sonin.mn
Эрүүл мэндийн хувийн даатгалын үйлчилгээг нэг дор багтаасан “Инсур” аппликэйшн буюу “Инсур” системийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Чулуунпүрэвтэй ярилцлаа.
 
– “Insur” системийг нэвтрүүллээ. Яагаад энэ үйлчилгээг сонгож авсан юм бэ?
 
-“Insur” апплейкшн өнгөрсөн сарын 30-нд албан ёсны нээлтээ хийсэн. Өнөөгийн нийгэмд тулгамдаж байгаа нэг чухал асуудлыг шийдэхийн тулд хүсэл зорилго нийлсэн залуус хамтран ажиллаж байна. Өнөөдөр Монгол Улсад өвдсөн хүнд боломж олдохгүй байна гэж харж байна. Бодит байдал дээр эрүүл мэндийн эрсдэл учрахад түүнийг давж чадахгүй тохиолдол их байна шүү дээ. Мөнгөгүйгээс болоод эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амь насаа алдах ч эрсдэлд хүрдэг. Мөн хандивын аян өрнөж байна. Энэ асуудлыг уг нь даатгалын тогтолцоогоор шийдээд явах ёстой юм.
Харин хандивын аргаар явж байгаа нь буруу зүйл юм. Гэхдээ хандив гуйж байгаа хүмүүсийг буруутгаж байгаадаа биш энэ тогтолцоогоо л өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна. Яагаад бид мөнгөнөөс болоод өвдөж, түүнийгээ эмчлүүлж чадахгүй, хайртай хүмүүсээ алдаж, хэн нэгэн сэтгэлийн шархтай үлдэх ёстой гэж. Бидний хөндөж байгаа асуудал нь энэ. Үүнийг олон улсад “Сошиал интерпраес” гэж нэрлэдэг. Энэ нь ашиг олохоос илүү нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг яг зөв гаргалгаагаар нь шийдье гэсэн бизнес загвар юм.
 
-Хувийн даатгалын систем гэхээр хэрэглэгчид улсынхтай андуурах тохиолдол байна. Гар утасны төлбөр төлдөг шиг сар бүр даатгалын төлбөрөө төлөөд эрүүл мэндийн асуудал тулгарахад нөхөн олговор авна гэж ойлгож байгаа. Хувийн даатгалын компаниуд улсынхаас ямар давуу талыг санал болгож байгаа вэ?
 
-Бид “Инсур” системийг зах зээлд гаргахад хүндрэлтэй байсан зүйл бол даатгалын салбаруудыг нэгтгэх, хамтарч ажиллах үйл явц байлаа. Мөн Монголын нөхцөлд тохирсон бүтээгдэхүүнүүдийг гаргуулах ажилд нэг жилийн хугацааг зарцуулсан. Харин одоо зах зээл дээр биеллээ олоод амжилттай явж байна. Хүмүүс хувийн даатгал гэхээр гайхаж магадгүй. улсынхаас ямар ялгаатай вэ гэж асуух байх. Бидний хувьд ч гэсэн улсын даатгалыг огт буруутгаагүй. Угаасаа байх ёстой, цаашдаа хөгжөөд явах хэрэгтэй салбар юм. Улсын даатгалын хамгийн төвөгтэй зүйл нь дарааллын асуудал. Дор хаяж 7-14 хоног хүлээгддэг. Заримд нь түүнээс урт хугацаанд хүлээх асуудал гардаг. Үүнээс болж зүгээр ажлаа хийж явж байгаа хүмүүсийн хувьд очиж үйлчлүүлж чадахгүй, эрүүл мэндийн асуудлаа хойш тавихаас аргагүйд хүрч байгаа юм. Улсын эмнэлэгт ихэвчлэн настай хүмүүс , зорилт бүлгийнхэн үйлчлүүлж байна. Тэр хүмүүс үйлчилгээ авах нь зөв. Гэхдээ улам төвөгтэй байдал үүсч байгаа. Манай улсад 250 мянган тэтгэврийн насныхан байна. Харин таван жилийн дараа энэ тоо 500 мянганд хүрнэ. Үүнийг НҮБ-ын хүн амзүй, Статистикийн хорооны судалгаагаар гарчихсан. Тиймээс эрүүл мэндийн салбарын ачаалал хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Энэ ачааллыг даах уу гэхээр эргэлзээтэй. Тэгэхээр үлдсэн хүмүүс хаана эмчлүүлэх вэ гэсэн асуудал гарч байна. Үүнд хувийн эмнэлэг гэдэг орон зай үлдэж байгаа. Гэхдээ хувийн эмнэлгийн төлбөрийн асуудал бас хүндрэлтэй шүү дээ. Тэгэхээр үүнийг шийдэх тогтолцоо нь хувийн эрүүл мэндийн даатгал юм.
 
-Даатгалын компаниудын санал болгож байгаа багцуудыг харахад сард 10-50 мянган төгрөг төлөөд явахад жилдээ 10-50 сая төгрөгийн нөхөн олговор авахаар байсан. Танай аппликэйшн дээр зөвхөн ийм төлбөртэй байгаа юу. Эсвэл угаасаа даатгалын компаниуд ийм үйлчилгээг санал болгодог байсан юм уу?
 
-Бидний хийсэн нэг том өөрчлөлт нь даатгалын хэлбэрээ, төлбөрөө сонгодог үйлчилгээ гэж байгаагүй юм. Нэг даатгалтай байлаа гэхэд зөвхөн улсын эмнэлгээр үйлчлүүлнэ гэдэг ч юм уу тулгасан сонголт л байдаг байлаа. Харин одоо өөрт тохирсон үйлчилгээг олон компани дундаас сонгож авах боломж нь бүрдсэн гэсэн үг. Өөрийнхөө мөнгөндөө тааруулаад тохирсон үйлчилгээгээ сонгох сонголт олон байгаа. Мөн бид анх удаа маш хямдхан даатгалын үйлчилгээг санал болгож байгаа. Манай системийг байхгүй байхад хувийн эрүүл мэндийн даатгалын систем сард ойролцоогоор 600 мянгаас нэг сая төгрөгийн төлбөртэй байсан. Харин манай аппликэйшн дээр орж ирж байгаа бүтээгдэхүүнүүдийн хувьд сарын 10, 20,30 мянган төгрөг гэх мэтээр маш хямдхан болсон нь иргэдийн эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээ авах боломжийг маш өргөнөөр нээж өгч байгаа юм.
 
-Сард төлж байгаа төлөлтөө зөвхөн мөнгөөр биш худалдан авалтын бонус оноонуудаар хийх боломжтой нь давуу тал гэж харсан. Гэхдээ одоогийн байдлаар зөвхөн candy, redpoint оноонууд боломжтой юм билээ. Бусад байгууллагуудын бонус оноонуудыг хэзээ тооцдог болох вэ?
 
– Хүмүүс янз бүрийн худалдан авалт хийдэг. Үүний дүнд янз бүрийн бонус оноонууд үүсдэг. Гэвч энэ оноогоо бодитойгоор, хэрэгцээтэй зүйлдээ зарцуулж байна уу гэхээр бас эргэлзээтэй. Тэгэхээр бид бонус оноогоороо хүртээмжтэй хувийн эрүүл мэндийн даатгалын багц худалдан авах боломжийг нээж байгаа. Энэ ажлыг Монголын томоохон даатгалын компаниуд, бонус оноо олгогч байгууллагууд, хувийн эмнэлэгүүдтэй хамтран бодит болж байгаа юм.
 
 
Хэрэглэгчдийн хувьд тохирох даатгалын багцаа сонгоод, өөрийн гар утасны дугаараар хуримтлуулдаг бонус оноогоо ашиглан, эсвэл банкны данснаасаа төгрөгөөр цэнэглэж даатгалын хураамжаа төлөх боломжтой. Цэнэглэж болох хамгийн боломжит хувилбаруудыг нэмж ажиллахаар төлөвлөж байна.
 
 
Одоо бол даатгалын бүтээгдэхүүнтэй танилцах урьдчилсан байдлаар даатгалуудаа авах бололцоог бүрэн хангасан байгаа. Өнгөрсөн долоо хоногийн дотор 20 мянган хүн бүртгүүлж даатгуулсан байна. Энэ бол яах аргагүй технологийн хөгжлийг дагаж байгаа өөрчлөлт.
 
-Хувийн компаниас даатгалын үйлчилгээ авч байгаа хүмүүс нөхөн олговроо авч чадахгүй тохиолдол их гардаг гэж сонсч байсан. Танайх энэ тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
 
-Гадны орнуудын хувьд хувь хүн төрөхөөсөө л даатгалтай байдаг. Хувийн, улсын даатгал аль нь ч хамаагүй. Тэгээд өвдөхөд нь нөхөн олговор ямар ч асуудалгүй олгодог. Бид нарт тийм тогтолцоо байхгүй байна. Харин бидний хувьд зам дундаас нь орж байна шүү дээ. Тэгэхээр таныг ямар өвчтэй гэдгийг даатгалын систем, тогтолцоо огт таниагүй байна гэсэн үг. Тийм болохоор эхний нөхөн олговор дээр бага зэрэг асуудал үүсч магадгүй. Мөн даатгагдсанаас хойшхи өвчлөлд нөхөн олговор олгоно гэдгийг санах хэрэгтэй. Архаг хууч өвчин дээр сарын 10, 20 мянган төгрөгийн багцууд нөхөн олговор олгохгүй. Харин 50 мянгын багцууд бол ажиллаж байгаа. Тэгэхээр хэрэглэгчид маань өөрийн нөхцөлд тохирсон бүтээгдэхүүнээ сонгох хэрэгтэй. Жишээ нь та 20-50 мянган төгрөгийн багцыг сонгосон ч нөхөн олговор авах нөхцөл бүрдээгүй, бие тань өвдөөгүй бол жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдах эрх байгаа. Тэгэхээр таны оноонууд ямар ч хэрэгцээгүй зүйл болж хувирахгүй гэсэн үг. Ядаж л та жилдээ нэг удаа шинжилгээнд орох эрхтэй болно.
 
-Хэрэв танайд бүртгэлтэй даатгалын компаниуд нөхөн олговрын тал дээр ямар нэгэн асуудал гаргавал яах вэ?
 
-Системдээ тухайн даатгалын компанийн үнэлгээний системийг оруулж байгаа. Тэгэхээр хэрэглэгчид үнэлгээгээ өгөөд системээс хасах маягаар явна. Ингээд нөхцлүүд нь тодорхой болоод ирэхээр аль аль талдаа ойлгомжтой болоод цаашид явна.
 
 
П.Амгаланбаяр
Эх сурвалж “Зууны мэдээ" сонин