sonin.mn
XII зууны сүүлч, XIII зууны эхэн үед Монгол нутагт Хамаг Монгол, Хэрэйд, Найман, Мэргид, Татаар зэрэг олон овог, аймаг саланги тусдаа бие даан оршиж, өвөр зуураа тасралтгүй тэмцэлдэн байв. Тэдний сөргөлдөөн, тэмцэлдээнийг хөрш зэргэлдээх зүрчидийн Алтан улс, Тангуд улсын эрх баригчид улам өдөөн турхирч, хагалан бутаргах үйл ажиллөгаа явуулж байлаа.
 
 
Тийм нөхцөлд Хамаг Монгол Есүхэй баатраас хойш хориод жил нэгтгэн захирах хан эзэнгүй явснаас овог, отгоороо сарнин гагц ахан дүүс, чинээлэг ард хамтран хүрээ болж салангид амьдрах үзэгдэл түгээмэлжжээ. Тийн бие даан амьдрагсдыг “Монголын нууц товчоо”-ны эхэд “Үтү дүрийн хүмүүн” гэж нэрийдсэн байх бөгөөд харин академич Ц.Дамдинсүрэн нийтэд зориулсан хөрвүүлэгтээ утгачлан “Сул ард, сул хүн (Чөлөөт иргэн)” гэж орчуулжээ. Овог, аймгийн хам олноос хүссэн, хүсээгүй алин боловч хагацан салж, дээрээ захирах ноёнгүй, дороо захирагдах албатгүй сул чөлөөтэй амьдарч асан тэдгээр сул ардын төлөөлөгч нь Боорчугийн эцэг Наху баян, Зэлмийн эцэг Жарчиудай дархан тэргүүтэн бөгөөд тийм сул ард олон байсан гэдэг. Гэвч саланги тусгаар хүрээ, хот бусдын дээрэм, цохилтод амар хялбар өртөх болсон нь тэднийг нэгдэх хандлага руу түлхэж байлаа. 
 
“Нармай улсаа байгуулъя!” гэж хэлэлцэх хүмүүс ч гарч ирэв. Нийгмийн бүх давхаргын тэрхүү хүсэл тэмүүллийг гүйцэлдүүлэн эв нэгдлийн төлөөх тэмцлийг оройлон манлайлж “Монголын нууц товчоо”-нд өгүүлсэнчлэн “Эсгий туургатан улсыг энх шударга болгох” түүхэн үүрэг хувь зохиолын эрхээр Тэмүжинд ногджээ.
 
Тэрбээр хэнд ч дайсагнах сэтгэл үл өвөрлөж, гэнэ сэрэггүй байхад нь довтлон ирж гэргий Бөртэ үжинийг нь булааж одсон гурван мэргэдийг 1179 оны намар Буур хээрт бут цохисноос эхлэн зэвсэгт тэмцлийн замд шуудран оржээ. Тэгээд ч түүнээс хойших найм, есөн жилийн хугацаанд тэр бээр гар хумхин зүгээр суугаагүй агаад цэрэг-улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулсны үр дүнд нэр хүнд нь тал нутагт ихэд өссөнийг дараа дараагийн түүх нотлон харуулж байна. Түүний хамгийн тод илрэл гэвээс түүхийн сурвалж бичгүүдэд өгүүлсэнчлэн «Тэнгэр газар эетэлдэж Тэмүжинийг улсын эзэн болтугай гэж заамуй» хэмээн Хамаг Монголын ноёд зөвшилдөж санал нэгдэн тохиролцсон явдал. Энэ тухайд Монголын нууц товчоонд: Тэмүжинийг Сэнгүр (Одоогийн Хэнтий аймгийн нутагт орших Цэнхэрийн гол) горхины Хар зүрхний Хөх нуурт бүхүйд нийтээр хүрэлцэн очиж «Чамайг хан болгоё!» гэцгээгээд, 1189 оны шарагчин тахиа жил Хамаг Монголын хан ширээнд залж “Чингис хаан хэмээн нэрийдэж, хан болгов” гэж өгүүлжээ.
Хар зүрхний Хөх нуурт босгосон хөшөө дурсгалууд (Эдүгээ нуурын эрэг дээр Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойд зориулан босгосон хөшөө дурсгалын цогцолбор байх бөгөөд түүнийг тойруулан 108 метрийн голчтой хагас саран хэлбэртэй талбайд Монголын төрийг барьсан Алтан ургийн их, бага 36 хааны модон сийлбэрийг байрлуулсан байна. Эдгээрийн төв хэсэгт Чингис хаан, түүний эцэг Есүхэй, хатан эх Өүлэн, төрийн их хатан Бөртэ үжингийн сийлбэрийг байрлуулсан бөгөөд энэхүү цогцолборт нийт 50 ширхэг модон сийлбэр байрлуулжээ. Тэмүжинийг хан өргөмжлөх их хурилдайн үеэр тэр бээр улс гэрийнхээ хамгийн хүндэт ихэс дээдэс-ахмад үе болох бага авга Дааридай Отчигин болон Хутула ханы хөвүүн Алтан Отчигин, Нэхүн тайшийн хөвүүн Хучар бэхи, Жүрхэний Сорхату, Жүрхийн хөвүүн Сэчэ бэхи нарт дараалан найр тавьж хан болохыг санал болгосон боловч тэд хүлээн аваагүй ажээ.
 
Тэр бээр ийнхүү хан болох гэж өөрийгөө нэр дэвшүүлээгүй агаад их хурилдайн үеэр бусад хүмүүст хан болохыг санал болгож байсан энэ баримт нь тэр бээр анхнаасаа хан болохоор улайран хөөцөлдөөгүй буюу одоогийн ойлголтоор “Албан тушаал хөөцөлдөгч” огтхон ч биш байсан болохыг харуулж буйн нэгээхэн нотолгоо юм.
 
Харин Тэмүжин ийнхүү улсын эзэн хан өргөмжпөгдсөний учир нь:
нэгд: Эртний язгуурт Боржигон овгийн толгойлогчдын хууль ёсны залгамжлагчдын нэгэн байсан;
хоёрт: эрдэм ухаан, авьяас чадвараар олон овог аймгийн ноёдоос шалгаран товойж, тэдний итгэлийг олж хүрээлүүлж чадсан;
гуравт: эцгийн улсыг сэргээн байгуулах гэсэн Тэмүжиний хүсэл сонирхол нь хүчээ нэгтгэхийг эрмэлзсэн монгол түмний нийтийн ашиг сонирхолтой нийцэн, түүнийг нийт даяар мэдэж, хүлээн зөвшөөрч байсанд тус тус оршино.
Дашрамд өгүүлэхэд одоо зарим хүн “Чингис хаан” хэмээх хоёр үгээр бүтсэн цолны нэрийтгэлийг товчлон “Чингис, Чингис”, “Чингис хот”, Чингисийн талбай” гэх мэтээр ярьж бичиж буйг үзвээс “Дархан аварга” гэдэг цолтой хүмүүнийг “Дархан, дархан” гэж утга алдуулах юм уу, “Хурандаа генерал” гэхийг “Хурандаа, хурандаа” гэж товчлон “жижигрүүлж, доош нь хийх”-тэй чанар нэг гэнэм. Бас нэгэн зүйл бол “Хаан”, “Хан” хэмээх хоёр нэрийн ялгааг сүүлийн үес хэн хүн тэр бүр анзаарахаа болиод байгаа асуудал.  Түүхийн сурвалж бичгүүд, түүний дотор “Монголын нууц товчоо”-нд тэр үеийн улс аймгийн тэргүүнийг “Хан” хэмээдэг байсан бөгөөд харин тэрхүү хан нь тусгай өргөмж цолтой байсныг тодорхой тэмдэглэсэн байна.
 
Тухайлбал, “Монголын нууц товчоо”-нд дээр өгүүлсэнчлэн “Тэмүжинийг Чингис хаан хэмээн нэрийдэж, хан болгов”, “Тэнд Чингис хаан хан болж...”, “Тэмүжин хөвүүнийг мину хан болгох, ай зөв. Монгол хан үгүй хэр ахуй байх” гэх мэтээр тов тодорхой өгүүлсэн байна. Мөн “Жамуха-г хан өргөе”... хэмээлдээд Гүр хан өргөөд...” гэхчилэн бичсэн буй.
 
Өөрөөр хэлбэл “Хан” гэдэг нь одоогийнхоор багцаалан жишихэд албан тушаалын нэр, харин “Хаан” гэдэг нь тэрхүү ханыг өргөмжилсөн цол байсан байна.
Чингис хаан Тэмүжин Хамаг Монголын хан ор суумагцаа тарж сарнисан ард иргэдээ нэгэн жолоонд бат оруулж, гол түшиг тулгуур болох шадар турхаг (торгон) цэргээ байгуулж, удирдлагыг тодорхой болгон ханы зарлиг шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардагдах албадыг үүсгэн буй болгож, албан тушаалтныг томилон цэгцэлж, улс аймгаа гаднын халдлага, түрэмгийллээс батлан хамгаалах бодлогыг тууштай авч хэрэгжүүлж эхэлжээ. Ийнхүү харьцангуй богино хугацаанд Хамаг Монгол Улсыг сэргээн төвшитгөж, бусад монголжин овог аймгуудынхаас дутахааргүй хүчирхэг цэргийг үүсгэн байгуулсан нь цэл залуу Тэмүжиний удирдан зохион байгуулах төрөлхийн их авьяас чадвар хийгээд цэргийн агуу жанжны суу билгийн нэгээхэн илрэл байлаа.
 
Эцэст нь тэмдэглэхүй: 2019 он Халхын голын дайны ялалтын их ойн жилээс гадна Монголын түүхэнд баларшгүй ул мөрөө үлдээсэн бусад олон чухал үйл явдлын ойн жил болж байгаагаараа онцлог. Түүний нэг нь Тэмүжинийг хан ширээнд залж, “Чингис хаан” цол өргөмжилсний 830 жилийн түүхт ой юм.
 
Түүхэнд өгүүлснийг үзвэл энэхүү үйл явдал дээр өгүүлсэнчлэн 1189 оны зуны тэргүүн сарын хуучдаар тохиосон бөгөөд Чингис хаан Хамаг Монголыг сэргээн байгуулсан нь чанагш бүх Монгол туургатныг нэгтгэж, улмаар их гүрнийг байгуулан дэлхий дахиныг төвшитгөх агуу их үйл хэргийнх нь эхлэл болсноороо түүхэн их ач холбогдолтой, дэлхий дахины түүхэнд баларшгүй ул мөрөө үлдээсэн онцгой чухал үйл хэрэг байлаа.
Тиймээс энэхүү түүхт ойг Монгол түмэн минь ямар нэгэн хэмжээгээр дурсан тэмдэглэх нь зүйтэй бус уу хэмээнэ.
 
 
 
 
Доктор, профессор Ж.БАЗАРСҮРЭН