sonin.mn

ТОКИО, 2026 оны тавдугаар сарын 4 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ тус улсын Үндсэн хуулийг шинэчлэхээр төлөвлөж байгаагаа ням гарагт дахин мэдэгджээ. Дайны дараах үндсэн хууль нь "цаг үеийн шаардлагатай уялдан тогтмол шинэчлэгдэж байх ёстой" гэж тэрбээр онцолсон байна. Японы Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан үндсэн хуулийн шинэчлэлийг дэмжигчдийн цуглаанд зориулан дүрс бичлэгээр хийсэн мэдэгдэлдээ Такаичи оруулж болох нэмэлт өөрчлөлтүүдийг олон нийтэд тууштай тайлбарлан таниулна гэдгээ дурджээ.


Түүний хэлснээр, эрх баригч Либерал Ардчилсан нам (ЛАН) парламент дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, бусад намуудын дэмжлэгтэйгээр шийдэлд хүрэхийг зорьж байгаа аж.


"Kyodo" агентлагаас саяхан явуулсан санал асуулгаар япончуудын 73 хувь нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа намууд хоорондын өргөн хүрээний зөвшилцлийг нэн тэргүүнд тавих ёстой гэж үзэж байна. "Хэлэлцүүлгийг зөвхөн хэлэлцэхийн тулд явуулах ёсгүй. Улс төрчид иргэдийн итгэлийг хүлээж, үр дүнд хүрэх хэлэлцүүлэг явуулах үүрэгтэй" гэж Т.Санаэ онцолжээ.


Консерватив "шонхор" гэгддэг Т.Санаэ Дэлхийн II дайн дууссанаас хойш мөрдөгдөж буй Үндсэн хууль анхны өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна. Шинэчлэлийн хамгийн чухал хэсэг нь Японы дайн хийх эрхээсээ татгалзсан заалт буюу тус улсын дайны дараах энх тайвныг эрхэмлэх үзлийн үндэс болсон 9 дүгээр заалт юм.


Нэмэлт өөрчлөлтийг батлахын тулд парламентын хоёр танхимын гишүүдийн гуравны хоёрынх нь дэмжлэг шаардлагатай. Үүний дараа бүх нийтийн санал асуулгаар олонхын дэмжлэг авах ёстой. ЛАН хоёрдугаар сард болсон сонгуулиар Төлөөлөгчдийн танхимын суудлын гуравны хоёрыг авсан бөгөөд холбоотнуудын хамт Зөвлөхүүдийн танхимд мөн энэ босгод ойрхон байгаа юм.


Ням гаргийн цуглааны үеэр Сайд нарын танхимын тусгай зөвлөх асан Танигүчи Томохико гол заалтуудад анхаарлаа төвлөрүүлэхийг уриалжээ. "Гол асуудал бол 9 дүгээр заалт юм. Хоёрдугаарт тавигдах асуудлууд руу орж, гол сэдвээсээ хазайхгүй байх нь чухал" гэж тэрбээр хэлсэн байна. 


Үүний зэрэгцээ одоогийн Үндсэн хуулийг хамгаалах зорилготой жагсаал, цуглаанууд орон даяар өрнөж, сошиал сүлжээнд ч ихээхэн дэмжлэг авчээ. Токио хотод болсон ийм нэгэн цуглааны үеэр нийтлэлч Ёшиока Синобү төрийн далбааг гутаан доромжилсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай эрх баригчдын санаачилгыг шүүмжилжээ. "Би Үндсэн хуулиа өөрийн хүүхэд шиг хайрлан хамгаалж, дараагийн үедээ өвлүүлэн үлдээмээр байна" хэмээн дайныг биеэр туулсан 87 настай Ватанабэ Харүка Осака мужид болсон цуглааны үеэр хэлсэн байна. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг