sonin.mn

СОФИ, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /BTA/. Болгарын парламентын ээлжит бус сонгуульд тус улсын Ерөнхийлөгч асан Румен Радев тэргүүтэй зүүн төвийн үзэлтэй "Прогрессив Болгар" эвсэл тэргүүлж байгааг экзитполын (санал өгөөд гарч буй иргэдийн дунд явуулсан судалгаа) дүн харууллаа.




Ням гарагт болсон сонгуулийн саналын хуудсыг зэрэгцүүлэн тоолсон дүнгээр тус эвсэл нийт саналын 45 орчим хувийг авчээ. Ингэснээр 240 суудалтай парламентад 120-оос дээш тооны буюу олонхын суудлыг авч магадгүй байна.




Сонгуулийн босго болох 4 хувийг нийт дөрвөөс таван нам, эвсэл давсан байна. "Прогрессив Болгар" эвслийн араас Ерөнхий сайд асан Бойко Борисовын удирддаг баруун төвийн үзэл баримтлалтай "Болгарын Европын хөгжлийн төлөөх иргэд" (ГЕРБ), "Өөрчлөлтийг үргэлжлүүлье – Ардчилсан Болгар" (ПП-ДБ) эвслүүд хоёрдугаар байрын төлөө өрсөлдөж байгаа бол "Эрх чөлөө, эрхийн төлөөх хөдөлгөөн" (ДПС) удаалж байна. Харин "Вазраждане" нам 4 хувийн босгод хүрэхгүй байгаа бол "Болгарын Социалист нам – Зүүнтнүүдийн нэгдэл" эвсэл парламентад суудал авч чадахгүй нь тодорхой болжээ.




Гадаадад байгаа иргэдийн санал хараахан ирээгүй байгаа тул эцсийн дүнд өөрчлөлт орж магадгүй юм.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг