sonin.mn

Ардчилсан намын "4:11" хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтуяа байр сууриа илэрхийлэв.


Тэрээр: "Үнэхээр Ерөнхий сайд хэнд нь хариуцлага тооцохоо мэдэхгүй байгаа юм шиг санагдаж байна. Жишээ татъя.


Сая Баян-Өлгий аймгийн асуудлыг Одонтуяа гишүүн ярьлаа. Харин би Дундговь аймгийн асуудлыг хэлье. Дундговь аймгийн Засаг дарга болон аймгийн удирдлагууд төсвийг захиран зарцуулахдаа маш ноцтой зөрчил гаргаж байна.

Дундговь аймаг жилдээ 90 тэрбум төгрөгийн төсөвтэй. Гэтэл энэ төсвөөс 41 тэрбум төгрөгийн зарцуулалтад аудитын байгууллага зөрчил илрүүлж, хариуцлагагүй зарцуулалт, төсвийн хууль зөрчсөн асуудлууд байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Ийм хүнтэй хамгийн түрүүнд хариуцлага тооцох ёстой биш үү?


Харин эсрэгээрээ ажлаа хийж байгаа Баян-Өлгий аймгийн Засаг даргыг огцруулсан нь үнэхээр зөв шийдвэр болсонгүй.


Учрал Ерөнхий сайд аа, танд доороос мэдээлэл өгч байгаа хүмүүс чинь яг ямар мэдээлэл өгөөд байна вэ? Та бодит нөхцөл байдлаа мэдэж байна уу?


Дундговь аймгийн асуудлыг Ардчилсан нам цаашид шалгуулна.


Ганцхан жишээ хэлье. Дундговь аймагт 8.6 тэрбум төгрөгийн өртөгтэй хог шатааж дулаан, цахилгаан үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл хэрэгжиж байгаа. Гэтэл тавдугаар сарын 10-наас зургадугаар сарын 20-ны хооронд тендерээ зарлаж дуусгах ёстой байсан ч хугацаандаа зарлаагүй. Харин долоодугаар сарын сүүлээр өөрийн үзэмжээр, өөртэй нь хамаарал бүхий гэх компанийг сонгон шалгаруулсан байна. Энэ асуудал дээр ч аудит зөрчил тогтоосон байгаа.


Үүн дээр нэмээд байгаль орчны үнэлгээгээр тухайн төсөл нь сөрөг нөлөөтэй гэсэн дүгнэлт гарсан байна. Гэтэл ийм тодорхой аудитын дүгнэлттэй, ийм ноцтой асуудалтай аймгийн Засаг даргад яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ, Учрал Ерөнхий сайд аа?


Өнөөдөр төсвийн мөнгөний үр ашиггүй зарцуулалт, хулгай улс даяар газар авлаа. Зуун гаруй жилийн түүхтэй МАН-ынхан сум сууриндаа очоод нэг бодит байдлаа хараач.


100 жилийн ой тэмдэглэж байгаа сумууд чинь дэд бүтэцтэй болсон уу? Иргэдийнх нь амьдрал сайжирсан уу? Хүмүүс нь үлдэж амьдарч байна уу?


Олон суманд өнөөдөр ажиллаж байгаа байгууллага гэвэл Хаан банк, сумын Засаг даргын Тамгын газар хоёроос өөр зүйл бараг алга. Амьдрал, хөгжил харагдахгүй байна.


Тиймээс 100 жилийн ой, ёслол арга хэмжээ, шагнал урамшуулалд анхаарахаасаа илүү сумдынхаа хөгжил, иргэдийнхээ амьдрал, хүний хөгжилд хөрөнгө оруулдаг болооч ээ гэж хэлмээр байна. " гэлээ.





Н.Отгончимэг