sonin.mn
"Нэр нэгтийн чих нэг" буландаа Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаа Б.Ганзам, Зэвсэгт хүчний нэгдсэн лабораторийн дарга, хошууч У.Ганзам нарыг урилаа. Амьдаа нарын нэрийн утга учир, андуурагдаж байсан хөгтэй тохиолдлуудаас нь хуваалцсан юм.
 
Б.Ганзам: МАНАЙ НАЙЗУУД ЛАБОРАТОРИЙН ГАДАА ЦУГЛАСАН БАЙСАН ШҮҮ
 
-Миний аав Завхан аймгийн Алдархаан, ээж Өвөрхангай аймгийн Тарагт сумын хүн. Аав маань насаараа Зэвсэгт хүчинд ажилласан бэлтгэл хурандаа Р.Батдэлгэр гэж хүн бий. Харин ээж минь Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооноос тэтгэвэртээ гарсан. Би хоёр эмэгтэй дүүтэй. Нэрийнхээ утга учрыг тайлахаас өмнө ижий, аавынхаа танилцсан түүхийн талаар мэдэж, сонссоноо товч өгүүлье. 
Аав маань хуучнаар ЗХУ-ын Одесс хотод цэргийн сургуулийн оюутан байхдаа ээжтэй галт тэргэнд танилцсан юм билээ. Тухайн үед ээж Төмөр замын техникум төгсөж, олон улсын галт тэргэнд ажилладаг байсан болохоор аав, ээжийн минь учрал тэгж таарсан хэрэг. Ээжийн хувьд байгууллагынхаа “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарч, Монголын радиогийн залуу аваргын тухай нэвтрүүлэгт орж, хамт олноо манлайлсан, нэр хүндтэй залуу ажилчин болоод байсан үе байж. Ингэж л тэд минь танилцсан түүхтэй юм билээ. Тэгээд 1979 онд аав сургуулиа төгсөж, Зүүнбаянд буюу тэр үеийн МАА-ийн 149 дүгээр ангид удирдах батарейны захирагчаар томилогдон ажлын гараагаа эхэлжээ. Энэ үед ээж маань бие давхар байсан тул амралтаа авч Зүүнбаянд очин хэсэг хугацаанд байж байгаад төрөх дөхсөн тул хот руу буцах болж л дээ. Аав ангийн захирагчаасаа чөлөө авч Сайншандын вокзалаас галт тэргэнд суулгаж өгөхөөр байж байтал ээжийн гэдэс өвдөж, аав маань эмийн сан хайж явсаар галт тэрэг хөдлөхөөс 15 минутын өмнө хоёр боодол фталазол авчран түүнээсээ ээжид хоёр ширхгийг уулгаад, дахиад өвдвөл үүнээс уугаарай гэж хэлээд үнсчхээд явчихсан гэдэг. Ээж галт тэргэнд суугаад хэсэг яваад л өвдөж, Хонхор орчимд нярайлж би мэндэлжээ. Азаар тэрхүү галт тэргэнд аймгийн эмнэлгээс хүнд өвчтөн авч явсан залуухан эмч явж таараад намайг эх барьж авсан юм билээ. Тэгэхээр нэрний маань учир шалтгаан тодорхой байгаа биз. Ээж хожим ярихдаа, анги нь хээр гарах гэж байсан болохоор аав чинь эргээд их яарч билээ, тэгээд ч бид залуу байсан, анхны хүүхэд болохоор төрөх гээд өвдөж байгаагаа ч мэдэхгүй байж гэж хуучилдаг юм. Ингээд бодохоор анх галт тэргэнд танилцаж байсан хоёр, анхны хүүгээ мөн л галт тэргэнд төрүүлсэн гэхээр сонин байгаа биз. 
Анх хөдөөгийн Радио техникийн салбарт ажиллаж байхдаа өдгөө Зэвсэгт хүчний нэгдсэн лабораторийн даргаар ажиллаж байгаа хошууч У.Ганзам дүүтэйгээ танилцаж, Зэвсэгт хүчинд бидний амьдаа хэр олон байдаг талаар ярилцаж, хамтдаа зургаа авхуулж байлаа. Бид хоёрыг андуурсан тохиолдол цөөнгүй бий. Манай хүн (хошууч У.Ганзам) тааралдахдаа, утсаар ярихаараа таныг надтай андуурч утсаар ярилаа, юм асуулаа л гэдэг юм. Сүүлд амьдааг маань Зэвсэгт хүчний Нэгдсэн лабораторийн даргаар томилогдоход надад олон хүн баяр хүргэж утасдсан. Бас надад баяр хүргэх гэж манай найзууд Лабораторийн гадаа хүртэл цуглаж байсан тохиолдол байдаг юм. Зарим нь нуугаад байна уу л гэнэ. Мань хүнийг залхаасан байх шүү. Гараад ир, баяр хүргэе гээд байдаг, гараад очихоор өөр хүн эсвэл ах нар байж таарна шүү дээ. “Соёмбо” сониноор уламжлан амьдаагийнхаа ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье.
 
У.Ганзам: БИ ГАНЗАМ БАЙНА ГЭСЭН ЧИНЬ БИШЭЭ БИШ ГЭЖ БИЛЭЭ
 
 
-Би нэг эгч, эмэгтэй дүүтэй, айлын дунд хүү. Амьдаа бид хоёр айлын ганц хүү гэдгээрээ адилхан юм билээ. Манайх Яармагт байлаа. Тухайн үед ээж маань намайг төрүүлэх гэж гэртээ өвдөөд түргэн тусламж дуудаж л дээ. Түргэний эмч удаж ирээд шууд л төрөх эмнэлэг рүү аваад явсан юм. Түргэний машин ч нэлээд хурдтай явсан гэдэг. Гэсэн хэдий ч эмнэлэгт хүрч амжилгүй ээж минь замдаа нярайлсан. Одоогийн “Мишээл экспо”-гийн уулзвар буюу хуучин төмөр замын гарам дээр түргэний машин дотор мэндэлсэн юм билээ. Тэгээд л намайг зам дээр машин дотор төрсөн болохоор Ганзам гэж нэр хайрласан гэдэг. 
Манай лаборатори нь Зэвсэгт хүчнийхээ бүх анги, салбарт хүрч ажилладаг. Нэг удаа график төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн салбарт очиход захирагчаар нь дэд хурандаа Б.Ганзам ажиллаж байлаа. Ингэж л бид анхлан танилцаж, одоог хүртэл хамтран ажиллаж, нөхөрлөж явна даа. Бид хоёрыг андуурч ярих тохиолдлууд их гарна. Нэг удаа ЗХЖШ-т ажилтай явж байсан чинь нэг хүн залгаад Ганзам уу гэж байна. Тийм байна л гэлээ. Тэгсэн тантай нэг уулзах хэрэг байна, ажил дээр чинь ирчихсэн байна гээд л байсан юм. Би нэлээд удаж байж очсон чинь танихгүй хүн намайг хүлээгээд сууж байна. Та надтай уулзах гэсэн хүн мөн үү гэсэн чинь биш ээ гэж байна. Тэгээд тэр хүний хажууд нөгөө дугаар руу нь залгасан чинь нөгөө хүний утас дуугараад авч байна аа. Үгүй та юм биш үү гэсэн чинь үгүй би Ганзамыг хүлээж байна гэдэг юм. Би Ганзам байна гэсэн чинь бишээ биш гэж билээ. Тэгээд амьдаатай маань андуурч дээ гэж бодоод тодруулсан чинь тийм байж таарсан. Утсаар андуурч ярих тохиолдол бишгүй бий. Танай сониноор дамжуулаад амьдаа Б.Ганзамд ажлын амжилт, сайн сайхныг бэлгэдэн ерөөе.
 
Ахмад Д.Мэндбаяр
Эх сурвалж: "Соёмбо" сонин