sonin.mn

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрүүд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч буй асуудлыг хөндлөө.


Тэрбээр: “Улсын дээд шүүх Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 30 гаруй хүний хэргийг буцаасан. Өмнө нь Дээд шүүх буцааж байсан бол саяхан Нийслэлийн шүүх мөн буцаасан байна. Уг нь 2022 онд хэрэг буцаах зохицуулалтыг хуулиас хассан шүү дээ.

Манай Энхбаяр гишүүн ‘Нотол. Нотолж чадвал ялыг нь өг. Нотолж чадахгүй бол цагаатга’ гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, хэрэг шийдвэрлэх хоёр л замтай болсон. Харин буцаах гэдэг гурав дахь зам байхгүй.


Хэргийг өмнөх шатанд нь буцаахгүй байх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Энхбаяр, Пүрэвдорж, Сандаг-Очир нар өргөн барьж, батлуулсан. Гэтэл түүнээс хойших дөрвөн жилийн хугацаанд манай Байнгын хороонд ирүүлсэн мэдээллээс үзэхэд 1500 гаруй хэргийг буцаасан байна.


УИХ хууль баталчихаад байхад яагаад хэрэг буцаагаад байгаа юм бэ? Яагаад хуулиа зөрчөөд байгаа юм бэ? Энэ асуудлаар буюу Нийслэлийн шүүх хэргийг буцаасан шийдвэртэй холбогдуулан Улсын дээд шүүхэд хандсан. Гэтэл Дээд шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэрийг зөв гэж үзлээ.

Ингээд уг хэрэг хоёр удаа буцчихлаа. Одоо Нийслэлийн шүүхээс анхан шатны шүүх рүү шилжинэ. Ингэснээр хэрэг дахин өмнөх шат дамжлагаараа явна гэсэн үг.

Ер нь хэргийг яагаад дахин дахин буцаагаад байдаг юм бэ? Гэм буруугүй гэж шийдвэрлэчихээд байхад дахин шүүх хурал хий, дахин шалга гээд буцаадаг. Энэ нь хэн нэгнийг заавал яллах гэсэн оролдлого юм биш үү?

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл ‘Хэрэг буцаахгүй байх хууль баталчихаад байхад яагаад буцаагаад, хууль зөрчөөд байгаа асуудлаар хэлэлцүүлэг, сонсгол зохион байгуулъя’ гэсэн. Энэ үеэр асуудлыг нухацтай ярилцах байх.


Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж горьдоод байгаа юм байхгүй. Гэхдээ боломж олдвол авлига, хээл хахуулийн асуудлыг цэгцлэх юмсан гэж боддог. Харин одоо тэр горьдлого ч тасарч байна.


Би УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй хүн. Гэтэл шүүхийн таван шат дамжиж, гурван удаа цагаатгагдаж, хоёр удаа хэрэг маань буцсан. Тиймээс намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд ингэж байгаа юм биш биз гэсэн хатуу хардлага төрж байна.

Зөвхөн миний асуудал байсан бол яах вэ. Хөгжлийн банкны хэрэгт нийт 80 орчим хүн холбогдсоноос 40 гаруй хүнийх нь хэрэг шийдвэрлэгдсэн. Харин үлдсэн 30 гаруй хүний хэрэг шийдэгдэхгүй байна. Тэд надаас болж хэрэг нь хойшлоод байна гэж бухимдаж байгаа.

Хуулийг ингэж гууль болгодог юм байна. Хэн энэ бүхнийг захиалж, хууль хэрэгжүүлэхгүй, хэргийг дахин дахин буцаагаад байгааг би судалж байна.

Гэхдээ би шүүгч нарыг буруутгахгүй. Яагаад гэвэл шүүх намайг гурван удаа цагаатгасан. Харин улс төрчдөөс хардах гэхээр олон хүн байна. Сүүлдээ манай улс дээрээ нэг хаантай болчихсон, тэр нь бүгдийг нэг дохиураар хөдөлгөж, удирдаад байгаа юм шиг санагдах боллоо.


Надад одоогоор нотлох баримт байхгүй. Тиймээс хэн нэгнийг шууд нэрлэж чадахгүй. Гэхдээ энэ бүхнийг хэн захиалж, удирдаж байгааг судалж байна. Нотлох баримттай байж л ярих ёстой.


Хэрэв хуулийг зөрчиж, хэн нэгний захиалгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулдаг юм бол УИХ хууль батлах ямар хэрэгтэй юм бэ? Хэргийг дахин дахин буцааж, шийдвэрлэхгүй удаашруулж байгаа нь хэн нэгний захиалгатай байх магадлалтай. Энэ нь хүмүүсийг залхаан цээрлүүлж, эрүүдэн шүүж байгаагийн нэг хэлбэр гэж үзэж байна” гэв.


У.Анударь