sonin.mn

Археологич Д.Эрдэнэбаатар, А.Баатархуяг бид хэд гэр бүлээрээ уулзаж ярилцах болгондоо Хүннү, Монголын түүхээр ярилцана. Ярьсаар байтал нэг мэдэхэд Монголын эртний түүхээр өвчилжээ. Яваандаа жинхэнэ түүхэн сурвалжийг үзэх санаа төрөв. Тэр сурвалж нь “Дорнын Геродит” хэмээн алдаршсан Сыма Цин-ийн “Ши Ци” буюу “Түүхэн тэмдэглэл” бөлгөө. Манайхан “Түүхэн тэмдэглэл”-ээс “Хүннүгийн шаштир” хэмээх 110 дугаар бүлгийг уншиж, бусдыг нь “хятадын түүх” гэж үзээд орхичихдог гэмтэй. “Түүхэн тэмдэглэл”-ийн бүх бүлгүүдэд хятадууд умрын бүдүүлгүүдтэй харьцсан олон мянганы түүхийн маш сонирхолтой асар их баримт байдаг аж. Иймээс “Түүхэн тэмдэглэл”-д монгол овог аймгуудтай холбогдолтой хэсгүүдийг түүн авч цуврал болгон бичихээр шийдэв. Энэ удаад “Түүхэн тэмдэглэлийн” зөвхөн 1-р бүлгээс олсон баримтаа чадлын хэрээр тайлбарлан өгүүлэв.


Хуандийн түүх


“Түүхэн тэмдэглэлийн” I бүлэг “У Ди Бэнь Ци” буюу Таван эзэн хааны (үйлсийн тухай) үндсэн тэмдэглэл” нэртэй. Энэхүү I бүлэг Хятадын төр улсыг анх үүсгэсэн Хуанди нарын түүхээс эхэлнэ. 


Тайлбар: Хуанди гэдэг нь эзэн хаан гэсэн утгатай бөгөөд хятадууд Хуандигаа бүх Хятадуудын дээд өвөг, Тэнгэрийн хөвгүүн гэж үздэг. Хожмын судлаачид Хятадын анхны хуандийг ойролцоогоор НТӨ 2600 гаруй жилийн байсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл Хуанди хятадын хагас домгийн Ся (НТӨ 2070-аас НТӨ 1765 он) улсын хаан юм. Өнөөгийн бидний үеэс (2025 оноос) эхлэн тооцвол 2025 +2600 = 4625 буюу 5000 орчим жилийн өмнөх үйл явдлаас “Түүхэн тэмдэглэл” эхэлж байна.


Түүхэн тэмдэглэлийн I бүлгийн эхэнд анхны хуанди төрж, араатан жигүүртний хэл сурч, олон шинэ зүйл санаачилсан тухай өгүүлнэ. Үүнийг залгаад дараах өгүүлбэр бий:


“Хуанди уулсын хормойг цэвэрлэн, зам тавьж, огтхон ч зүгээр суусангүй. Хуанди дорно зүгт далайд хүрч, Хуаньшань болон Дайцун ууланд гарав, баруун зүгт Кунтун хүрч, Цитоу ууланд гарав, өмнө зүгт Янцы (хөх мөрөн) хүрч, Сюншань, Сяншань ууланд гарав, улмаар Хуанди умар зүгт сюньюй нарыг хөөв.”


Энд “умар зүгт сюньюй нарыг хөөв” гэсэн хэсэг тун их анхаарал татна. Энэхүү “сюньюй” гэж ямар овог, аймаг, улс вэ ?


“Түүхэн тэмдэглэл”-ийн орос орчуулгын тайлбар хэсэгт: “Сыма Циний үзэж байгаагаар сюньюй нарыг Тан, Юя-ны үед шаньжун, сюньюй гэж, Ся-ийн үед чуньвэй, Инь-ий үед гуйфан, Чжоу-гийн үед яньюн, Ханы үед сүннү (сюнну) гэсэн нийтлэг нэрээр тодорхой болсон. Баруун болон хойт зүгийн овог аймгууд, тэдгээрийн нэршлийг Ван Говэй (1877-1937) судалсан. Ван Говэй, Гуаньтан Цилинь нарын “Гуйфан, куньи, яньюн нэрийн судалгаа” бүтээл” гэж дурджээ. Энэ тайлбарыг “Түүхэн тэмдэглэл”-ийг орос хэлнээ орчуулсан академич А.Р.Вяткин хийсэн юм.         


Эндээс дараах дүгнэлт хийж болно:



Нэг. Одоогоос бараг 5000 жилийн өмнө хятадын хагас домгийн Ся улсын хойт талд сюньюй хэмээх улс (аймаг, овог, түрүү төр) оршин байжээ.



Хоёр. Хятадын Хуанди сюньюй нарыг “хөөсөн” гэж “Түүхэн тэмдэглэлд” тодорхой өгүүлж байна. “Хөөсөн” гэх үг их олон утгатай. Зүгээр л “яв” гээд хөөчихөөр яваад өгдөг аймаг улс гэж байхгүй. Миний бодлоор ямар нэг дайн тулаан хийж “хөөгдсөн” байж таараа. “Эзэлсэн” биш, “бутцохигдсон” биш, харин “хөөгдсөн” гэж бичсэнээс үзэхэд сюньюй нар хойт зүгт нэлээд шахагдсан бололтой.


Сюньюй нарыг судлахад… 


Одоо би “Түүхэн тэмдэглэл”-ийг түр орхин Сюньюй (заримдаа Сяньюй гэж бичдэг) нарын тухай лавлах материалууд үзэв. Википедид: Сюньюй бол НТӨ IX зуунд хамгийн их дурдагддаг хятадын эртний овог. Хүннүгийн өвөг дээдэс байж болох юм. Хятадын эрдэмтэн Хуань Куань “Давс төмрийн маргаан” хэмээх номондоо “сюньюй нарыг хүннүгийн өвөг” гэж үзжээ.


Ийм ч учраас “Түүхэн тэмдэглэл”-ийг орос хэлэнд орчуулахдаа сюньюй-г хүннү гэж орчуулсан аж. Оросын эрдэмтэн К.В. Васильев сюньюй нарыг “тайюань-ийн жун нарын” бүрэлдэхүүнд ордог монгол угсаатнуудын нэг гэж үзжээ.         


“Түүхэн тэмдэглэл”-ийн бидний сайн мэдэх Хүннүгийн шаштирт ч сяньюнь (ханьюнь) и сюньюй (хуньюй, хунюй) нарыг хүннүгийн өвөг гэж үздэг. Хятад тайлбарлагч Ин Шао: сюньюй нар Ин улсын үед хамаарах бөгөөд хожим хүннү гэж нэрлэгдэх болсон гэж үзжээ.  


Хятадын эртний “Шицин” буюу “Дууны ном”-нд сюньюй нарын тухай 3 магтаал дуулал байдаг аж.


Нэгдэх магтаалд: умраас дайран ирсэн хүннү (сюньюй) нарын эсрэг тэмцсэн цэргийг магтан дуулжээ. 


Удаах магтаалд: Шофан хотын ханыг бэхэлж, сюньюй нарыг бут ниргэснийг магтаж дуулжээ.


Дараа нь НТӨ 823 онд сюньюй нарын эсрэг амжилттай аян дайн хийсэн жанжин Ин Цифу-г магтан дуулжээ.


Мөн Хятадад хүрэл саван (тавган) дээр бичсэн магтаал бичиг байдаг аж. Тэр магтаалд:


“Хүчиндээ эрдсэн хүннү нар юу ч бодолгүй урагшлав


Хүчирхэг жагсаалаа дэлгэн Цяо, Ху-г эзлэв тэд.   


Хао-г ч эзлэн, Шофаны хязгаарт цөмрөн орж


Хойт эргийн Цинхэ-д ядах юмгүй хүрэв.” Энэ магтаал шүлгийг оросын түүхч А.А.Штукин орчуулжээ.   


Мөн энэ магтаалыг “Түүхэн тэмдэглэл”-д иш татсан байдаг.



Хятадын “Хулсны ном”-д НТӨ 839 онд сюньюй нар Цунчоу хот руу дайрсан тухай дурдсан. “3оци Цыбо пань” нэрт хүрэл саван дээр: “Го Ци жанжин Ло голын зүүн талаар сюньюй нарын эсрэг аян дайн хийсэн тухай бичээс байдаг.   



Түүнчлэн У-ди хааны ярианд сюньюй нарыг хүннү-тэй адилтган үзсэн байдаг.  


Одоо “Түүхэн тэмдэглэл”-д эргэн оръё:


…Шунь буцаж ирээд энэ тухай эзэн хаан (император) Яо-д илтгэж, түүнээс умар зүгийн ди нарт нөлөөлөхийн тулд Гун-гун-ыг Юлин руу илгээх…,баруун зүгийн жун аймагт нөлөөлөхийн тулд Сянь-мяо-г Саньвэй руу илнээхийг хүсэв. Энэ дөрвөн аймгийг шийтгэсний дараа Тэнгэрийн оронд бүгд захирагдав…  


Тайлбар: Энд өгүүлж буй Яо бол хятадын эртний таван эзэн хааны 4 дүгээр эзэн хаан юм. Яо-г хожмын судлаачид НТӨ 2376-2255 онуудад амьдарч байсан гэж үздэг.


Тайлбар: Ди, жун, бэйди нэршлийг хятадын түүх бичлэгт хэдэн мянган жил хэрэглэж ирсэн. “Түүхэн тэмдэгдэл”-ийн дараах бүлгүүдэд ди, жун нарын тухай хангалттай өгүүлсэн тул энд удаа дэлгэрүүлж үзэхгүй.


Дүгнэлт


Яг үнэндээ “Түүхэн тэмдэглэлийн” 1-р бүлэгт монголчуудын өвөг дээдэстэй холбоотой хоёрхон өгүүлбэр бий. Хятадын анхны хуанди Сюань-юань-тай холбоотой нэг өгүүлбэр, дараа нь хятадын 4-р хуанди Яо-той холбоотой нэг өгүүлбэр байгаа. Хэдийгээр хоёрхон өгүүлбэр байгаа боловч энэ нь бидэнд зүйрлэшгүй их үнэ цэнэтэй юм.


Одоогоос 4500-5000 орчим жилийн өмнө буюу Хятадын анхны улсуудын хойт талд монгол угсаатны өвөг дээдэс (овог, аймаг, төр төст бүрдэл, түрүү төр) амьдран сууж байжээ гэсэн түүхэн баталгаа олохоос илүү чухал зүйл гэж үгүй.


Мөн энд дурдсан баримтаас үзэхэд сюньюй нар хятадын анхны улсуудтай зэрэгцэн оршиж, байнга байлдаж байлдсан тухай энэхүү 1-р бүлэгт тодорхой дурджээ…


Эндээс Монголын түүхийг Хүннүгээс цааш 2000-3000 жил урагшлуулах үзэх бүрэн боломжтой гэсэн цорын ганц дүгнэлт гарна. Археологич Д.Эрдэнэбаатар маш зөв таамаглал дэвшүүлжээ.  


Судлаач Х.Д.Ганхуяг.


2025 оны 08 дугаар сарын 06.


Эх сурвалж: https://gankhuyag.com/


Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу