sonin.mn

"Эрх чөлөө төв"-өөс Х.Баттулгыг АН-ын гишүүнээс хасах шаардлагыг АН-ын дарга Л.Гантөмөрт хүргүүлэх талаар мэдээлэл хийлээ.


Энэ үеэр АН-ын гишүүн н.Оюунбат: "Сүүлийн үед Монгол Улсын Ерөнхий сайд, түүний Тэргүүн зөвлөх нар Ардчилсан Намын үзэл баримтлал, үнэт зүйлийн эсрэг халдан дайрах боллоо. Аливаа улсын үнэт зүйл, үзэл санаа руу дайрах нь тухайн улсыг устгах хамгийн том хөшүүрэг болдог. Дарангуйллыг бий болгодог технологи байдаг. Энэ технологийн дагуу АН-ыг бий болгосон, ардчиллыг авч ирсэн үнэт зүйл тээгчдийг удаа дараа гутаан доромжилж, нийгмийн дайсан болгох зорилготой ажлуудыг хийж байна. Энэ ажлыг Ерөнхий сайдын тэргүүн зөвлөх Х.Баттулга хийж байна. АН-ын дүрмээр эсрэг намтай нийлж, намынхаа эсрэг ажилласан тохиолдолд намаас хасдаг. Энэ дүрмийн дагуу АН-ын дарга Л.Гантөмөрт Х.Баттулгыг АН-ын гишүүнчлэлээс хасах шаардлагыг хүргүүлж байна.



Х.Баттулга бол олон жилийн турш Монголын эдийн засгийн эсрэг гэмт хэрэг хийсэн.



Энэ ажлууд нь одоо ч тасраагүй, улам идэвхжиж, Монгол Улсын Ерөнхий сайдтай хамтраад явж байна. " гэсэн бол АН-ын гишүүн Д.Монголхүү: "Ардчилсан нам бол ард түмний захиалгаар бий болсон цорын ганц нам. МАХН буюу өнөөдрийн МАН Сталиний бодлогыг хэрэгжүүлэхээр Эрхүүд байгуулагдаж, Монголд экспортлогдсон түүхтэй.


ОХУ-ын Засгийн газар сүүлийн 100 жилийн турш Монголын нутаг дэвсгэр дээр бодлогоо явуулж ирсэн. Өнөөдөр Ардчилсан намыг Оросын бодлогыг хэрэгжүүлдэг нам болгох ажлыг хийх гол дүр нь Х.Баттулга болж байна. АН-ын үнэт зүйл, түүн дээр суурилсан үзэл санаа, үзэл санаандаа тулгуурласан бодлогуудыг гажуудуулж, нөгөө тийш нь авч явсан.



Х.Баттулга улстөрийн карьерийнхаа бүхий л хугацаанд Монгол Улсын эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөнд, сүүлдээ тусгаар тогтнол руу сүх далайж байгаа нь нотлогдож байна.



Сонгууль сүүлдээ 2 намын зодоон биш, 2 улсын хооронд үүссэн том асуудал боллоо. Ю.Цэдэнбалын, Х.Чойбалсангийн хойд дүр болоод, бодлогыг нь хэрэгжүүлж байгаа Х.Баттулгыг зогсоохгүй бол энэ удаагийн сонгууль Монгол Улсыг хавцлын ирмэг дээрээс түлхэх үү? Нааш нь татах уу? гэдэг сонголт болох гэж байна." гэв.



М.Чой