sonin.mn

"Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар малчид мэдээлэл хийлээ.


Энэ үеэрээ тэд: "Ардын хувьсгалаас хойш 100 гаруй жил өнгөрлөө. Энэ хооронд олон засаг солигдсон ч Монголын нүүдэлчин малчдын талаар ийм том хэмжээний бодлого гаргаж байсангүй. Янз бүрийн хамтрал, коммун, нэгдэл бол байсан. Өнөөдрийн "Шинэ хоршоо" хөдөлгөөн бол малчдын хувьд, бэлчээрийн мал ахуйн хувьд хувьсгал боллоо гэж үзэж байна. Учир нь Үндсэн хуулинд мал бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтанд байна гэж заасан.


Үүний дагуу төрөөс малчдадаа итгэж, малчид нь бие биедээ итгэж амьдрахгүй бол жалгын нэг байвал ган зудад нэрвэгдэх юм бол өнгөрсөн өвөл шиг юу ч үгүй хоцрох нь гээд энэ бодлого гарсан байх. Энэ талаар 21 аймгийн 330 сумын малчдын төлөөлөлтэй уулзлаа. 1992 оноос хойш яригдсан асуудал өнөөдөр биеллээ оллоо.



Төр засагт ямар нам байх нь хамаагүй, оновчтой шийдвэр гаргалаа. Энэ бол жинхэнэ хувьсгал гэж бид хүлээж авч байна. Мал бол шавхагдашгүй баялаг.



Цагийн хүндэд тархай бутархай байснаар мал гэлтгүй хүнийхээ эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй, байгалийн өмнө хүчин мөхөстдөг. Тийм ч учраас "Шинэ хоршоо" байгуулах нь зүйтэй. Хоршооны гишүүд бага хүүтэй зээл авч, хоорондоо нэгдэж хашаа саравч, худаг усаа сайжруулах, ногоон тэжээл тариалах гээд өвлийн бэлтгэлээ базаахад нь маш дэмтэй юм. Арилжааны банкнаас 20 гаруй хувийн хүүтэй зээл авсан ч тэр зээлээ төлөөд явдаг байсан. Тэгвэл өнөөдөр малчид 6 хувийн хүүтэй зээл авснаар маш том боломжийг бий болгож байна. Энэ асуудлыг улстөржүүлэлгүйгээр явуулах нь зүйтэй.


Бид байгалийн дөрвөн цагийн эргэлтэнд хатууг сөрж, урдах ажлаа хийгээд л явдаг. Тийм ч учраас малчдыг дэмжсэн бодлогыг олон талаас нь дэмжиж, малчид бид ч хамтын ажиллагааг өрнүүлээд явах нь зүйтэй. Ялангуяа залуу үеийн малчид цөөрч байна. Ийм учраас "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг дэмжиж явуулах нь зүйтэй гэж харж байна. " гэв.



М.Чой