sonin.mn

“Евразийг бүхэлд нь доорд үзэх, басамжлах, тэр дундаас оросуудыг үзэн ядах нь Хойд Америк, Баруун Европын элит давхрааныхны зуршил, өвчин шахуу болчихож” гэж нэг судлаач нөхөр маань ярилаа. Саяхан тэр хүн уг бүс нутгуудаар аялж яваад ирсэн юм. Энэ үгнээс улбаалан бид хоёр америкчуудын талаар нэлээд ярилцлаа. Товчхон сонирхуулъя.


Америкчууд гэж хэн бэ? АНУ ямар онцлогтой улс орон бэ? Өнөөдрийн америкчууд бол 500 орчим жилийн өмнөөс шинэ тивд нүүдэллэн очсоор байсан Европын цагаачдын үр сад, олон угсааны эрээвэр хураавар хүмүүс, үхрийн бөөр мэт алаг ард түмэн. Тэдэнд төр засаг, ёс суртахууны нэгдсэн, түүхэн том уламжлал байхгүй, олон зууныг дамнан, туулан эцэслэн, зүгширч чадаагүй шахам байгаа нийгмийн өвөрмөц нийтлэг. Харьцангуй биеэ даасан засаг захиргаа бүхий 50 штат 200 гаруй жилийн өмнө нэгдэж орчин цагийн Европын Холбоотой адилтгам улсыг анх үүсгэжээ. Үнэндээ бол бат бэх биш, хэврэг талдаа л төр улс. Нөхцөл нь бүрдвэл хэдэн ч хэсэг болж хагарах магадлалтай...

Америк тивийн уугуул хүн зоны хувьд “түрэмгий цагаачид, булаан эзлэгчид, алан хядагчид” хэмээгдэн жигшигдэж байсан тэр хүмүүс өнөөгийн америкчуудын өвөг дээдэс нь. Европоос ирсэн цагаач нарын дундаас тодорсон гэгдэх элит давхраа нь индианчуудын цус, негрүүдийн хөлс, хүчээр анх баяжсан хүмүүс. Тэдний олонхи нь хөдөлмөрлөж олсон хөрөнгөөр бус тонож, дээрэмдэж авсан хөрөнгөөр, булааж өмчилсөн газар, баялагаар л боолын эзэд болцгоосон нь үнэн. Боолчлох, боолын эзэд байх эрхээ тэд хамгаалж, иргэний дайн дэгдээж, олон мянган хүний амь насыг ч хохироож байв. 


Нэгдсэн штатуудын төв төр нь дөнгөж л 250 жилийн түүхтэй, тэр охорхон түүхэнд нь эзэн улс нь байсан англичууд ч тохуурхалтай ханддаг, элдвээр ашиглахыг боддог нь ч баримттай зүйл.


Саяхны жишээ гэхэд л Трампын Их Британид хийсэн айлчлалын үеэрх Английн зарим хэвлэлийн тоглоом, шоглоом. Дипломат ёс, протокол зөрчсөн түүний үйл хөдлөл нэг бүрийг элэглэн үзүүлж, хошигнон мэдээлж байлаа. 

Улстөрийн хоёр том нам нь төрийн эрхэнд ээлжлэн ордог хэдий ч тэдний үйл ажиллагааг далдуур, нууцаар гүний төр засаг нь л чиглүүлдэг, залдаг. Голлох салбарын олигархиуд, банк-санхүүгийн томчууд л гүнийн төр засгийн эзэд байдаг. Төр, засгийн сонгуулийн үеэр тэд хоёр намыг хоёуланг нь ил далд дэмждэг, хандив өгдөг. Ингэхлээр ялсан нам бүхэн л гүнийн төр засгийн гар хөл болдог. Ийм технологийг гаргууд эзэмшсэн олигархиуд, сионистуудын хаанчлал л АНУ-д ноёрхдог. Энэ технологийг манай олигархиуд ч хуулбарлан хэрэглэж ирсэн нь үнэн. АНУ дахь ардчилал, ардчилсан төр засгийн үлгэрлэл гэж энэ дээ! Энэ жишгээр ажиллаж, амьдраад бид хаана хүрэх бол?


Ер нь энэ жишээ бидэнд зохих уу? Ингэж бодох, тооцох ухаан “Ардчиллын алтан хараацайнууд” гэгдэж нэрлэгдэх дуртай манай ангаахайнуудад өнөөдөр ч гэсэн алга хэвээрээ л байгаа нь бас нэгэн үнэн. Тэд маань гэнэхэн, тэнэгхэн, хөөрхийлөлтэй хэвээрээ л байгаа... Хэзээ хөрвөжих юм бол, хэрхэн төлөвших юм бол?


Тив хоорондын түрэмгий эвсэл – НАТО-гийн баруун жигүүр нь америкийн нэгдсэн штатууд, зүүн жигүүр нь Европын улсууд, нийлээд “махчин шувуу (харцага)” болж төлөвшлөө, бас алдаршлаа. Тэд бол баруун талаасаа сионистууд, зүүн талаасаа нацистууд, нийлэхээрээ ультра глобалистууд, фашистууд, неофашистууд гэж үнэлэгдэхэд хүрээд байна. 

АНУ-ын дайны яам, мөн НАТО гэгдэгч дайны яам нийлж нэгдээд 5, бас 10 жилийн дайны төлөвлөгөө боловсруулж байгаа гэж цуурхах ч болов. Үнэн ч байж мэдэх юм. Итгэл даахааргүй л хүмүүс, хүч...

Зарим үед АНУ-ын төр засаг нь цөөн хэдэн (тив дамнасан) том корпорациудын мэдэлд байгаа, тэдний төлөөлөгчдийн байгууллага юмуу даа гэж бодогдохоор болчихдог. Яг тийм болох нь ч батлагдсаар л байдаг. Тэр шинжээсээ болоод улсынхаа ерөнхийлөгчийг ч хөнөөж байсан удаатай, хүчээр шахам, заримдаа булхайгаар улируулан сонгож ч байсан тохиолдол бас буй. Зөнөчихсөн нэгнийг ч улируулан сонгох гэж оролдож байлаа. Булхай, луйварт ч олон хувилбар, цөөнгүй арга, мэх байдаг л даа... Зальхай элитүүд нь Европод ч, Ойрхи Дорнотод ч арга бүхнийг хослон, угсруулан хэрэглэсээр олон ч төр улсаар тоглочихлоо. Хуурч ч ханахгүй юм, хууртаж ч бас ханахгүй юм.


х           х           х


Америкийн бүх штат, дээр нь Баруун Европын бүх орон, бас Канад нэмэгдээд, Азиас Япон, Өмнөд Солонгос оролцоод, цаана нь бас Австрали хамжилцаад нийлсэн, нэгдсэн хүчээрээ Оросын эсрэг тэмцэх, дайтах нь үнэхээрийн сонин үзэгдэл. Баруун Европын орнууд дээр Канад нэмэгдэхэд л тэд ердийн зэвсгээр Оросоос 2-3 дахин давуу байлаа. 2025 оны мэдээгээр тэд цэргийн зардалдаа Оросоос 3.3 дахин их доллар (626 трб: 190 трб) төсөвлөсөн байв. Байлдааны нисэх онгоцны тоогоор 2 гаруй дахин их, цэргийн хөлөг онгоцоор 4 дахин их, их бууны тоогоор 2.8 дахин олон байсан нь ч үнэн. Энэхүү давуу байдалдаа эрдээд тэд Оросод стратегийн цохилт өгч чадна гэж тооцсон байна. Бидний ард, дээр АНУ байгаа хэмээж омойтсон ч болов уу. Гэвч дайчин уламжлал, дайтах урлаг, эх орноо хамгаалах сэтгэл, үнэний хүч аль талд байгаагаас л ялалт, амжилт хамаардаг нь түүхээр нотлогдсон үнэн билээ. Энэ бол түүх хэмээгдэгч ухаантны хийсэн дүгнэлт юм. Хүн төрөлхтний түүхийн нийт урт дагууд дандаа л тийм байжээ. Ойрх Дорнотод Израйль, АНУ-ын хийж байгаа дайнд ч гэсэн бас л мөнхүү дүгнэлт давтан нотлогдох байх... Худал, хуурмагийн хүч яван сулардаг, харин үнэн, мөнийн хүч яван чангардаг нь тоон талаасаа ч, бас чанарын талаасаа ч хууль, зүй тогтлын эрэмбийн үнэн билээ. Хүний нийгэм үнэнд л элэгтэй гэх зүйр цэцэн үг ч буй.


2022 онд Их Британи тэргүүтэй барууныхан Оросод стратегийн цохилт өгч, хэсэгчлэн задалж, бүр хувааж авна гэж тооцоолж болж байсан бол 2026 оны дунд үе гэхэд л цөмийн зэвсгийн хүч, нөөцөөр, дундын болон алсын зайны пуужингуудаар (нисэх хурд, дэлбэрэх хүч), зэвсэгт хүчний тоо, чанар, байлдах чадвараар Оросын арми дэлхийд тэргүүлэх болчихлоо.


Ар тал нь ч хүчирхэгжлээ, ард түмэн нь ч нягтарлаа. Гадаад харилцаа нь ч бүх талаар бэхэжлээ. Орос улсад стратегийн цохилт өгөх боломж замхарчээ. Судлаачид, экспертүүд ингэж дүгнэх болов. Одоо тэд сүйрч мэдэх замынхаа яг эхэнд тулж ирцгээгээд байна. 200 гаруй жилийн өмнө Напалеон Москваг эзлээд дараа нь яалаа? Яг л тиймэрхүү үзэгдэл Европын өнөөдрийн элит давхрааны хэрээ үл мэдэх, гэнэхэн, ойворгон улстөрчдийг хүлээж байна даа. Тэд ч алдаагаа ойлгож эхлэв бололтой...

Дэлхий дээр маань байгаа улс орон нэг бүрийн амьдрал нь улс орон нэг бүрд байгаа гэр бүлүүд нэг бүрийн амьдралтай төсөөтэй. Айл өрхийн тэргүүн нь ухаалаг, ажилсаг, хүмүүжилтэй бол тэр гэр бүл зөв сайхан амьдардаг. Хүүхдүүд нь ч сайн сурч, зөвөөр хүмүүждэг. Яг л энэ шиг улс орны төр, засаг хэний удирдлагад байна вэ гэдгээс тухайн орны амьдрал, хөгжил 100 хувь шалтгаалдаг. Энэ үзэл санаа, дүгнэлтийг нотлох хамгийн ойрхны жишээ гэхэд л Монгол орны маань өнгөрсөн 36 жилийн амьдрал, алдаа, оноо. “Хэвийн, тайван байсан нийгэм донсолж доргих үед (ямар нэгэн хувьсгал гарах цагт) олон түмний дарвисан хөдөлгөөнийг ашиглан гол төлөв л нийгмийн хог шаар, нолийн цаас мэт бохир, бурангуй этгээдүүд, заль мэхний эзэд л ихэд тодорч, санаачилгыг гартаа авч, манлайлагч болдог. Тэгээд л тэд улс эх орноо баллаж хаядаг” гэх үгийг, утгыг олон олон эх орончид хэлж, анхааруулсаар ирсэн байх юм. Хүмүүс даан ч хожуу л энэ бүхнийг ойлгодог, ухаардаг байна. Өнөөдөр, өнгөрснөө эргэж хараад хэн ч гэсэн мөн л ингэж хэлэх, дүгнэхээр байгаа биз дээ? Бусад орны сүүлийн 30 жилийн амьдрал, байдал ч дээрх үгний үнэнийг бас л нотлолцож байна шүү дээ!


Европын олон орны элит давхраа улс орноо өнгөрсөн 5 жилд байсан түвшнээс нь ихэд доройтууллаа. Одоо буй болчихоод байгаа нөхцөл, байдал юунд хүргэхийг ч тааварлашгүй болчихлоо.



Зөв тийшээ, сайжрах тийшээ гарч байгаа өөрчлөлт бага байна, удаан байна. Европын Холбоо гишүүн орнуудаа буру тийшээ, алдаатай замруу л хөтөлсөөр, тэрнийг нь Их Британи гаднаас нь дэмжсээр, АНУ-төр засаг ч гэсэн ил далд өөгшүүлсээр, бас ашиглаж завшсаар байна. АНУ зэвсгийн наймаанаасаа өндөр ашиг олж, хожсоор, Украйн зэвсэг турших талбар болсоор бүх талаар хохирч дуусахнээ. Хичнээн олон хүн, хичнээн их баялаг тэнд сүйдэж, үрэгдэж байна вэ! НҮБ энэ бүхнийг харж л байгаа, нөлөө бүхий том улс орнууд энэнийг мэдэж л байгаа, гэвч дайн үргэлжилсээр...

Европын холбооны гишүүн 30 шахам улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нарын ихэнх нь улстөрчийн хувьд даан ч дээ гэхээр сул дорой, гэнэхэн, ойворгон хүмүүс байгаа нь байдлыг бүүр ч ихээр хүндрүүлэх болов. Тэдний дунд дахин, улиран сонгогдохоор хүн бараг байхгүй байгаа нь л харин ганц олзуурхууштай нөхцөл юм. 

XXI зуун дахь дэлхий дахины нүүр царай, мөн монголчууд бидний байгаа байдал, нүүр царай иймэрхүү л, бүр голмоор, өрөвдмөөр байна даа. Хичнээн сайн ойлгож байсан ч гэсэн, тус болъё гэж чадлаараа л чармайсан ч гэсэн хувь хүн юу ч хийж, яаж ч тусалж чаддаггүй юм байна. Бүх нийтийн хэрэгт бүх нийтээрээ л эс хөдөлбөөс өөрчлөлт оруулж болдоггүй юм байна. Харамсаж, бас зовнисоор 36 жилийн үдэцгээлээ. Цаг хугацаа харвасан сум шиг хурдан өнгөрдөг нь үнэн ажээ.


х           х           х


Идеалист философи болон шашны түүхэнд байн байн гарч ирдэг, нэг хэсэгдээ идэвхийждэг олон хуурамчлал, хуурамч урсгал байдаг. Тэдгээрийг ерөнхийд нь постпозитивизмд хамааруулан үзэж, судалж ирсэн юм. “Хүмүүст сайн итгүүлж чадсан зүйл л үнэн. Огт баймгүй зүйлийг ч олон түмэнд бүтэн зууны туршид сурталчилж, итгүүлж чадсан бол тэр зуундаа тэр л үнэн. Хэвлэл, мэдээллийн бүх сувгаар дахин давтан үзүүлж, сонсгож байгаа бол хэн түүнд итгэхгүй байх юм бэ? Иймээс надад 1000 хүн, худлыг үнэн болгож ярьдаг, бичдэг 1000 сэтгүүлч, сурвалжлагч хэрэгтэй” гэх үг, бүр тушаал ч байжээ. Ийм үзэл, баримтлал ХХ зууны дундуур хэргээ ч сайн хийсэн юм. Гэтэл XXI зууны эхээр мөнхүү үзэл, баримтлал Барууны гэгдэх ертөнцөд дахин сэргэлээ. Хэргээ ч хийж эхэллээ.


Хүмүүсийг төөрөлдүүлэх аргаар төрөл арилжуулж болдгийг неополиттехнологи гэж нэрлээд чадварлагаар ашиглах гэж оролдож буй улстөрийн нам, хүчний тоо олширсоор л байна.


Энэний улмаас улстөрийн донтолтын элдэв илрэлүүд ч гарч ирлээ. Улстөрийн донтолтууд ихэвчлэн л сөрөг үр дагавар, хүчирхийлэл, харгислалыг дагуулдаг. Ихэрхэх солиорол нь гажиг донтолттой найрсах аваас том аюул үүслээ гэсэн үг. Ийм аюул хаяанд ирчихсэн байж ч мэдэхээр байна шүү! 

Барууныхны нэгдмэл хүч (гуч гаруй улс орны элит давхраа, дэлхийн I, II дайны хонзогногчид, Оросын баялагт шунахайрагчид, неонацистууд, неофашистууд) болон Оросын хоорондох зөрчил, тэмцэл дэлхийн шинэ дайн, цөмийн сүйрэлд ч хүргэж болох юм. Энэхүү том аюулын хэмжээ, далайц, хор нөлөөг өнөөдөр НҮБ, АНУ, Хятад, Энэтхэг, Орос, Япон бүгд л ойлгож байгаа шүү дээ. Дэлхийн хэмжээний шинэ дайны хохирол, хор нөлөөг бүх улс орон, ард түмэн амсах болно. Гэтэл дайн ужгирсаар хэрэглэж буй зэвсэг нь улам л хүчтэй, хөнөөлтэй болсоор, фронтын урт шугаман дээр ч, бүр гүн ар талд ч хот тосгон сүйдэж, хүмүүс амь хохирсоор...

“Хүмүүсийн гар дээрх эд баялаг, мөнгө төгрөг өнөөдөр юунд зарцуулагдаж байна вэ?” гэх асуултанд “хүмүүс хүмүүсээ алах, устгах зэвсэг бэлдэхэд зарцуулагдаж байгаа” гэж хариулж ч болохоор байна. 


Судлаач, профессор Д.Чулуунжав