sonin.mn
“Dale Carnegie Training”-ийн Монгол дахь салбарыг үүсгэн байгуулагч, “JCI” ТББ-ын сургагч багш Э.Чинзоригтой ярилцлаа.
 
Анх “JCI”-тай хэрхэн холбогдсон бэ? 
 
-2016 оноос эхлэлтэй. Өмнө нь найз нөхөд тус байгууллагад элсээч гэсэн санал тавьж байсан. Тухайн үед тоймтой ойлголт байгаагүй учраас ач холбогдол өгөөгүй юм. Харин 2015 оны сүүлчээр “Fish philosophy” хэмээх ажлын байрны сургалтыг гаднын орноос нэвтрүүлж, тэр нь англи хэлээр явагдаж байснаас гадна заах арга зүйн хувьд өөрчлөх, монгол хэлнээ гарын авлага хөрвүүлэх гээд ундарсан их ажил байсан юм билээ. Тэгээд л эдгээр ажилд дэмжлэг үзүүлээч гэсэн саналыг хүлээн авч орчуулгыг бага зардлаар хийж, заах аргачлалыг нь боловсруулсан. Ингээд Монгол Улс дахь “JCI” салбарын гишүүдэд хичээл зааж тэр нь ч үнэлэгдсэн. Ажлын гүйцэтгэлээ сайн хангасан учраас “JCI”-аас өөр ажлын санал ирсэн. Тодруулбал, гишүүнээр элсэж сургалтын асуудлыг хариуцсан албан тушаалыг хаших байлаа. Товчхондоо бол ингэж л холбогдсон. Нэг их хайж, эрэлхийлж яваагүй.
 
“JCI” залуусыг хэрхэн бэлддэг вэ? Нийгэмд тодорхой түвшний асуудлуудыг шийдвэрлэхэд залуусын оролцоо их үгүйлэгддэг гэж ярих хүн цөөнгүй ...
 
-Би “JCI”-ийн бүх ажлыг төлөөлж ярих нь зохимжгүй юм. Тиймээс өөрийн бодлыг л хуваалцъя. “JCI” нийгэмд бус гишүүдэд үйлчилдэг Төрийн бус байгууллага юм. “JCI”-д харьяалалтай гишүүд өдөр бүр нэг доллар буюу жилийн хугацаанд 365 долларын хураамж төлдөг. Энэ тоо өндөр мэт сонсогдож байгаа ч “Өөрийгөө өөрчлөхийн тулд өдөрт нэг доллар” гэсэн уриан дор залуус суралцдаг учраас мөнгөн дүнд ач холбогдол өгдөггүй байх. Би анх элсэж байхдаа ажлынхаа хажуугаар “JCI”-д цаг гаргана гэж боддог байсан. Гэтэл удалгүй эсрэгээрээ бүх цагаа “JCI”-д зарцуулж, зав гарвал хажуугаар нь ажлаа хийдэг болсон. Өөрөөр хэлбэл, “JCI”-д суралцсанаар маш завгүй өдрүүдийг өнгөрөөнө, гэхдээ ажлын ачааллыг даахаас эхлээд сурч боловсрох зүйл олон бий. Өөрийгөө танина, олон улс, бүсийн чуулга уулзалтад оролцоно. Хэрвээ овсгоотой байж чадвал гаднын улс орнуудаас бизнесийн түншээ олж хөрөнгө оруулалт ч татаж чадна. Тийм жишээ ч байдаг.
Энэхүү байгууллага “Бид эерэг өөрчлөлтийг авчрах залуусыг бэлдэнэ” гэдэг уриатай. Харин эерэг өөрчлөлтийг хэн авчрах вэ гэсэн асуулт урган гарч ирж байгаа юм. 
“JCI” тэрхүү “хэн”-ийг л бэлддэг.
 
“JCI”-ийн сургалтын онцлогийн тухайд ...
 
-18-40 насны хүмүүсийг залуу иргэн гэж үздэг. Багаар ажиллах чадварыг хувь хүнд эзэмшүүлдэг. Дан ганц өөрөө мундаг байх нь ирээдүйдээ амжилтад хүрнэ гэсэн баталгаа болж чадахгүй.
 
Алхсан мөрөө эргэж харахад өнгөрсөн хугацаанд танд ямар өөрчлөлт гарсан бэ?
 
-Бизнесмен хүн шинэ алхам, сорилт хийх бүртээ л өөртөө хүлээлт бий болгодог. Би “Dale Carnegie Training Mongolia” хэмээх олон улсын сургалтын байгууллагын монгол дахь салбарыг нээгээд зургаан жил болж байна. Эхний жилүүдэд өөрийнхөө бизнесийг хэрхэн өргөжүүлж, тэлэх тухай бодол толгойд эргэлдэж байлаа. Тэгээд л олны танил хүмүүсээр хүрээллээ тэлэх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Харин “JCI”-д тийм хүмүүс олон байдаг, энэ нь надад өргөн боломж олгосон.
 
Өөрийгөө таньж мэдэх тухай яриандаа дурдлаа, та өөрийгөө “олсон” уу?
 
-Бусдад хичээл зааж, тийм, ийм байх ёстой гэдэг хэрнээ тэр бүхнийгээ өөрөө хийж, хэрэгжүүлж чадах болов уу гэж бодогдох үе бий. Гэхдээ өнгөрсөн хугацаанд өөрийгөө бага багаар таньж байна. “JCI” 2017 онд залуучуудын Ази, Номхон далайн чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахад би комиссын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. Тухайн үед гаднын улсаас 4000 гаруй төлөөлөгч ирсэн. Энэ нь төрийн оролцоогүйгээр хийгдсэн томоохон ажил байлаа. Тус чуулга уулзалт болон бусад үйл ажиллагаануудад оролцохдоо өөрийгөө хаана яваа, ямар хэмжээнд бэлтгэгдэж байгаагаа харах завшаан тохиосон.
 
Та “Dale Carnegie Trainig Mongolia”-г үүсгэн байгуулахдаа юуг хүсч, мөрөөдөж байв? 
 
-“Dale Carnegie Training Mongolia” нь “ISO” стандартыг хэрэгжүүлсэн цорын ганц сургалтын байгууллага. Бизнесийн удирдлага, хувь хүний хөгжил гээд олон талын судлагдахуун, мэдэгдэхүүнийг суралцагсдад өгдөг. Бидний багшлах эрх “ISO” стандартаар баталгаажсан. Миний хувьд ч тийм, АНУ-д байдаг “Carnegie” их сургуулийг зургаан жилийн өмнө төгссөн. Ингээд Монголын анхны “Dale Carnegie Training Mongolia”-ийн багш болсон доо. Харин Монголдоо үүсгэн байгуулсан нь олон асуултад хариулт өгсөн гэдгийг хожим ухаарсан юм. “Бид монгол хүний үнэлэмжийг дэлхийн түвшинд аваачна” гэсэн уриатайгаар шинэ компаниа байгууллаа. Цаашид яах, ийх талаараа удаан бодож, судалсны эцэст Б.Энхболд гэдэг залуутай хамтарч “Dale Carnegie Training”-ийн албан ёсны эрхийг авч Монгол Улсдаа салбарыг нь нээхээр зорьсон. Найман сар гаруйн хугацаанд хөөцөлдсөний эцэст бүтсэн. Гэхдээ маш их эрсдэлийн өөдөөс зориглон алхсан. Хэрэв бүтэлгүйтвэл төлж барахад хэцүү, их хэмжээний өрөнд унах байлаа. Албан ёсны эрхийг авахаас урьтаж зөвлөгөө авахаар бизнесмэн танилуудтай уулзсан. Бүгд л “Хайран залуу нас, бүтэшгүй, дэмий, ийм өндөр үнэтэй сургалтад Монголд суух хүн байхгүй ээ” гэж байсан. Дэмжсэн хүн тун цөөн байсан хэдий ч одоо манай байгууллагыг 17000 гаруй хүн төгсөөд байна.
 
Манлайлагч, удирдагч хоёр ямар ялгаатай вэ?
 
-Манлайлагчийн гол үүрэг нь өөр нэгэн манлайлагчийг төрүүлэхэд оршино. Манлайлагчид үр дүнгээс илүү чадварлаг хамт олон чухал байдаг. 
 
Төгсөх ангийн сурагчдад ямар хичээл амьдралд хэрэгтэй, тэр нь цаашдын суурь болж чадах эс чадах гээд л олон асуулт тулгардаг. Таны хувьд сурагч байхдаа эдгээр асуултад ямар хариулт өгч байв?
 
-Би үймүүлээд сүйд болдоггүй ч гэлээ бас нэг дуугүй сурагч байсангүй. Хичээлд идэвхтэй, сайн хүүхэд байсан. Химийн олимпиадуудад оролцож тодорхой амжилт үзүүлж байлаа. Төгсөх ангидаа бага зэрэг залхуурч эхэлсэн. Зарим хичээл амьдралд ямар ч хэрэггүй юм шиг санагддаг байлаа. Жишээлбэл, биологийн хичээл дээр үздэг генийн бодлогууд. Хичээл, шалгалтын үеэр хуулах үе ч байсан. Гэхдээ хими, компьютерын хичээлдээ дурладаг сурагч байсан. Бас багш нартайгаа үе үе ам зөрнө, гөжүүдэлнэ, гэхдээ хийх ёстой гэж бодсон зүйлдээ цаг, зав, сэтгэлээ харамгүй зориулна. Миний унтамхай байдал л багш нарын дургүйцлийг их хүргэдэг байж билээ. Хичээлээ судлаад байгаа боловч арга барил, хэлбэр нь бусдад таалагдаагүй байх гэж боддог.
 
 
Амжилтад хүрэхэд гэр бүл багагүй үүрэг, оролцоотой ...
 
-Тэгэлгүй яах вэ. Эхнэрийг маань Б.Үүрцайх гэдэг, мэдрэлийн их эмч мэргэжилтэй. Бид хоёр хүү, нэг охинтой. Энэ дашрамд ханьдаа ар талыг минь найдвартай дааж, амьдралыг түшилцэж яваад талархдагаа илэрхийлье. Сонголт бүрийг минь эргэлзэлгүй дэмжсэн. Ялангуяа “Dale Carnegie Training Mongolia”-г үүсгэн байгуулахад хамгийн их сэтгэлийн хүчийг хань минь л өгч чадсан. Нөхөр нь их хэмжээний зээл аваад дампуурчихвал тэр хүний ард байгаа хань ижил, үр хүүхдүүд ч эрсдэлд орно шүү дээ. Тэр бүгдээс эмээгээгүй гэхээр эхнэр минь ч бас их зориг, тэвчээр, ухаан гаргаж дээ гэж боддог. Бизнес эрхлэхэд гэр бүлийн дэмжлэг хамгийн чухал гэдгийг онцолж хэлье.
 
Нийгмийн тодорхой хэсэгт хүрч ажиллая гэсэн бодол төрдөг үү? 
 
-Аливаа ажил, мэргэжил нийгэмд үнэ цэнэтэй юу, хувь нэмрээ оруулж чадаж байна уу гэсэн асуултуудаас хамааран удаан оршин тогтнох эсвэл сөнөж устах нь шалтгаалдаг жамтай. Би бодож үзлээ, сургалтыг маань зорьж ирсэн хүмүүст тусалж чадаж байна уу гэвэл тийм. Гэхдээ арай өргөн цар хүрээг хамарч, нийгэмд үр өгөөжөө өгч байна уу гэвэл бас эргэлзээтэй. Өнгөрсөн жил “JCI”-ийн дэлхийн чуулганд оролцож байхад TOYP (ten outstanding young person) буюу хүн төрөлхтний төлөө сайн үйл хийсэн дэлхийн шилдэг арван залууг тодруулсан. Монголоос “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан шалгарсан. Хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөж, тэмцсэн нь нийгэмд тодорхой хэмжээнд хүрч үйлчилсэн гэдгийг нь илтгэж байгаа юм. Түүн шиг олон залуу хийсэн бүтээснээ танилцуулж илтгэж байхыг харж суусан хүнд өөрийн эрхгүй би яг юу хийж, бүтээж байна вэ гэсэн бодол төрдөг юм билээ. Яах вэ, би сайн багш хэдий ч хичээлээ бизнесийн зорилгоор л заадаг шүү дээ. 17000 хүнд хүрч үйлчилсэн байна. Цаашдаа багшилсаар байвал энэ тоо 30000 л болж өснө. Нийгэмд нөлөөлөх нөлөөлөл тэгээд л дуусна гэсэн үг. Одоо толгойд орж байгаа зүйл гэвэл хүмүүс намайг сайн багш гэж хүлээн зөвшөөрч байгаа болохоор өөр шигээ эсвэл өөрөөсөө ч илүү багш нарыг бэлдэж яагаад болдоггүй юм бэ гэсэн бодол. Тиймээс цаашдаа нэг ч гэсэн сайн багшийг төрүүлэхээ эрхэм зорилгоо болгоно. Арван багшийг бэлдлээ гэхэд тэд өөр олон хүнд хичээл заана. Ингэхээр нийгэмд нөлөөлөх цар хүрээ нь өргөсөх болов уу. Үүнийгээ л эх орондоо оруулж буй хөрөнгө оруулалт гэж бодож байна. Түүнээс биш энэ улс орныг тийм түвшинд аваачна, ядуурлыг бууруулна ч гэдэг юм уу алс холын зорилт байхгүй ээ. Өөрт байгаа боломж, нөөц бололцоо, ур чадвараа бусдад өвлүүлье гэсэн бодол л намайг уяж байгаа. 
 
Ярилцлагын төгсгөлд залуустаа хандаж юу гэж уриалах вэ? 
 
-Залуу хүмүүс алдсан ч, оносон ч хождог. Учир нь алдаа, онооноосоо ялгаагүй суралцдаг. Алдаа нь багасаад эсвэл алдаанаас айж эхэлбэл залуу нас шувтарч байна л гэсэн үг. Би ч ялгаагүй зарим зүйл дээр айх, хойш суух, алдаанаас цэрвэх хандлагатай болж ирсэн. 
Гэхдээ залууст зөвлөхөд амжилт хүнд ирэхдээ дардан замыг туулдаггүй. Тухайн хүний аливаа зүйлд гаргах чин сэтгэл хамгийн чухал. Багш хичээлээ сайн заана, тогооч хоолоо амттай хийнэ, сэтгүүлч мэдээгээ тэнцвэртэй бичнэ, ингээд л боллоо. Их энгийн байгаа биз. Гэхдээ дан ганц чин сэтгэл байгаад хангалтгүй, нэмэх нь эр зориг. Алдаанаас айх нь залуу хүний хийх зүйл биш.
 
 
Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин