Үүнийг уншаад та гайхаж магадгүй, гэхдээ аливаа дарангуйлагч дэглэмийн эсрэг тайван замаар тэмцэх нь хүч хэрэглэн тулалдсанаас 2 дахин илүү үр дүнтэй байдаг ажээ. Энэ тэмцэлд хүн амын тун цөөн хэсэг буюу 3,5 хувь нь оролцоход л хангалттай бөгөөд тэдний тэмцэл амжилтанд хүрснээр нийгэмд өөрчлөлт авчирдаг болохыг BBC агентлагийн тоймч Дэвид Робсон онцлон тэмдэглэж байна.  
Үүнийг батлах жишээ олон бий. 1986 онд сая сая филиппинчүүд Манила хотын гудамжинд гарч, эсэргүүцлээ илэрхийлснээр /Шар хувьсгал/ Маркосын дарангуйлагч дэглэм дөрөвхөн хоногийн дараа нуран унаж байв. 2003 онд
Гүржийн ард түмэн цус урсгалгүйгээр Сарнайн хувьсгал хийж, гартаа цэцэг барин парламентын байрыг эзэлж байсан гэх мэт.  Ийм маягаар жирийн иргэд эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсоноор улс төрийн дээд зиндааныхныг ялж, нийгэмдээ эрс өөрчлөлтийг авчирч байлаа.  
Мэдээжийн хэрэг, хүч хэрэглэхгүйгээр тэмцэх аргыг сонгоход олон шалтгаан бий л дээ. Гэхдээ Харвардын их сургуулийн улс төр судлаач Эрика Ченовет-ийн хийсэн судалгааны дүнг үзвэл, тайван замаар тэмцэх нь зөвхөн ёс суртахуунтай холбоотой асуудал биш гэдэг нь тодорхой болно. Тайван замын тэмцэл бол бусад арга хэрэгслийг бодвол дэлхийн улс төрийн бодлогыг өөрчилж чадах илүү үр дүнтэй арга болой.
 
20 зууны туршид өрнөж байсан олон зуун эсэргүүцлийн хөдөлгөөний талаарх баримт материалуудыг судалж үзсэн Э.Ченовет дорх дүгнэлтийг хийжээ. “Хүч хэрэглэхгүйгээр явуулсан тэмцлээр зорилгодоо хүрэх магадлал нь хүч хэрэглэсэн ажиллагааныхтай  харьцуулахад  2 дахин өндөр байжээ”. Хэдийгээр тухайн үйл явдлын өрнөл нь олон хүчин зүйлээс хамаарах боловч эсэргүүцлийн ажиллагаанд хүн амын 3,5 орчим хувь идэвхтэй оролцоход л нийгэмд томоохон өөрчлөлтүүд гарч байсан аж. 
Э.Ченовет судалгаа хийх явцдаа өнгөрсөн цаг үеийн нөлөө бүхий хүмүүс болох Махатма Ганди, Мартин Лютер Кинг нарын философийн үзэл баримтлалыг танин мэдэхийг оролджээ. Тэд тайван замаар эсэргүүцлээ илэрхийлэх нь ямар агуу хүчтэй болохыг ухуулан таниулж байсан билээ.
Колорадогийн их сургуулийн аспирантурт суралцаж байсан Ченовет бүсгүй Хүчирхийллийн бус хямралыг судлах олон улсын төвийн судлаач Мария Стефан-тай хамтран 1900-2006 оны хооронд өрнөж байсан олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийн талаарх судалгааны ажлуудтай танилцсан байна. Ингэхдээ тэд хүмүүсийг хулгайлах, бөмбөг дэлбэлэх, дэд бүтцийн объектуудыг эвдэн сүйтгэх, хүмүүсийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулах байдлаар явуулсан тэмцлийг хүчирхийллийн ажиллагаа гэж тооцсон байна.
Хоёр судлаач бүсгүй хүч хэрэглэсэн болон тайван замаар явуулсан 323 удаагийн эсэргүүцлийн ажиллагааны талаарх баримт материалуудыг цуглуулаад, судалгааныхаа дүнг “Иргэдийн эсэргүүцэл амжилтанд хүрч буйн шалтгаан. Тайван замын тэмцлийн стратегийн учир уялдаа” гэдэг номондоо нийтэлсэн нь хүмүүсийн сонирхлыг асар ихээр татсан байна.
 
Тооны хүч
 
Хүч хэрэглэхгүйгээр зохион байгуулсан эсэргүүцлийн ажиллагаануудын 53 хувь нь улс төрийн өөрчлөлтөд хүргэж байсан бол хүчирхийллийн замаар явуулсан ажиллагаануудын зөвхөн 26 хувь нь л амжилтанд хүрч байжээ. Тодорхой хэлбэл, тайван замын тэмцэл нь 2 дахин илүү үр дүнтэй байжээ гэсэн үг.
Судалгаанд дурдагдсан хамгийн өргөн хүрээтэй 25 эсэргүүцлийн ажиллагаанаас 20 нь тайван замаар явагдсанаас 14 нь амжилттай болж байжээ. Тайван  тэмцэлд дунджаар 200 мянган хүн хамрагдаж байсан нь хүчирхийллийн аргаар явуулсан ажиллагаанд оролцсон хүмүүсийн тооноос /50 мянга/ 4 дахин олон байв. Тухайлбал, Филиппинд Маркосын дэглэмийн эсрэг өрнөсөн ардын хувьсгалд 2 сая, 1984-1985 онд Бразилд дэгдсэн эсэргүүцлийн ажиллагаанд 1 сая, 1989 оны Чехословакийн "Хамба хилэн" хувьсгалд 500 мянган хүн тус тус оролцож байжээ.
Хүн амын 3,5 орчим хувь нь эсэргүүцлийн ажиллагаанд оролцоод эхлэнгүүт л уг ажиллагаа гарцаагүй амжилтанд хүрдэг байна. 1980-аад оны сүүлчээр Эстонид болсон Дуулдаг хувьсгал, 2003 оны Гүржийн Сарнайн хувьсгалын үеэр тэдгээрт оролцогчдын тоо нь дээрх босгыг давж байжээ.
 
 
Ченоветийн онцлон дурдсанаар “ид өрнөж байх үед нь хүн амын 3,5 хувь оролцож байсан жагсаал цуглаануудын дотроос бүтэлгүйтсэн ажиллагаа нэг ч байгаагүй бөгөөд бүгд амжилтанд хүрсэн” аж. Эл үзэгдлийг тэрбээр “3,5 хувийн дүрэм” гэж нэрлээд хүч хэрэглэхээс зайлсхийсэн ажиллагаанууд яагаад хүн амын дэмжлэгийг илүү ихээр хүлээж байна вэ гэдгийн шалтгаануудыг онцолсон байна.
Тодруулбал, хүчирхийллийн ажиллагаа нь цус урсгахыг үзэн яддаг хүмүүсийг айлгадаг бол тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж буй хүмүүс сэтгэл зүйн хувьд давуу, өөртөө итгэлтэй байдаг аж. Тайван эсэргүүцлийн ажиллагаанд оролцоход бие бялдрын хувьд бэрхшээл бага. Ажил хаялтанд оролцохын тулд бие бялдрын тусгай бэлтгэлтэй байх, хүч тэнхээ ихтэй байх шаардлагагүй.
 
Харин хүчирхийлэлд тулгуурласан ажиллагаанд бие бялдрын хувьд чийрэг залуус оролцдог. Тэдэнд зэр зэвсэг хэрэгтэйгээс гадна үргэлж нууц байдалд ажилладаг учраас ийм хөдөлгөөнд хүн амыг өргөнөөр хамруулахад маш хэцүү.
 
Харин тайван замын тэмцэлд хүмүүс олноороо оролцдог төдийгүй цагдаа нар, цэргүүд түүнд хамрагдах магадлал илүү өндөр байдаг. Олон сая хүн оролцсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр аюулаас хамгаалах албаныхан “төрөл төрөгсөд, найз нөхөд маань уг ажиллагаанд оролцож байх вий” гэхээс болгоомжилдог. “Тэд үй олон хүмүүсийг хараад живж буй усан онгоцноос зугтах нь зүйтэй гэж боддог байж магадгүй” хэмээн Ченовет дүгнэжээ. 
 
 
Бүх нийтийн ажил хаялт, жагсаал цуглаанаас гадна тайван тэмцлийн өөр аргууд байдгийг Ченовет судалгаандаа дурджээ. Тухайлбал, ӨАБНУ-д арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл /апартеид/ ид ноёрхож байх үед хар арьстнууд цагаан арьстан эзэдтэй компаниудын барааг худалдан авахаас татгалзах хөдөлгөөн өрнүүлжээ. Ингэснээр цагаан арьстан элитүүд эдийн засгийн хүнд байдалд орсноор 1990 оны эхээр апартеид бодлогоосоо татгалзсан билээ. 
 
Шидэт тоо
 
Тайван замын тэмцэл нь хүчирхийллийн ажиллагаатай харьцуулахад амжилтанд хүрэх магадлал нь 2 дахин илүү байдаг хэдий ч 47 хувь нь бүтэлгүйтдэг байна. Тухайлбал, 1950-аад онд Зүүн Германд болсон коммунист намын эсрэг жагсаал цуглаанд 400 мянган хүн /хүн амын 2 хувь/ оролцсон боловч нийгэмд ямар ч өөрчлөлт авчраагүй билээ. 
Ер нь бол 3,5 хувийн босгонд хүрнэ гэдэг нь тийм ч амархан хэрэгжихээр зүйл биш. Жишээ татъя. Их Британийн хүн амын 3,5 хувь гэдэг бол 2,3 сая хүн бөгөөд тус улсын хоёрдахь том хот болох Бирмингемийн оршин суугчдын тооноос 2 дахин олон гэсэн үг. Харин АНУ-ын хувьд, 11 сая хүн гэсэн үг бөгөөд энэ нь Нью-Йоркийн оршин суугчдын тооноос давж байгаа юм.
Гэсэн хэдий ч асар олон хүнийг хамруулахын тулд тайван замаар эсэргүүцлийн ажиллагаа явуулах нь хамгийн найдвартай арга мөн гэдэг нь бодит үнэн билээ.
Ченоват ярихдаа “бидний бие биендээ ярьж өгдөг олон олон түүхэн үйл явдлууд ихэнхдээ хүчирхийлэлтэй холбоотой байдаг. Түүхийн сурах бичгүүдэд голдуу дайн дажны тухай бичиж байна. Харин одоо тайван замаар эсэргүүцлээ илэрхийлэх кампанит ажиллагааны талаар түлхүү өгүүлэх нь зүйтэй. Бид ийм ажиллагааны үр дүнг анзаарахгүй явсаар ирсэн” гэж онцлон дурдсан юм. 
“Улс орнуудын жирийн ард иргэд дэлхий ертөнцийг өөрчлөх жинхэнэ баатарлаг үйлсэд гар бие оролцсоор ирсэн. Тэднийг үнэлж, гавьяаг нь алдаршуулах хэрэгтэй”. 
 
 
Орчуулсан Б.Адъяахүү