
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Чөлөөт бөхийн 1974, 1975 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга, 1976 оны Монреалын Олимпын мөнгөн медальт, зууны манлай тамирчин З.Ойдов гуайг энэ удаагийн “Дугаарын зочин”-ы хойморт урьж ярилцлаа.
Сайхан өвөлжиж байна уу, та? Бөхийн чөлөөт барилдааны энэ жилийн тэмцээн уралдаанууд шувтарч байна. Та өөрийн залгамж болж яваа залуучуудаа тэмцээн болгонд нь очиж харна биз?
-Тэгэлгүй яах вэ. Спортынхон бид чинь халаагаа хэдий өгсөн ч залуу үеэ бэлдэх журамтай улс шүү дээ. Ер нь чөлөөт бөхийн тэмцээн уралдаан зохиогдвол алгасалгүй очиж үздэг. Залуучуудаа ёс зүйтэй, хүн чанартай, хүмүүжилтэй болгож төлөвшүүлэх, цаашлаад эх орныхоо нэр алдрыг дэлхийн тавцанд гаргахад нь чиглүүлэх том үүрэг бидэнд оногддог гэж ойлгодог.
Таны зээ хүү О.Баянзул Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн хугацаат албанд татагдан очоод өнгөрөгч долоо хоногийн Бямба гарагт Цэргийн тангараг өргөхөд нь та хүрэлцэн очиж эцэг эхчүүдийг төлөөлж үг хэллээ шүү дээ. Хүүгээ олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн эх орныхоо төлөө эр цэргийн тангараг өргөж байгааг хараад ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Бахархалтай сайхан байсан. Цэргийн ангийн байлдааны туг заларч, дараа нь Төрийн дуулал эгшиглэхэд тэр олон залуусын өмнөөс омогших мэдрэмж төрдөг юм билээ. Би цэргийн алба хаагаагүй ч энэ албыг чин сэтгэлээсээ хүндэлдэг хүн. Бага залуу байхад нутгийн ах нар цэргийн нөхөрлөл гэж юу байдаг талаар нүдэнд харагдтал ярьдаг, олон жилийн дараа уулзахдаа ч үнэхээр сайхан дотночилж хөөрөлдөнө. Тэр цаг үеэс л цэргийн хүмүүс гэдэг их сайхан нөхөрлөж чаддаг, эмх цэгцтэй, журамтай хүмүүс юм байна гэсэн бодолтой болчихсон. Харахад л цаанаасаа дэгтэй, хувцсаа жимбийтэл өмссөн байдаг. Тиймдээ ч би цэргийн алба хаахыг их ч хүсдэг байв, даанч биднийг улсын шигшээ багийн тамирчид гээд явуулалгүй чөлөөлчихсөн юм. Би зээгээ цэрэгт татагдсанаас нь хойш цэргийн анхан шатны сургалтад хамрагдаж байх үед нь нэг очсон юм. Цэргийн ангийн удирдлагаас эцэг, эхчүүд биднийг ангийн барилга, байгууламжуудтай танилцуулж, хүүхдүүдийн маань байрлаж буй өрөө тасалгааг сонирхуулсан. Их сайхан цэвэрхэн, зохион байгуулалттай, тохилог орчныг бүрдүүлсэн байна лээ. Эцэг эхчүүд хүүхдэдээ санаа зовох шаардлагагүй юм билээ. Харин цэргийн залуу дарга нарын хувьд газар газраас ирсэн олон залуусыг нэгэн команд дор удирдаж, хөл гарыг нь жигдэлнэ гэдэг нүсэр том ажил байдгийг ойлгосон. Гол нь хүүхдүүд маань гар утсаа маажиж өдрийг барах биш цагийн хуваарийн дагуу цэргийн бэлтгэл, сургуулилтдаа хамрагдаад, эрүүл хоол хүнс хэрэглээд, амралт, чөлөөт цагаа ч өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулна гэдэг чинь гойд сайн зүйл байхгүй юу даа.
Зээ хүүгээ цэргийн албанд үдэхдээ юу гэж захив?
-Би өөрөө цэргийн амьдралыг мэдэхгүй ч олон зүйл захиж явуулсан. Очоод хувцас хунараа цэвэрхэн өмсөөрэй, хөлөө холгуузай, үеийн нөхөдтэйгөө эвийг эрхэмлээрэй, даргынхаа үгийг сайн сонсож байгаарай гээд л. Хүний амьдралд юу ч тохиолдож болно, тэр болгонд бэлтгэгдэж, аливаа асуудлыг даваад гарах сэтгэл зүйтэй болоод ирээрэй гэж захисан. Миний хүү “За” гээд л явсан даа.
Харин дараа нь Тангаргийн баяраар нь очиход хэр өөрчлөгдсөн байв?
-Хамаагүй өөр болсон нь харагдсан. Цэргийн анхан шатны бэлтгэлийнхээ үеэр бага зэрэг сулбайсан гээд ярьж л байсан. Харин Тангаргийн баяраар нь очиход ганц миний хүү гэлтгүй бусад онжавууд нь ч сайхан жавхаалаг болсон байна лээ. Гурав гурваараа хөл тавьж алхаж ирээд эх орныхоо төлөө амь, бие үл хайрлан зүтгэхээ тангараглахад ямар ч хүнд сайхан харагдаж, өөртөө ч том хариуцлагыг бий болгож байгаа шүү дээ.
Таны ач, зээ нараас бөхийн спортоор хичээллэе гэх юм уу?
-Барилдчихмаар биетэй хүүхэд хэд хэд бий. Гэхдээ тэднийгээ нэг их хүчлээд байдаггүй. Зарим нь бөх болъё гэдэг л юм, том болоод санаа бодол нь юу гэж өөрчлөгдөхийг мэдэхгүй.
Ер нь цэргийн салбараас спортын олон сайн тамирчин төрөн гарсан байдаг шүү дээ. Цэргийн даргын үүрэг, даалгавраас эхлээд өөртөө хариуцлага хүлээж сурсан байдаг болохоор ирээдүйд ч энэ чанараа алддаггүйтэй холбоотой болов уу?
-Тийм шүү. Армиас төрж гарсан алдартан гэвэл тоймгүй. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги болгоноос л ямар нэгэн алдартан гавьяатан төрөн гарсан байдаг шүү дээ. Жишээ татахад, Д.Дамдин гуай гэхэд л цэрэгт байхаасаа барилдаж эхлээд үндэсний бөхийн дархан аварга болсон хүн. Б.Түвдэндорж аварга байна, 1939 онд шинэ цэргийн карантин дээрээс Улсын наадамд барилдах хүүхдүүдийг сонгоход нэрээ өгч л дээ. Улмаар наадамд барилдах болсон чинь таарах зодог, шуудаг олдохгүй байсан гэдэг, тийм л том хүн байсан хэрэг. Арай гэж нэгийг тааруулж аваад долоогийн даваанд “Боохой” Д.Данзан (улсын арслан), наймын даваанд Б.Төрбат (улсын арслан), есийн даваанд М.Лхагва (улсын арслан) гуайг хаяж түрүүлэн гайхамшигтай амжилт үзүүлсэн. Үнэн худлыг нь мэдэхгүй ч Б.Түвдэндорж гуайд цэргийн дарга нь наадамд түрүүлээрэй гэж үүрэгдсэн гэдэг юм, хүмүүсийн давс хачир ч байж мэднэ. Гэхдээ л том хариуцлага хүлээж барилдсан нь ойлгомжтой. Цэрэгт байхдаа 70 кг-ийн шуудайтай гурилыг хоёр гартаа хоёр хоёроор нь чихдэж өргөөд аваачиж тавьдаг, тийм л бяртай хүү байсан гэдэг юм билээ. Дээрээс нь С.Цэрэн, Ч.Бээжин, Д.Хадбаатар, Д.Цэрэнтогтох аваргаас эхлээд мундаг бөхчүүд цэргийн салбараас төрөн гарсан. 1973 онд Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд надтай нийлээд 10-уулаа оролцоод бүгд түрүүлж байхад бидний дийлэнх нь цэргийн салбараас төрөн гарсан бөхчүүд байлаа. Цэргийн хүн чинь мэдлээ, гүйцэтгэе гэдэг хоёрхон үгтэй, түүндээ багтсан хариуцлагатай нь эндээс харагдаж байна.
Ингэхэд та аль нутгийн хүн бэ? Бага насныхаа дурсамжаас хуваалцвал...
-Би 1949 онд одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. Одоогийн гэдэг нь учиртай. Тэр үед манай сум Архангай аймгийн Шанх, Лүн сумын нутагт багтдаг байв. Сүүлд 1955 онд манай суманд газар тариалан эрхлэх, аж ахуй байгуулах шийдвэр гарсан юм билээ. Харин хойхно талд нь Төвшрүүлэхийн сангийн аж ахуй байсан учир шинээр байгуулагдах сангийн аж ахуйг тусад нь өөр суманд хуваарилан өгч Өвөрхангай аймгийн мэдэлд оруулсан гэдэг.
Хөдөө, орон нутагт өсөж торнисон бидний үеийн хүүхдүүд мэдээ орохоосоо л барилдаж, ноцолдож хүн болдог. Би бүр анхнаасаа л барилдах дуртай хүүхэд байсан. Бид чинь цамцаа хүзүүн дээгүүрээ тохож зодог болгочхоод л үзэж тардаг байв. Нутгийн ах нар биднийг байс гээд л гүүний зэлэн дээр авчирч барилдуулаад, давсныг нь бяслаг, өрөм, ааруулаар урамшуулна. Дараа нь сурагч болохдоо ч сургуулийн үндэсний бөхийн тэмцээнд үзүүр түрүүнд л үлддэг хүү байв. Бусдаасаа биеэр илүүрхэхгүй ч аргагүй “хорхой”-той юм болохоор барилдааны эв дүйтэй байсан нь тэр л дээ. Төрсөн ах маань ч сайн барилддаг болохоор ахынхаа ачдаг, тонгордог, хөлд нь ордог мэхийг сайн нүдэлж авсан шиг байгаа юм. Удмаа бодвол нагац ах маань мундаг барилддаг хүн байсан гэдэг, би ер хараагүй л дээ. Харин манай аав цэрэгт байхдаа улсын наадамд ганцxан удаа барилдаж тав давсан хүн. Цэрэгт явахаасаа өмнө нь ч, халагдаад ч барилдаагүй гэдэг.
Тэгвэл чөлөөт бөхийн спорттой хэрхэн холбогдов?
-Дунд сургуулиа төгсөөд Баянхонгорын ТМС-д суралцсан юм. “Бөхийн чөлөөт барилдааны дугуйланд орох хүүхдүүд Бямбаа багшид очиж бүртгүүл!” гэсэн зар олж хараад чөлөөтэй барилддаг ямар бөх байдаг юм бол гэж их гайхаж билээ. Тус спорт манай оронд орж ирээд удаагүй байсан юм. Тэгээд ангийнхаа нэг хүүхэдтэй хамт очоод бүртгүүлэх эсэхээ мэдэхээ болиод зогсож байтал нэг хүн хүрч ирээд санаа зовох зүйлгүй, том нь томтойгоо, жижиг нь жижигтэйгээ барилддаг гэдгийг тайлбарлаж бид хоёр ч тус дугуйланд хичээллэх болов. Ингэж л би чөлөөт бөх гэдэг спорттой анх холбогдож тэмцээн уралдаануудад оролцдог болсон юм. Харин тэмцээнд амжилттай сайхан оролцдог байсан минь намайг улсын шигшээ баг руу хөтөлж хожим 1974-1978 онд Улсын Багшийн дээд сургуульд суралцах хугацаандаа олимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн медаль хүртсэн. Харин хоёр жилийн дараа буюу 1980 онд 31 насандаа зодог тайлж байв. Миний жинд хэд хэдэн сайн бөх гараад ирчихсэн учраас залуу үеэ дэмжиж халаагаа өгч байгаа нь тэр л дээ, ингэдэг ч жудагтай юм. Улмаар тэр жилээ Улсын Багшийн дээд сургуульд биеийн тамирын багшаар ажилд орж байлаа.
Улсын шигшээ баг таныг ямар шалгуураар тамирчнаа болгож авсан хэрэг вэ?
-Намайг Баянхонгорын ТМС-д сурч байхад Улсын шигшээ багийн тамирчин, спортын мастер Д.Хашбат гэдэг хүн Үндэсний шигшээ багийн залуу халааг бэлтгэх зорилгоор тус аймагт нэг сарын хугацаатай чөлөөт бөхийн хичээл заасан юм. Тэр бэлтгэл дээр л Д.Хашбат багш намайг харсан бололтой, тэр жилийнхээ 18 нас хүртэлх залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд намайг түрүүлнэ гэж хүнд ярьсан байсан. Би ч ярьсан ёсоор нь түрүүлчихсэн. Ингэж л би шигшээ багийнхны хараанд өртсөн хэрэг. Зун нь Монголын Бүх ард түмний спартакиадад чөлөөт бөхийн 57 кг-ийн жинд 8 дугаар байрт ороход шигшээ багийнхан намайг үргэлжлүүлэн Болгар Улсад зохиогдох Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлд сар гаруйн хугацаанд гаргаж дан томчуултай бэлтгэл хийлгэсэн, нэлээн ч нухлууллаа. Бэлтгэлийн дараа Баянхонгорт очиж мэргэжлийнхээ үнэмлэхийг авчхаад нутагтаа ирсэн. Гэртээ хоёр хоноод нутгийн захиргаан дээр очиж барилгын мужааны газарт ажилд оров. Ирэх оных нь хавар надад хотоос захидал ирсэн талаар нягтлангаасаа сонсоод тэр захидлыг нь нээж үзтэл “Социалист орны залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох болсон тул ажлаа зохицуулаад ирнэ үү” гэсэн байсан. Бөөн баяр хөөр болдог юм байгаа биз дээ. Бүр юм ч идэж чадахгүй болтлоо догдолсон. Хоёр хоногийн дараа Улаанбаатарт ирээд тэмцээндээ ороод 6 дугаар байр эзэлсэн. Үргэлжлүүлээд Монгол-Японы уулзалтад нэг японтой тэнцээд, өөр нэгтэй нь барилдаад нэг оноогоор ялагдсан. Хоёр хоногийн дараа Монгол-Болгарын уулзалт болоход учраа бөхтэйгөө нэлээн үзээд ялагдсан юм. Гэхдээ манай жинд надтай таарсан тэр бөх Кристов гэж спортын мастер, мундаг бөх байсан юм билээ. Тиймээс намайг багш, дасгалжуулагчид ирээдүйтэй бөх байна гэж анх харсан гэдэг. Улмаар 10 дугаар сарын 1-нээр тасалбар болгож намайг Биеийн тамир, спортын хэрэг эрхлэх хороонд ирүүл гэсэн бичиг хүргүүлсэн. Ингэж л би шигшээ багийн тамирчин болж байв.
Одоо ч та чөлөөт бөхийн холбоотойгоо холбоотой биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Залуучуудынхаа бэлтгэл сургууль хэр байгааг байнга харна. “Ковид-19” цар тахлын өмнөхөн би хуучны уран сайхан барилддаг бөхчүүл маань залуучуудад мэхээ зааж өгөх боломж нь бүрдэхгүй байна, залуучууд маань хуучны бөхчүүдээсээ юм сурч чадахгүй болохоор мэхээ зөвөөр хийж дадахгүй байгаа талаар нэлээн асуудал дэвшүүлсэн. Харин холбооноос намайг өнгөрсөн жил Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзүүлэхээр явуулсан юм. Тэндээс би их сайн дүгнэлт хийсэн. Ер нь залуучууддаа шинэ зүйлс зааж өгөхгүй л бол урагш ахихгүй гэсэн бодолтой ирсэн. Улмаар өнгөрсөн жил би Монголын чөлөөт бөхийн холбооноос санал болгосон 80 хүүхдэд хичээл заасан. Тэднээс 10 нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход найм нь хүрэл медалийн төлөө барилдсан. Тиймээс иймэрхүү сургалтууд үр дүнгээ өгөх юм байна гэдгийг мэдсэн. Ирэх жил ахиад тус сургалтыг зохион байгуулна гэж бодож байна. Ялангуяа өсвөрийн залуучуудтай хамтарч, барилдааны техникийг анхнаас нь зааж өгөхгүй бол яг тэмцээнд оролцох үедээ тактикийн алдаанууд гаргадаг. Тиймээс эхлээд монгол үндэсний бөхийн давхар, угсраа, хөл мэхийг сайн сургачихвал түүндээ суурилаад чөлөөт бөхийн техникүүдийг хоршуулмаар байгаа юм.
Таныхаар сүүлийн үеийн залуу бөхчүүдийн өнгө, төрх хэр хэмжээнд байна?
-Өмнө жилийнхийг бодвол мэх нь нэмэгдээгүй, барьц нь ч сайжраагүй, барилдаанаа чанаржуулж чадаагүй байсан. Тэр үед би нэг сонин дээр 2024 оны олимпод амжилт гаргах нь юу л бол гээд бичсэн чинь яг л тийм байсан. Ер нь энэ байдлаараа 2028 оны олимпод ч амжилт гаргаж чадахгүй. Тиймээс одоо залуучуудтайгаа гэхээсээ багш нартай нь илүү сайн ажиллах цаг нь болсон гэдэг дүгнэлтэд хүрээд байна. Саяын олимпын наадамд гурван ч хүүхэд медалийн барилдаанд эцсийн мөчид ялагдсан шүү дээ. Тэр бол багш, дасгалжуулагч нар бид сүүлийн минутад оноо алдахгүй барьц ямар байдаг, оноо илүү байхдаа хамгаалах барилдааныг хэрхэн хийдгийг сайн сургаж чадаагүйн л гай. Одоо бид хоёрын ярилцлагын араас би чөлөөт бөхийн холбооны хуралд сууна. Хэлэх зүйлээ хэлнэ гэж бодож байгаа.
Өнгөрсөн олимпын наадамд Үндэсний шигшээ баг маань спортын сэтгэл зүйчид дутагдалтай байсан талаар багагүй асуудал боссон шүү дээ...
-Спортын сэтгэл зүйчдийн үүрэг чухал л даа. Гэхдээ ямар ч мундаг сэтгэл зүйч тамирчин хүний ухаан бодлыг ерөнхийд нь л засаж сэлбэхээс биш яг барилдааны үеийн сэтгэл зүйд нь өөрчлөлт хийж чаддаггүй. Ер нь бол дархан мэхтэй, тэр мэхэндээ дадчихсан, хэзээний өөртөө итгэлтэй байдаг хүний сэтгэл зүй тэс өөр шүү. Дээхэн үед улсын заан “өмсдөг” Ц.Дамдиндорж гэж мундаг бөх байлаа. Тэр хүн ямар ч аварга, арсланг өмсөөд л унагачихдаг. С.Цэрэн аварга Ц.Дамдиндорж гуайг харьчихсан хойно нь цолныхоо эрэмбээр амлаад авчхаж. Гэтэл аваргыг өмсөөд л тавьчихсан гэдэг. Улсын манлай начин “дүүгүүр” Д.Гомбосүрэн гуай ямар ч хүнийг дүүгүүрдээд л унагачихдаг. Гол нь дархан мэхтэй хүн тэр мэхээ хийх барьцанд хүрэх гэж л тэмцэлддэг байх ёстой. Энэ мэхийг л хийж байж би түрүүлнэ гэсэн бат итгэлтэй болчихдог. Энэ чинь л бөхийн барилдааны сэтгэлзүй юм шүү дээ. Чөлөөт, жүдо дээр ч адилхан. Хэдэн ч оноогоор дутуу явж байгаад цаг дуусах мөчид нөгөө шийдсэн мэхээ хийгээд цэвэр ялсан өчнөөн тохиолдол бий. Тиймээс өөрийн мэхтэй байна гэдэг чухал. Мэх гэдэг чинь хүнийг унагах арга. Би шавь нартаа ингэж хэлдэг юм, “Дайсны цэргүүд төрөл бүрийн буу шийдэм, пулемёт, гранатомёттой юм байж. Гэхдээ тэр буунуудынх нь овоо хараа таараагүй, заримынх нь гол төмөр нь тахийчихсан. Харин манайд нэг сайн анчин залуу 250 метрийн тусгалтай ганц ангийн буутай. Дайснууд манай хүнийг харсан ч онож чаддаггүй. Харин манай хүн өөрийн тусгалдаа оруулж ирж байгаад л бүх дайснаа устгаж болно” гэж. Өөрөөр хэлбэл мэх бол зэвсэг гэдгийг л манай залуучууд ойлгож авах хэрэгтэй. Харин үүний дараагаар мэхээ маш хурдтай хийх нь чухал. Хурдыг дагаж барилдааны сэтгэмж, бяр тэнхээ ирдэг юм шүү дээ.
Та Монгол Улсаас анх удаа дэлхийн аваргын алтан медалийг эх орондоо авчирсан хүн. Тэр үед ямар мэдрэмж төрж байв?
-Дэлхийн аварга шалгаруулах тэрхүү тэмцээнд би өөрийгөө түрүүлнэ гэдгийг аль эрт мэдчихсэн байсан гэхэд буруудахгүй, хүн сонсоход худал ярьж байна л гэмээр. Би 1971 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон 1972 оны олимпын наадмаар хоёр удаа цэвэр ялагдсан. Дараа нь барилдаандаа дүгнэлт хийгээд өөрт тохирсон байдлаар бэлтгэлээ өөрчилж үзсэн. Ирэх жил нь зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэг л хүний нэр болон барилддаг талыг нь мэдэж чадаагүйн улмаас тэр хүндээ унаад 6 дугаар байр эзэлсэн. Уначхаад дэвжээнээс бууж явахдаа дараа жил бат түрүүлэх юм байна гэдгээ мэдсэн. Ирэх жил нь миний бодсоноор л болсон. Ард түмэн, төр засгаас маш сайхан халуун дотноор хүлээж авсан.
Тив дэлхийн томоохон тэмцээн уралдаанд түрүүлээд төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх тэр мэдрэмж ямар байдаг бол?
-Гайхамшигтай сайхан зүйл. Ер нь их, бага гэлтгүй ямар ч тэмцээн уралдаанд Төрийн далбаагаа хараад, Төрийн дууллаа дуулахад ямар ч хатуу ширүүн хүний нүднээс нулимс гардаг. Эх орон, ард түмнийхээ итгэлийг алдсангүй, даалгавраа биелүүллээ гэдгээ бодож тайвширдаг байх нь шүү дээ.
Бөхийн орон гэдэг ойлголт бий. Дэлхийд 200 гаруй орон байлаа гэхэд тэднээс 30-40 нь бөхийн аль ч төрөлд бусдаасаа хол тасархай байдаг. Энэ нь юутай холбоотой вэ?
-Монголчууд дээр жишээ татъя л даа. Манай ард түмний амьдралын хэв маяг, аж төрөх ёс нь эрэгтэй хүнийг бөх болгох суурь болж өгдөг. Нүүдэлчдийн соёл иргэншил, малчин хүний амьдрал гэдэг тэр чигээрээ бяр тэнхээ суулгах хүнд хүчир ажил. Манай үндэсний бөхөд бусад орны бөхийн спортыг бодоход өвдөг, тохой нь шүргээ л бол унасанд тооцогддог учраас барилдаж байгаа хүнээ олон янзаар хөгжүүлэх суурь нь болдог. Мөн аваргыг давж аварга болдог гэдэг сургаалтай. Хамгийн өндөр цолтой хүн хамгийн бага цолтой хүнтэй учраа таарна. Тиймээс хэн нэгэн залуу бөх байлаа гэхэд ямар ч мундаг бөхтэй таарч магадгүй гэдэг байдлаар сэтгэл зүйгээ бэлдэж, бие тэнхээгээ нөөдөг байх.
Эрдэмтдийн судалгаагаар бөх сайтай орнуудыг уртраг, өргөргийн байдлаар нь хувааж үздэг юм билээ. Ялангуяа Төв Азийн өндөрлөгтэй ойр оршиж байгаа орнуудын бөхчүүл тун сайн. Магадгүй хатуу ширүүн цаг агаараа дагаад тэдний ажиллаж хөдөлмөрлөх байдал нь илүү хүнд хүчир байсантай холбоотой биз. Энэтхэг гэхэд л хамгийн хойд талын, арай сэрүүн бүсээс нь сайн бөхчүүд төрдөг байх жишээтэй.
Дэлхийн бөхийн холбооноос таны боловсруулсан мэхийг “Ойдов мэх” гэх нэрээр албан ёсоор батламжилсан байдаг.
Чухам ямар үндэслэлээр тухайн мэхийг таны нэрээр нэрлэх болов?
-Энэ мэхийг би 1974 оны Данкаловын нэрэмжит тэмцээнд оролцохдоо анх сэдсэн юм. Яаж вэ гэхээр, тэмцээний дөрөвдүгээр тойрогт Ираны бөх Камашахтай барилдаж байлаа. Тэр залуу солгойгоос айхтар өмсдөг, би ч өөрөө солгой талтай. Тэр миний зүүн гараас бариад өмсөх гэтэл би өмсүүлэхгүй дэвжээн дээр ухарч зугтаагаад Камашахын цээжин дээр нь дарчихсан явж байтал нэг тийм байрлал харагдсан. Учраа бөхийн эрүү нь өвдгөн дээрээ ирж таараад байсан юм. Тэгээд тэр байрлалыг нарийн ажиглаж аваад эрүүг нь хөлтэй нь холбочихвол болохоор юм байна гэсэн сэдэл орж ирэв. Гэхдээ тэр мэхээ сайн боловсруулж чадаагүй учраас санаагаа хүнд алдчихгүйн тулд туршиж хийлгүй тэр тэмцээнээ ялалтаар өндөрлүүлсэн. Түүнийгээ тувт бодсоор байгаад Баянхонгор аймагт болсон Улсын аварга шалгаруулах тэмцээнд учраа бөхдөө туршиж үзээд долоон секундэд цэвэр ялж байв. Дараа нь олон ч мундаг бөхийг тэр мэхээрээ унагасан. Угтаа бол өрсөлдөгчөө ганцхан тогтоогоод л ар тийш нь дайраад, өгзгөөр нь суулгаж, нуруугаар нь цэвэр дарчихдаг юм. Гол нь энэ мэхийг яг ном журмаар нь хийвэл хариулах мэх байдаггүй. Дэлхийн бөхчүүд, шүүгчид, дасгалжуулагчид тэр мэхийг мэдчихээд “Ойдов” гээд нэрлэчихсэн юм билээ. Харин сүүлд Дэлхийн бөхийн холбооноос энэ мэхийг миний нэрээр батламжилсан. Надаас хойш мэхээ батламжилсан хүн одоогоор гарч ирээгүй л байна.
Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Санасан зорилго нь бүтэх болтугай.
-Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилтыг хүсэн ерөөе.
Ахлах дэслэгч Т.ИДЭР
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл6
Маш сайн ярилцлага бн. Ойдов аварга, сэтгүүлч Т.Идэр хоёрт баяр хүргэе !!!
мундаг хүн шүү, Ойдов аваргад эрүүл энхийг хүсье
Setgel zuin mash zov heregtei zuil yarij bnaa.oortei itgeltei,oortoo itgeltei bolohiin tuld baingiin beltgel surguulalt ,hurd dagaj setgemj byar orj irdeg gedgiig mash onovchtoi saihan tailbarlaj bn. Iim l mundag humuusees mergen uhaan uran sanaa garna. Oidov guaidaa mash ih bayarlalaa.
сард 7 сая төгрөг авдаг өвгөн мөн бна
Та Ойдов гуайн амжилтыг давтаж чадвал ийм шагнал авах зам чинь нээлттэй байгаа шүү.
40-50 жилийн өмнө авсан медаль авсан биз дээ, тухайн үед нь шагнасан биз дээ, одоо яахаараа сар болгон 7 саяыг авдгийн? элбэгдоржийн хамгийн тэнэг шийдвэр