sonin.mn

Энэ хорвоод гайхалтай юмс олон, бүр хэтэрхий олон. Ганцхан жишээ дурдая: Амьд амьтны орчиндоо зохицох чадвар, яг таг зохицсон бодит байдлууд. Ямар ч орчинд, хаана л бол хаана амьд биетүүд байдаг нь гайхамшиг. Бүх макро амьтны биенд микро биетүүд амьдардаг. Усанд (бүр далайн ёроолд), газар дээр, доор, агаарт, цөмийн туяанд хордсон орчинд ч амьд биет байж л байх жишээтэй.


Амьд амьтны үржих чадвар ч гэсэн орчин, нөхцөлдөө биширмээр зохицсон байдаг. Манай таван хошуу мал гэхэд л ямар билээ дээ? Идэх, уухаа, хээл авах, төрөх цаг үеэ хүртэл яг л байгаль, цаг ууртаа тохируулчихсан, судлаад тогтоочихсон юм шиг л оновчтой байдаг нь гайхалтай...


Зарим амьтны эр нь гайхмаар дэгжин, гоёмсог, гэтэл зарим амьтны зөвхөн эм нь гоёмсог. Жишээ нь эр тогос. Эм нь ердийн нэг эм тахиа мэт. Энэний нарийн учрыг хүмүүс бид мэдэхгүй. Зарим амьтныг өсгөж үржүүлэх гэж байгаль онцгой ихээр хичээсэн, бүр “авлига аваад онцгой эрх, дарх олгосон” мэт санагдахаар байдаг нь сонин. Жишээ нь хүн. Эмэгтэй хүн 45 хүртлээ бараг 400 шахам хүүхдийн ээж байх боломжтой. Сар бүрд жирэмслээд, хүүхдээ тээгч инкубаторт, роботод шилжүүлж өгөөд байвал тэр шүү дээ...


Гэхдээ эмэгтэй хүний биений юм 45 хүртэлх насанд нь зөвхөн 70 орчим удаа л ирдэг байсан цаг үе бас байжээ. Энэ тоо аажмаар нэмэгдсээр 300 гаруй удаа болж өсчээ. Энэний учир, шалтгаан юу юм бэ?... Шоргоолжны үүр дэх, мөн зөгийний үүр дэх амьдрал тэр чигээрээ л гайхамшиг.


Бактери, вирусын амьдрал ба хувьсал ч гэсэн бас л оньсого, гайхамшиг. Корона вирусыг хар л даа яаж хувьсаж, үлдэж чадаж байна аа! Хүний хоол боловсруулах зам дагуух процесс ч гэсэн гайхамшгаар дүүрэн. Аманд орсон хүнсний зүйл няцлагдах, норж зөөлрөх, зохих хэмжээнд ариутгагдах, улаан хоолойгоор чөлөөтэй дамжин өнгөрөх боломжтойгоор залгигдах – зөвхөн энэхэн хэсэг гэхэд л гайхамшгаар дүүрэн юм. Идэж болох зүйлүүд бүгд л элдвээр бохирлогдсон, бактери, вирус агуулсан байдаг. Энэнийг мэдсэн юм шиг хүний аман дотор тэдгээрийг устгах үүрэгтэй “цэргүүд” (шүлс, салст, дархлааны эсүүд) ажилладаг.


Үнэнийг хэлэх аваас хүний амны хөндий бол хамгийн бохир орчин юм. Чухам тиймийн учир өвөг дээдэс маань хүүхдээ “үнэрлэж үнсэж” байжээ. Уруулаа нийлүүлж, шүлсээ хольж үнсэлцэх нь олон бактери, вирусыг нэгэндээ дамжуулах арга, зам мөн. Наад зах нь л хеликобактерийн халдвар шүлсээр дамждаг.


Хүний аман дахь залгиур хоолойг тойроод дархлааны эсийг, шүлс, салстыг ялгаруулж бактери, вирусыг устгадаг булчирхайны систем байрладаг. Хэлний өнгөрийн нэг хэсэг нь устгагдсан бактери, вирус юм. Хэлээ өглөө болгон хусаж мөнхүү өнгөрийг гаргаж хаяж байх ёстой. Хамрын нүхээ угаах, нусаа нийх мөн л бактери, вирусыг зайлуулж байгаа үйлдэл. Хүний хамар, хоолой, чих хоорондоо холбоотой болохоор аль алины нь цэвэрлэгээ үрэвслээс, бүр менингитээс сэргийлэх ач холбогдолтой. Хөхтөн амьтдын хамгийн их хөгжилтэй зүйл, төрлүүд Төв Азид л үүсэж, хувьсаж ирсэн нь Төв Ази бол амьтны хөгжлийн төв цэг, өлгий нутаг гэдгийг нотолгоо юм. Чухам тийм болохыг гэрчилдэг олон баримт буй. Жишээ нь адуу гэдэг гайхамшигтай амьтан мөн л Төв Азийн бүтээгдэхүүн юм. Америк, Австрали, Африкт адуу Азиас л хожуу тархжээ. Онгоцны, машины мотор бол тун ч нарийн, нандин бүтээлүүд. Гэхдээ амьтны биетэй (тархи, толгойтой) харьцуулахад даан ч энгийн зүйл шүү дээ! Амьд амьтан, хөхтөн амьтад зөвхөн, ганцхүү байгалийн урт удаан (олон тэрбум гэе) хувьслаар л бүтэх, гарч ирэх зүйл юм. Роботууд яаж ч боловсронгуй болоод хүний зэрэгт, ядаж л амьтны зэрэгт хүрнэ гэдэг бараг л боломжгүй.


Байгалийн хувьсал ба хүний бүтээл бол огт өөр өөр арга, зам болно. Энэ хоёр арга, зам алс ирээдүйд ч нийлээд нэг арга, зам болчихгүй. Хоорондоо их, бүр их ойртож л болно. Наад захын том ялгаа, зөрөө гэхэд л нэг нь органик эх үүсвэртэй, хувьсал ба хөгжлийн олон тэрбум жилийн түүхтэй.


Нөгөө нь органик бус эх үүсвэртэй, үүх түүх нь одоо л эхэлж байна. Нэгний нь эзэн, бүтээгч мөнх настай байгаль өөрөө, нөгөөгийнх нь эзэн, бүтээгч өөрөө ч мөнх бус, цаг зуурын төдий л амьтан, хүн шүү дээ... Органик молекул, эд эс, гений систем мэтийг роботод юу орлох юм бэ? Хүний мэдрэлийн 85 тэрбум эс, тэдгээрийн ойлгох, танихад ч бэрх үүрэг, функцийг юугаар орлуулна аа? 100-140 жил тасралтгүй ажиллах чадвартай, цахилгаан гүйдэл сэдээгчтэй зүрхийг бүтээх, үүрэг, функцийг нь роботод ашиглах боломж буй болох уу? Орчиндоо зохицох аргаар, орчноо хэрэглэх аргаар, зүйлийнхээ оршлыг үргэлжлүүлэх, нөхөн үйлдвэрлэх аргаар, байгалийн шалгарлыг даван давсаар, үлдэн үлдсээр, гал, ус, салхин галвуудыг гэтэлж, гаталсаар ирсэн амьтан бүхэн гайхамшиг юм. Монгол адуу гэхэд л нэгэн том гайхамшиг. Нутагруугаа гүйж байгаа морьдын ухааныг, чадавхыг үнэлэхгүй байж болохоор уу? Энэ үйлдлийн нь цаад нарийн учрыг адууг гаршуулаад, 6-7 мянган жил эзэн нь болоод амьдарч ирсэн монголчууд бид ч яг таг тайлбарлачихаж чадахгүй байгаа юм. Үйлдвэрлэгдсэн улс оронруугаа гүйх робот гарах болов уу?




Судлаач, профессор Д.Чулуунжав