Дэлхийн засаглалын үйл явц дахин “ШХАБ-ын цаг үе”-ийг угтан авч байна. 2026 оны Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж буйтай холбогдуулан БНХАУ-ын Ардын их сургууль хамтран, Шинэ эрин үеийн олон улсын харилцаа, мэдээллийн судалгааны хүрээлэнгээр дамжуулан дэлхийн 48 орны 13707 иргэнийг хамруулсан санал асуулга явуулжээ. Судалгаанд оролцогчдын 74.6 хувь нь ШХАБ нь өөр өөр тогтолцоотой улс орнуудын хамтын ажиллагаанд бодитой, хэрэгжих боломжтой замыг бий болгож, олон улсын харилцааны шинэ хэлбэр болон хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад түлхэц үзүүлэх чухал хүчин болж байна гэж үзсэн байна.
Энэ жил ШХАБ байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Хятад улс болон бусад гишүүн орнуудын худалдааны нийт хэмжээ 2001 оны 12.1 тэрбум ам.доллароос 2025 онд 523.5 тэрбум ам.долларт хүрч өсжээ. Хятад-Киргиз-Узбекистаны төмөр зам, ШХАБ-ын Хөгжлийн банк, Хятад-Төв Азийн байгалийн хийн хоолой зэрэг төслүүд тасралтгүй урагшилж байна. Судалгаанаас үзэхэд ШХАБ байгуулагдсанаас хойших 25 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төрөл бүрийн салбарын бодит хамтын ажиллагааны үр дүнг эерэгээр үнэлжээ. Түүнчлэн худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалт ба санхүүжилтийн хамтын ажиллагаа, соёлын харилцаа болон аялал жуулчлал гэсэн гурван гол салбарт ШХАБ-ын олон улсын нөлөө мэдэгдэхүйц нэмэгдсэн гэж үзсэн байна.
ШХАБ-ын гишүүн орнууд болон яриа хэлэлцээний түнш орнуудын оролцогчдын 75.4 хувь нь “Шанхайн үзэл санаа” нь харилцан итгэлцэл, харилцан ашигтай байдал, эрх тэгш байдал, зөвшилцөл, олон янзын соёл иргэншлийг хүндэтгэх, хамтын хөгжлийг эрэлхийлэхэд тулгуурласан хамтын ажиллагааны замыг бий болгосон гэж хариулжээ. Харин нийт санал асуулгад оролцогчдын 71.7 хувь нь ШХАБ нь “Дэлхийн Өмнөд”-ийн орнуудын дуу хоолой, нөлөөллийг нэмэгдүүлж, илүү шударга, зохистой дэлхийн засаглалын тогтолцоог бүрдүүлэхэд түлхэц үзүүлж байна гэж үзсэн байна.
Санал асуулгад оролцогчдын 89.6 хувь нь улс орнууд дэлхийн үйл хэрэгт эрх тэгш оролцож, олон улсын дүрэм журам, дэг журмыг хамтран бүрдүүлэх ёстой гэж уриалжээ. Мөн дэд бүтэц ба эрчим хүч, бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа, байгаль орчин ба уур амьсгалын өөрчлөлт гэсэн гурван үндсэн салбарт ШХАБ илүү их үүрэг, нөлөө үзүүлэхийг хүлээж буйгаа илэрхийлсэн байна.
Энэхүү санал асуулга нь дэлхийн гол хөгжингүй орнууд болон “Дэлхийн Өмнөд”-ийн орнуудыг хамарсан бөгөөд судалгаанд оролцогчид нь бүгд 18-аас дээш насны энгийн иргэд байв. Судалгааны түүвэр нь тухайн улс орнуудын хүн амын тооллогын нас, хүйсийн бүтцийн хуваарилалттай нийцэж байна.
Лхагва - 09 сарын 02,
2026
Сэтгэгдэл0