sonin.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй Сөүл хотноо уулзлаа.


Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол оронд хаваржилт хүндэрч, зудын сорилт бэрхшээлтэй тулгарсан хүнд үеийг даван туулахад зориулан БНСУ-ын Засгийн газраас 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. БНСУ-ын Засгийн газар манай нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирснийг онцлоод энэхүү хүмүүнлэгийн тусламж цас, зудын улмаас хүнд нөхцөл байдалд орсон малчин түмэнд ихээхэн тус дэм болж буйг тэмдэглэв.



Талууд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт идэвхтэй өрнөж байгааг тэмдэглээд хоёр талын хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотлов.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 2023 онд манай улсад зорчсон солонгос жуулчдын тоо цар тахлын өмнөх үеэс 60 гаруй хувиар нэмэгдэн 140 мянгад хүрч, энэ оноос аялал жуулчлалын оргил үед долоо хоногт 100 гаруй шууд нислэг хийгдэхээр болсонтой холбогдуулан хоёр улс аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, иргэдийн солилцоог эрчимжүүлэх, уг салбарт бизнес хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.


Энэ хүрээнд Монгол Улсыг гадаадад сурталчлах “Go Mongolia” арга хэмжээг БНСУ-аас эхлүүлж, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сөүл хотноо амжилттай зохион байгуулсныг дурдав. Түүнчлэн талууд хоёр улсын иргэд харилцан зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэх болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.




Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-аас чанартай эм импортлох, Солонгосын эмийн үйлдвэрлэлийн стандартыг Монголд нутагшуулах, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийллээ.


 

Мөн өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Эксим банкны дэд Ерөнхийлөгч Хон Юнсүн, Ерөнхий захирал Ань Бюнхо нарыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигын эсрэг тэмцлийн хүрээнд хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй Хөгжлийн банк улс төрчдийн нөлөөллөөр чанаргүй зээл гаргаж, дампуурах эрсдэлд оруулсан хариуцлагагүй үйлдлийг таслан зогсоож, 1.6 их наяд төгрөгийн чанаргүй зээлийг эргэн төлүүлж, нийт 1.1 тэрбум ам.долларын гадаад өрийг хугацаанд нь амжилттай төлж барагдуулснаар дампуурах эрсдэлээс бүрэн гарч цаашид Эксим банкны үйл ажиллагаа явуулах санхүүгийн бие даасан чадамжтай болсныг онцоллоо.



Монгол Улсын Засгийн газар 2021 онд Хөгжлийн банкны дүрмийг өөрчилж Экпорт, импортын банкны чиг үүргийг хэрэгжүүлэхээр баталсны дагуу цаашид тус банк нь цорын ганц бодлогын банкны хувьд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд зайлшгүй шаардлагатай, үр өгөөжөө урт хугацаанд өгдөг, эрсдэл өндөртэй төслүүдэд гаднын байгууллагуудаас санхүүжилт босгох замаар хөрөнгө оруулж, төслийг эцсийн шат хүртэл нь бойжуулах чиг үүрэг бүхий Эксим банк болгох шийдвэрийг дурдлаа.


БНСУ-ын Эксим банкны дэд Ерөнхийлөгч Хон Юнсүн Монгол Улсын Хөгжлийн банкийг институцийн хувьд чадавхийг бэхжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд нийслэл Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, хөдөө орон нутгийн орон сууцжуулалт, автозамын бүтээн байгуулалт зэрэг дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжтойг онцоллоо.