Дорно дахины ийм нэг эртний мэргэн үг байдаг:
Хүмүн төрөөд зуу наслах нь ховор,
Улс тогтноод зууныг үзэх нь охор.
Энэ юу гэсэн үг вэ? гэхүл эрт цагт хүн зуу наслах нь бараг үгүй, хэрэв зуу наславал хувилгаан гэгээнтэнд тооцогддог байж, харин улс гүрэн байгуулагдаад зуун жил бололгүй мөхвөл нь богинохон түүхтэйд тооцогддог байж. Тийм ч учраас Хубилай хааны байгуулж 97 жил оршин тогтносон Монголын Юань улсыг хятадууд “Зуун жилийн настай улс” гэж хэлцдэг юм. Тан, Сүн, Мин, Чин улс бүгд хоёр, гурван зуун жил оршин тогтносон байна л даа.
Сая Монголын нэрт урлаг судлаач, дууны яруу найргийн их мастер Ж.Бадраа гуайн 100 насны ойг тэмдэглэлээ. Хэдийгээр тэр их хүн өөрөө үгүй ч, харин мартагдсангүй ээ. Хийсэн юмтай, тэр нь гайхамшигтай болохоор ард түмний ой санамжид мөнхөрч үлджээ. Хүн бүрт ийм их хувь заяа оногдохгүй. Ойн хурал сайхан болж, олон хүн дурсамж хэлж, илтгэл тавьжээ. Тэд мэдээж, Ж.Бадраа гуайн шавь нар нь, үзэг нэгт, үзэл бодол нэгтнүүд нь, ойр дотнынхон нь биз ээ. Би тэр их хүнийг танихгүй, хичээл, сургаалыг нь сонсч явсангүй. Гэхдээ Ж.Бадраа гуайн уран бүтээлийг шимтэн уншиж, дуу шүлгийг нь амтархан сонсч, бахдан бахархаж явдаг нэгэн. Тэрээр миний багш профессор Чой.Лувсанжавын адил их эрдэмтэн Б.Ринченгийн шавь байсан болохоор жаахан мэднэ ээ. Тэртээ наяад оны үед оюутан байхад минь миний багш зохиолч, орчуулагч Ц.Базаррагчаагийн ярьж байсан нэг дурсамж санаанд үлджээ.
Тэрээр: “Ринчен гуайг бурхан болоход дээрээс их хянаж цагдаж, аль болох цөөн хүн оролцуулж, аль болох нам гүмхэн хөдөөлүүлэхийг заавар болгожээ. Хэн хэн гэрээр нь орж гарахыг НАХЯ хянаж байсан байх. Би аргаа бараад байснаа, Ж.Бадраа гуайг санаж, өрөөгөөр нь очоод хамт явж очин салах ёс гүйцэтгэсэн юм. Мөн ч хэцүү цаг байсан шүү” гэж ярьж байж билээ. Бадраа гуай Ринчен гуайн гарын шавь байсан. Багш нар маань хоёр Бадраа байсан гэж ярьдаг юм. Нэг нь Ж.Бадраа, нөгөөх нь нэрт орчуулагч С.Бадраа. С.Бадраа гуай уг нь нисгэгч гэж байгаа. Гэхдээ түүний орчуулгууд гайхалтай. Бүр нэг, усыг нь шахаад, өнгөлөөд гялалзуулчихсан эрдэнийн чулуу шиг тансаг найруулгатай, уншихад урсаад л, түгдрэх торох юмгүй даанч сайхан.
Ринчен гуай Чой.Лувсанжав багшийг Хятадад Бээжингийн Их Сургуульд, Бадраа гуайг Энэтхэгт Делийн Их Сургуульд явуулсан гэдэг. Хоёулаа л мундаг эрдэмтэд, Монгол үндэстний оюуны тэнгэрт тод гэрэлтэгч одод болж дээ.
Бадраа гуайн дууны шүлэг бол зүгээр л гайхамшиг. Монгол дууны яруу найраг гэж ямар байдаг нь жинхэнэ утгаараа Бадраа гуайн шүлгүүдэд бий гэхэд болно. Үгийн сонголт, тансаг үг хэллэг, дүр дүрслэлийг нь судалж суралцууштай. Зүгээр нэг сайхан байгаль, гоёхон байгаль, үзэсгэлэн гоо, хайрт минь, хань минь... биш ээ. “Жаргаах зүрхэн” хэмээх сайхан дууны үгийг хар.
Нэрнээсээ эхлээд л яруу найраг:
Будан татсан халил байна аа хөө,
Бусдын нутгийн хавцгай юу даа хөө.
Ээ, буцсан, харьсан учрал ирнэ ээ хөө,
Энэ булгих зүрхээ жаргаана шүү дээ хөө...
Алтран дуртсан наран гийсээр ээ,
Ашдын заяат нутаг минь ээ хөө.
Ээ, алсран холдсон уран гоо минь ээ хөө
Энэ алаг зүрхний янаг минь дээ хөө...
Халил, хавцгай, алтран дуртсан, ашдын заяат, алсран холдсон, уран гоо, алаг зүрхний янаг... Энэ үгсийг яаж олж сонгож чадна вэ? Сэтгэл дотор бүхэл бүтэн найрал хөгжим оркестр найрсан нижигнэх шиг ээ. 1987-1988 онд нэртэй Хятад судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Сүрэнжав бид Хятадад хамт сурч байсан юм. Өвлийн амралтаар гадаад оюутнууд Харбинд аялахаар явлаа. Зуур хонон довтолгох галт тэрэгний түчигнээн дунд Сүеэ ах бидэнд “Жаргаах зүрхэн”-г дуулж өгсөн нь санаанаас гардаггүй юм. Санаанаас гарах нь байтугай, бүр үгийг нь бичүүлж авч амандаа аялан гунганасаар сурсан юм аа. Сүеэ Ховдынх, тэгээд яг Зангад гуай шиг дуулна. “Үгүй, энэ Ховдынхон бүгдээрээ ингэж дуулдаг юм уу?” гэж бид бахдан, бас атаархангуй ярилцдаг байж билээ. Гадаад оюутнууд ч ангайгаад, мэл гайхчихсан, “Монгол дуу ямар гоё юм бэ?” гэлцээд л...
Салхи сэнсрэн исгэрч байна аа хөө,
Санаа бодлыг дэнслүүлнэ дээ хөө.
Ээ, санан гансран мөрөөсч сууна аа хөө,
Ээ, саран чамдаа тэмүүлнэ дээ хөө.
Хүдэн татсан халил байна аа хөө,
Хүний нутгийн хангай юу даа хөө.
Ээ, хүслийг татсан амраг тэр минь ээ хөө,
Энэ хүрэн зүрхний уяа юм уу даа хөө...
Салхи сэнсрэн исгэрэх, санаа бодлыг дэнслүүлэх, санан гансран мөрөөсөх, саран чамдаа тэмүүлэх, хүдэн татсан халил, хүслийг татсан амраг, хүрэн зүрхний уяа... Энэ бүхнийг мэдэж, сурах юутай их завшаан. Ёстой олдошгүй завшаан бус уу. Хэл, уран зохиолын мэргэжилтэн бидэнд бол ёстой жинхэнэ хичээл лекц.
Бадраа гуайн дууны шүлгүүдийг “Гоёхон чимэг юмуу даа”, “Гайхмаараа”, “Чандмань эрдэнэ”, “Найрсаг байгаасай”, “Халуун элгэн нутаг”, “Уяхан хорвоон хань”... гээд цааш нь өчнөөн үргэлжлүүлж болно:
Соёглонхон жороолсон
Согоо чихтэй үүлэн хээр
Солонгорхон туяарсан
Сонин хээтэй үйтэнхуар
Гоолиг энүүнд маань
Гойдчиг чамин таараа юу даа
Голшиг сайхан гоц хөөрхөний нь
Гоёхон чимэг юм уу даа.
Тормолзонхон нvдээрээ
Хорвоог булаах тод мишээлт
Тодорсонхон эрдмээрээ
Хотлыг уяраах сод хоолой
Гоолиг энүүнд маань
Гойд чиг чамин таараа юу даа
Гол шиг сайхан гоц хөөрхөний нь
Гоёхон ч чимэг юм уу даа...
Тэртээх дал, наяад оны үед оюутнууд зун, намрын ажилд Монгол орнынхоо хаа сайгүй явж байхдаа дуулалдаж хөгжилдөн өдөр хоног, үдэш оройг өнгөрүүлдэг байж билээ. Тэгэхэд энэ л дуунуудыг дуулцгаана. Хот газар өссөн мань мэт нь нэг ч дуу мэдэхгүй очоод л өчнөөн дуу сурдаг юм. Монголын бараг бүх дууг сурсан гэхэд хилсдэхгүй. Манай ангийн Шинэбаяр гэдэг залуу Төв аймгийнх, энэ цоглог дууг хачин донжтой дуулахыг бид бороотой өдөр майхандаа хэчнээн ч сонсоод уйдахгүй, уйлагнасан усан бороог үргээн сонсоод л сууж байдагсан.
“Гайхмаараа” дуунд Буддын гүн ухааны ойлголт ухагдахуун маш тод байдаг нь Бадраа гуай Буддын философийн гүнзгий ойлголттой байсныг нь харуулна:
Бадамлянхуа усан мандал гандашгүй яа хө
Бахтай чи минь ухаан бодлоос гаршгүй яа хө
Бадрах гэрлээр наддаа минь гоолиг чи
Баяр цэнгэл бүгдийг шагнан гайхмаараа хө
Эрдэнэт наран агаар мандал эндэшгүй яа хө
Энхрий чи минь амин голоос эргэшгүй яа
Элбэг гэрлээр гоолиг чи минь наддаа
Эсэн цэнгэл бүгдийг авчраад гайхмаараа хө
Сансар хорвоо өнгөт мандал сарнишгүй яа хө
Сарнай чи минь өр л зүрхнээс салшгүй яа хө
Саруул гэрлээр гоолиг чи минь наддаа
Санаж хүсэх бүгдийг соёх гайхмаараа хө...
Усан мандал, агаар мандал, сансар мандал... Буддын философид дэлхий ертөнцийн бүтцийг сав мандал, шим мандал, усан мандал, агаар мандал, сансар мандал гэж ангилж авч үзэж ирсэн их эртний уламжлалтай. Бадраа гуай монгол хэлний нэр томьёоны чиглэлээр багагүй судалгаа хийж, тэртээх XIII-XIV зууны монгол хөгжмийн урлагийн нэр томьёоны тухай судалгааны бүтээлийг цаг хатуу байсан өнгөрсөн зууны 50-иад оны үед хийж байжээ. Монголын эзэнт гүрний түүх, соёлыг судлахад энэ бүтээл чухал хэрэглэгдэхүүн болох нь дамжиггүй. Тэр үед Монгол төрийн ёслолын хөгжмийн анги гэж 400, 700 хүнтэй урлагийн бүхэл бүтэн алба байгууллага ажиллаж байсныг бид өнөөдөр гүнзгийрүүлэн судалж түүх бичлэгт зохих байрыг нь эзлүүлэх ёстой. Л.Н.Гумилевын “Этногенез и Биосфера Земли” гэдэг алдарт бүтээлийн нэрийг манайхан янз янзаар орчуулсан. Аль ч улсын хэл шинжлэлд Нэр томьёо гэж маш чухал салбар судлал байдаг. Монголд социализмын үеэс ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн харьяанд Нэр томьёоны комисс гэдэг алба байж, монгол хэлний нэр томьёог хариуцдаг байсан. Б.Ринчен, дараа нь миний багш Чой.Лувсанжав олон жил даргалсан. Өнөө ч байгаа байх. Энэ алдарт бүтээлийг “Дэлхийн шим мандал ба Угсаатны гарваль” гэж, тэгэхдээ бүр байрыг нь сольж орчуулууштай санагддаг юм. Байгаль, нийгмийн диалектик үйл явцын дэс дараалал нь тийм шүү дээ.
Зарим хүн Расул Гамзатовоос иш татан:
Хамгийн сайхан ваарыг жирийн шавраар хийдэг,
Хамгийн сайхан шүлгийг энгийн үгээр бичдэг гэлцэх нь бий.
Гэхдээ л Бадраа гуайн шүлгүүдээр жишээлэн авч үзэхэд монгол дууны яруу найрагт зохист аялгуу нь ч байна, философи хэмээх гүн ухаан нь ч байна аа. Дуу сурахад ухаан тэлнэ, ухаан сууна. Өвөг дээдэс эрт дээр үеэс л ардын дуугаар сурган хүмүүжүүлж иржээ. Дуулах тусам таашаал эдлүүлж, сурах тусам ухаарал хайрлана. Тэр чигтээ яруу найраг, гүн ухаан. Дууны шүлэг ийм л байгууштай. Ерөөсөө ийм л юмыг шүлэг, яруу найраг гэх ёстойсон.
Түүний “Намрын шөнө” хэмээх дууны шүлэг ийм үгтэй: Мэлтэлзсэн сүү шиг сарны туяанд Гялталзсан шүүдэр сувдан өнгөтэй Мэлрэн хүлээх миний дотрыг Гялайлган цайлгах хайрт чамайгаа
Дурсан суусаар
Дуулан саатахаа
Зовлон биш
Зол минь гэлтэй
Сугсалзан найгах өвсний толгойд
Сувдалсан шүүдэр намрын сүртэй
Санан хүлээх миний дотрыг
Саруулсган уужлах хайрт чамайгаа
Дурсан суусаар
Дуулан саатахаа
Зовлон биш
Зол минь гэлтэй
Түрэлхин дайрах үдшийн бүрийг
Түгээмэл гийсэн саран цогтой
Тэсэн хүлээх миний зүрхийг
Тэнхрүүлэн таалах хайрт чамайгаа...
Үгийг олж сонгоно гэдэг ёстой л далайгаас сувд тана түүн хэлхэх лугаа адил бэрх үйл авай. Бадраа гуайн дууны яруу найргийн тухай би хэдэн жилийн өмнө нэг цухас бичиж, гэхдээ “Бадраа гуайн энэ мэт гайхамшигт дууны яруу найргийн тухай Л.Хүрэлбаатар доктор тултал нь сайхан бичсэн байдаг тул би түүнээс давж бичнэ гэж юу байхав” гээд орхисон юм. Одоо Л.Хүрэлбаатар багшийн “Ж.Бадраагийн дууны шүлгийн эрдэм ба дуун утгын яруу зохист” хэмээх тэр томоохон өгүүллээс иш татья: “Их номч, нэрт академич Бямбын Ринчений нүүр тулсан шавь, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Бичгийн утгач Жамцын Бадраа /Хөвсгөл аймаг, Арбулаг сум/ асан, нэгэн Хотгойдын нутагт багтаж төрсөн боловч нэгэн Монголын нутагт багтахааргүй, дууны эрдэмтэй ирсэн дуун ухаантан, дуулсан дууныхаа тэр эрдмээр мөнхийн биеийг олсон боловч, арга билгийн үйлийн хорвоод бүтэж ирсэн ертөнцийн нэг бодгалийн хувьд хүмүүний орчлон “Халуун элгэн нутаг”-аасаа нэг л өглөө мөнх бусын багш болон одсон билээ...”
Л.Хүрэлбаатар багштан цааш нь: ”Өнөөгийн “яруу найрагчин” хэмээгдэхийн нэр утганд хааш хаашаагаа эн хэмжээ томдох энэ Бичгийн утгачийн дууны яруу найргийн өвийг Монгол, Дорно дахины уран зохиолын харилцаа, аман ба бичгийн зохиолын харьцаа, уламжлал шинэчлэлийн холбоо залгаан дээр, наанадаж гэхэд авиа эгшгийн зохирол, үнэр амтын эрдэм, үг утгын нийлэмж, санаа ахуйн багтаамж, монгол шүлгийн хэмжээ хэмнэлийн үүднээс нь задлахад таван зүйлээр хуваан үзэж болно” гээд эртний Дорно дахины Зохист аялгууны онол, Дорнын хийгээд Монгол гүн ухаан, яруу найргийн онол, өв уламжлалаар жишээлэн авч үзэж тайлбарласан нь гайхамшигтай. Тиймээс би олон жилийн өмнөх тэр нэгэн удаад ч, өнөө энэ удаад ч Бадраа гуайн дуун яруу найргийг бахдан шимтэхээс өөрийг хэлэх үг, орон зай надад үлдээгүйг тэгэхэд ч олж харж, өдгөө ч дахин ойлгож анам. “Бичгийн утгач” хэмээхүй нь тэртээ эртний ном сударт оройлон цолгорсон Монгол төрийн номт сэхээтэн, бичгийн түшмэдийн нэр байсан бол “Дуун утгын яруу зохист” хэмээхүй нь Л.Хүрэлбаатар гуайн, өгүүлэлдээ өгсөн нэр агаад магад бас мянганы тэртээх Жагар, Түвд зүгийн мэргэдийн алдар буй заа.
Хэлбичгийн ухааны доктор(Ph.D.) Я.Ганбаатар, 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдөр.
Лхагва - 03 сарын 25,
2026
Сэтгэгдэл3
Augaa hun l dee
Одооны дууны үг бол "Улсын хоршооны хөөрхөн Бурмаа" л шүү дээ. Зүгээр л өрсөн үгнүүд. "Өглөө босоод цайгаа уугаад Цүнхээ үүрээд гарсан чинь..."
Энэ өглөө чинь ямар сайхан өглөө вэ? Алдарт Жамцын Бадраа гуайн маань инээмсэглэсэн зураг, энэ их Аугаа хүний хийсэн бүтээсэнийг мань мэт нь бүрэн дүүрэн хэлж чадахгүй шүү дээ. Ямар ихийг бүтээсэн юм бэ ? Дууны шүлгүүд нь; Хэн ч хэзээ ч хэлж чадахааргүй, уран цэцэн, үнэн, тансагаар илэрхийлдэг, тоочоод баршгүй. Орчуулгын их бүтээлүүд нь; “ХАЛУУН ЭЛГЭН НУТАГ” Гайхмаараа, Багшийн алдар……гээд тоо томшгүй олон бүтээл. Ж.Бадраа гуай Домгийн цэнхэр Хөвсгөлд төрсөн Хотгойд хүн гэдгээрээ онцлогтой….. Сайн үйлс дэлгэрч явах болтугай. 2026-03-25. УБ.