sonin.mn

Эрчимжсэн мал аж ахуй, байгалийн аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээрээ тодорхойлсон Булган аймгийн иргэдтэй Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нарын бүрэлдэхүүн өнөөдөр уулзлаа.

Ээлжит чуулганы завсарлагаанаар парламентаас дэвшүүлж буй эрх зүйн шинэчлэл, орон нутгийн хөгжлийг дэмжсэн зорилтот ажлууд болон “Чөлөөлье” санаачилгын талаар төвийн болон хойд бүсийн иргэдтэй санал солилцож байгаа юм.


Булган аймгийн эдийн засгийн суурь нь хөдөө аж ахуйн салбар бөгөөд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 63.5 хувийг бүрдүүлж байна. Өнгөрсөн 2025 онд тус аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 637.6 тэрбум төгрөгт хүрч, 2024 онтой харьцуулахад 6 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. УИХ-ын дарга Н.Учрал уулзалтын эхэнд “Чөлөөлье” санаачилгыг хэрэгжүүлэх дөрвөн тулгуурт чөлөөлөлтийн бодлогыг дэвшүүлснээ танилцууллаа.


Энэ хүрээнд эдийн засгийн чөлөөлөлтийг эхлүүлсэн талаараа онцлоод улсын төсвийн урсгал зардлыг бууруулж, тэргүүлэх ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг эрэмбэлэх, сахилга бат, хариуцлагыг сайжруулахад анхаарахаа илэрхийлэв. Түүнчлэн бүсчилсэн хөгжлийг урагшлуулж, төсөв, эрх мэдлийн төвлөрлийг орон нутагт чиглүүлэхийн тулд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулснаа танилцуулав. Энэ хүрээнд төсвөөс санхүүжүүлэх боломжгүй, зарлагын хязгаарт багтаагүй төслүүдийг аймаг, орон нутаг бие даан хэрэгжүүлэх боломж бүрдсэнийг дуулгалаа.


Булган аймгийн тухайд, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд аймгийн төв болон сумдад 300 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөж, барилга угсралтын ажлыг эхлүүлжээ.

УИХ-ын дарга үргэлжлүүлэн, хэт төвлөрсөн, олон шатлалт зөвшөөрлийн тогтолцоог халж, чөлөөтэй бизнес эрхлэх эрхийг баталгаажуулна гэлээ. Энэ хүрээнд Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай болон Зөвшөөрлийн тухай хуулиудын нэмэлт өөрчлөлтийг хаврын чуулганаар тус тус хэлэлцэх юм.



Түүнчлэн энэ чөлөөлөлтийн хүрээнд батлагдсан Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг иж бүрэн хангуулахад анхаарахаа илэрхийллээ. Эдийн засгийн чөлөөлөлт цаашид банк, санхүүгийн реформ, хувийн хэвшлийг дэмжсэн татварын бодлого, нийгмийн даатгалын шинэчлэлээр үргэлжилнэ гэв. Хоёр дахь зам болох Эрх зүйн чөлөөлөлт нь хууль тогтоомжийн давхардал, хийдэл, хүний эрхийн зөрчлийг арилгахаас эхлэх юм байна. Энэ хүрээнд хиймэл оюун ухааныг хууль тогтоох үйл ажиллагаанд нэвтрүүлж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад хүний эрхийг зөрчсөн зүйл, заалт байгаа эсэхийг шинжилжээ. Эдгээр зөрчлийг нэн тэргүүнд арилгахаас гадна хаврын чуулганаар хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахыг чухалчлах аж. Тэрбээр, улсын хэмжээнд гэрч, хохирогчийг хамгаалах түр байрыг нэгдсэн стандарттай болгох, хүүхэд хамгааллын төсвийг нэмэгдүүлэх ажлуудыг онцоллоо. Иймд хаврын чуулганаар Гэр бүлийн хууль болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг эн тэргүүнд хэлэлцэн батлахаар төлөвлөж байгаа гэв. УИХ-ын дарга Н.Учрал өөрийн дэвшүүлсэн дөрвөн тулгуурт чөлөөлөлтийн бодлогынхоо гуравдугаарт ногоон хөгжлийн чөлөөлөлтийг онцоллоо. Эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулж, агаар, хөрсний бохирдлыг багасгахын тулд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үндэсний хэмжээнд дэмжих 3х100 санаачилгыг тэрбээр дэвшүүлсэн. Эхний үр дүнд айлууд нарны хавтан суурилуулж, төвийн шугамд холбох процесс, журмыг хялбаршуулснаар илүүдэл эрчим хүчнээсээ орлого олдог болсон талаар Чингэлтэй дүүргийн жишээн дээр тайлбарлалаа. Мөн эрчим хүчний хэмнэлттэй сууц, стандартад нийцүүлэн дулаалсан айл, өрхөд нарны хавтан, батарей халаагуур хосолсон системийг үе шаттайгаар нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэх юм байна. УИХ-ын даргын дэвшүүлсэн дээрх санаачлагад 100 мВт хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг аймаг сумдад байгуулах ажил багтсан.



Одоогийн байдлаар салбарын яам нийт 6 аймгийн удирдлагатай энэ чиглэлд хамтран ажиллах баримт, бичгийг үзэглэжээ. Ингэснээр ногоон төсөл хэрэгжих байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, эсхүл тусгай хэрэгцээнд авч, төслийг саадгүй хэрэгжих боломжоор хангах эхлэл болж байгааг хэллээ. УИХ-ын дарга хэлэхдээ эдгээр жижиг, тархмал эх үүсвэрүүдэд түшиглэн цахилгаан автомашин цэнэглэх дэд бүтцийг цогцолбор байдлаар 100 байршилд байгуулна гэлээ. Эхний ээлжинд хувийн хэвшлийнхний төлөөлөлтэй уулзахад, бүтээн байгуулалтыг дэмжиж, хамтран ажиллахаар болсныг дуулгав. Ногоон хөгжлийн чөлөөлөлтийн хүрээнд малчдын орлогыг төрөлжүүлж, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд карбон кредитийн зах зээлийг эрх зүйн орчноор дэмжихээ ч илэрхийллээ. Бидэнд байгаа нөөц бололцоогоо бүрэн ашиглаж, цаг үетэйгээ хөл нийлүүлэхийн тулд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр бэлтгэл ажил эхэлсэн талаар тодотгож байв. УИХ-ын дарга илтгэлийнхээ төгсгөлд авлигын эсрэг чөлөөлөлтийг эхлүүлснээ мэдэгдлээ. Энэ хүрээнд шүгэл үлээгчийг хамгаалах, уул уурхайн ил тод байдлыг нэмэгдүүлэх нэн тэргүүний шаардлага байгааг дурдав. Түүнчлэн Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ гэлээ. Уулзалтад оролцсон иргэд авлига, ашиг сонирхлын зөрчил орон нутагт арилахгүй байгааг шүүмжилж, холбогдох хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаагаа хэллээ. Тэд хэрэглээний зээлийн хүү хэт өндөр байгааг шүүмжилж, банкны салбарын реформоор зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах нь чухал гэдгийг захилаа.



Цэвэрлэх байгууламж, инженерийн шугам сүлжээ, зарим сумдын авто замын ажил зэрэг зураг, төсөл бэлэн ч улсын төсөвт багтаагүй дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг шийдвэрлэж өгөхийг уламжлав. Эдийн засгийн бүтцэд мал аж ахуйн салбар зонхилж байгааг харгалзан түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулах саналыг ч дэвшүүлж байв. Эдгээрээс гадна орон нутагт ажиллах залуу боловсон хүчний хомсдол, малчдын залгамж халаа, тэдний нийгмийн асуудлыг хөндсөн. Иргэдийн асуултад УИХ-ын даргаас гадна УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Эрдэнэбат болон холбогдох албаныхан хариуллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.