sonin.mn

Монгол Улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд томоохонд тооцогддог атлаа хүн амын тоогоор хамгийн цөөн орны нэг. 1.56 сая хавтгай дөрвөлжин километр нутагт дөнгөж 3.6 сая орчим хүн амьдарч байна. Энэ нь нэг хавтгай дөрвөлжин километрт дунджаар хоёр хүрэхгүй хүн ногддог гэсэн үг.Ийм нөхцөлд улс орноо жигд хөгжүүлэх нь ямар ч Засгийн газрын өмнө тулгардаг хамгийн хүнд сорилтын нэг. Гэвч Монгол Улс өнөөдрийг хүртэл Зөвлөлтийн үеэс үндсэндээ өвлөгдөн ирсэн 21 аймаг, 330 сумын тогтолцоог бараг өөрчлөлтгүй хадгалсаар байна.


Энэ бүтэц үнэхээр өнөөдрийн Монголын хүн ам, эдийн засгийн бодит нөхцөлтэй нийцэж байна уу гэдэг асуултыг тавих цаг хэдийнэ болжээ.


Олон сумын хүн ам 2,000 хүрэхгүй, зарим нь 1,000 хүрэхгүй болсон. Гэтэл тэдгээр сум бүр өөрийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, цагдаа, онцгой байдал зэрэг төрийн байгууллагыг бүрэн бүтнээр нь ажиллуулах шаардлагатай байдаг. Хүн ам цөөрсөн ч байгууллагын бүтэц, урсгал зардал бараг хэвээрээ үлддэг.Өөрөөр хэлбэл, Монгол Улс хөгжлийн хөрөнгө оруулалтаасаа өмнө өнөөгийн засаг захиргааны тогтолцоогоо авч явахын тулд асар их төсөв зарцуулж байна.Иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд сум бүрийг төвлөрсөн цэвэр, бохир усны системтэй, найдвартай цахилгаан, дулаантай, өндөр хурдны интернэттэй, орчин үеийн сургууль, эмнэлэг, спортын заалтай болгох шаардлагатай. Гэвч ийм хэмжээний дэд бүтцийг 330 суманд зэрэг байгуулах нь өнөөгийн эдийн засгийн чадамжаар бараг боломжгүй зорилт юм.Харин хүн ам, үйлчилгээний төвлөрлийг нэмэгдүүлж чадвал нэг иргэнд ногдох хөрөнгө оруулалтын үр ашиг эрс өснө. Илүү чанартай эмнэлэг байгуулж, чадварлаг эмчийг тогтоон барих боломжтой болно.


Сургуулийн багш нарын хүрэлцээ, сургалтын чанар сайжирна. Дулаан, ус, бохирын инженерийн шугамыг татах өртөг ч буурна. Хувийн хэвшил ч хэрэглэгч олонтой газар хөрөнгө оруулах сонирхолтой байдаг


.Дэлхийн олон орон хүн амын өөрчлөлтөд нийцүүлэн засаг захиргааны шинэчлэл хийж ирсэн. Япон, Дани, Финланд зэрэг улсууд хүн ам цөөрсөн бүсүүдийн захиргааны нэгжийг нэгтгэж, төрийн үйлчилгээг төвлөрүүлэн, цахим хэлбэрээр хүргэх бодлого хэрэгжүүлсэн байдаг. Шинэчлэл бүр амар байгаагүй ч төрийн зардлыг оновчтой болгож, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэжээ.


Монгол Улсад ч энэ асуудлыг ярих цаг болжээ. Энэ нь мал аж ахуйгаа устгах, хөдөөг эзгүйрүүлэх тухай асуудал биш.


Харин хүн амын бодит тархалт, эдийн засгийн боломж, төрийн үйлчилгээний үр ашгийг харгалзан засаг захиргааны бүтцээ эргэн харах тухай асуудал юм.Мэдээж ийм шинэчлэл улс төрийн хувьд хамгийн хэцүү сэдвүүдийн нэг. Сум татан буугдвал төрийн албан хаагчдын орон тоо цөөрнө, орон нутгийн эрх ашиг хөндөгдөнө, сонгуулийн тойргийн зохион байгуулалт хүртэл өөрчлөгдөх боломжтой. Тиймээс энэ асуудлыг хөндөхөөс олон улс төрч зайлсхийдэг.Гэвч хүн ам нь байнга цөөрч байгаа сумдад өмнөх бүтэц, зардлыг ямар ч өөрчлөлтгүй хадгалсаар байх нь өөрөө хөгжлийн бодлого мөн үү гэдэг асуултад хариулах шаардлагатай.


Монгол Улс хөдөө орон нутгаа хөгжүүлэх ёстой. Гэхдээ хөгжүүлнэ гэдэг нь сум бүрт ижил хэмжээний төсөв тараахыг бус, иргэдэд чанартай боловсрол, эрүүл мэнд, инженерийн дэд бүтэц, ажлын байр, төрийн үйлчилгээг илүү үр ашигтай хүргэхийг хэлнэ.


Энэ зорилгод хүрэхийн тулд сумдыг нэгтгэх, зарим сумын захиргааны бүтцийг өөрчлөх, бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодитоор хэрэгжүүлэх зэрэг хувилбаруудыг судалж, олон нийтийн оролцоотойгоор нээлттэй хэлэлцэхээс өөр аргагүй.Хөгжил гэдэг зөвхөн шинэ зам, шинэ барилга барихыг хэлдэггүй. Заримдаа хэдэн арван жилийн турш өөрчлөгдөөгүй тогтолцоог зоригтой шинэчилж чаддаг байх нь хөгжлийн хамгийн чухал алхам болдог.


Х.Цэцэнноров