sonin.mn
ҮБХИС-ийн АБС-ийн “Шилдэг төгсөгч” Ү.ДЭЛГЭРСУУРЬТАЙ ярилцлаа.
 
Юуны өмнө сургуулиа амжилттай төгссөнд тань баяр хүргэе. Та манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
 
-Баярлалаа. Би 1997 онд Эрдэнэт хотод төрсөн. Орхон аймгийн байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийг дүүргэж, 2015 онд ҮБХИС-ийн авто инженерийн ангид элссэн. Сургуулиа амжилттай төгсөж байгаадаа баяртай байна. Цаашдаа оюутны ширээний ард юу сурч, мэдсэн, тэр бүхнийхээ ач тусыг гаргах алсын зорилт бий. 
 
Энэ мэргэжлийг сонгосон шалтгаан юу байсан бэ?
 
-Миний аав насаараа жолооч хийсэн онц тээвэрчин. Тиймдээ ч би багаасаа л машин, техниктэй ойр өссөн л дөө. Иймэрхүү орчны нөлөөлөл бага зэрэг байсан байх. Мэргэжил сонгох чухал үе ирэхэд гэр бүлийнхнээсээ асууж, зөвлөлдөх хэрэгтэй гэж бодож байтал ээж маань “Чиний л сонголт, чиний л амьдрал” гэхээс өөр зүйл хэлээгүй. Одоо бодоход өөрөө сонголтоо хийгээд хариуцлагаа ч бас үүрэх тийм л боломжийг надад олгож дээ. 
 
Оюутан байхдаа хийсэн бүтээл, гаргасан амжилтаасаа сонирхуулбал...
 
-Жил бүр их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохиогддог Философийн улсын олимпиадад дөрөвдүгээр байр, дэд байр, улсын аварга шалгаруулах “Монгол инженер-2017” олимпиадад дэд, бүтээлийн төрөлд гутгаар байр, техникийн зураг зүйн улсын олимпиадад дөрөвдүгээр байр эзэлсэн. Энэ хугацаанд ҮБХИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлэг хоёр удаа, 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг тус тус хүртсэн. Инновацын бүтээлийн тухайд гэвэл Инженер механикийн тэнхимийн багш Ч.Бямбацэрэнгийн зааварчилгаагаар автомашины хурдны хайрцгийн шингэн солих багажийг шинэчлэн зохион бүтээж, ашигтай загварын гэрчилгээ авсан. Зохиогчийн эрхээ ч бас баталгаажуулчихсан. Мөн багш нартайгаа хамтарч сургуулийнхаа хэрэгцээ шаардлагад тулгуурлан “ИнжЭко” хэмээх бага оврын цахилгаан машиныг зохион бүтээж, зохиогчийн эрхээ авсан. Энэхүү машин Батлан хамгаалахын сайдын нэрэмжит “Оны шилдэг бүтээл”-ээр шалгарснаас гадна дараа дараагийн захиалгууд ч ирчихсэн бөгөөд ахлах курсийн бусад оюутнууд маань улам сайжруулж, илүү боловсронгуй болгох байх. Бага ч атугай хийсэн бүтээсний маань ард бид гэсэн хамт олон байгааг цохон тэмдэглэе. 
 
Эхэнд дурдсан бүтээлийнхээ ач холбогдол, үүрэг, зориулалтыг тодруулна уу?
 
-Автомат машины хурдны хайрцгийн шингэнийг солихгүй бол элэгдэлд орж муудах аюултай. Гэтэл шингэн солигч багаж нь ихэвчлэн БНХАУ-аас хамгийн хямддаа 1,200,000 төгрөгийн үнэтэй орж ирдэг. Багштайгаа хамтарч зохион бүтээсэн багаж маань 150,000 орчим төгрөгийн өртөгтэйгөөр бүтсэн. Хэрвээ бүтээлээ зах зээлд гаргаж худалдаалвал харьцангуй хямд тусна, тог цахилгаангүй газар зөөвөрлөх боломжтой гэдгээрээ ч давуу талтай. Уг бүтээлдээ тулгуурлаад төсөл бичвэл БСШУС-ын сайд дэмжлэг үзүүлнэ гэдгээ ч илэрхийлсэн. 
 
Эрдэм шинжилгээний бага хурал судлаачаас илүү академик түвшний судалгаа, дүгнэлтийг шаарддаг. Тэр бүхнийг өөрийн болгосон ч хүнд санаагаа ойлгуулна гэдэг бас өөр хэрэг... 
 
-Эрдэм шинжилгээний бага хуралд анхны илтгэлээ хэлэлцүүлэхдээ бага зэрэг сандарсан. Эрдэм шинжилгээний бага хурал гэж юу байдгийг анх удаа л харж, мэдэрсэн минь тэр. Салбар, салбарын олон эрдэмтэн, багш нарын урдаас харахаар яах аргагүй л сандраад байсан. Заримдаа үгээ дотогш нь залгичих гээд л их хэцүү. Гэхдээ байр эзлээд гараад ирэхэд надад их итгэл төрсөн, бүтээл хийсэн хүн хоосон хоцордоггүй юм билээ. Гол нь өөртөө итгэх итгэлийг л олж авсан нь чухал. Тэрхүү хурлаас хойш багш нарынхаа араас их гүйж, ойр байж, судалгаа, шинжилгээний ажилд ч илүү их цаг зарцуулдаг болсон. 
 
Сурагч байхдаа техникийн уралдаан тэмцээнүүдэд оролцож байв уу? Таныг хүүхэд байхдаа энэ талын суурь мэдлэг, ур чадварыг олж авсан юм уу даа гэсэн бодол төрлөө...
 
-Би сайн сурагчдын тоонд багтдаггүй, бага зэрэг залхуу байлаа. Гэхдээ оюутан болсноосоо хойш зорилгоо ухамсарлаад, өөрийгөө дайчилсан, бусдын л адил хөдөлмөрлөвөл болдог л юм байна. Нэгдүгээр курсэд Б.Банзрагч багш манай ангийг дааж авч байлаа. Надтай их ойр байж, зааж зөвлөнө. Намайг чиглүүлж өгсөн хүн. Суурийг нь тавьчихвал ямар ч барилга дороо л сүндэрлэдэгтэй ус агаар нэг шүү дээ. Мэдээж хүний амьдрал дан ганц сургуулиар хязгаарлагдахгүй байх, өөр олон хүчин зүйлээс шалтгаалан өгсөж эсвэл уруудаж болно.
 
Таны судалгааны зонхилох арга юу вэ?
 
-Судалгаандаа таарах бүхий л аргыг хэрэглэхийг зорьдог. Гэхдээ техник, инженерийн бүтээлүүд дээр ажилладаг учраас ихэвчлэн ажиглалт, харьцуулалтын арга л оновчтой санагддаг юм.
 
Чөлөөтэй сэтгэх дуртай гэхээр тань их дүрсгүй, дураараа хүүхэд байсан болов уу гэсэн бодол төрлөө…
 
-Чимээгүй хэрнээ нэг мэдэхэд л бөөн хэрэг тарьчихсан нөхөр сууж байна, ёстой л чөтгөр, дайсны цэрэг гэдэг шиг. Долоон хүүхэдтэй айлын бага нь болохоор сахилгагүй байсан болов уу.
 
Шийдвэр гаргахдаа таны баримталдаг “Алтан дүрэм” юу вэ?
 
-Эрсдэлийг тооцохын тулд удаан боддог. Бусадтай ч саналаа хуваалцана, олон хүн дэмжээд ирвэл сонголтдоо улам л итгэлтэй болно. Бие дааж шийдвэр гаргадаг ч гэлээ олонтойгоо зөвшилцөхийг эрхэмлэдэг. 
 
Таны амжилтын ард философийн ямар үзэл санаа байгааг товчхон хэлбэл...
 
-Аливааг сайн, муу цаашлаад олон талаас нь авч үзэхийг бас нэг хэвд баригдалгүй хайрцгаас гарч сэтгэхийг л хичээдэг дээ. Юмсын тэнцвэртэй байдлыг юу хадгалдаг, түүнийг л ойлгож, ухаарахыг эрмэлзэж байна.
 
Шагнал гэж...
 
-Уралдаан, тэмцээн бүрийг л шагнал гэж боддог. Байр эзэлсэн, эзлээгүй нь хамаагүй, өөрийгөө нээж, бусдад илэрхийлж л байвал түүнээс илүү шагнал гэж үгүй байх. 
 
Сургуулийн зүгээс хэр дэмжлэг үзүүлдэг вэ?
 
-Би амжилттай суралцсан ч бид гэж нэрлэгдэх сургуулийн удирдлага, багш нарын хүлээлгэсэн итгэл, үзүүлсэн дэмжлэг их. Тэр дундаа инженер механикийн тэнхимийн дарга, докторант, дэд хурандаа Э.Нацагдорж, компьютерын багш К.Гэрэлчимэг, Ч.Бямбацэрэн, анги удирдсан багш Б.Бадрууган нартаа талархаж байгаагаа илэрхийлье. 
 
 
Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин