Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор анх удаа болох гэж буй “Монголын шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-ыг угтан манай сонин нэрт эрдэмтэн судлаач, эрхэм академичдын үгийг түмэн олноо хүргэж байна. Монголын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, академич Далантайн Цэрэнсодном өмнөх дугаарт салхийг нь  хагалсан “Их хуралд илгээх үг мину”  буланд энэ удаа  Монголын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Чингис хааны одонт, академич Хавтгайн Намсрай уригдлаа.
 
Шинжлэх ухаан нь тасарч зогсохгүй,  дээд хязгаар гэж ер үгүй ертөнцийн гурван гайхамшиг болох гэрэл, цаг хугацаа, оюун ухаан гурвын харилцан шүтэлцээн, хамаарлыг судалдаг. Гэрлээр хорвоо ертөнцийн үүсэл, бүтэц, цаг хугацаагаар аливаа юмны хөгжил, хөдөлгөөн, оюун ухаанаар амьтай, амьгүй ертөнцийн бодит үнэн, мөн чанарыг зураглан гаргана.
 
Хүний оюун ухааныг бий болтол 13.7 тэрбум жилийн маш урт удаан хугацааны хөгжлийг хорвоо ертөнц ямар зарчмаар, яаж сонгосон юм бэ гэсэн асуулт гарна. Энэ маш энгийн. Аливаа юм үүсч хөгжихдөө байж болох бүх боломжтой замын хамгийн зохимжтой “алтан дундаж” буюу учралт хурдаар өрнөдөг. Хорвоо ертөнц анх үүсэхдээ хэт их хурдны замыг сонгосон бол од, галактик, амьдрал бий болохоос бүүр өмнө хур бороогүй үүл шиг хөвөн алга болох байв. Харин эсрэгээрээ тэсвэрлэхийн аргагүй их удаан хурдны замаар явсан бол од, эрхэс, амьдрал үүсэхээс бүүр өмнө ертөнц орчлонгийн нэг цэгт нягтран үгүй болох байв. Харин энэ хоёр хязгаарын хамгийн зохимжтой буюу дундаж хурдаар ертөнц хөгжсөн учир одоогийн бидний одтой, нартай, гарагтай, амьдралтай, тансаг ертөнцийг бий болгожээ. Хүн нийгмийн хөгжил, түүний дотор төв Азийн малчин бидний амьдрал ийм алтан дунджаар явах ёстой. Үүнийг өвөг дээдэс “хоёр идэхгүй, хоосон хонохгүй” гэж нэрлэн томьёолсон. Ардчилал хэмээх эд мөнгөний нийгмийг сонгосон бидний хувьд эдүгээ хоёр идэхээр барахгүй, эд мөнгөний шунал хүсэлд автсан хэт хурдан хөгжлийн замыг сонгон хошуурсан нэг хэсэг, нөгөө эсрэг тал нь “Ээ тий тий, энэ утааг яана” гээд гараа хумхин суух бэлэнчлэл хоёрын туйлшрал дотор нийгэм хямралд ороод байна. Монголын судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтдийн гол зорилго бол дээрх хоёр туйлшралын алтан дунджийг бий болгосон тийм өөрийн гэсэн өвөрмөц нийгмийг цогцлоон байгуулахад төр засаг, ард түмэндээ туслан ажиллах явдал юм.
 
Даяаршлын энэ ертөнцөд унаган байгаль, монгол удмаа авч үлдэх нь аминаас илүү, алтан зарчим байх болно. Аливаа нэг шинэ юмыг сэдэж, байгаль, нийгмийн нууцад хүрэхэд судалгааны хоёр зарчим бий. Эхний шат нь биднийг тойрон буй ертөнц, дотор нь амьдардаг хүмүүний нийгмийн хөгжлийн ерөнхий хууль, зарчмыг гаргах. Хүн нийгмийн түүхэнд ойролцоогоор 220 тэрбум хүн энэ дэлхийд төрж, амьдарсан байдаг ч тэднээс ердөө 200 хүрэхгүй тооны их хүн, тухаайлбал А.Эйнштейн, Исаак Ньютон, Дарвин зэрэг генүүд, амьтай, амьгүй ертөнцийн бүтэц, хөгжлийн тулгын чулууг тавьсан байдаг. Хоёр дахь зарчим нь гэвэл одоо бидний амьдарч буй нийгэмд ойролцоогоор 4-5 сая эрдэмтэн, инженер, судлаач өмнөх их хүмүүсийн тавьсан зам, чиглэлээр хүн төрөлхтний өдөр тутам өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ, тансаглал, шунал хүслийг биелүүлэх гэж нойр хоолгүй ажиллаж байна.
 
Судалгааны эхний зарчимд мөнгө төгрөг, эд бараа зарцуулах шаардлагагүй. Яагаад гэвэл энэ нь цэвэр оюун ухааны дээд хэлбэр болох ба зөвхөн төрөлхийн авьяас билгийн асуудал. Харин хоёр дахь зарчим нь тэрбум тэрбум долларын хөрөнгө мөнгө хаяж, хөгжүүлдэг алтан гартан, уйгагүй ажиллагаатай, зохион бүтээх увидастай, сэтгэн бодогчдын ажил мөн.
 
Судалгаа, шинжилгээний ажил уйтгартай нууцлаг бөгөөд хөшигний ард, үүлний цаана явагдана.  Өдөр тутам, цаг ямагт гайхамшгийг авчрахгүй, их хүлээлттэй, заримдаа 100 жил хүртэл хүлээж байж тэр их бахархал, баяр хөөрийг авчирна. Жишээ нь 1915 онд нээсэн А.Эйнштейний харьцангуйн ерөнхий онолд таталцлын долгион байх ёстой гэсэн онолын дүгнэлтийг 2015 оны есдүгээр сарын 15-нд тэр долгионыг туршлагаар нээж, нийгмийг гайхшруулсан байдаг. Шинжлэх ухаанд тийнхүү үүлэн чөлөөний нар гялсхийхэд бидэнд гар утас, супер компьютер, ертөнцийн нууцыг зураглан гаргадаг математик томьёо, тэгшитгэлүүд газарт бууж ирдэг ч, харин нийгэм олон түмэн   ердийн  нэг үзэгдэл мэт хүлээн авч байх жишээтэй.
 
Манай залуучуудад хүсэл тэмүүлэл, боловсрол мэдлэг байх аваас өнөөдөр ертөнцийн аль нэгэн гайхамшигтай судалгааны төвд, эксперт, гарамгай эрдэмтдийн бүлд орж нээлт бүтээл туурвих сайхан боломж нээлттэй байна.
 
Эцэст нь ертөнцийн үүслийн эхэн үеийн физик бичлэгийг олондоо хүргэе. Ертөнцийг үүсгэсэн хүч нэгийн ард 105 тэгтэй тэнцэх Ньютон хүч (5Ч10105 H), ертөнц үүсээд 100 секунд болоход түүний температур 2 тэрбум Кельвин (2Ч109 K) болсон. Ертөнцийн үүслээс бий болсон орчлонгийн нийт бодисын жин нэгийн ард 53 тэгтэй тэнцүү кг (1.7Ч1053 кг), ертөнцийн нийт хумхийн тоосны тоо нэгийн ард 86 тэгтэй тэнцүү (1086), ертөнцийн Галактикуудыг бие биенээс нь холдуулан үүл мэт хөвүүлэх хүчний хурдатгал 7-г арван тэрбумд хуваасантай тэнцэх м/сек2-тэй (6.94Ч10-10м/сек2) тэнцүү. Одооноос эхлэн 13.5 тэрбум жилийн дараа од эрхэс унтарч, ертөнц хоосон болон хувирах юм. Хүний нас энэ хугацаатай харьцуулахад өчүүхэн бага учир бидэнд уйтгарлаж гуниглан суух зүйл огт байхгүй.
 
 
Х.НАМСРАЙ 
Монгол Улсын төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Чингис хааны одонт, академич
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин