sonin.mn

МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн сурлага, спортын амжилтаараа үе тэнгийнхнээ манлайлсан “Супер оюутан 2026” хөтөлбөрийн шилдэг оролцогчид өнөөдөр Монголын үндэсний олимпын хороонд зочиллоо. Тэдний хамт тус сургуулийн захирал, доктор (Ph.D) О.Болд-Эрдэнэ болон Бие бялдрын боловсрол, хөдөлгөөн заслын тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) Ш.Энхбүрэн нар хүрэлцэн ирсэн юм.


Энэ үеэр оюутнууд Олимпын музейтэй танилцаж, олимпизмын үүсэл хөгжил, түүхэн замнал болон олимпын үнэт зүйлсийн талаар мэдлэг, мэдээлэл авлаа.


Оюутнуудыг МҮОХ-ны Ерөнхий менежер, доктор (Ph.D) Г.Ерөөлбат хүлээн авч уулзан, сонирхолтой яриа өрнүүлж, ирээдүйн зорилгоо тодорхойлох, өөрийгөө зөв удирдан хөгжүүлэх, амжилтад хүрэхэд тууштай байхын ач холбогдлын талаар үнэтэй зөвлөгөө өглөө.


МУБИС-ийн Биеийн тамирын сургууль “Супер оюутан” хөтөлбөрийг 16 дахь удаагаа хэрэгжүүлж байгаа бөгөөд тус хөтөлбөр нь сурлага, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан шилдэг оюутнуудыг тодруулан, тэдний хөгжил, оролцоог дэмжих зорилготой юм.