sonin.mn

Монголын улс төрд нэгэн шинэхэн технологи мэндэллээ. Үндсэн хууль зөрччихөөд олон улсын парламентчдын хүний эрхийн хороонд хандсаныгаа “одоо миний асуудал олон улсын хяналтад орлоо” гэж сүр бадруулах, уул нь сонсоход их сүртэй юм. Сонсоход сүртэй мэдээний зорилго нь аливаа үйл явцын тухай мэдээлэхдээ биш, сэтгэгдэл төрүүлэхдээ байдаг бололтой. 


“Олон улсын байгууллага”, “анхааралтай ажиглаж байна”, “шийдвэр гарч байна”, “хяналтад орж байна” гэсэн үгсийг нэг дор овоолчихоор уншигчийн толгойд “Монголын дотоод улс төрд олон улсын дээд шүүлтүүр орж ирлээ, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр ганхлаа, одоо асуудал өөр түвшинд очлоо” гэсэн ганцхан сэтгэгдэл төрөх ёстой. Манипуляци яг ингэж эхэлдэг ажгуу.


Юу болсон гэхээр 2026 оны 4 дүгээр сарын 15-19-нд Станбулд ОУПХ-ны 152 дугаар Ассамблей чуулж, түүний хүрээнд бүх бүтэц нь, тэр дундаа Парламентчдын хүний эрхийн хороо хуралджээ. ОУПХ-ны мэдээлснээр энэ удаа тус хороо 17 улсын парламентчдын хэрэгтэй холбоотой шийдвэрүүдийг танилцуулсан байна. Өөрөөр хэлбэл Монголын асуудал ОУПХ-ны ээлжит хуралдаанаар хэлэлцсэн олон кейсийн нэг байж. 


Олон улсын ээлжит хуралд нэг кейс орсныг “Монгол Улс олон улсын хяналтад орлоо” гэж зарлаж улс төрийн томоохон сэдэв болгон сэвэх нь саяхан мэндэлсэн шинэхэн технологийн амин сүнс ажгуу. 


ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо бол үндэсний парламентын гишүүдийн эрх зөрчигдсөн гэх гомдлыг хүлээн авч хэлэлцдэг, шаардлагатай бол сонсгол хийдэг, газар дээр нь очиж ажиглалт хийдэг бүтэц юм байна. Энэ хороо эрх бүхий байгууллагуудаас мэдээлэл авч, шаардлагатай бол ОУПХ-ны Удирдах зөвлөлд шийдвэрийн төсөл оруулж батлуулдаг, гишүүн парламентуудад “парламентын эв санааны нэгдлийн” зарчмаар дэмжихийг уриалдаг аж. Өөрөөр хэлбэл энэ хороо улс төр, ёс зүйн шахалт үзүүлдэг нөлөөллийн механизм болохоос үндэсний шүүх, эсвэл Үндсэн хуулийн шүүхийн дээр суудаг дээд шатны шүүх биш. 


Тус хороо зөвхөн үндэсний парламентын гишүүдтэй холбоотой гомдлыг хүлээж авдаг, гомдол нь үндэслэлтэй харагдвал тухайн улсын парламентын спикерт мэдэгдэж, тайлбар, мэдээлэл авдаг, тэгээд хорооны дараагийн хурлаар хэлэлцдэг. Шийдвэрүүд нь ихэнхдээ олон нийтэд нээлттэй, тухайн кейсийг олон удаа дахин хэлэлцэж болно. Тэгэхээр “анхааралдаа авсан” гэдэг бол энэ процедур эхэлсэн гэсэн үг. 


Тэгвэл “хяналтад орлоо” гэдэг сүржин үг хаанаас гараад ирэв?



Хороо жилдээ гуравхан удаа, хаалттай хуралддаг. Монголын улс төрийн бүх үйл явцыг байнга хянах бололцоогүй. Хаалттай, тогтсон давтамжтай, кейс дээр суурилсан ийм бүтцийн нэрийг барьж “бид одоо олон улсын хяналтад орлоо” гэх нь логикийн хувьд хэтрүүлэг, улс төрийн хувьд зориудын сүржигнэл. 

Учир юу гэхээр энэ хороо сонсоно, асууна, тайлбар шаардана, ажиглагч явуулна, Удирдах зөвлөлдөө шийдвэрийн төсөл танилцуулж болно. Харин Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүчингүй болгохгүй, Монгол Улсын Үндсэн хуулийг өөрөөр тайлбарлахгүй, Монголын Парламентын дотоод эрхзүйн шийдлийг орлохгүй. Ажиглагч явуулахдаа хүртэл тухайн улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг авах ёстой. 


Монгол Улсын Үндсэн хуульд ч энэ талаар бүр тодорхой заасан. Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ, хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно гэж. Мөн Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно гэж тусгайлан тогтоосон. Өөрөөр хэлбэл Женевт суугаа ОУПХ Монгол Улсын Үндсэн хуулийн маргааныг эцэслэн шийдэхгүй. 


Түүнээс ч илүү тодорхой заалт бий. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлд Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх талаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргана гэж заасан. Тэгэхээр УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой асуудлыг ОУПХ ажиглаж болох ч үндсэн эрх бүхий тайлбарлагч нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгаа. 


Яг үнэндээ бол Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт Х.Булгантуяа 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдааныг даргалахдаа санал хураалтын томьёоллыг буруу тавьж, Үндсэн хуулийн 43.1-ийг зөрчсөн, мөн гишүүдийн асуулт асуух, үг хэлэх эрхийг эдлүүлээгүй, хязгаарласан гэж дүгнэсэн хэсгүүд бий. Түүнчлэн түүний даргалсан хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай 95 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн 1.2, 43.1-ийг зөрчсөн гэж тус шийдвэрт тэмдэглэгдсэн байна.

 

Өөрөөр хэлбэл энд “юу ч болоогүй, зүгээр л нэг улс төрийн дайралт” гэсэн тайлбар албан ёсны шийдвэрийг үгүйсгэж чадахгүй. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр бол эрүүгийн ял биш. Үндсэн хуулийн зөрчил тогтоосон эрхзүйн дүгнэлт. Харин улс төрийн хар пиар үүнийг эсрэгээр нь ашиглаж энэ кейсийг эрүүгийн хэрэг болголоо, гэмгүй хүнийг яллачихлаа гэж туйлширч байна. Энд ганцхан зүйл хөдөлшгүй, Цэцийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн гэдгийг нь тогтоосон, Үндсун хууль зөрчсөнийг ОУПХ-ны процедураар цагаатгахгүй.


ОУПХ-ны процедурын хувьд дүрэмд нь “өөрийн улсын кейс дээр хөндлөнгийн зарчим мөрдөгдөнө” гэсэн заалт байгаа. ОУПХ-ны одоогийн бүтцэд Монгол Улсаас төлөөлөл байгаа бол өөрийн улсын парламентын гишүүнтэй холбоотой кейс дээр зарчмын хувьд хэлэлцүүлэг, шийдвэрт оролцохгүй. 


Нөгөө талаар ОУПХ өөрийнхөө үүргийг “парламентын эв санааны нэгдлийн” зарчмаар дэмжлэг үзүүлэх гэж тайлбарладаг. Энэ нь эрхзүйн албадлага биш, улс төр, ёс зүйн нөлөөлөл гэсэн үг. Монгол хэл рүү шууд хөрвүүлбэл, санаа зовниж байна, гэхдээ шийдвэрийг хүчингүй болгохгүй, уриалж байна, гэхдээ тушаахгүй, хэлэлцэж болно, гэхдээ шийтгэж чадахгүй. 


Тэгэхээр “ОУПХ хяналтад авлаа” гэж дотоодын уншигчдыг айлгаж, эсвэл догдлуулж бичих нь бодит эрх мэдлийг биш, нэр томъёоны сүрийг ашигласан улс төрийн маркетинг. 


Одоо энэ асуудлыг Ерөнхийлөгчийн санаачилсан Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөлтнй холбож баахан сэвэх юм байна л даа. Парламентын хэлэлцүүлэг дээр гишүүд өөрсдөө хүртэл энэ төсөл парламентын дархлаа, төлөөллийн зарчим, Үндсэн хуулийн зохицуулалттай хэрхэн уялдах талаар маргаж байна. Өөрөөр хэлбэл энэ бол Монголын дотоодын томоохон эрхзүйн мэтгэлцээн. 


ОУПХ хороо энэ асуудлыг кейсийн хүрээнд дурдаж магадгүй. Дүрэмдээ тодорхой кейсийг шийдвэрлэхийн тулд өргөн хүрээний улс төр, парламентын сорилтуудыг онцгой тохиолдолд авч үзэж болно гэж заасан байна. Тэгэхээр энэ хуулийн төслийг ишилж магадгүй, манай парламентад захидал явуулж магадгүй, санаа зовниж байгаагаа илэрхийлж магадгүй.


Гэвч Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлд заасан эрх мэдлийг ОУПХ өөр дээрээ татаж авч чадахгүй. Энэ ялгааг зориуд бүдгэрүүлж байгаа бол тайлбар биш, тархи угаалт. 


Манай улс төрийн попролт угаасаа хэрээс хэтэрсэн. Өнөөдөр дахин нэг шат ахиж байна. Эхлээд хувь хүн рүү дайрдаг байсан, дараа нь инститүцээ муулж, муухай харагдуулахын тулд юу ч хийхээс буцахгүй болсон. Өнөөдөр бүр Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээ гаднын байгууллага руу барьж гүйдэг болж. Энэ бол улс төр биш, хариуцлагаас бултах ов мэх. Энэ бол эрхзүйн маргаан биш, өөрийнхөө хийсэн үйлдлийг бусдад нялзаах гэсэн арчаагүй оролдлого. Монгол төрийн дархлаа болсон Үндсэн хуулийн цэцээ хүртэл гадаадын байгууллагын өмнөөс сөргүүлэн тавьж, нэр хүндийг нь сэвтээж суугаа нь үнэхээр эмгэнэл. Аргаа барахдаа аавыгаа барьж өгнө гэж чухам энэ ажгуу.



Б.Хүрэлбаатар