Ямайкийн хөнгөн атлетикч Усэйн Болтын тогтоосон 100 м-ийн зайн дэлхийн дээд амжилтыг эвдэж чадах “Супермэн” гэдэг нэртэй робот бүтээснээ Хятадын Unitree Robotics компани танилцуулжээ.
Шинэ загварын робот нь 12.66 м/с-ийн хурдтай гүйдэг бол 100 м-т дэлхийн рекорд тогтоох үедээ У.Болт 12.42 м/с-ийн хурдтай гүйж байжээ. Мөн уг робот зогсож буй газраас шууд 2 м-ийн өндөр дээгүүр харайж чаддаг гэнэ.
“Робот зохион бүтээх төслийг 3 сар гаруйн хугацаанд хэрэгжүүлсэн, ойрын үед түүнийг улам боловсронгуй болгох боломжтой” гэж Unitree компани мэдэгджээ. Роботын сул тал нь барианд орсныхоо дараа өөрийгөө зогсоож чадахгүй байгаад оршино. Хятадын Жэзян мужийн Ханжөү хотод төв байртай Unitree компани 2016 онд байгуулагдсан бөгөөд эхэндээ гэр ахуйн ажилд туслах дөрвөн хөлт робот зохион бүтээхэд голчлон анхаарч байв. Харин 2023 оны сүүлчээс хүн дүрст роботуудыг зохион бүтээж эхэлсэн байна. Өдгөө ийм төрлийн роботууд үйлдвэрлэх 4 үндсэн шугамыг нээгээд байгаа бөгөөд Шанхайн хөрөнгийн биржид IPO гаргахаар бэлтгэж байгаа ажээ.
Б.Адъяахүү
Лхагва - 08 сарын 19,
2026
Сэтгэгдэл0