
Өнөөгийн бидний энх жаргалант амьдрал, туурга тусгаар Монгол Улсыг бидэнд амиараа гэрээсэлж үлдээсэн Чөлөөлөх дайны хүндэт ахмад дайчид, тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд та бүхнийг хүндэтгэн ёсолж, эх орондоо өргөсөн тангарагтай мянга мянган алба хаагчдынхаа өмнөөс сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүхэнд болон ахмад үеийнхээ баатарлаг дайчин замнал, үйл хэргийг залгамжилсан Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт алба хаагчид, Монгол Улсын иргэддээ түүхт ялалтын ойн баярын мэндийг дэвшүүлье.
Монголчууд түүхийнхээ аль ч үед эх оронч үзэл, үйл хэргийг ухамсарлаж, шаардлага тулгарсан үед цэрэг нь, дайн тулаанд баатар нь болж ирсэн бахархам түүх уламжлалтай эрэмгий ард түмэн билээ.
Энэхүү үзэл хандлага, хүчирхэг байдлыг илтгэсэн үйл явдал бол Чөлөөлөх дайн байсан юм. Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Г.Мэнд-Ооёо гуай нэгэн дурьдатгалдаа ...”Эгэл Монгол малчин эх орон дуудахад эр цэрэг, тушаал өгөхөд генерал, дайнд мордвол баатар болдог”... хэмээн оночийг нь олон тэмдэглэж үлдээсэн нь бий. Яг л энд дурдсанчлан Монгол ардын хувьсгалт цэргийн 21384 эрэлхэг дайчин эх орныхоо өнцөг булан бүрээс дайчлагдан чөлөөлөх дайнд оролцон түүхэн ялалтыг дархалсан билээ.
Чөлөөлөх дайны улс төр, геополитикийн ач холбогдлыг бид мэдэх боловч Монгол Улсын Зэвсэгт хүчний хөгжлийн түүхэнд томоохон эргэлтийг авчирсныг онцгойлон дурдах учиртай.
Монголын морьт цэрэг тухайн үеийн дэвшилтэт зэвсэг техникүүд онгоц, танк, байлдааны хуягт машин, артиллерийн сууриудыг чадамгай эзэмшиж, улс орон даяар өргөн цар хүрээтэй бүх нийтийн дайчилгааг явуулах, дайчилгаагаар ирсэн бүрэлдэхүүний цэргийн хэрэгт түргэн дасгаж, сургах, монгол хүний онцлогт тохирсон цэргийн сургалтын онол, арга зүйн үндсийг баттай тавьсан хийгээд үндэсний цэргийн даргалах бүрэлдэхүүн бие даасан байлдааны ажиллагааг төлөвлөх, амжилттай удирдан явуулах, алсын зайн маршийг байгаль, цаг уурын хүндрүүлсэн нөхцөлд байлдаантайгаар үйлдэх зэрэг арга туршлага, ур чадваруудыг харьцангуй богино хугацаанд бүрэн эзэмшиж, морьт цэргээс байлдаан явуулах өндөр боломж чадавх бүхий хосолмол буюу морьт механикжуулсан хүчин болон төлөвшсөн төдийгүй тухайн цаг үедээ дэлхийд тэргүүлэх цэргийн аж үйлдвэрлэл, технологи шингэсэн зэвсэглэл бүхий хэдэн арван жил цэрэг, байлдааны ажиллагааг дагнан явуулсан мэргэжлийн гэж нэрлэж болохуйц давуу хүчтэй дайсныг бут цохин буулган авсан манай орчин цагийн Зэвсэгт хүчний хөгжлийн түүхэнд тодоор тэмдэглэгдэх чухал үйл явдал байсан.
Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баярын энэ өдөр бол баатарлаг өвөг дээдсийнхээ үйл хэргээр бахархаж, дайчин замналыг нь уламжлан хадгалах, тэднийхээ гэгээн дурсгалыг мэхийн хүндэтгэж, алдар гавьяаг нь дуурьсгах үндэсний бахархлын өдөр юм.
Монгол Улсынхаа Зэвсэгт хүчний алба хаагчид бид энэхүү дайнд оролцож, цэл залуугаараа алтан амиа өргөсөн эрэлхэг баатрууд маань юуны тулд тэмцэж үрэгдсэний утга учрыг үйл хэргээрээ харуулах учиртай. Түүнчлэн ертөнцийн жамаар насан өтөл болж тэнгэрт дэвшсэн мянга мянган дайчин эрсийнхээ мөнхийг дурсгалыг гүнээ хүндэтгэж байна.
Энэ бол Зэвсэгт хүчний алба хаагчдын төдийгүй Монголын нийт ард түмний өвөг дээдэс, хойч үеийнхээ өмнө хүлээсэн ариун үүрэг юм. Чөлөөлөх дайны баатруудын өргөсөн амь, урсгасан цус, дуслуулсан хөлс, зориг тэвчээр, мятаршгүй тэмцлээр бүрэлдэн бий болсон эрх чөлөө тусгаар тогтнол бол төрөлхийн заяагдмал бус, нүдний цөцгий мэт хайрлан нандигнаж явах учиртай, бидний эрхмээс эрхэм үнэт баялаг юм.
ХӨХ ӨВГӨДИЙН АРИУН ГАЛ ГОЛОМТ ҮҮРД МӨНХ МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ СҮНРЭВИЙН ГАНБЯМБА
Сэтгэгдэл1
Өнөөдрийн тэнүүн амьдралыг авчрахын төлөө халуун амиа зориулсан буурлуудынхаа алдар гавьяаг ийнхүү дурсан мөнхжүүлсэн эрхэм генерал таны цаашдын ажилд амжилт ерөөе.