sonin.mn

  “Бессмертный полк” буюу “Үхэшгүй мөнхийн хороо” олон нийтийн жагсаал Аугаа их Эх орны дайны ялалтын 81 жилийн ойн нарлаг сайхан өдөр боллоо. 

   25 сая хүний алтан амь, 1418 өдөр, шөнө бүхнийг ялалтын төлөө зориулсан хүмүүсийн хөлс, хүчээр энэ ялалт олдсон. Фашистуудын улангассан давшилтыг ЗХУ л зогсоож улмаар үүрэнд нь нухчин дараагүй бол тэд дэлхийг бүхэлд боолчлох харгис төлөвлөгөөтэй байсан гэдэг.


  Ялалтын баярын нулимстай өдрүүд алслан одох тусам фашизмыг нугасалсан түүхэн ач холбогдол, түүхэн үнэнийг үгүйсгэх хандлага үе үе цухалзах болжээ. 

   Монгол Улс Эх орны дайны эхний өдрөөс Улаан армийн ар талд бат найдвартай зогсож юу байгаа бүхнээрээ тусалж зүрх сэтгэлээрээ фронтод “тулалдаж” явсныг хойч үеийнхэн бид хэзээ ч мартах учиргүй.


  “Үхэшгүй мөнхийн хороо” жагсаалын утга учир, олныг хамрах болсон эх үндэс нь эх орныхоо төлөө амиа өргөсөн, ялалтад хувь нэмрээ оруулсан ахмад үеэ бахархан дурсахад оршиж байгаа юм.


   Уг жагсаалд оролцогсдын тоо жил бүр нэмэгдэж, шинэ агуулга, хэлбэрээр баяжиж байгаа нь олзуурхууштай. Энэ жил жагсаалын эхэнд Эх орны дайнд ард түмнээ гарамгай удирдсан “Иосиф Сталин” Газ-69 машин хөлөглөн явах нь сонин бөгөөд содон дүр төрхийг бүрдүүлэв. ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдаа аж үйлдвэрийн танхимийн дарга Валерий Александрович Кислов гайхалтай хувирч чадсан харагдлаа. Тэрээр Монголын нэгэн кинонд Сталины дүрийг бүтээж үзэгчдээс өндөр үнэлгээ авч явсан нэгэн.



Эх сурвалж: "Улаан одхон" сонин