sonin.mn

Монгол Улсын стратегийн ордуудын нэг Тавантолгойн хувь заяа сүүлийн хорин жил Монголын эдийн засаг, улс төрийн гол сэдэв байсаар ирсэн. Энэхүү орд газрын ашиглалт, эзэмшлийн хэлбэр, ард иргэдэд очих өгөөжийн талаар олон янзын санал, шүүмж өрнөж байв.


Харин энэ ордын эрхийг Монголын төрд авч үлдэхэд чимээгүй атлаа шийдэмгий үүрэг гүйцэтгэсэн нэгэн бол Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд юм.


1999 онд Тавантолгойн лицензийг Австралийн BHP компани авсан ч тухайн үеийн нүүрсний зах зээлийн үнэ бага, дээрээс нь дэд бүтцийн нөхцөл бүрдээгүй зэрэг шалтгаанаар эдийн засгийн үр ашиггүй гээд орхижээ.

Улмаар Монголын “Майн инфо” компани лицензийг нь авсан. “Майн инфо” нь дангаараа энэ ордыг эзэмшихэд санхүүгийн бөгөөд менежментийн олон талын бэрхшээл байна гэж үзээд орхисон. 


Энэ үед С.Батболд “Энержи ресурс” консерциумыг байгуулан, Тавантолгойн лицензийг хадгалан авсан аж.


Уул уурхайн томчууд Австрали, Хятадын компаниуд Тавантолгойн ордын лицензийг авахаар санал болгож байсан ч заралгүй хадгалжээ. Улмаар тэрээр Тавантолгойн лицензийг төрдөө буцаан шилжүүлэх ажилд биечлэн оролцсон байна. Энэхүү шийдвэр нь тухайн үед олон улсын уул уурхайн компаниудтай өрсөлдөж байсан Монголын хувьд стратегийн чухал алхам болсон.

Мөн Сү.Батболдын удирдсан Засгийн газар 2009 онд Тавантолгойн ордын үйл ажиллагааг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн шугамаар хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдад бүхэлд нь зарах бус, үндэсний ашиг сонирхлыг хадгалсан хувилбар байв.


2011–2012 оны хооронд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 20 орчим хувийг Монголын иргэн бүрт үнэ төлбөргүй хувьцаа хэлбэрээр хуваарилах шийдвэр гарсан.


Нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдож, олон жилийн туршид яригдаж байсан “төрийн өмчийг ард түмэнд” гэсэн уриа бодит ажил болсон түүхтэй. Энэ нь зөвхөн эдийн засгийн бус, улс төрийн хувьд ч чухал шийдэл болсон. 


Тавантолгойн лицензийг анх төр эзэмшихээс нь өмнө гадаадын хөрөнгө оруулагчдад худалдан борлуулах хувилбарууд идэвхтэй яригдаж байсан ч Сү.Батболдын санал, шийдвэрүүд энэ урсгалыг эрс өөрчилсөн. Түүнийг баатар гэж тодорхойлох үндэслэл нь популист уриа бус, бодит баримт, шийдвэрээс улбаатай.

Төрийн мэдлийн стратегийн орд, иргэдэд ногдох өгөөж, үндэсний аюулгүй байдал хэмээх ойлголтууд өнөөдөр илүү тод тусч байна. Харин энэ сэдвийг анх бодит ажил болгон хувиргасан нь Ерөнхий сайд асан Сү.Батболдын гавьяа болохыг бодит түүх гэрчилнэ.



С.Сарнай