэнгэр, газрын дөрвөн их хүчтэн, хас тэмдэг, арван хоёр жилийн бүх амьтныг дээдээс нь дараалуулан багтаасан жаран ширхэг модтой дүрстэй байдаг. Хамгийн дээд мод нь хорол тоонт монголчуудын хан төрийн долоон эрдэнийн нэг, алт эрдэнээр өөрөө бүтсэн Хорол эрдэнэ юм. Дараа нь амьтан бүхний таван хүсэл буюу таван мэдрэхүйг баясгагч тэнгэр, газар, хүмүүн гурвын бэлгэдэл Чандмань эрдэнэ, хорт эрээн могойг ган хошуундаа зуусан агуу хүчит жигүүртний хаан Гарди, араатны хаан арслан, бар, энх амгалан, бат бөхийн бэлгэдэл, түмэн насан хээ Хас эрдэнэ, цаглашгүй хүчит, цангах өлсөхийн зүдрэл бүхнийг тэвчивч цааш бусдад хорлонгүй Заан гэх мэтээр нутаг бүр өөр, өөрөөр ордог.
Манай нутагт Сэлэнгэ, Баруунбүрэн Хишигбадрахын Дагва бичээч гэж уран сийлбэрч лам хүн байлаа. Түүний сийлсэн хоролын нэг онцлог бол хоролын дараах мод ХАС тэмдэг байдаг. Тоглох журам нь даалуутай төстөй боловч өөрийн гэсэн монгол үндэсний онцлог бүхий хэллэг гуншинтай байдаг.
Үүнээс гадна үүчүүр хэмээх арслан тэргүүтэй амьтны зурагт тоглоомыг таван шоогоор, улаан, хар өнгөөөр тоглоно. Мөн буга намнах, цагаан тэмээ, чоно тарвагацах гээд гадаа цасан дээр наадацгаана, мөн манай нутагт “Шар нохой гүйлгэх” гэдэг миний багад цагаан сараар тоглодог олныг хамарсан нэн хөгжилтөй наадгай санаанаас минь ер гардаггүй юм. Сар шинийн үедээ мартагдсан хуучны энэ өвөө дахин сэргээвэл өлзий буянтай үйл болно. Шар нохой гүйлгэхэд оролцогчид хоёр тал болж өөд өөдөөсөө харин алгаа дэлгэн суугаад нохой гүйлгэгч нэг талын дэлгэсэн алганд шар нохойгоо шагай байж болно нуухаар онцгой уран,толгой холбоос шүлэг хэлж наадана. Шар нохой гүйлгэгч уран үгээр нөгөө таагч талыг сатааруулж байгаад дэлгэсэн алганы дундуур нохойгоо нааш, цааш нь гүйлгэж тэдний хэн нэгний алганд шар нохойгоо нуумагц бүгд гараа атган суухад нөгөө тал нь шар нохой хэний атганд буйг тааж олно. Олсон тал нь шан авах агаад түүнд нь шар цаас, шаант чөмөг, үрлэн чихэр, үзэмтэй будаа..мэт байх жишээтэй. Энэ мэтээр хоёр тал байраа солин таалцана. Шар цаас гэдэг нь тэр үеийн нэг төгрөг-эд баялгийг, шаант чөмөг нь мал сүрэг өсөхийг, үзэмтэй будаа нь гэр бүл өнөр өтгөн байхыг бэлгэдэх ажгуу. Мэдээж орчин цагийн сонирхолтой, хөгжилтэй олон сайхан тоглоом бий.
Хуучныг сануулахын учир бол эцэг өвгөдийнхөө олон зуун жилээр хойч үедээ өртөөлөн дамжуулж ирсэн өв соёлоо хадгалж, мартагдсаныг сэргээж байхын тулд бөлгөө. Сар шинийн идээ, шүүсийг шинийн эхний долоо хоногт хурааж ууцаа үе, үеэр нь нугалж хөлдөөх ба сүүлдэж ирсэн айлчин зочинд халааж өгдөг байв.
Дээр миний өгүүлсэн зүйл бол цагаан сарыг өсвөр багад минь ажаа, ижий хоёрын маань ёс заншил юм. Мэдээж газар, газрын заншил, гол, голын замаг...гэж өөр, өөр байдаг ч тоглох журам нь адил юм. Өнөөгийн хүмүүс үүнийг бүгдийг ёсчлон дагах албагүй, зөвхөн санаа авахад чиглэгдсэн бөгөөд утга, агуулгаа алдсан саарыг нь орхиж сайныг нь улам төгөлдөржүүлэн хойч үедээ үлдээх нь л Танд хүргэх миний гол санаа юм. Энэ бүхэн цөм зөн билэгдлийн чанартайг уншигч Та ансаарсан байх. Цагаан сарын ёслолыг орчин цаг үе, хүмүүсийн сэтгэлгээг дагаж эгэл олонд чирэгдэлгүй, энгийн төсөр болгон шинэчлэх шаардлага монгол түмний суурин иргэншил, хот суурин газрын амьдралаас урган гарч буй асуудал, яах ч аргагүй мөн. Тэгэхээс ч өөр аргагүй юм. Ус ундаргад, буян хэмжээнд гэж... өөрийн бэл бэнчин, байгаа боломжид тааруулах нь зөв буй.
Гадаад оронд суугаа монголчууд
Гадаад орнууд иймэрхүү үндэсний хэмжээний том баяр болгоны өмнө үйлчилгээ,тээвэр, харилцаа холбоо, худалдаа зэрэгт онцгой анхаарч, нийтийн өргөн зугаалга болон урлаг, спортын тоглолт, тэмцээн зохион байгуулж, зохион байгуулалт, бүх нийтийн аюулгүй байдалд онцгой анхаардаг. Баярын өмнөх өдрүүдэд үйлчилгээний байгууллагууд үнийн хямдрал зарлан уртатгасан цагаар ажиллаж, үзвэрийн газруудад үндэснийхээ соёл урлагийн түүхэн бүтээлүүд, үндэсний дуу хөгжим, ёс заншлын болон ардын урлаг, хуучны наадгай тоглоом зэргийг гадаа гудамж талбайдаа өргөн дэлгэр гаргаж, иргэд олон бүгдээр баярын уур амьсгалд сэтгэл тэнүүн орж заавал нэг мартагдсан соёлын өвөө сэргээдэг.
Энэ бол тэд өөрсдийн өв соёл, ёс заншлаа хамгаалж буй нэг хэлбэр бөгөөд улс үндэстэн оршин тогтнох ул сууриа бэхжүүлж буй арга зам юм. Дэлгүүрүүд үнэ хямдралын гэрээг баяраас өмнө бүр эртнээс хийж, үйлчилгээний зөвшөөрөл авдаг.
Орон сууцны компаниуд мөн ялгаагүй тодорхой хувиар бага орлоготой болон бусад гачигдалтай гэр бүлийг хөнгөлттөй үнээр орон сууцандаа оруулахаар гэрээлж цаашид орон сууц барих эрх авах өрсөлдөөнд орох боломж олдог. Нийт иргэд баярын хямдралд зориулж эртнээс хадгалсан мөнгөөрөө хэрэгцээт эд зүйлсээ, хүүхдүүд мөрөөдсөн бэлэг сэлтээ авах өргөн боломж энэ үер нээгддэг тул оны эхнээс онцгой хүлээдэг үйл бол энэхүү үнийн хямдрал юм. АНУ-д хамгийн том үнийн хямдрал жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлчээр тэмдэглэдэг “Талархалын баяр”,” Шинэ жилийн” болон бусад баяраас хэд хоногийн өмнө болдог. Энэ бол манай цагаан сартай төстөй ёс заншил бүхий бүх нийтийн баяр нь юм. Иргэд энэ өдрүүдийг анаж байгаад үр хүүхэд, ах дүү төрөл садан, амраг ханьдаа өгөх бэлэг сэлт, гол хэрэглээний зүйлээ хямдралтай авч, баяр хөөр болж, сэтгэл санаа нь сэргэж, баярын урам нэмэгдэнэ. Хүүхдийн тоглоом, бүсгүйчүүдэд гоёлын барааны болон төрөл бүрийн хямдралын купон, мөнгөн агууламжтай карт гаргаж хүмүүс баярын уур амьсгал дунд энэ мэтээр бүгд бэлдэж, дэлгүүрүүд зөвхөн баярын хэдхэн хоногт бус сарын өмнөөс үнээ хямдруулж эхэлдэг. Зарим хүмүүс тодорхой хэмжээний мөнгөн агууламжтай цахим карт өгч түүнийг авсан хүн дуртай бэлэг дурсгал болон бүх зүйлийг ямарч дэлгүүрээс чөлөөтөй авч болдог ажээ. Ийм зүйлийг тэд эртнээс төрийн нарийн бодлого, хөшүүргээр зохицуулдаг. Манайд ч гэсэн цагаан сар болон бусад нийтлэг баярын өмнө ийм үнийн хямдрал гаргавал буянтай үйл болох нь дамжиггүй. Манай худалдааны байгуулагууд сар шинийн баярын өмнөөс мах идээ, хүнсний үнээ тэнгэрт хадааж, байгаад дараа нь “Та бүхэн минь манай барааг сонгож Сар шинэдээ сайхан шинэлээрэй”.. хэмээн ерөөж буй нь худалдан авагчдаа даапаалж буй мэт санагддаг. Ихэнх иргэдийнх нь авдаг цалин, олдог орлого нь баярын хэрэгцээгээ хангахгүй бол сэтгэл дүүрэн Сар шинэдээ сайхан шинэлэх боломжгүй тул иймийг үндэсний хэмжээний баяр гэж нэрлэх нь учир дутмаг болно. Сар, шинэ болон бусад нийтлэг баярын өмнө иймэрхүү ажил зохион байгуулж, өргөтгөсөн худалдаагаар үнийн хямдрал гаргавал олон түмэн үндэсний үйлдвэрүүдээ дэмжин бүтээгдэхүүнээс нь бэлэг сэлтээ сонгоцгооно шүү дээ.
Өвлийн хүйтэнд гаднын гаалийн үүдэнд өнжин, хонон хүлээж үнэт цаг зав, үйлээ үзэн олсон мөнгөө барж байхаар үндэснийхээ бэлэг сэлтээр цагаан сараа тэмдэглэх нь Монголын цагаан сарын баяр гэх агуулгад нийцэнэ. Бэлэг үнэдээ бус сэтгэлд буйг бид нэг мөр ойлгож авах нь зөв буйзаа.
Үүнийг зохион байгуулах нь “гар дээр бэлэг тавихгүй”, “бүсээ чангал” гэснээс илүү өгөөжтөй зүйл болно. Уул нь бол бид бүсээ чангалахаас өмнө ханцуйгаа шамлах нь дээр. Бүсээ хичнээн чангалавч, ходоод нь хоосон бол бие болоод сэтгэл өлсөх бус уу. Гадаадад суугаа монголчууд бид цагаан сараа яаж тэмдэглэх нь зөвхөн өрх гэрийн гишүүдээс л шалтгаална. Өөр хэнээс ч бус. Жишээ нь: Шинийн нэгний өглөөний наран АНУ-ын зүүн эрэгт бол Монголоос 12 цагийн дараа мандана. Гадаад оронд цагаан сараар монголын хууль үйлчлэхгүй тул энэ өдөр ажлын өдөр тааралдаж болох бөгөөд тийм үед арга буюу ажилдаа явах л шаардлагатай болно. Энэ бүхнийг өөрсдийнхөө боломжоор зохицуулах нь л чухал. Ийм нөхцөлд бүх юм авсаархан, байх агаад битүүний орой нь өөрсдийн дуртай хоол хүнсээ хийж, идээ тавьж, өглөө нь золгох хүмүүстэйгээ золгож ажилдаа явахдаа мөр зүгээ гаргая гэвэл гэр бүлд нэг нь бусдыгаа төлөөлөн өөрийнхөө мөр зүгээ гаргахад харшлах зүйлгүй. Заавал ууц, олон давхар тавгийн идээ, энээ тэрээ гэх огтхон ч шаардлагагүй, өөрсдийн гарын дор байх идээ будаагаар авсаархан битүүлж цагаалахад хангалттай болно. Харин ямар нэг шинэ монгол хувцас, эдлэл байвал зүгээр. Хэрэв бүрэн хувцас үгүй бол малгай, цамц, бүр оймс үгүй бол монгол эд хэрэгсэл байж болно.
Гол нь хүн бүхэн сэтгэл санаа хиргүй тунгалаг, өгөөмөр тэнүүн байх учиртай. Бие, хувцас цэвэрхэн ч сэтгэл нь бохир бол буян хишиг өнгө үзэмж төдийд үлдэхээс агуулгад үл шингэнэ. Иймээс сэтгэл санаагаа ариун байлгаарай.
Нутаг орондоо байгаа өөрсдийн төрөл, садандаа сар шинийн мэнд дэвшүүлж, хүүхэд хөгшдөө баярлуулж энэ хүрээнд цомхон тэмдэглэх нь өлзийтэй. Хэлбэрээс агуулгыг эрхэмлэн нэгэнт үеэ өнгөрөөсөн зарим зүйлийг үндэсний эв нэгдэл, зан суртахуун, амьдрал ахуйдаа тохируулан шинэчлэхэд харшлах, айх зүйл ер үгүй.Хамгийн гол нь өөрсдөө сэтгэл ариун, сэтгэгдэл өндөр, хүн бүрийн хийморь, баяр баясгаланг гийгүүлдэг энэ өгөөмөр өдөр зөн бэлгэдэл, ёс суртахууны ариун чанар шингэсэн жинхэнэ монгол үндэстний зан заншил, үндэснийхээ өв соёлын гүн утга агуулгыг хадгалан хойч үедээ үлдээх явдал юм. Хойч үе залгамжлуулж явах нь дамжиггүй. Ингэж бид өөрийн гэсэн үзэл баримтлалтай, өнгө төрхтөй байснаар монгол хүн монголоороо үлдэх сэтгэхүйн дархлаа буй болж улс үндэстэн үзэл бодлын бат суурьтай оршин тогтнох бөлгөө. Үүнийгээ бид хэзээ ч огоорч үл болно. Мэдээж энэ бүхэн орчин цагийн хүн бүхний сүжиг, дотоод сэтгэхүй, үзэл бодол, итгэл үнэмшлийн асуудал гэдгийг хэлэх нь зөв байх. Гол нь монгол өв соёл, хуучны ёс заншлаа хадгалан хойч үедээ мэдүүлж үлдээх нь чухал.
Өчүүхэн галын дөл байвчиг түнэл харанхуйг гийгүүлдэг. Тэр гэрэл гэгээ монгол орон даяар айл бүрийн хойморьт, сэтгэл зүрхэнд тань өнө мөнхөд оршиж байхын өлзий төгс ерөөл дэвшүүлж, дэлхийн олон улс оронд ажиллаж, амьдарч, сурч буй улаан залаат, хөх толбот монгол түмэн Танаа гарч буй “Сүрээр дарагч” хэмээх улаан морин жилийн амар амгаланг айлтган энх мэндийн цэнхэр хадгаа дэлгэн “Цагаан сар бол монголчуудын эв нэгдлийн баяр ” хэмээх энэ нийтлэлээ эрхэм олон уншигч Таныхаа өмнө өргөн баръя. Та бүхний мэлмий тунгалаг, өлмий бат, өрх гэрээрээ, төрөл саднаараа дүүрэн жаргалтай, бие эрүүл, сэтгэл тэнүүн Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Н.Бадарч. Улаанбаатар хот. 2026 он
Бямба - 02 сарын 14,
2026
Сэтгэгдэл1
Нэг л юмыг хатуу ойлголоо Инженер хүмүүс босгох гэж ухаанаа уралдуулдаг бол бөх хүмүүс яавал хүчээр нам дарахыг боддог юм байна аа. Ер нь унагаахыг боддог толгой бол явцгүй юм байна . Жонхуу бол түүхэнд үлдэх маш том жишээ мөн ч их төлөөсөөр бид ойлгож ухаарлаадаа. Жонхуу бол жонхууруулж гацаадаг тийрэн юм бн