Эх оронч хүмүүний зүрх сэтгэл хэзээ хэзээнээс илүүтэй цохилж, өнгөрч одсон он жилүүдийн чанадаас тусгаар тогтнолын үнэ цэн, цусаар олдсон эрх чөлөө, цугтаа бүтээсэн ялалтын уухайг хадаасан өдөр хоногууд үргэлжилж байна. Бид энэ удаагийн зочин хоймортоо Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн дарга бригадын генерал Т.ЛОДОЙДАМБА эрхмийг урьж чин сэтгэлийн яриа өрнүүллээ.
Та Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн даргаар томилогдоод бас нэлээд хугацаа өнгөрсөн байх аа. Тохижиж амжаагүй байна гэж байх уу, эсвэл та ийм энгийн байдалд дуртай хүн үү? Төсөөлснөөс тэс өөр ажлын өрөө байхаар гайхаад л...
-Энд томилогдоод хэдий нь ээ 1 жил 2 сар болчихсон байна шүү, нээрээ. Ер нь би нэг их чамирхал хөөдөггүй хүн. Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч байхад өрөө их том байсан болохоор хэт хоосон оргиод жаахан тохижуулж байсан. Манай энэ өрөө жижгэвтэр болохоор өөрөө ороод суухад л болж байгаа юм. Харин энэ бурхан, сандал хоёроо хаа ч очсон байнга авч явдаг. Энэ Чингисийн бурхан хөргийг БХЯ-нд газрын даргын үүрэг гүйцэтгэгч байхад манай эхнэрийн үеэл лам аравнайлан бэлэглэж байсан, арваад жил болжээ. Залуу байхад юмны учир мэддэггүй байж. Тэгтэл Зүүнбаянд захирагчаар томилогдоход хошууч генерал П.Доржсүрэн “Захирагч хүн сандалтайгаа очдог юм шүү” гэж захихаар нь энэ сандлыг урдаас захиалж авч байлаа. Түүнээс хойш надтай хамт явна даа, бас л арав гаруй жил болжээ. Тэгээд шаардлагатай номуудаа чирээд явна. Бусад хэрэглээний зүйлс яах вэ, байгааг нь ашиглаад, байхгүйг нь нэмж аваад хэрэглэж байгаад чигт нь орхиод явдаг даа.
Та өмнө нь Зэвсэгт хүчний нэгтгэл, анги удирдаж, яам тамгын газар ажилласан, ёстой л “сэлэм эргүүлж” явсан байх. Харин одоо хариуцаж буй ажил тань нэлээд онцлогтой болов уу, ер нь өөр биз?
-Өөр өөр, шал өөр. Гэхдээ анги болон аж ахуй удирдах нь эцсийн эцэст хүнтэй ажиллах талаараа уур амьсгал нэг юм. Аж ахуй, үйлчилгээ хариуцна гэдэг нэлээн сайн менежер байхыг шаарддаг юм байна. Миний хамт олон БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлалын хангалт, үйлчилгээ, ая тухтай ажиллах нөхцөлийг өдөр шөнө ялгалгүй хариуцаж байдаг буянтай хүмүүс шүү. Энгийнхэн голдуу байдаг ч цэргийнхнээс ялгаагүй үүрэг хариуцлага хүлээдэг. Ер нь хаа ч удирдлагаар томилогдож очсон эн тэргүүнд хамт олноо нэгэн зүгт, гол зорилгодоо тэмүүлсэн нэгэн цул болгох хэрэгтэй. Тэгэх их амархан. Хамгийн түрүүнд хүмүүстэйгээ сайн, муугаа илэн далангүй ярилцаад, зорилго чиглэлээ тодорхой болгочихно. Тэгээд бүх хүнийхээ нүд, харцыг сайн анзаарч, хэрэгтэй үгийг хэлж, үйлдлийг хийж сэтгэлийг нь барихад бие хаа холдох вэ. Эртхэндээ би нэг хэсэг хүний нүд их ажигладаг, уншиж сурахыг их хичээдэг байлаа. Өглөө бүр жагсаалын өмнүүр алхахдаа анзаарна. Тэгээд ганцаарчилж уулзаад л санал бодлыг нь сонсоно. Эхэндээ алдана, ононо. Сүүлдээ нүдний харц, хоолойны өнгө, хаалга цохиж байгаа цохилтыг хүртэл мэдэрдэг болжээ.

Эмээгийн хүү багаасаа л “Цэргийн дарга болно” гэсээр хүсэл мөрөөдөлдөө хүрчээ дээ, янз нь...
-Би дүүгээсээ жил гаруйхны зөрөөтэй, тэрсхэн болохоор ээжийн мөөмийг удаан хөхөлгүй эмээгийндээ очсон гэдэг. Ухаан орохоосоо л эмээтэйгээ Алтангэрэл судар барьж гэрээ тойрон гороолж, тарни цээжилж, ямаахайтай сүү ууж эрх дураараа өссөн. Манай Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1980 онд анх зурагт гарч эхэлсэн. Ердөө монгол, орос хоёрхон л сувагтай, түүгээр нь ихэвчлэн манайх, дайсных гэсэн хоёр талтай байлдаантай кино гарна.
Цэрэг хүний омогшил, ард түмэн, эх орныхоо төлөө амь, амьдралаа зориулж байгаа баатарлаг хүмүүсийг харж багаасаа өссөн хүү яах вэ, өөр ямар ч сонголт, эргэлзээгүй “Цэргийн дарга болно” гэсэн зорилго, мөрөөдөлтэй болсон.
Тэгээд л сургуулиа төгсөөд цэргийн сургуульд орсон, төгсөөд ажил амьдралынхаа гарааг Өвөрхангай аймгийн Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн салаан захирагчаар эхэлсэн. Тухайн үеийн 5 дугаар мотобуудлагын бригадын захирагч нь хурандаа Ш.Будаев, Д.Цэрэндагва нар байснаас гадна удирдах бүрэлдэхүүн нь бүгд Орост академи төгссөн чадварлаг, маш өндөр боловсролтой офицерууд байсан нь азтай тохиол гэж боддог. Тэд шинэ офицеруудад сар бүр түвшин тогтоох үзлэг, шалгалт хийдэг байсан. Сар бүр шалгуулж байгаа хүмүүс чинь байнгын бэлтгэлтэй гэсэн үг.
Өнөөгийн бригадын генерал Ж.Өсөхбаяр, Т.Галбадрах, Ц.Буяндэлгэр, хурандаа Д.Батзориг бид тав хамт төгсөж очиж байлаа. Бидний энэ хэртэй яваа маань биднийг анх хүлээн авч, зөв суурийг минь тавьж өгсөн тэр мундаг дарга, удирдлагын ач тус гээд талархаж явдаг даа.
Бидний хэдэн залуус ч идэвхтэй, Зэвсэгт хүчний марш тактик, оны мэргэжлийн аварга, цэргийн гурван төрөлт, буудлага, бусад уралдаан тэмцээнүүдэд төрөлх ангийнхаа нэрийг олон жил гаргасан. Тэндээс Зэвсэгт хүчний 150 дугаар анги буюу Элитийн батальонд жил гаруй ротын захирагчаар ажиллаад эргээд Зэвсэгт хүчний 256 дугаар ангидаа томилогдон, Өвөрхангай аймагтаа 11 жил ажилласан.
Ажлын төдийгүй амьдралын гараагаа ч тэндээс эхэлсэн юм байна...
-Тийм ээ, Өвөрхангай аймгийн төв дэх Технологийн сургуульд олон жил багшилсан О.Мөнхцэцэг гэж сайхан бүсгүйг оюутан байхад нь гэргийгээ болгож авсан. Нэг хөгжилтэй дурсамж бий. Хадам аав маань Зэвсэгт хүчний хүндлэлтэй сайхан хурандаа нарын нэг Н.Отгонбаатар тэр үед манай бригадын орлогч байлаа.
Оюутан охинтой нь уулзаж явсаар хөл хүнд болгосон шинэхэн дэслэгч яах вэ, нэг өдөр зориглож очиж ёслоод “Мөнхцэцэг жирэмсэн” гэж илтгэчхээд л эргээд алхчихсан. Тэгсэн дараа нь дуудаад “За, хувцсаа аваад манайд ир” гэсэн дээ.
Одоо аав ээжтэйгээ амарсан ч, аялсан ч хамт явна даа, сайхан хүмүүс бий. Манай хадмынх сайхан номын сантай байсан нь багаасаа ном унших дуртай надад их таатай байсан. Ажлаасаа ирээд л ном уншаад хэвтчихдэг байлаа. Хүүхэд байхад уран зохиолын голдуу ном уншдаг байсан бол сүүлдээ мэргэжлийн тал руугаа уншдаг болсон. Гэхдээ сайхан романуудыг бол гаргаахгүй ээ. Хамгийн сүүлд “Манан будан”, “Халуун салхи”-ны шинэ хэвлэлтийг нь худалдан авч хорь гучин жилийн дараа дахин уншлаа. Бас л өөр нүдээр, өөр өнцгөөс ойлгогдож байна лээ шүү.
Төрж өссөн төдийгүй ажил амьдралын гараагаа эхэлсэн нь таныг нутаг амьтай нэгэн болгожээ дээ...
-Ер нь тийм, би чинь амарсан ч, аялсан ч Хужирт шүү дээ. Миний хүн “Монгол Улсад үзэх өөр олон сайхан газар бий шүү дээ, тийшээ, ийшээ явмаар байна” л гэдэг. Нэг удаа бөөн юм болж байж Архангай аймгийн Цэнхэрийн рашаанд очлоо.
Ёстой нэг хоноод л эртээ хөдлөөд Хужирт орсон доо. Орхон голын хойд дээр Өндөр сант хэмээх тахилгатай сайхан хайрхан бий. Би тэр их хайрхны зүрхэнд орших Бага уньтын Эргэн хэмээх өвөлжөөнд бар жилийн бар сарын бар өдрийн бар цагт гэртээ төрсөн хүн.
Манайхан “таван бар эрхшээсэн” ч гэдэг дээ. Шинийн наймны өдөр төрсөн гэдэг. Манайхаас дээш өвөлжөө байхгүй, тийм л өндөрлөг газар төрсөн. Сонирхуулахад, БНСУ-д ҮБХИС-ийн Аюулгүй байдлын сургуульд сурч байхдаа хуурай ах дүү бололцсон ах маань энэ жил Монголд зочилж, нутгаар минь очсон. Тэр дэлхийн олон орноор аялсан гэрэл зурагчин, аялагч хүн л дээ. Тэр миний төрсөн өвөлжөөнөөс ийш тийш хэсэг харж зогссоноо “Лодой, чи дэлхий харагддаг газар төржээ” гэсэн. Сонин үг шүү. Тэгэнгүүт би босоод эргэн тойрноо харахад үнэхээр бүхий л орчин гайхмаар харагдсан.
Би чинь гишгэхээсээ өмнө урьдахаа хараад, гишгэснийхээ дараа эргэж хараад л явдаг томоотой хүн биш шүү дээ. Хэн намайг юу гэх бол гэсэн айдаст хүлэгддэггүй. Яг л цэргийн дарга шиг “мориндоо мордоод л, давшиж” явсаар генерал болсон.
Оросууд “Окопный генерал” гэдэг дээ. Би ч үүндээ дуртай. Биднийг академид сонсогч байхад доктор Гавьяат багш Я.Мягмарсүрэн “Та нараас батальон өгвөл аваад байлдчих хүн байна уу” гэхэд би шууд л босоод “Хошууч Лодойдамба, би байна” гэсэн. Том хүч шүү. Багш маань “Чи чадна л даа” гээд нөгөө л чанга инээдгээрээ инээж зогссон сон.
Аливаа бүхнээс айж эмээхгүй ч сэтгэл дотроо сүсэлж, шүтэж, даатгаж явдаг ямар нэгэн зүйл байгаа даа. Хүний л амьдрал болсон хойно хатуу хөтүү, бэрх ширүүн асуудал гарна шүү дээ, тэгэхэд та юунд итгэдэг вэ?
-Би ер нь “Болно оо, болно” гэж боддог, амнаасаа тийм л үг унагадаг. Миний өвөө “Болноо” Дорж гэдэг хүн байсан. Мэдээж төрсөн нутаг усандаа ойроос ч, алсаас ч сүсэлдэг. Ер нь тэгээд мэндэлсэн өдрийн минь хувь төөрөг, тэр авшигтай нутгийн минь буян заяа түшиж явдаг болов уу. Түүнээс гадна миний хань өглөө бүр намайг арцаар ариулж, үнсээд үддэг. “Эр хүн босоо хийморьтой явахад нөлөөлдөг” гээд надаар хог ч асгуулдаггүй. Энэ бол ханийн минь зүгээс надад үзүүлж байгаа их хүндлэл, сэтгэлийн дэм юм даа.
Төрж өссөн Өвөрхангай аймгийн Хужирт сумынхаа анхны генерал юм билээ...
-Нутгийн ард түмэн минь намайг анхны генерал хэмээн хүндэлдэг, түүнд талархдаг. Гэхдээ би 2 дахь нь гэж хэлдэг. Учир нь, дэслэгч генерал Ц.Дашзэвэг Хархориных гэгддэг ч Шанхын бага сургуулиас Хужирт сумын дунд сургуульд суралцан төгссөн. Төрсөн нутаг гэж үздэггүй юм бол Хужиртын арван жилийн сургуулийн төгсөгч алдартан гэж тооцох хэрэгтэй гэж үздэг. Ингэхээр Хужиртын арван жил чинь хоёр генерал төрүүлсэн сургууль юм шүү дээ. Монгол Улсын төр, батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд бодлого зорилт, эрх зүйн шинэчлэлтийг гардаж хийсэн, бүтээсээр ч байгаа хүн шүү дээ.
Зэвсэгт хүчний 016 дугаар бригадыг дөрвөн жил удирдахдаа 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр бригадын генерал цол хүртэж байлаа. Солонгост академи төгсөж ирээд ЗХЖШ-ын ахлах мэргэжилтнээр яг 100 хоног ажиллаад Зүүнбаян руу томилогдохдоо “цэргийн дарга байх” нөгөө л хүсэл эрмэлзэл байсан болохоор дуртайяа явсан.
Зэвсэгт хүчний мотобуудлагын тусгай хороо болж өргөтгөгдөхөд нь захирагчаар нь томилогдож, тэр шүншигт хайрхны өвөрт, тэр сайхан хамт олонтой хоёр жил гар сэтгэл нийлж ажилласан. Монголын олон мянган эрсийн шандас, хийморийг сорьсон мөн ч сайхан нутаг даа. Зүүнбаянтай холбогдоогүй ялангуяа цэргийн өрх гэр ер нь бий болов уу. Намайг тэндээс Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагчаар томилогдоход манай Баянгийнхан “1996 онд хурандаа С.Баасанхүү (хошууч генерал) захирагч байгаад генерал албан тушаалд дэвшиж явсан. Түүнээс хойш 22 жилийн дараа та дэвшиж байна шүү, амжилт хүсье” гэж үдэж байсан. Ахмадуудын маань амны билэг биелж, миний бие Монгол Улсын 199 дэх генерал болсон.

Та бүр аавынхаа “өвч хуулбар” юм аа, гадаад төрх төдийгүй зан чанарын хувьд ч адилхан гэж дурссаныг тань уншиж байлаа.
-Тийм шүү, яг адилхан. Миний аав өнөөх “Болноо” Доржийн долоо дахь хүүхэд. Тэднийх дөрвөн хүү, дөрвөн охинтой айл байсан. Одоо Монгол Улсын сайн малчин Цэрэнчимэд гээд хамгийн бага дүү нь л байна. Гэхдээ бас сонин хувь тавилантай. Төрсөн эгч дүүс нэгэндээ хүүхдээ өргүүлсэн нь миний аав. Өргөмөл болохоор тэр үү, их эрх танхи, ганган дэгжин, зоргоороо залуу байсан. 7 дугаар ангиа төгсөөд Архангайн Багшийн сургуульд хуваарилагдсан ч үгүй гээд хөдөө гарсан. Цэрэгт ирээд цэргийн сувилагч болсон. Халагдаад сум орон нутагтаа нярав, тоо бүртгэгч, туслах аж ахуй эрхлэгч, тууварчин, малчин гээд л юу эсийг хийх вэ дээ. Манай ураг удмынхан, ахан дүүс аавыг минь Мандгай гэж авгайлан хүндэлдэг байсан. Манайхан нас нь жаахан яваад ирэхээрээ Мандгай болдог, би ч удахгүй Лодой Мандгай болно. Эмэгтэйчүүд нь Жаажаа, Жуужаа болоод л явна шүү дээ. Авгайлж байгаа ёсон юм даа. Аавынхаа тухай би ярих их дуртай. Аав ээж минь бидний есөн хүүхдийг төрүүлж өсгөсөн нь өдгөө бүгд сайн явцгаана. Батлан хамгаалахын Удирдлагын академи төгсдөг жил аав, ээж минь 12-хон хоногийн зайтай бурхан болсон. Аав минь зангаргатай, жудагтай, хийморьтой эр байсан даа. Өнгөрөхдөө хүртэл Шинийн тавны өдөр бүх хүүхдүүдээ цуглуулж, үнсчхээд, дээлээ тайлж тавиад, аяга цай уучхаад “Аав нь явлаа” гээд л явсан даа. Аав ээж минь хэзээ ч холдож үзээгүй болохоор бид ч зэрэгцээ нутаглуулсан даа. Бурхан болохынх нь өмнөх жил аав ээжийгээ төрсөн бууцан дээр нь аваачиж, мөн аавынхаа санаачилгаар Саманд удмынхны ургийн баярыг амжиж хийсэндээ одоо баярладаг. Ургийн баяр дээр аавын минь хэлсэн үг сэтгэлд тод байдаг. “Саманд өвөө маань тарнийн ухаан нэвтэрсэн, нутаг орондоо “Хүүхдийн лам” хэмээн хүндлэгдсэн хүн байлаа. Тэр хүний удам өдгөө 7 дахь үедээ 3000 гаруй болж өргөжин тэлжээ. Манай Саманд удмынхан их хөдөлмөрч, малч хүмүүс. Нэг л гэм байдаг нь архи зохидоггүй” гэсэн нь бий.
Та ч бас архитай холбоотой дурсамжаа илэн далангүй өгүүлснийг уншигчид, ялангуяа залуустаа дуулгачихад гэмгүй, сургамжтай санагдлаа.
-Сархад, архийг эрчүүдийн шалгуур, сорил хэмээн онгирч хүртэж явсан үе бий. Тэгж уухтай зэрэгцээд ажил, албан тушаал, карьер өгсөлтгүй, бүр уруудахад бэлэн болоод ирдэг юм билээ. Нэг л өдөр ухаараад харахад надад эхнэр хүүхэд маань л үлдсэн байсан. Ахмад цол, албан тушаалын байртай дэнжгэнэж байсан тэр үед би Онгийн голын хөвөөн дээр гэр бүл, найзууддаа “Маргаашнаас архи, пиво уухгүй” гэж амласан. Хэлсэндээ хүрснээс хойш богино хугацаанд БХЯ-нд тасгийн дарга хүртлээ дэвшиж, хурандаа болтлоо өсөж, орон байр, олон улсын ажиллагаа, академи, магистрын зэрэг, албан тушаал гээд аль аль талаараа ахиад ирсэн шүү. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага ч удирдаж үзлээ, төрийн хүндлэл алтан мөрдэс ч зүүлээ. Гэхдээ л өөрийгөө мэдэж архи ууна гэдэг шиг ташаа ойлголт байдаггүй юм шүү. Архи ямар нэг хар бараан мөр дагуулдгийг л залуус ухаарах хэрэгтэй. Хүн амьдралдаа шинэ, шинэ зорилго тавьж байх ёстойг бас сүүлийн үед ухаарч байна. Бас долоо найман жилийн дараа үр дүн яриад сууж байх байх аа.
Найз нөхөд гэсэн ойлголтын талаар та их сонин зүйрлэл хэлсэн санагдана. “Тагнуулд хамт явах хэмжээний хүмүүс бол найзууд юм” гэж...
-Тагнуулд хамт явна гэдэг чамайг шархадвал чирээд аваад ирэх, чиний араас буудахгүй, хаяад явчихгүй, үхвэл нэг дошин дээр буудуулна, сэхвэл ханиндаа харьж, үр дүнгээ харах хүмүүс юм. Чиний өмнөөс үхэж чадах маш ховор, гэхдээ л хэнд ч байдаг. Нөхөрлөлийн үнэ цэнийг нусан багын найзууд, онжавууд, цэргийн сургуулийн хэдэн нөхөд, арван жилийн ангийнхан илүү мэдрүүлсэн он жилүүд байсан. Басхүү нөхөрлөл биш долоолт байсныг ч танихад ч хангалттай хугацаа байлаа. Би аливааг дотроо хадгалж чаддаггүй, үнэн мөнийг нь шууд хэлчихдэг зангаасаа болж алдаж эндэж байсан тал бий. Багаасаа, сонсогч байхаасаа, дэслэгч байхаасаа л тийм байсан. Миний нэг найз ах дүү нартаа намайг танилцуулахдаа “Миний найз хэний ч хаалгыг өшиглөөд орчихно, бас хэний ч хаалгыг зөөлхөн хааж чадна” гэсэн нь миний мөн чанарыг оноод хэлчихсэн юм болов уу гэж сэрдэсхийж байсан. Ер нь хүн эргээд уулзах нүүртэй л амьдрах ёстой.
Таны амьдралдаа гаргаж байсан хамгийн зөв шийдвэр юу вэ?
-Отгонбаатар хурандаагийн том охинтой суусан явдал юм даа.
Таны үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх талбар бол цахим орчин, нүүр хуудас бололтой. “Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ” бичлэг тань сошиалд нэлээд хандалттай байсан. Эх орон, тусгаар тогтнол гэдэг таны сэтгэлийн орон зайд маш том байр суурь эзэлдэг болов уу гэж асуугаад хоёулаа яриагаа өндөрлөе дөө...
-Тийм баатарлаг өвөг дээдсийн амиараа төлж, цусаараа дэвтээж, ясаараа бий болгосон энэ тусгаар тогтнол минь битгий алдагдаасай. Үр хойчис минь үеийн үед хайрлан эрхэмлэж яваасай. Эцэст нь Монгол төрийн алсын хараа, бодлого чиглэл батлан хамгаалах бодлогод тулгуурлан гарч байгаасай гэж хүсдэг.

Д.ГҮНЖИЛМАА
Эх сурвалж: Соёмбо" сонин
Даваа - 03 сарын 02,
2026
Сэтгэгдэл3
Та нарын эх оронч гэж ац нь байхавдээ. Эх оронч баг зүүсэн урвагчид болсон байхчинлээ. Түүхээ мэдэхгүй. Ороzын ерөнхийлөгчид ороzоор ёсолдог, үхсэн ороz цэргийн хөшөөнд мөргөдөг урвагчид Монголын дайснууд урвагчид мөнөөсөө мөн. Ээж аавынхаа шарилд мөргөж үзээгүй мөртлөө үхсэн ороz цэрэгт хайр зарлах махан тагалцагууд хөөрхийлөлтэй. Ороz дайрч орж ирэхэд та нар хамгийн түрүүнд урвах этгээдүүд гэдгийг харлаа. Монголд хүчний байгууллагууд шинэчлэл хэрэгтэй. Ороz нохой урвагчдыг бэлтгэдэг газар байж болохгүй.
Яргачин путлерт ороzоор рапорт өгөхийг харахад үнэхээр ой гутаж жигшсээн. Монголын цэрэг гэж дэлхийд өөрсдийгөө ороzын боол гэдгийг харуулсан даа. Ардчилалсан хувьсгал ялаагүй бол та нар Украйнд очиж ясаа тавьцгаах байсан шүү. Адгийн урвагчидаа.
Тугаар улс руу халдан довтолж терроризм хийж байгаа улсын баярын өрийг Монголд тэмдэглэж урвагч гэдгээ та нар харуулсаан. 2022,02,24 онд тусгаар эрх чөлөөт Украйн улс руу ОХУЙ алуурчид халдан довтолсон юм шүү.