sonin.mn

1990 оны ардчилсан хөдөлгөөний нэг гол субьект нь Монголын Оюутны Холбоо байв. Иймээс ч Монголын оюутны холбооны орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга буюу гол удирдагчдынх нэг байсан Лувсанвандангийн Болд улс төрд шууд л орж, анхны чөлөөт сонгуульд ардчилсан хүчнээс нэр дэвшсэн юм. Улмаар 1990 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдсон, Үндсэн Хуулийг батлалцсан байдаг.

1992-1996 онд бизнесийн мөр хөөн, Бодь групп, Голомт банкийг босголцсон бөгөөд 1996 онд УИХ-ын гишүүн болсон билээ.


Үүнээс хойш 2008, 2012, 2016 онуудад УИХ-д сонгогдож, Ашигт малтмал, Газрын Тосны Хэрэг Эрхлэх Газрын дарга, Гадаад Харилцааны Сайд, Батлан Хамгаалахын Сайдаар тус тус ажилласан.


Лу.Болдын улс төрийн замналын сүүлчийн он жилүүд ихээхэн адармаатай. Тэрээр АН-ынхаа удирдлагуудтай зөрчилдөж, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нартай зам нийлэн, цуут "Шударга тав"-ын нэг болсон билээ.

Улмаар ШИНЭ намыг гэгчийг байгуулан, УИХ-ын 2020 оны сонгуульд оролцсон нь МАН-ын ялалтад ихээхэн хувь нэмэр оруулсан. Иймээс ч 2021 оны 11-р сараас Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад болон Европын Холбоонд суугаа Элчин сайдаар ажиллаж буй юм.


Өдгөө түүний улс төрийн карьер мухардалд орж буй бөгөөд МАН-д үйлчилсэн гэдгээр нь Ардчилсан Намынхан түүнд маш их дургүй байх болсон.


Үүнийг ч анзаарсан Лу.Болд улс төрийн өв залгамжлагчаараа сонгосон байна. Тэрээр өөрийн дүүгийн төрсөн хүү Болдхуягийн Билэгтийг НИТХ-ын 8-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшүүлжээ. Үүний тулд тэрээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ойлголцсон бөгөөд хариуд нь өөрийн байгуулсан ШИНЭ нам гэгчээ АН-д дагаар оруулах тохироог хийсэн байна.


Н.Отгон