sonin.mn

“Туушин” зочид буудлын “Сүлд” бизнес танхимд “Эдийн засгийн бүрэн эрхт байдал: Дэлхийн хямралын үеийн Евразийн туршлага” олон улсын форум боллоо. Арга хэмжээг “Цаг хугацааны хэлхээ” төрийн бус байгууллага зохион байгуулав. Форумд Монгол, Киргиз, Орос, Хятад, Казахстан, Беларусийн уул уурхай, олборлох салбарын төлөөлөгчид, мөн мэргэжилтнүүд, экологичид, олон нийтийн зүтгэлтнүүд оролцлоо.


Монголын уул уурхайн мэргэжлийн зөвлөлүүдийн холбооны удирдах зөвлөлийн тэргүүн, уул уурхайн асуудал эрхэлсэн сайд асан, доктор, профессор Д.Цогбаатар болон Киргиз Улсын “Кумтор” УУҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал Бекбосун Жакшылыкович Апсатаров нар үг хэллээ. Бидний анхаарлыг татах нь Б.Апсатаровын хэлсэн үг байлаа.


Кумторын жишээ


“Олборлох салбарын бүрэн эрхт байдал: Тохиолдол ба сургамж” сэдэвт эхний хэлэлцүүлгийг нээж Бекбосун Апсатаров Киргизийн хамгийн том алтны ордыг үндэсний мэдэлд хэрхэн шилжүүлсэн талаар илтгэл тавив. 1997 оноос хойш уг үйлдвэр ойролцоогоор 430 тонн алт олборлож, зарим жилүүдэд дангаараа улсын ДНБ-ий 10 хүртэл хувийг бүрдүүлж байжээ.


Илтгэгч 2021 оны 5-р сард Киргизийн Жогорку Кенеш (дээд зөвлөл буюу парламент) “Кумтор Голд” компанид гадаад удирдлага тогтоох тухай хуулийг экологи, татвар, корпорацийн засаглалын хуримтлагдсан зөрчлийн улмаас баталснаа дурдав. Ялангуяа Лондонгийн хөрөнгийн биржтэй холбоотой үе шатад онцгой анхаарал хандууллаа. Тэрээр хэлэхдээ “Маргааныг шийдвэрлэх явцад Киргиз улс Лондоны хөрөнгийн биржийн арилжааны хандалтаас хасагдсан. Энэ бол шууд институцийн дарамт байсан. Бид үүнийг давж гарсан, шийдвэрээсээ буцаагүй. 2022 оны 4-р сард “Дэлхийн эвлэрлийн гэрээ”-нд гарын үсэг зурсны дараа хандалт сэргэсэн” гэлээ.


Хэлэлцээрийн үр дүнд “Centerra Gold” компани үйлдвэрийнхээ хувьцааг 100 хувь Киргиз улсад шилжүүлж, 86 сая ам.долларыг төлсөн бөгөөд үүний 50 саяыг нь байгаль хамгаалах санд хуваарилжээ. Талуудын гурван тэрбум ам.доллараас дээш хэмжээтэй харилцан нэхэмжлэлүүд арбитрын шийдвэргүйгээр хаагдсан. Үндэсний мэдэлд шилжсэн цагаас хойш уурхайн орлого ойролцоогоор 3.4 тэрбум ам.долларт хүрч, 17 жилийн хугацаатай, 147 тонн алтны нөөцтэй гүний олборлолтын төсөл эхлүүлжээ.


Кумтор ба Оюутолгойг харьцуулах нь:


Б.Апсатаров Киргиз ба Монголын туршлагыг шууд харьцуулан ярив. Түүний хэлснээр, 2009 онд Монгол Улсын Засгийн газар, хожим “Рио Тинто”-д нэгдсэн “Айвенхоу майнз” компанийн хооронд байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монголын УИХ удаа дараа хүчтэй шүүмжилсэн. Шинжээчид үндэсний хууль тогтоомжийн зөрчил, улс оронд өгөөжгүй ашиг хуваарилалтын бүтэц, бодит орлогыг олон жилээр хойшлуулсан ногдол ашгийн нөхцлийг онцолж байв.


1990-ээд оны ашиггүй гэрээнээс татгалзаж, байгалийн баялгаа эзэмшүүлсэн компанийг буцаан авах хүртэлх замыг зөвхөн Киргиз ч туулсан юм биш. Монгол улс асуудлыг тавьсны дагуу 2022 онд “Рио Тинто” нь төрийн хувьцаа эзэмшигч “Эрдэнэс-Оюу толгой” компанид оногдох зардлын хэтрэлт 2.4 тэрбум ам.долларын өрийг цуцалж, талууд түншлэлээ дахин эхлүүлснээр ижил замыг туулсан. Энэ бол зөөлөн нөлөөгөөр “бүрэн эрхт байдлаа хангасан" явдал байв. Өнөөдөр Монголын парламент гэрээний цаашдын нөхцлийн талаар хэлэлцэж байна. Энэ хэлэлцүүлэгт манай туршлага шууд хэрэгцээтэй гэж би үзэж байна», гэж илтгэгч тэмдэглэв.


Б.Апсатаров сүүлийн саруудад олон улсын түвшинд өргөн цар хүрээнд яригдаж буй нөхцөл байдалд мөн дурдав. 2026 онд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн Америкийн санхүүч Жеффри Эпштейний цахим захидал харилцаанд Монголын албаны хүмүүстэй олон жилийн турш харилцаж байсан баримт, 2013 онд ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржтэй уулзсан явдал, түүнчлэн Улаанбаатар ба “Рио Тинто”-гийн харилцаанд шууд нөлөөлсөн зөвлөлдөөн зэргийг хөндсөн юм. “Энэ хэмжээний гэрээг дараа нь асуулт дагуулж буй зуучлагчдын оролцоотойгоор бэлдэж байсан. Энэ нь зөвхөн Монголын сургамж биш. Энэ бол бүхэл бүс нутгийн сургамж, хэлэлцээрийн ил тод байдал нь үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг юм” гэж Б.Апсатаров онцлов.


Монголын зэсийн салбар ба стратегийн орд


«Монголын зэсийн үйлдвэрүүдийн өрсөлдөх чадвар ба цаашдын хөгжлийн хэтийн төлөв» сэдвээр Монголын экспортлогчдын холбооны тэргүүн, доктор, профессор Д.Галсандорж илтгэл тавилаа. Хөрөнгө оруулалт татах ба үндэсний хяналтын тэнцвэрийн талаарх модерацилагдсан хэлэлцүүлгийг А.Даваасүрэн удирдав.


“Оюутолгой”, “Таван толгой” ордыг удирдаж байсан Монголын туршлагыг «Эрдэнэт үйлдвэр» ТӨҮГ-ийн маркетингийн хэлтсийн дарга асан, доктор Д.Галбаатар болон «Эрдэнэт үйлдвэр» ТӨҮГ-ийн худалдан авах ажиллагааны газрын тэргүүлэх мэргэжилтэн, доктор (Ph.D) Б.Гөлгөө нар танилцуулав. Илтгэгчид “Эрдэнэс-Оюу толгой” компанийн төсөлд эзэмшиж буй 34 хувийн хувь нь институцийн нэмэлт хамгаалалт шаардаж буй бөгөөд татвар, ногдол ашгийн хуваарилалтын асуудал нээлттэй хэвээр байгааг тэмдэглэв.


Дэлхийн эдийн засгийн дефрагментаци:


Хоёрдугаар хэлэлцүүлгийг «Цаг хугацааны хэлхээ» ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Энхжаргал «Дэлхийн эдийн засгийн дефрагментаци: Евразийн нутаг дэвсгэрийн өмнөх эрсдэл ба боломжууд» сэдэвт илтгэлээрээ нээлээ. Илтгэгч эдийн засгийн бүрэн эрхт байдлын Монголын нөхцөл, дэлхийн үйл явцад Евразийн хариу үйлдэл, мөн Кумторын жишээний бүс нутгийн ач холбогдлыг авч үзэв.


Беларусийн Төв ба Зүүн Азийн орнуудтай олборлох салбарт хамтран ажиллах боломжийн талаар Монголын инжинерийн «Калакспар» компанийн техникийн захирал Александр Сергеевич Соловьёв илтгэл тавилаа.


Экологийн асуудал


Экологийн хариуцлагад зориулсан гуравдугаар хэлэлцүүлэгт Бекбосун Апсатаров Кумторыг боловсруулсны экологийн үр дагаврын талаар илтгэл тавилаа. Киргизийн төрийн комиссын мэдээллээр 2011 он хүртэл Давыдов, Лысый мөсөн голууд дээр ойролцоогоор 1 тэрбум тонн хаягдал чулуулаг хаясан байна. Гадаадын хөрөнгө оруулагчид удирдаж байх үед илэрсэн ноцтой тохиолдлуудын дотор илтгэгч 1998 оны 5-р сард Барскоон тосгоны ойр орчимд натрийн цианидын асгарсан явдлыг нэрлэв. Апсатаров ЕАЭЗХ, ШХАБ, БРИКС-ийн хүрээнд уул уурхайн олборлолтод нэгдсэн хамгийн энгийн экологийн стандарт боловсруулах санаачилгыг дэвшүүлж, түүнийг Киргиз-Монголын хэлэлцээрээс эхлүүлэхийг санал болгов.


Монголын уул уурхайн олборлолтын экологийн аюулгүй байдлын стандартын талаар ШУТИС-ийн уул уурхайн технологийн тэнхимийн багш, доктор С.Нандинцэг, Ж.Ижилмаа нар илтгэл тавив. Орос, Хятадын уул уурхайн салбарт ногоон технологи нэвтрүүлсэн туршлагыг цахимаар ОХУ-ын Бүгд Найрамдах Хакас Улсын тэргүүний Хятадын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Михаил Александрович Крутских танилцууллаа. Уул уурхайн төслүүдийн эргэн тойронд амьдардаг орон нутгийн иргэдийн хөгжлийн талаар «Эртэч Наран» компанийн мэргэжилтэн, доктор Ж.Сэрсмаа илтгэл тавьлаа.


Дүгнэлт:


Форум дугуй ширээний хэлэлцүүлгийн хэлбэрээр, урьдчилан бичигдсэн илтгэлүүд, модерацилагдсан хэлэлцүүлгийн хамтаар явагдав. Ажлын үр дүнд тунхаглал гаргаж, санамж бичиг байгуулах ёслол боллоо. Оролцогчид үндэстэн дамнасан операторуудтай ажиллах практик туршлага, экологийн зохицуулалт, үндэсний инженерийн сургуулийг хөгжүүлэх талаар тогтмол солилцоог үргэлжлүүлэхээр тохиролцов.