
Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл нар тавдугаар сарын 26-ны үдээс хойш Сөүл хотод Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын IX хуралд оролцох үеэрээ уулзжээ.
Ли Чян энэ үеэр хэлэхдээ, "БНХАУ, БНСУ дипломат харилцаа тогтоосон гучаад жилийн турш хоёр орны харилцаа хурдтай хөгжиж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө хүртээсэн юм. БНСУ-ын тал БНХАУ-ын хамт хоёр орны найрамдал, харилцан итгэлцлийн ерөнхий чиг хандлагыг баримталж, бие биеийнхээ язгуур ашиг сонирхол, сонирхож буй гол асуудалд хүндэтгэлтэй хандаж, харилцан итгэлцсэн хөрш, хамтран амжилтад хүрсэн түнш байж, хоёр орны харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэхийг хүсэж байна. Хоёр орны аж үйлдвэр, ханган нийлүүлэлтийн сүлжээ хоорондоо нягт уялдаатай бөгөөд худалдааны хамтын ажиллагааны бат суурьтай учраас хоёр тал хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хөгжлийн боломжийг хамтдаа эрэлхийлэх нь зүйтэй.
Мөн худалдааны асуудлыг улс төржүүлэхийг эсэргүүцэж, хоёр орон болон дэлхийн аж үйлдвэр, ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хамгаалах ёстой.
Хятад улс БНСУ-ын талтай худалдааны тэгш байдлын үндсэн дээр БНХАУ, БНСУ-ын чөлөөт худалдааны хэлэлцээрийн хоёр дахь шатны хэлэлцээг түргэтгэж, БНХАУ, БНСУ-ын Чанчүний олон улсын хамтын ажиллагааны жишиг бүсийн бүтээн байгуулалтыг ахиулж, дэвшилтэт үйлдвэрлэл, шинэ эрчим хүч, хиймэл оюун ухаан, био анагаах ухаан зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна. Мөн орон нутаг, боловсрол, спорт, хэвлэл мэдээлэл, залуучууд зэргийн солилцоог идэвхтэй өрнүүлж, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх ёстой" гэжээ.
Юн Сок Ёл хэлэхдээ, "Хоёр орон нягт хамтын ажиллагаатай байх нь хоёр орны хөгжилд төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдалд чухал ач холбогдолтой юм. БНСУ Нэг Хятадын зарчмыг баримталсаар ирсэн, энэхүү байр суурь өөрчлөгдөхгүй бөгөөд БНСУ, БНХАУ хоорондын харилцааг бэхжүүлэхийн төлөө хичээсээр байх болно. Харилцан хүндэтгэсэн үндсэн дээр хоёр орны бүх түвшний солилцоог хадгалж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлж, хамтын ашиг сонирхлыг өргөжүүлэн, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд БНСУ-ын тал бэлэн байна" гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0